| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 221/2024/0049/З |
| Дугаар | 001/ХТ2025/0033 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2025/0033
Ч.Г-ын гомдолтой, Монголын
Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн
хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч,шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШШ2025/04 дүгээр магадлалтай хэргийг,
Гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор, гомдол гаргагч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Т.У нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
1.Гомдол гаргагч Ч.Г-оос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж “... гэрээг талууд албан ёсоор цуцлах тохиролцоонд хүрээгүй байхад өмгөөлөгч Ч.Г нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд Т.У-ийн ажлын өрөөг албадан чөлөөлж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан ажлын байранд нэвтэрсэн болох нь тогтоогдсон, түүний энэ үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг зөрчсөн ... Өмгөөлөгч албадан чөлөөлөх ажиллагааны явцыг видео бичлэгт буулган, акт үйлдэн хүлээлгэн өгснийг хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, харин хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр албадан чөлөөлөх боломжгүй болохыг үйлчлүүлэгчдээ тайлбарлах, энэ үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх нь өмгөөлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг байхад энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тул гомдол гаргагчийг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан зохицуулалт нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй тухайн тохиолдолд хамаарахгүй бөгөөд үр шим хэнд үүсэхээс үл хамааран бусдын эрхэд халдсан хууль бус үйл ажиллагааг гүйцэтгэхэд хамаарахгүй ...” гэх зэргээр дүгнэн маргаан бүхий Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Өмгөөлөгч Ч.Г-д холбогдох маргааны тухай” МТ/2024/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.Гомдол гаргагч Ч.Г-оос давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
3.1.Иргэний хэрэг маргааны талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийсэн тухайд: Миний үйлчлүүлэгч Б.Б болон өмгөөлөгч Т.У нарын хооронд гэрээ цуцлагдсантай холбоотой маргаан үүссэн бөгөөд үүнтэй холбоотой харилцааг хувийн эрх зүйгээр буюу Иргэний хуулиар зохицуулсан байдаг. Иргэд, хувь хүмүүс иргэний хэрэг үүсгэх, шүүхэд хандсаныхаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох, үргэлжлүүлэх эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой. Тиймээс иргэний процесст диспозитив зарчим үйлчлэх ба үүний дагуу төр, иргэд хоорондын маргаанд өөрийн дур зоргоор оролцох эрхгүй. ... Захиргааны хэргийн шүүхээс талууд гэрээг цуцлах тохиролцоонд хүрсэн байх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасантай нийцэхгүй ба гэрээ цуцлахад нөгөө талын зөвшөөрлийг авсан байх хуулийн шаардлага байдаггүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч хүлээж аваагүй бөгөөд ийнхүү буруу дүгнэлт гаргасан нь нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэх ёстой шүүхээс хувийн эрх зүйн маргааны талаар дүгнэлт гаргасантай холбоотой. Түүнчлэн, магадлалын Үндэслэх хэсгийн 2.5-д “... Ч.Г нь үйлчлүүлж буй этгээддээ энэ үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй талаар өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна” гэж тусгасан бөгөөд захиргааны хэргийн шүүхээс иргэний хэргийн талаар хуульд нийцээгүй гэж дүгнэлт гаргах эрхгүй. Улсын дээд шүүх тайлбартаа “иргэний хэрэг” гэдэгт аливаа иргэн, хуулийн этгээдийн зүгээс эдийн болон эдийн бус баялагтай холбоотой, тухайлбал, үнэт зүйлс эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шүүхэд хандахыг ойлгоно” гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, иргэд Иргэний хуулиар зохицуулсан эрх, үүргийг хэрэгжүүлэхийн тулд шүүхэд ханддаг бөгөөд иргэний хэргийн маргааны аль нэг тал нь шүүхэд хандаагүй байхад захиргааны хэргийн шүүх иргэний хэргийн талаар дур зоргоороо дүгнэлт хийх боломжгүй. Тодруулбал, иргэний хэргийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу талуудыг мэтгэлцүүлж, нотлох баримт, тайлбарыг үндэслэн тус маргааны харьяаллын шүүх хянан шийдвэрлэдэг тул захиргааны хэргийн шүүхээс иргэний хэргийн талаар дүгнэлт гаргах эрхгүй байсан.
3.2.Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй тухайд: Б.Б-тай байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний дагуу түүний хүсэлтээр маргаан бүхий 318 тоот өрөөг албадан чөлөөлөх ажиллагаанд оролцсон бөгөөд үүсэж болзошгүй маргаанаас сэргийлж тус өрөөнд байсан эд зүйлсийг видео бичлэгээр баталгаажуулан нотлох баримт үйлдэн бүртгэж, тус эд зүйлсийг хариуцах жижүүрт хүлээлгэн өгсөн. Уг өрөөг албадан чөлөөлөх шийдвэрийг үйлчлүүлэгч Б.Б өөрөө гаргасан бөгөөд тус шийдвэртэй холбоотой үр дагавар, хариуцлагыг түүний өмгөөлөгчид ногдуулж байгаа нь үндэслэлгүй.
3.3.Үйлчлүүлэгч Б.Б ямар нэгэн хохирол учраагүй ба надад холбогдуулан гомдол гаргаагүй байхад эсрэг талын гаргасан гомдлыг үндэслэн Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 гэх тодорхойгүй, ерөнхий заалтыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Ийнхүү тодорхойгүй, ерөнхий заалтыг үндэслэн шийтгэл ногдуулж байгаа нь гомдол гаргасан бүх тохиолдолд тус заалтыг төсөөтэй хэрэглэн шийтгэл ногдуулах боломжийг олгож байна. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн, ... шалгана” гэж заасан. Дээр дурдсанчлан, үйлчлүүлэгчийн зүгээс надад холбогдуулан гомдол гаргаагүй байхад маргааны эсрэг тал болох өмгөөлөгч Т.У-ийн гомдлоор маргаан үүсгэсэн нь тус заалтыг зөрчсөн бөгөөд хэт ерөнхий заалтаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/ШШ2025/04 дүгээр магадлал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
4.Өмгөөлөгч Ч.Г-ын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
5.“Захиргааны хэргийн шүүх иргэний хэрэг маргааны талаар дүгнэлт хийсэн нь буруу” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.1 дэх хэсэг дэх гомдлын үндэслэлийн тухайд:
5.1.Захиргааны хэргийн шүүх нь өмгөөлөгч Ч.Г-ын гуравдагч этгээд Т.У-ийн ажлын өрөөг шүүхийн бус журмаар албадан чөлөөлсөн үйлдэл нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл мөн эсэхэд буюу уг үйлдлийг зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэсэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан бүхий тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах учиртай.
5.2.Энэ дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “… өмгөөлөгч Т.У болон түүний үйлчлүүлэгч Б.Б, О.Т нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г талууд албан ёсоор цуцлах тохиролцоонд хүрээгүй байхад өмгөөлөгч Ч.Г нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн ажлын өрөөг албадан чөлөөлсөн нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” үүргээ зөрчсөн, уг үйлдлийг өмгөөлөгч хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, харин үйлчлүүлэгчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр албадан чөлөөлөх боломжгүй талаар хууль зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй …” гэх зэргээр дүгнэснийг харьяаллын бус асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй юм.
6.“Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй” гэх (Тодорхойлох хэсгийн 3.2) гомдлын тухайд:
6.1.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-ийн дагуу “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно”. Өмгөөлөгч Ч.Г нь гуравдагч этгээдийн ажлын өрөөг албадан чөлөөлөх тухай эрх бүхий этгээдийн, тухайлбал шүүхийн шийдвэр гараагүй байхад уг үйл ажиллагааг явуулах эрх зүйн үндэслэлгүй талаар, үүсэх үр дагавар, хариуцлагыг өөрийн үйлчлүүлэгчид тайлбарлаж, хууль зүйн туслалцааг хуулийн дагуу үзүүлэх үүрэгтэй атал “үйлчлүүлэгчийн хүсэлтээр явуулсан, үр дүнг нь би хүртээгүй” хэмээн өөрийн үйлдлийг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй.
6.2.Шүүхийн дүгнэсэнчлэн, өмгөөлөгчийн уг үйлдэл нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан үүрэг болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэхдээ гуравдагч этгээдэд хүндрэл учруулах, ... тухайн этгээдийн эрхийг зөрчиж үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн үйлдэл болно.
7.“Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлоор сахилгын хэрэг үүсгэж, хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчсөн” гэх агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3.3 дахь хэсэг дэх гомдлын тухайд:
7.1.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн, гомдлын хүрээнд шалгана” гэж заасан нь өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг шалгах ганц үндэслэл биш байна. Учир нь уг дүрмийн 45.2-т зааснаар нийтэд илэрхий болсон мэдээллийг үндэслэн Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, 45.4-ийн дагуу бусад өмгөөлөгчийн мэдээллээр шалгаж болохоор зааснаас гадна дээр дурдсан Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 зэрэг зүйл, заалтаар өмгөөлөгч нь зөвхөн өөрийн үйлчлүүлэгчийн өмнө бус харин бусад этгээд буюу гуравдагч этгээдийн өмнө тодорхой үүрэг хүлээж байна. Иймд хэрэв өмгөөлөгч бусдын өмнө хүлээсэн үүрэг болон хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдийн зүгээс гомдол гаргах, гомдолд заасан үндэслэл нь өмгөөлөгчийн ёс зүйн зөрчилд хамаарах эсэх, хэрэв хамаарах бол зохих хариуцлагыг хүлээлгэх эрх хэмжээ өмгөөлөгчийн Мэргэжлийн хариуцлагын хороонд байна. Үүнийг Өмгөөллийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг Мэргэжлийн хариуцлагын хороо өөрийн санаачилгаар, эсхүл Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн хүсэлт, эсхүл шүүгч, прокурор, хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байна.
8.Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШШ2025/04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ