Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00864

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 193/ШШ2025/00222 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2015 онд цэргийн албанд татагдсан бөгөөд ******* нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* цэрэгт явсан хойгуур түүний эзэмшлийн ******* тоот хаягт байрлалтай, ******* нэгж талбарын дугаартай 500 м.кв эзэмших эрхтэй газрыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна. Иймд тухайн газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газрын эзэмших  эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хамаатны дүү ******* 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр надтай уулзаж нэг хүн сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай 2,200,000 төгрөг зээлээч, 7 хоногтоо багтааж өгье, боломжгүй бол барьцаанд эзэмших эрхтэй газраа барьцаалъя гэсэн. Эхний ээлжинд мөнгөө өгч байгаач банкны мөнгөө шилжүүлчихээд маргааш газрын бичиг баримтаа шилжүүлье гээд байсан учир 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөнгөө өгсөн.

2.2. Ингээд зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул нөгөө хүнтэй нь уулзахад мөнгө өгөх боломжгүй, газрыг нэр дээрээ шилжүүлж ав гээд нотариат орж шилжүүлэг хийсэн. 2017 онд над руу залгаж, зээлсэн мөнгөө өгөөд газраа авъя гэхээр нь би мөнгөө хүүтэй нь өгөөд газраа ав гэж хэлсэн. Түүнээс хойш 6 жил өнгөрсөн, бичиг баримтаа авах байх гэж хүлээсэн боловч ямар ч сураггүй байсан. 2023 онд яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж газрыг зарж, мөнгийг хэрэглэсэн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* тоотод байрших, 500 м.кв газрыг нэхэмжлэгч ******* өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас төгрөгийг 50,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэж гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлаа нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хангаагүйгээс хэргийн бодит байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан ******* тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 500 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. 

3.1. Хэрэгт *******, ******* нарын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэх “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр ******* нь газар эзэмших эрхийг шилжүүлэх, ******* нь 2,200,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, түүний өмнөөс бичиг баримт бүрдүүлж, хариуцагч нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байна гэж тайлбарлаж, тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. 

Мөн дээрх газрын эзэмших эрх хариуцагчаас гуравдагч этгээдэд шилжсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь газрын зах зээлийн үнэ 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ “урьд нь гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй” гэх агуулга бүхий дүгнэлт өгсөн. 

Хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөлийг Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд зохицуулсан. Эдгээр хэлцлийн үр дагавар нь аль аль нь гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах зохицуулалттай ч тухайн үр дагаварт хүрэх эрх зүйн үндэслэл ялгаатай.

Иймд газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд хүчин төгөлдөр бус байх, эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн алиных нь үр дагавар болох, эсвэл үүргийн эрх зүйн харилцаанаас үүссэн шаардах эрхийн хүрээнд шаардлага гаргаж буй аль нь болох, мөн эзэмших эрхтэй газрын асуудлаар маргаж байгаа тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох боломжтой эсэх, эсвэл хохирол шаардаж буй эсэхийг шүүх тодруулж, хэргийг шийдвэрлээгүй алдаа гаргажээ.  

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

3.2. Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх ******* гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх-ийн 180, 192-194 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг шүүх тодруулаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бол газар эзэмших эрх гуравдагч этгээдэд шилжсэн асуудал нь талууд болон гуравдагч этгээдийн хувьд эрх, үүрэгт нь нөлөөлөх эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх бөгөөд энэ тохиолдолд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1.5,*******8 дугаар зүйлийн*******8.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 193/ШШ2025/00222 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА