Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 87

 

         А.Б, Н.Т нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг

өмгөөлөгч Я.Сьезд

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар магадлалтай, А.Б, Н.Т нарт холбогдох 201504000174 дугаартай хэргийг шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Я.Сьездын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт А-ын Б нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Н-ы Т нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Н.Т-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Н.Т-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Я.Сьезд, прокурор Д.Булганцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...А.Б-т холбогдох эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалт, прокурорын хяналтанд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад үүнийг анхааралгүй анхан болон давж заалдах шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан. Шинжээчийн 312 тоот дүгнэлт нь нэг талыг барьсан, дүрс оношлогооны эмчийн өвчний түүх дээр бичсэн рентген зургийг л үндэслэсэн. Шинжээч эмч Е.Б нь “...Дүгнэлтийг дүрс оношлогооны эмч С-ы өвчний түүх дээр бичсэн рентген зургийн дүгнэлтээр гаргасан. Н.Т-ын эрүүг хадаж эмчлээгүй...”, эмч А.Д “...2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Н.Т-ыг үзэж өвчний зовиур бодит үзлэг, рентгений зургаар үзэж, клиникийн урьдчилан оношийг эрүүний баруун талын булангийн зөрөөгүй хугарал гэж тавьсан байна. Эрүүний хугаралд хагалгаа, мөн чийг хийгээгүй бөгөөд дахин надад үзүүлээгүй, үндсэн онош тавиулаагүй, эмчлэгдээгүй болно" гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Н.Тагатын эрүүнд ямар нэгэн эмчилгээ, хадаас болон гипс үйлчилгээ хийгээгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд Н.Т-ын эрүүний яс бодитойгоор хугарсан уу, хэрвээ хугарал байсан бол хуучин гэмтэл үү, шинэ үү гэдгийг тогтоох шаардлагатай байна. Хохирогч Н.Т-д хүндэвтэр гэмтэл учирсан эсэх нь эргэлзээтэй учраас А.Б нь дахин шинжээч томилж өгөх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, яллагдагчид хуулиар олгосон дээд шатны прокурор буюу Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг хязгаарлан яллах дүгнэлт үйлдүүлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь улсын яллагчийн яллах дүгнэлтийг тэр чигээрээ хуулж бичсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 284.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв. 

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...А.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

А.Б, Н.Т нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлтийг тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хэргийг зөв зүйлчлэх үндэс нь мөрдөн байцаалтаар нотлогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний элемент бүртэй харьцуулан шалгах байдлаар тухайн гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хамгийн оновчтой хувилбарыг тогтоох явдал юм.

Н.Т-д холбогдох хэргийн сэдэлтийг орхигдуулан учруулсан хор уршгаар буюу зөвхөн гэмт хэргийн нэг шинжид тулгуурлан хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж зүйлчлэлийг явуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болсон байна.

Хэдийгээр өмгөөлөгч Я.Сьезд нь шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргасан боловч мөрдөн байцаалтыг дутуу явуулсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан нь хангах үндэслэлтэй байх тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол А.Б, Н.Т нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                          Ч.ХОСБАЯР