Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00820

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01962 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 75,165,414.55 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* нар нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2035100458 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 62,200,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.

1.2. Мөн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Ипотекийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ын өмчлөлд бүртгэгдсэн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 55.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан.  

1.3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийг удаа дараа зөрчсөн, төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тул гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 55,913,343 төгрөг, зээлийн хүү 18,862,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,177 төгрөг, даатгалын төлбөр 307,742 төгрөг нийт 75,165,414 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийг төлж байсан боловч 2022 оны 5 болон 12 дугаар сард зээлдэгч ******* нь тархиндаа харвалт өгч, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдаж, хугацаагүйгээр групп тогтоолгож, байнгын асаргаатай болсноор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүнд нөхцөл байдалд орсон.

2.2. Мөн *******-тай 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь ******* гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 64,503,301.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 10,662,113.35 төгрөгийн хэсгий хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл ******* тоот хаягт байршилтай 55.8 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай ******* дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ******* даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 550,666.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2035100458 тоот зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55,913,343.00 төгрөг, үндсэн хүү 8,440,211.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,937 төгрөг, даатгалын өр 133,308 төгрөг, нийт 64,503,301.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн ажиллагаа удаашралтай байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 10,662,113.35 төгрөгөөр нэмэгдүүлэн 75,165,414.55 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2020 онд буюу Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнөх гэрээ байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардсаныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А-203 “Банкны хүү бодох аргачлал хүү, шимтгэл хураамжийн мэдээллийг ил тод байдлын журам”-д үндэслэхгүйгээр нэмэгдүүлсэн шаардлагын дүнг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2020 онд буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнөх гэрээ байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардсаныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн 10,662,113.35 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн.

5.2. Хариуцагч ******* нь 2022 онд тархиндаа харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хамтран зээлдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын дундуур амаржиж, хүүхэдтэй болсон. Иймд хариуцагч нар нь хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд нөхцөл байдалд байна. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан, хэрэглэж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

                                                          ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75,165,414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* болон *******, ******* нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ2035100458 дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь 62,200,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 17.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлүүлэх, *******, ******* нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх, уг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 10-13 дугаар тал/

3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, талууд 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, 55.8 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх-ийн 14-15, 16 дугаар тал/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.

Энэхүү гэрээгээр зээлдэгч нар сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.

Дээрх тохиролцоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

4.2. Зээлдэгч нар 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 6,286,656 төгрөг, хүүд 28,925,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,949 төгрөг төлсөн байх боловч зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс зээлийн төлбөр огт төлөөгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч урьдчилан сануулсан, гэрээний үүргийн зөрчил арилаагүй үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй байна.  

Энэхүү үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт нийцжээ.  

Хариуцагч нар нь эрүүл мэнд болон санхүүгийн асуудлаас гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх ба энэ тохиолдолд гэрээг өөрчлөгдсөн байдалд нийцүүлэхийг шаардах, эсвэл гэрээг цуцлах, мөн өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ байгуулах, гэрээ байгуулаагүй тохиолдолд санал гаргасан тал нь гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлэх боломжтой болохыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3. 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зохицуулсан. Хариуцагч нар ийм санал гаргаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Мөн аливаа гэрээний эрх, үүрэг нь тухайн гэрээний талуудын хооронд үүсэх тул *******-тай байгуулсан гэрээний дагуу тухайн хуулийн этгээд зээлдэгч нарын өмнө хариуцлага хүлээх эсэх нь нэхэмжлэгч байгууллагын хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хариуцагч нар үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм. Иймд  хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.  

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлээс 10,662,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Учир нь

2021 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “…зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө.” гэж заасан зохицуулалт нь агуулгын хувьд 1995 онд батлагдсан /одоо хүчингүй болсон/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан байсан тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй. 

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар хариуцагч нар 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 55,913,343 төгрөг, хүү 18,862,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,177 төгрөг нийт 74,857,672 төгрөг төлөх үүрэгтэй байх ба хүүг хуульд заасан журамд нийцүүлэн зөв тооцоолжээ.

5. Гэрээний хугацаанд төлөх зээлдэгч нарын амь насны болон эд хөрөнгийн даатгалын хураамжийн нийт төлбөр болох 3,067,985 төгрөгийг зээлдэгч нар нь зээлдүүлэгчид сар бүр хэсэгчлэн төлөхөөр гэрээгээр тохирсон байх ба уг төлбөрт 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 307,742 төгрөг төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх дээрх төлбөрт гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд тооцогдсон 133,808 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байх ба энэ төлбөрийн асуудлаар хариуцагч нар тайлбар гаргаагүй, эсэргүүцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.  

6. Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, хэсэг оновчгүй болсныг залруулсан өөрчлөлт оруулна.

7. Дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 75,165,414 төгрөг /74,857,672 + 307,742/ гаргуулахаар шийдвэрлэв. 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 75,165,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “174 дүгээр зүйлийн 174.1” гэснийг “175 дугаар зүйлийн 175.1” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...550,666.5” гэснийг “603,977” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,544 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА