| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01184/И |
| Дугаар | 01115 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 01115
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01184/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн *******, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 3.435.207 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“У.******* миний бие 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан бөгөөд шүүхэд хандсанаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1208 дугаар шийдвэр, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 09 дугаар магадлал, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/хт2016/00271 дугаар тогтоол зэрэг 3 шатны шүүхээр намайг хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоож ажилд эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гарсан. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын шимтгэл зэргийг зохих журмын дагуу тооцон нөхөн бичилт хийх, нийт 3.435.207 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“****** аймгийн ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол ****** дүгээр байрны ****** тоотод оршин суугч У.*******гийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 3.435.207 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, татварын суутгал зэрэг холбогдох суутгалыг хийж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн ******* миний бие оролцож байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын даргын итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтанд заасны дагуу нэхэмжлэгч иргэн У.*******гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 3.435.207 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбраа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар У.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 3.435.207 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийн хариуцагчийн “..У.*******гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 913 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамж 34 950 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 34 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА