Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

     Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            прокурор Ш.Хосбаяр,

            ялтан Д.Амаржаргалын өмгөөлөгч Г.Баярмаа,

            ялтан Ж.Мягмаржавын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ж.Мягмаржавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нарт холбогдох 201525031682 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бодонгууд овгийн Должингийн Амаржаргал, 1971 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; ахын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод оршин суух,

1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон. /регистрийн дугаар: ХЕ71092412/

2. Бодон овгийн Жамсрангийн Мягмаржав, 1967 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23 дугаар гудамжны 400 тоотод оршин суух,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан. /регистрийн дугаар: ХЕ67080816/

 

Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-400 тоот гэртээ Э.Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, “I phone-4” загварын гар утас, өргөн, нарийн мөнгөн гинж, өрөөсөн мөнгөн ээмэг зэрэг нийт 335,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Ж.Мягмаржав нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-400 тоот  гэртээ танхайн сэдэлтээр Д.Батбаярыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Ж.Мягмаржав нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас түр зөвшөөрлөөр авч байцаан шийтгэх ажиллагаа явуулж дууссаны дараа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимаас зугтаж, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ж.Мягмаржавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Д.Амаржаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Мягмаржавыг танхайн сэдэлтээр бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ оргосон гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Д.Амаржаргалыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Ж.Мягмаржавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Д.Амаржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмаржавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 8 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Амаржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ж.Мягмаржавд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Ж.Мягмаржавын цагдан хоригдсон 447 хоног, Д.Амаржаргалын цагдан хоригдсон 207 хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мягмаржаваас 2,125,438 төгрөг гаргуулж, хохирогч Д.Батбаярт 446,039 төгрөгийг, Э.Бямбацогтод 1,679,399 төгрөгийг олгож, Д.Амаржаргалаас 1,679,399 төгрөг гаргуулж хохирогч Э.Бямбацогтод олгож, хохирогч Э.Бямбацогтоос нэхэмжилсэн 6,153,799 төгрөгийн үлдэгдэл 2,795,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Мягмаржавын өмчлөлийн орон сууцнаас түүнд оногдох хэсгээс гаргуулж хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэрэгт хавсаргаж  шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Мягмаржав давж заалдах гомдолдоо: “... хашааны хогоо цэвэрлэж байхад хашааны хаалга тогшиж байснаа хүчтэй цохиж эхэлсэн. Би хаалга онгойлгож өгөөд харсан чинь зүс мэдэх Бямбацогт нэлээд согтуу, хувцас нь тоос шороотой, зодоон хийсэн шинжтэй, нүүр нь хавдсан, гар нь шалбарсан, их ууртай зогсож байсан. Хаалга онгойлгонгуут “Тэгэхгүй шүү та нар, танай авгай Чулуунцэцэгтэй уулзана, миний гар утас хаана байна” гэхээр нь “Чулуунцэцэг энд байдаггүй, өөрийнхөө гэрт байгаа” гэж хэлээд хаалгаа хаах гэсэн чинь “чи гэртээ нуугаад байна, гаргаад ир гээд” хашааны хаалга угз татаад, дайрч орсон... цамцны захаар хоолой боож “муу хөгшин, чамайг яасан ч яадаг юм” гээд намайг зодож... би биеэ хамгаалж хариу зодолдсон. Бямбацогт нь залуу хүн болохоор хүч чадал ихтэй надад дийлдэхгүй байсан. Зууралдаад зодолдоод байж байтал хашааны хаалгаар Амаржаргал орж ирээд бид хоёрыг салгах гээд Бямбацогтод гэдэс орчимдоо өшиглүүлж газар унасан... “би цагдаа, хажуу айлын хүмүүсийг дууд” гэж дохиогоор үзүүлэхэд тусламж гуйхаар Амаржаргал явсан. Дүү гарч явсны дараа Бямбацогт цагдаа дууд гэснийг ойлгон зодооноо болиод “чи намайг хараарай, шоронд хатаана” гээд гарч явсан.

Ингээд 2014 оны 4 дүгээр сарын эхээр манай хороо хариуцсан цагдаа ирж уулз гээд мөрдөн байцаагч Батчимэг дээр ирэхэд “та дүү Амаржаргалтайгаа нийлж хүн зодсон, Бямбацогт өргөдөл гаргасан тул шалгана” гэхээр нь болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлсэн... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч болох Бямбацогтын утас нь С.Чулуунцэцэгтэй холбоотой. С.Чулуунцэцэг нь Мягмаржавын гэрээр орж гардаг. Хүмүүс Мягмаржавын эхнэр гэж ойлгодог... дүү Д.Амаржаргал төрөлхийн хэлгүй, дүлий, нэг нүд юм харахгүй, унаж татдаг хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд улсаас олгодог мөнгө болон шил лааз түүж, айлд ус түлш зөөж амьдарч яваа хүн. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан болон хорооны оршин суугчид бүгд мэднэ. Хүн зодох нь байтугай өөрийгөө арай гэж авч яваа, хорхойд гэмгүй хүн болохыг нь нотолж ахын хувьд мэдүүлэг өгсөн юм. Би Бямбацогтод өрөө зодуулчихаад цагдаагийн үүдэнд өдөр бүр очсон... түүний надад хэлсэн “чамайг шоронд хийж хатаана” гэсэн нь санагдаад ахиж цагдаагийн хэлтэс рүү очоогүй нь миний буруу, гэмшиж байна.

2015 оны 11 дүгээр сараас энэ хэрэг дахин сэргэж, мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ нь хэргийг шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгосон. Бат-Эрдэнэ хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж, хүний эрх зүйн байдлыг дордуулан цагдан хоригдож байгаа хүнд эргэлтийн бичиг өгөхгүй, нотлох баримтгүй юмыг өөрөө зохиож бичин хэрэг хүлээлгэх, хавтаст хэрэгтэй танилцуулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн Шархадны сэтгэцийн эмнэлэгт намайг авч очоод, эмчид үзүүлнэ гэсэн атлаа үзүүлсэн юм байхгүй. Нэг эмчийн өрөөний үүдэнд зогсоож байгаад өөрөө эмчийн өрөөнд орж хэсэг байж байгаад гарч ирээд намайг дуудаж эмчид миний биеийг харуулаад “энэ миний хүн” гэж хэлээд “за гарч бай” гээд л гаргасан. Намайг сэтгэцийн эмчид үзүүлнэ гэж ар гэрээс мөнгө авсан гэж манай хүүхэд надад хэлж байсан.  Мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ нь Амаржаргалыг байцаахдаа өдөржин гарт нь гав зүүлгэж байсан байдаг. Түүнчлэн түүнийг байцаахдаа 29 дүгээр тусгай сургуулийн багш гэх Азжаргалыг хэлмэрчээр, өмгөөлөгч Тогмид  гэгчийг гэнэт гаргаж ирсэн. Албан ёсны томилолт байхгүй энэ хоёр хүний талаар шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Баярмаа хэлж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлт гаргаж байсан. Иймд та бүгд надад туслаж үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Ж.Мягмаржавын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Мягмаржавын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр нь оролцож байгаагийн хувьд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шалгах зайлшгүй шалтгаан байгаа гэж үзэж байна. Бямбацогтыг зодсон асуудлын талаар шалгуулахаар буцаасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “хэргийн сэдэлтийг нарийн тогтоо” гэж заасан байдаг. Хэргийн сэдэлтийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй. Хохирогчийн гар утас, эд зүйлийг нь авах зорилгоор гэртээ оруулсан байдал тогтоогддоггүй. Хамтран амьдрагч Чулуунцэцэг нь Бямбацогтын хамт согтуу, архи үнэртүүлэн орж ирсэн тул хардаж зодсон нөхцөл байдал байдаг. Дээрмийн гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ж.Мягмаржавын хашаа, байшингаас хохирол төлүүлэхээр заасан байдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх хэмжээний асуудал тул шийтгэх тогтоолын энэ заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            Ялтан Д.Амаржаргалын өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 641 дүгээр магадлалд Бямбажавын зүүн нүд хараагүй болсон нь Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт зодуулснаас болсон эсэхийг нарийвчлан шалгах, дээрмийн гэмт хэргийн сэдэлтийг эргэлзээгүй тогтоох, хардалтын улмаас уг гэмт хэрэг гарсан байж болзошгүй гэсэн үндэслэлийг заасан. Хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ нөхцөл байдлыг тогтоосон зүйл харагдаагүй. Шинжээчийн 63 дугаар дүгнэлтэд “зүүн нүдний хараагүйдэл нь 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэж заасан. Тухайн үед илэрсэн торлогийн ховхрол, нүдний даралт ихсэлт, харааны мэдрэлийн хатангиршил гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн. Хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдгийг зөвшөөрч байна. Харин шинжээчийн дүгнэлтэд шалтгаант холбоотой эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байна. Хэргийн сэдэлтийг тогтоож чадаагүй. 29 дүгээр сургуулийн багш Азжаргал нь дохионы хэл мэддэггүй, Англи хэлний багш мэргэжилтэй хүн. Харин Тогмидын тухайд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хэл ярианы бэрхшээлтэй этгээдүүдээс тайлбар мэдүүлэг авахад байнга оролцдог. Хэлгүй, дүлий хүний эрхийг хангаагүй гэж үзэж байна. Би 2 дахь удаа яллагдагчаар байцаахад нь суусан. Тухайн үед Д.Амаржаргал “Би өмнө нь ийм мэдүүлэг өгөөгүй. Бичсэн зүйл дээр надаар гарын үсэг зуруулсан” гэж хэлсэн. “Яагаад хоёр хэлмэрч байгаа юм бэ” гэдэг асуудлын тухайд Д.Амаржаргал сургуульд сураагүй тул энгийнээр хэлэхэд дохионы хэлийг хар ярианы түвшинд л сурсан. Иймд нэг хэлмэрч нь түүний хэлснийг хэлмэрчилж, мэргэжлийн хэлмэрч нь өмнөх хэлмэрчийн хэлснийг дэлгэрүүлж байсан. Алхаар цохьсон гэж хохирогч мэдүүлж байгаа ч үүнийг тогтоосон зүйл байхгүй. Иймд хувийн сэдэлтийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, өршөөлд хамруулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Д.Амаржаргал, Ж.Мягмаржав нарын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон гэрч нарын мэдүүлгүүдээр уг хэрэгт хэн, ямар оролцоотой болох нь тогтоогдсон. Гэрч Алтан, Ариунтунгалаг нар Д.Амаржаргал, Ж.Мягмаржав, Чулуунцэцэг нар нь дээрэмдсэн гар утсаа “Монтел” худалдааны төвд зарах гээд явж байсан гэдгийг хэлдэг тул хэргийг сэдэлтийн хувьд дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-400 тоот гэртээ Э.Бямбацогтын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулж, “I phone-4” загварын гар утас, өргөн, нарийн мөнгөн гинж, өрөөсөн мөнгөн ээмэг зэрэг нийт 335,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Э.Бямбацогтын: “... 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...  гэртээ харих гээд алхаж явтал гудамжны хойд хэсгээс хүн дуудсан. Тийш харахад нэг авгай хашааны ёроолд согтуу сууж байсан. Тэр эгч зүс таних хүн байсан. Би тэр эгчээс “та юу хийж байгаа юм бэ” гэхэд “би согтуу байна, чи оруулаад өгөөч” гэхээр нь тэр эгчийг сугадаад байшинд нь оруулж өгсөн. Тэнд Амараа гэж хэлгүй залуу, ах Жагаа /Мягмаржав/ нарын хамт согтуу сууж байсан. Жагаа буюу Мягмаржав босч ирээд муухай орилсон чинь тэр эмэгтэй хаалгаа хаагаад байшингаас гараад гүйчихсэн. Гарахдаа хаалгаа савахад хаалга нь түгжигдээд онгойхгүй байсан. Би араас нь гарах гэтэл мангас Жагаа “чи яагаад манай эхнэртэй архи ууж согтуу оруулж ирж байгаа юм бэ” гээд хардаад том дуугараад бид барьцалдаад авахад дүү Амараа нь гүйж ирээд миний толгой руу алхаар 2-3 удаа цохиод... Жагаа нь нүүр рүү хэд хэд дэвссэн. Би ухаан балартаад сэрэхэд гудамжинд намайг танихгүй хүн татаж сэрээсэн. Намайг сэрэхэд хамаг хувцас норчихсон, урагдсан, биед байсан 10,000 төгрөг, “I phone-4” загварын гар утас, мөнгөн гинж 2 ширхэг, ээмэг зэрэг байхгүй болсон байсан... Мөн миний нуруу, гэдэс түлэгдсэн байсан...” /1-р хх-74-75, 76, 2-р хх-74, 3-р хх-30-32/,

- Гэрч Ц.Алтангийн: “... 2015 оны 3 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд хүү Бямбацогт шоконд орсон байдалтай, ярьж босч чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлгийн эмч нар толгойд нь оёдол тавьсан ба нуруу болон хэвлийд түлэгдсэн, арьс нь ил гарсан байдалтай байсан... Миний хүү хэлэхдээ гудамжинд таарсан согтуу эмэгтэй “гэрт хүргээд өгөөч” гэж гуйсан гэсэн. Миний хүүгийн зүүн хуруунд байсан мөнгөн бөгжний шигтгээ нь гаранд шигдсэн, гэмтлийн эмнэлэг дээр очоод уг бөгжийг хайчилж авсан...” /1-р хх-83-84/,

- Гэрч Б.Баасанжавын: “... 2015 оны 3 дугаар сарын 18-ны орой гудамжинд Бямбацогт согтуу юм шиг хувцас нь норсон, нүүр ам нь нилэнхүйдээ цус болсон ирж байхаар нь гэрт нь оруулж өгсөн... “чи хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад “мангас Жагаа буюу Мягмаржавын эхнэр болох Чукатай гудамжинд таарахад “эгчийгээ гэрт хүргээд өг” гэсэн, гэрт нь хүргэж өгөхөд шууд зодоод эд зүйлийг авсан” гэж хэлсэн... Бямбацогтын гар утсыг “Монтел” дээр зарах гэж явж байгаад манай хамаатны охинтой таараад, манай охины утас гээд орилж, чарлаад бөөн юм болсон гэсэн...” /1-р хх-85/,

- Гэрч Б.Ариунтунгалагийн: “... 2014 оны 3 дугаар сарын 19-ний өглөө “Монтел” гар утасны худалдаа, үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах ажлын байран дээрээ сууж байтал гаднаас “гар утас зарна” гээд 1 эмэгтэй 2 залуугийн хамт орж ирсэн. Би авах гээд үзэхэд “I phone-4” загварын гар утас байсан... сонирхож үзээд компьютерт холбоод утасны “Apple ID нь байна уу, үгүй юу” гэдгийг үзэхэд Хишигээ гэсэн хаягтай ID, цоожтой байсан. Үүнийхээ кодийг мэдэх үү гэж асуухад охин руугаа яриад асууна гэсэн. Тэгэхээр нь авахаа болчихсон юм. Би тэр хүмүүсийг сайтар ажиглаж харсан. Тэр үед би Алтан эгч рүү яриад Бямбацогтын алдсан утасны талаар лавлаж асуухад надад “I phone-4” загварын гар утас гэж хэлсэн. Тэгээд би нөгөө хүмүүсийн араас гараад тэр хүмүүсийг хайхад байхгүй байсан...” /1-р хх-105-107/,

- Гэрч Э.Бямбахишигийн: “... 2014 оны 3 дугаар сарын 18-ны орой... Бямбацогт ахын толгойноос нь цус гарсан, нүүр нь битүү хавдартай хувцас нь норсон, шавар шавхай, цустай хувцастай гэрт орж ирсэн... биед нь байсан “I phone-4” загварын хар өнгийн гар утас, мөнгөн гинж, 1 талын чихэндээ зүүсэн байсан цагирган ээмэг, бөгж зэрэг эд зүйлүүд нь алдагдсан, нэг хуруунд нь байсан том мөнгөн бөгжийг нь хатуу биетээр цохиж гэмтээсэн бололтой хуруунд шигдээд орчихсон байсныг эмнэлэг дээр очоод тасдаж авсан. I phone-4 утас анх гарахад 2011 онд би Туркэд суралцаж байхдаа Америкаас авч байсан юм. Уг утсыг 2013 оны 6 дугаар сард ахад өгсөн. Утасны Apple ID нь “Khishgene” гэсэн байгаа. Тухайн өдрийн маргааш нь Ариунтунгалаг гэх манай хамаатны эгч /Монтел дээр гар утас зардаг/ залгаад “Монтел дээр 2 эрэгтэй, 1 эмэгтэйгийн хамт “I phone-4” загварын гар утас зарна гээд явж байна. Чиний “ID код нь Khishgene мөн үү” гэж асууж байсан. Тэр код нь мөн байсан...” /1-р хх-124-126/ гэсэн мэдүүлгүүд,

            - Хохирогч Э.Бямбацогтын биед тархи доргилт, тархины эдийн голомтлог няцрал, дух, зүүн зулай, чамархай, хоёр нүдний дээд, доод зовхи, нүүрний зөөлөн няцрал, зүүн зулай, уруулд няцарсан шарх, хоёр нүдний зовхи, эрүү, хүзүү, ууцанд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа, ууцанд зулгаралт, үүдэн хоёр шүдний булгарал, хэвлий нурууны түлэгдэлт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №408 дугаар дүгнэлт /1-р хх-134-135/,

- 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Монтел” гар утасны худалдааны төв дээр “I phone” загварын гар утас зарах явсан хүн Ж.Мягмаржав мөн эсэхийг гэрч Б.Ариунтунгалагаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-67-68/,

- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-131/,

- Э.Бямбацогтын өвчний түүх /1-р хх-147-155/,

- Д.Амаржаргалын яллагдагчаар /орчуулагч А.Азжаргал, өмгөөлөгч Ю.Тогмид нар оролцсон/ өгсөн “... 2015 оны 3 дугаар сарын 18-ны орой гаднаас нэг эрэгтэй манай ахын хамтран амьдрагч Чулуунцэцэгийн хамт согтуу орж ирсэн. Манай ах хашгираад тэр эмэгтэй гараад явсан. Манай ах Мягмаржав эхнэрийгээ хардаад тэр залууг барьж аваад зодоод эхэлсэн. Би ахыгаа өмөөрөөд тэр залууг хамт зодсон. Манай ах Мягмаржав тэр хүний гар утас, мөнгөн гинж зэрэг эд зүйлсийг авсан...” /1-р хх 212/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Ж.Мягмаржав нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-400 тоот гэртээ танхайн сэдэлтээр Д.Батбаярыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас түр зөвшөөрлөөр авч байцаан шийтгэх ажиллагаа явуулж дууссаны дараа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн түр хүлээлгийн танхимаас зугтаж, 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Д.Батбаярын: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр... 22 цаг өнгөрч байхад “Хайлааст” дэлгүүрийн үүдэнд Баярсайхантай зогсч байхад мангас Жагаа /Мягмаржав/-ийн эхнэр Чука /Чулуунцэцэг/ ирсэн. Чука эгчээс “архи байна уу” гэхэд “Жагаа ах чинь гэртээ архитай байгаа” гэхээр нь гэрт нь орсон... Мягмаржав ахын гэрт ороход хэн бэ гэж асуухаар нь “Батбаяр байна, архи байна уу” гэхэд хариулалгүй зөрөөд гал тогооны өрөөндөө орсноо араас “юугаа шиншилсэн яваа хулгайч вэ” гээд миний ар дагзанд хатуу биетээр цохиод би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд Мягмаржав гартаа гурилын элдүүр мод барьчихсан зогсч байсан. Тэр үед миний толгой орчмын дагз, зулай зэргээс цус гоожоод тогтохгүй байсан. “Та яаж байгаа юм” гэхэд “хуцаад бай” гэсэн. Орон дээр нь хэвтэж байхад хөдөлгөөнт эргүүлийн 2 цагдаа орж ирсэн. Тэр үед цагдаа “наана чинь юун хүн байгаа юм бэ” гэхэд Мягмаржав “манай дүү унтаж байна” гэж хэлсэн, 2 цагдаа гарсны дараа гэрээс нь зугтааж гарсан... маш их гомдолтой байна...” /1-р хх-70-72/,

- Гэрч Ц.Баярсайханы: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой “Хайлааст” дэлгүүрийн үүдэн дээр Батбаяртай таараад бид 2 хоорондоо юм яриад зогсч байхад Мангасын /Мягмаржавын/ эхнэр болох Чука гэх эмэгтэй хүрч ирээд “Мангаст архи байгаа, манайд ор” гэхээр нь Баяраа хэрэггүй гэхэд Батбаярыг дагуулаад гэрлүүгээ явсан. Шөнийн 00 цаг 30 минутын орчимд Батбаяр залгаад “Баяраа ахаа би хүнд зодуулчихлаа бие муу байна, та ороод ирээч” гэсэн. Би гэр лүү нь ороход толгой нь битүү цус болсон байхаар нь түргэн дуудаж, гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан... мангас Жагаа зодсон гэж ярьсан...” /1-р хх-1-79/,

- Гэрч Н.Баясгалангийн: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 23-400 тоотод согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага хүлээн аваад хаягт очиход... байшин нь харанхуй, гэрт нь ороход Мягмаржав “хүмүүс цонх хагалчихаад яваад өгсөн” гэсэн... орон дээр нэг залуу хэвтэж байхаар нь асуухад “манай дүү амарч байгаа юм, ямар нэгэн асуудал болоогүй” гэсэн...” /1-р хх-82/,

- Гэрч С.Чулуунцэцэгийн: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой 23 цаг болох гэж байхад Мягмаржавын гэрээс гараад “Хайлааст” дэлгүүрийн үүдэн дээр Батбаяр, Баяраа нартай таарсан. Батбаяр Чука эгчээ нэмчих юм байна уу... гэхээр нь Мягмаржавын гэрт 2000-3000 төгрөг гал тогооны савны хажууд унасан гэхэд ороод авлаа гээд байхаар нь хэрэггүй, Жагаа ах чинь согтуу байгаа гэж зөндөө хэлсэн боловч Жагаа ахтай хэл амаа ололцдог юм чинь ороод ирнэ гээд явсан... араас нь очиход дотор зодоон болоод байх шиг байсан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгсөн...” /1-р хх-77-78/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Батбаярын биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн хий 550 мл, шингэн 150мл хуралдсан, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, дагз, доод уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, зүүн гарын сарвуунд зулгаралт, баруун өвдөг, баруун нүдний доод зовхинд цус хуралт  бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №16590 дүгээр дүгнэлт /1-р хх-142/,

- Ж.Мягмаржав Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн байрнаас оргож буй үйлдлийг бэхжүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-45/,

- Ж.Мягмаржавыг эрэн сурвалжилсан баримтууд /2-р хх-8-26/,

- С.Чулуунцэцэгийн Ж.Мягмаржавын оргох хугацаандаа байсан газрын талаар түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-53-57/,

- С.Чулуунцэцэгийн сэжигтнээр өгсөн: “2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Мягмаржавыг эмнэлэгт үзүүлнэ гэж Мягмаржавын хүүхэд Дөлгөөн над руу ярьсан. Тэгээд би хувцас аваад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд Мягмаржавын хоёр хүүхэд болох Дөлгөөн, Уянга хоёр ирсэн. Тэгээд хоол унд, ойр зуурын юм авч өгсөн. Намайг ус аваад ир гэхээр нь гарчихаад ирэхэд Мягмаржав өөдөөс гараад ирсэн... намайг дуугүй яв гээд автобусанд суугаад цагаан байран дээр буусан... Тэгээд чи яаж байгаа юм бэ гэхэд би одоо гавтайгаа гараад ирсэн чи дуугүй байгаараа гэсэн... бид хоёр гудамжинд хамт хонож явсаар байгаад 2016 оны 2 дугаар сарын 4-ний баригдсан...” /1-р хх-216, 224/ гэсэн мэдүүлэг,

- Ж.Мягмаржавыг сэжигтнээр баривчлах тогтоол, сэжигтэн, яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамжууд /1-р хх 171, 174, 178/ зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтаар шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгажээ. 

 

Анхан шатны шүүх Ж.Мягмаржавыг танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, цагдан хоригдож байхдаа оргосон, Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялын тодорхой хэсгийг өршөөн хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхөөр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй байна. Д.Амаржаргал нь хэлгүй, сонсголгүй учир байцаан шийтгэх ажиллагаанд мэргэжлийн орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчийг оролцуулж эрхийг нь хангасан байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

 

            “Хохирогч Э.Бямбацогтын эд зүйлийг дээрэмдээгүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэмтэл учруулсан” гэх ялтан Ж.Мягмаржавын давж заалдах гомдлын тухайд:

 

Хохирогч Э.Бямбацогтын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “Ж.Мягмаржав, Д.Амаржаргал нарт зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлсэн” талаар тогтвортой өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хуруунд байсан мөнгөн бөгжийг авах гэж оролдохдоо цохиж хуруунд нь шигтгэсэн байсныг харсан гэрч Ц.Алтан, Э.Бямбахишиг нарын мэдүүлэг, “мангас Жагаа /Ж.Мягмаржав/-д зодуулсан” гэдгийг хохирогчоос сонссон гэрч Б.Баасанжавын мэдүүлэг, Ж.Мягмаржавын зарахаар биедээ авч явсан гар утас нь хохирогчийн гар утас болохыг баталсан гэрч Б.Ариунтунгалаг, Э.Бямбахишиг нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр Ж.Мягмаржав нь хамтран амьдрагч С.Чулуунцэцэгтэй нь хамт гэрт нь орж ирсэн хохирогч Э.Бямбацогтыг хардалт нэрийдлээр дүү Д.Амаржаргалтайгаа бүлэглэн зодож, биед нь байсан гар утас, мөнгөн эдлэлийг нь дээрэмдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, тэдний үйлдлийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь зөв байна.

 

            Мөрдөн байцаагчид эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хуурч мэхлэх, эрүүдэн шүүх байдлаар нотлох баримт цуглуулсан гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй. Хэрэв Ж.Мягмаржавд энэ талаар баримт, нотолгоо байгаа бол гомдол, хүсэлтээ прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй болно. 

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Мягмаржавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ж.Мягмаржавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

 

М.ПҮРЭВСҮРЭН