| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2024/06741/И |
| Дугаар | 210/МА2025/00821 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00821
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/02633 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 9,598,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 9,598,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Талууд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын баталгаа гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* нь 160,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай мерседес бенз жи эл си-эйч 253 маркийн /Mercedes benz GLC-H253/ тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжид 2,560,000 төгрөг төлөх, ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохирч, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ. /хх-ийн 83-87 дугаар тал/
3.1. Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар шүүх зөв дүгнэсэн.
4. Даатгалын гэрээгээр талууд гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх эрсдэлийг даатгалын эрсдэлд тооцож, үүний улмаас учирсан хохиролд 100 хувь нөхөн төлбөр олгохоор тохирчээ.
4.1. Ийнхүү тохирсон эрсдэл буюу даатгалын тохиолдол бий болсон эсэх, энэ талаар нэн даруй мэдэгдэх үүргээ даатгуулагч биелүүлсэн эсэх асуудал нь талуудын маргааны зүйл болсон байна.
5. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас үйл баримтыг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
5.1. Хэрэгт авагдсан *******-ийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланд “...цахилгаан рулийн аппарат чихэгдэж цөмөрч хагарч гэмтсэн, хуванцар элгэвч хамгаалалт чихэгдэж цөмөрч хагарч сэвтсэн байв. ...уг гэмтлийг засварлах зардлыг 9,598,000 төгрөг”, *******-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтод “...рулийн аппарат хагарсан”, ахлах инженер гэх ******* тодорхойлолтод “...рулийн механизм ажилгүй, рулийн аппаратын алдаа хянах дээр гарсан байдалтай, ачигдаж ирсэн. Оношилж үзэхэд урд талын доогуур юм хүчтэй цохисон байдалтай, рулийн аппаратаар юм цохиж, эмтэрч хагарсан байна, ...рулийн цахилгаан аппарат ажилгүй болсон” гэжээ. /хх-ийн 10, 16-17, 19-20 дугаар тал/
Дээрх гэмтлийн талаар нэхэмжлэгч нь осол болох үед буюу 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэх ба 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр засварын газарт үзүүлж мэдсэн, энэ талаар хожим цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зам тээврийн ослыг нөхөн тогтоолгосон гэх боловч хэрэгт авагдсан 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Шийтгэлийн хуудас болон гэрэл зургуудаар ******* нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр автомашинаар нүх дайрч, доороосоо чулуунд цохигдсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:
2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0961405 дугаартай Шийтгэлийн хуудсаар *******ыг адуу мөргөсөн зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар торгох шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 15 дугаар тал/
Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаар нөхөн тогтоолгосон гэх дээрх зам тээврийн осол нь нэхэмжлэгчийн автомашинд эвдрэл, гэмтэл учрах үед бий болсон гэх ослын нөхцөл байдалтай тохирохгүй байна.
Мөн хэргийн 13-14 дүгээр талд авагдсан гэрэл зургууд нь даатгалын тохиолдол бий болсон гэх үеийн нөхцөл байдалд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэнэ.
5.2. Түүнчлэн, нэхэмжлэгч нь автомашинд учирсан эвдрэлийг осол гарсан гэх үед мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотолж чадаагүй байна. Иймд даатгалын тохиолдол бий болсныг нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
6. Дээрх баримтуудаар даатгалын зүйл болох автомашинд рулийн аппарат хагарсан эвдрэл, гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч уг эвдрэл, гэмтлийг талуудын гэрээгээр тохирсон эрсдэлээс бий болсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй, мөн даатгалын тохиолдол бий болох үед энэ талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч байгууллагын зүгээс даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, даатгалын гэрээний 6.10-т “Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол нөхөн төлбөр олгохгүй” гэж заасанд нийцжээ.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/02633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 9,598,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Т.ГАНДИЙМАА