Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.Б-д холбогдох эрүүгийн 1920000200063 тоот хэргийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух хаягтай, урьд нь Дорноговь аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт П.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын хил буюу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор архины онцгой албан татварын тэмдэгт болох 10 боодол буюу 100000 ширхэгийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 сарын 19-ний өдөр БНХАУ-ын Эрээн хот руу Замын-Үүд сумаас хувийн ажлаар гарахдаа өөрийн эзэмшлийн автомашин байхгүй тул Эрээн хот руу гарч байгаа болон орж ирж байгаа машинд дайгдаж суугаад орж ирсэн. Тэгээд би Эрээн хотын хил дээр ирэхдээ цаанаас такси бариад ирээд машинд суух гэж байхад нэг хятад танихгүй эрэгтэй хүн “Та монгол руу гарах гэж байна уу гэж байгаад энэ хайрцагтай зүйлийг аваад гарчих гэж хэлээд би таныг утасны дугаарыг тэмдэглэж аваад Замын-Үүд суманд хүлээж авах хүнд хэлчихье, та энэ ачааг хүнд нь өгөхдөө 100 юань аваад өгчих” гэж хэлсэн. Тухайн ачаа нь алимны хайрцаг шиг нэг хайрцагтай зүйл байсан. Би өөрөө ямар нэг ачаагүй явсан тул зөвшөөрч тэр хүний ачааг хүлээж аваад өөрийнхөө гар утасны дугаарыг өгсөн. Тухайн хүн өөрийнхөө утасны дугаарыг надад өгөөгүй. Би хайрцагтай зүйлийг аваад Хятадын хилээс нэг машинд 20 юаниар суугаад Монгол улсын хил буюу Замын-Үүд сумын Автошалган нэвтрүүлэх боомт руу орох гэж яваад 2-ын хаалтнаас нөгөө машинаасаа буугаад ургашаа явж байгаа таньдаг М гэх хүний ... улсын дугаартай машинд суугаад хоёрын хаалтаар гараад штампаа даруулж гарч ирээд нөгөө өмнө суусан машинаас өөрийн ачаагаа аваад М-н машины жолоочийн сандал дээр тавьсан. Тухайн үед жолооч М машинаа шалгуулах гаалийн улсын байцаагчийг хайгаад дотогш орсон байсан тул намайг машинд нь хайрцагтай зүйл тавьсаныг мэдээгүй. Ингээд байж байтал М-н машиныг гаалийн улсын байцаагч Г гэх хүн шалгаад миний авч явсан хайрцагтай зүйлийг задлаж шалгаад энэ ямар ачаа юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд дотогшоо оруулж рентгенд шалгаад би тухайн үед согтуу байсан тул миний ачаа биш гээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь юм байсан талаар мэдсэн. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир ямар тээврийн хэрэгсэлд суугаад Монгол Хилээр орж ирсэн талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө тухайн хайрцагтай зүйлийг оруулж ирсэн талаар мэдсэн. Надад ямар нэг зөвшөөрөл байхгүй. Би ямар бараа байгаа талаар мөн мэдэхгүй байсан. Миний гар утас руу хятад хүн залуу залгаж яриагүй гэжээ. /хх-ийн 124-125/

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 сарын 19-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд намайг хилийн хяналтын бүсийн талбай дээр алхаж байтал ... улсын дугаартай автомашины жолоочийн сандал дээр нэг эрэгтэй хүн суугаад байсан. Би тэр хүн дээр очоод “та энэ автомашины жолооч мөн үү” гэтэл “биш” гэж хэлсэн. Тэр хүн хөлөн доороо буюу жолоочийн сандалын урд талын шалан дээр хар өнгийн гялгар уутаар бүрж скочидсон цаасан хайрцагтай зүйл тавьсан байсан. Би тэр хүнээс “наад хайрцагтай зүйл чинь юу юм бэ” гэтэл “бичгийн цаас байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та наад найрцагтай зүйлээ задлаад харуулчих” гэтэл задлахгүй цааргалаад байсан тул би тэр хүнд “та наад хайрцагтай зүйлээ аваад ороод ир” гэж хэлээд цогцолбор руу дагуулж орсон. Ингээд хайрцагтай зүйлийг рентгенд хартал дундуураа хар зураастай цаас шиг зүйл харагдахаар нь хайрцагтай зүйлийг гаалийн улсын байцаагч Б-н хамт задлаж харсан. Тэгтэл дотороос нь архины онцгой албан татварын тэмдэгтүүд гарч ирсэн. Ингээд эргээд хартал Б алга болчихсон байсан. Би хайрцагтай зүйлээ байцаагч нарын өрөөнд оруулж тавьчихаад ... улсын дугаартай автомашины жолоочийг хайгаад гадаа гартал нөгөө машины жолооч гээд М гэх эмэгтэй байсан. Би М-тай уулзаж “таны автомашиныг 5 дугаар зам дээр зогсож байхад нэг залуу машинд чинь сууж байсан. Тэр хүн нэг хайрцагтай зүйл авч явж байсныг шалгахад онцгой албан татварын тэмдэгтүүд гарч ирсэн. Та тэр хүнээ олж өг” гэж хэлтэл М “миний автомашинд тийм хүн суугаагүй. Би 2 хүнтэй ирсэн. Тэр хоёр хүн буугаад явчихсан ш дээ” гэж хэлж байсан. Би М-н автомашинд байсан бүх ачааг гаргаж шалгахад барилгын материал гэж жаахан зүйл байсан. Өөр зүйл байгаагүй. Ингээд би М-д “таны автомашинд сууж явсан хүн энэ ачааг авч явсан. Та тэр хүнээс маргааш гэхэд олж ир. Хэрэв олж ирэхгүй бол таныг өөрийг чинь энэ хэрэгт холбогдуулж шалгана шүү” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 01 сарын 20-ны өглөө М Б-г дагуулж ирсэн гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хятадын хилээс гараад Монгол хил дээр ирээд хилийн цаад талд 2-ын хаалтан дээр очерлож байтал машины жолоочийн хажуу талын хаалга онгойгоод миний танил Б машинд орж ирж суусан. Тухайн үед Б нилээд халамцуу, ямар ч ачаагүй гар хоосон орж ирсэн. Тэгээд миний машинд сууж хил рүү ороод ард талын суудал дээр сууж явсан. Хоёр зорчигчийн хамт штамбаа даруулахаар буусан. Би машинаа хяналын талбай дээр тавьчихаад мэргэжлийн хяналтын байцаагчид шалгуулах гэж байтал Б ирээд “би машиныг чинь гаалийн байцаагчид үзүүлчихье” гэж хэлээд хүрээд ирэхээр нь би “битгий солиороод бай. Машин өшиглөдөг болоо юу” гэж хэлээд 5 минут орчим хоорондоо маргалдсан. Би машинаа мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлчихээд гаалийн улсын байцаагчаа хайгаад дотогш орсон. Тухайн үед миний машиныг шалгах М гэж байцаагч байхгүй байсан тул цонхон дээр нь очиж хүлээсэн. Тэгээд М-г ирэхээр нь машинаа үзүүлж ачаагаа шалгуулчихаад, машинаа хяналтын талбайгаас гаргаж тавиад татвараа төлөөд очтол М байцаагч “та наашаа хүрээд ир. Таны автомашинаас ийм зүйл гарч ирсэн байна” гэж дуудсан. Намайг хүрээд очиход гаалийн улсын байцаагч Г-н хамт байсан. Г надаас “энэ чиний ачаа мөн үү” гэхэд нь би “миний ачаа биш. Миний машинд ийм хайрцагтай зүйл байгаагүй. Наадахыг чинь би хараа ч үгүй ачаа байна” гэтэл Г “чиний машинд нэг эрэгтэй хүн байсан” гэхэд нь би гайхаад тухайн үед Б-г гэж огт бодоогүй. Тэгээд “миний машинд 2 зорчигч сууж орж ирсэн. Тэр хоёр штамбаа даруулаад явчихсан ш дээ. Ямар эрэгтэй хүн байсныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Г “ямар ч байсан энэ ачаа чиний автомашинаас гарч ирсэн болохоор чиний ачаа гэсэн үг. Чи тэр хүнээ олж ир. Тэр хүн чиний машины жолоочийн суудал дээр суучихсан байсан. Тэгэхээр чиний таньдаг хүн л байгаа. Хэрэв тэр хүнээ олж ирэхгүй бол чамайг энэ хээгт холбогдуулж шалгана” гэж хэлээд миний автомашиныг саатуулсан. Намайг гаалийн улсын байцаагчид машинаа шалгуулахад тэр хайрцагтай ачаа миний автомашинд байгаагүй. Ингээд би орой нь гэрт нь очиж байгаад Б-г сууж байсан байж магадгүй гэж бодоод гэрт нь очсон. Намайг очиход Б шал согтуу, юм ярих чадваргүй унтаж байсан. Маргааш өглөө нь би Б-н гэрт очоод “чи миний автомашинд хориотой зүйл хийсэн байна. Чамаас гарцаагүй. Чи миний ажлыг балалчихлаа. Би одоо гаалийн улсын байцаагчтай очоод уулзаатах” гэж гуйж аргадаж байж Г байцаагч дээр дагуулж очсон гэжээ. /хх-ийн 23-24/

Иргэний нэхэмжлэгч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуульд зааснаар Онцгой албан татварын тэмдэгтийг гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ гэж заасан байдаг. Монгол улсын үнэт цаасны газарт Онцгой албан татварын тэмдэгтийг үйлдвэрлэдэг. Тэр тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан сери дугаартай байдаг. Дугаарууд нь хоорондоо давхцдаггүй. Онцгой албан татварын тэмдгийг Монгол улсад үйлдвэрлэсэн архи тамхинд, архи тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах худалдан авах гэрээг, импортын архи тамхинд аж ахуй нэгж байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн Үндэсний татварын алба олгоно. Тэмдэггүй архи, тамхи бэлтгэн нийлүүлэх, борлуулах, худалдах, тэдгээрийг хуурамчаар үйлдэхийг хуулиар хориглосон байдаг. Уг тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоодог. Архи, тамхины үйлдвэр болон импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахун нэгж байгууллага нь Үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худладахыг хуулиар хориглосон байдаг. Онцгой албан татварын тэмдэгт нь архины, тамхины гэсэн 2 төрөл байдаг гэжээ.  /хх-ийн 60-61/

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Аав маань намайг бага байхад төмөр замын өртөөнд ажиллаж байсан гэсэн. Түүнээс хойш улсын ажил хийгээгүй, ихэнхидээ хөдөө өөрийн малаа харж амьдардаг байсан. Энэ хугацаандаа хааяа Замын-Үүд суманд ирж хувиараа Хил хооронд ачаа ачдаг байсан. 2009 онд ээжийг маань нас барсанаас хойш ганцаараа амьдарч байгаад Г.М гэх эгчтэй 2 жил хамт амьдарсан. Тэд 1 жил гаруйн өмнө салсан. Одоо аав маань дүү бид хоёроос тусдаа ганцаараа амьдардаг. Миний аав ээжийг нас барсанаас хойш архи уух гээд байдаг болсон. Харин зан араншингийн хувьд хүнд тусархаг, ямар нэгэн муухай зан авир, муу зуршил байхгүй, хэнэггүй, хайнга хүн. Ер нь хүнд л тус болж байвал болоо гэж боддог. Нэг гэм нь жаахан архи уух гээд байдаг болчихсон байсан. Дотно найзлаж нөхөрлөдөг хүн байхгүй. Аав маань ихэнхидээ хөдөө гэртээ байгаад байгаа болохоор энэ талаар надад хэлээгүй гэжээ. /хх-ийн 136-137/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01/

Бараанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07-15/

А ХХК-ний /Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/ /хх-ийн 27-30/

Шинжээчийн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 2368 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн 500 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйл нь шинжигээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн 500 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлсүүдийн цаас нь жинхэнэ үнэт цаас байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн 500 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлс нь харьцуулах загвар ирүүлсэн Онцгой албан татварын тэмдэгт, бичиг баримтын шинжилгээний лабориаторийн санд байгаа онцгой албан татварын тэмдэгтүүдтэй үнэт цаасны нууцлалын элементүүдээрээ хоорондоо тохирч байна. Харин зүүн талд байрлах нүдэнд үзэгдэх бар код болон хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлал бүхий бар кодуудын хээний дүрслэлээрээ хоорондоо тохирохгүй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн 500 ширхэг Онцгой албан татварын тэмдэг мэт зүйлсийг хэзээ аль үйлдвэрийн захиалгаар хэвлэгдсэн, өмнө нь адил төстэй аргаар хийгдсэн Онцгой албан татварын тэмдгийн шинжилгээ урьд хийгдэж байсан эсэх, хийгдсэн бол шинжээчийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тусгах зэрэг асуултууд тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул уг асуултууд хариулах боломжгүй байна. 5.Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 36-39/

Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 44-45/

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 62/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 63-65/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 66-76/

Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн  лавлагаа, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-87, 90/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 121-123/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 130, 132-134/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 142-143/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 148/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/05 дугаартай тогтоол /хх-ийн 151/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын хил буюу Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хуулиар хориглосон эд зүйл болох архины онцгой албан татварын тэмдэгт болох 10 боодол буюу 100,000 ширхэгийг хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Л.Г “...Би тэр хүнээс “наад хайрцагтай зүйл чинь юу юм бэ” гэтэл “бичгийн цаас байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та наад хайрцагтай зүйлээ задлаад харуулчих” гэтэл задлахгүй цаараглаад байсан тул би тэр хүнд “та наад хайрцагтай зүйлээ аваад ороод ир” гэж хэлээд цогцолбор руу дагуулж орсон. Ингээд хайрцагтай зүйлийг рентгенд хартал дундуураа хар зураастай цаас шиг зүйл харагдахаар нь хайрцагтай зүйлийг гаалийн улсын байцаагч Б-н хамт задлаж харсан. Тэгтэл дотороос нь архины онцгой албан татварын тэмдэгтүүд гарч ирсэн. Ингээд эргээд хартал Б алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Ч “...Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуульд зааснаар Онцгой албан татварын тэмдэгтийг гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ гэж заасан байдаг. Монгол улсын үнэт цаасны газарт Онцгой албан татварын тэмдэгтийг үйлдвэрлэдэг. Тэр тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан сери дугаартай байдаг. Дугаарууд нь хоорондоо давхцдаггүй.” гэх мэдүүлэг, шинжээчийн 2368 дугаартай дүгнэлт, бараанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Архины онцгой албан татварын тэмдэгт нь Онцгой албан татварын тэмдгийн  тухай хуулийн 3.1-д “Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ” гэж хуульчилсан байдаг. Шүүгдэгч П.Б-н хувьд онцгой албан татварын тэмдэгт үйлдвэрлэх аж ахуй нэгж болон хуулийн этгээд биш байх тул хувь хүнийхээ үүднээс хуулиар хориглосон зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 боодол буюу 100,000 ширхэг онцгой албан татварын тэмдэгт мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдохгүй байгаа тул тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигч О.Н-д буцаан олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар хориглолт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 боодол буюу 100,000 ширхэг онцгой албан татварын тэмдэгт мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож эзэмшигч О.Н-д буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.Б