| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/01892/И |
| Дугаар | 210/МА2025/00866 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00866
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01540 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 390,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* түүний эхнэр *******, мөн ******* нар 300,000,000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхсэн боловч 2023 оны 9 дүгээр сард ******* нас барсан. Түүний эхнэр ******* болон ******* нар миний мөнгийг төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд *******, ******* нараас үндсэн зээл 300,000,000 төгрөг, 2 сарын хүү 90,000,000 төгрөг нийт 390,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч ******* тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2021 онд “Замын тендерийн ажил авсан, энэ ажлыг чи хариуцаж захирлаар ажиллаач” гэсэн санал тавьсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр намайг ******* дахь нотариат дээр хүрээд ирээч, зээл авахаар болсон, компанийн захирлаар ажиллах юм чинь гарын үсэг зур гэхээр нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
2.2. ******* нь зээлийн хүү, үндсэн зээлээ төлж байгаа гэж хэлдэг байсан, тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан учир хичнээн төгрөг төлсөн талаар мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний нөхөр ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан, уй гашуутай хэцүү цаг үед ******* нь өдөр бүр утсаар ярьж, дарамтлаад байсан учраас 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр баталгаа гэсэн бичиг хийж гарын үсэг зурсан. Би зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг аваагүй тул төлөх үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 194,000,000 төгрөгийг, хариуцагч *******эс 195,000,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх хэсэг болох 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,107,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,025,425 төгрөгийг, хариуцагч *******эс 1,053,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж орхигдуулсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* болон түүний эхнэр ******* нарын ******* *******, *******, ******* тоот дансанд *******, *******, ******* нараас нийт 256,287,490 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байна. Энэ талаарх баримтыг шүүх урьд байгуулсан байж болох өмнөх гэрээний үүрэгт хамаарахаар байна гэж үнэлэлгүй орхигдуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, хэрэгт нотлох баримтаар цуглараагүй асуудалд хамаатуулсан хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Мөн цөөн хэдхэн гүйлгээний он, сараар бусад бүх гүйлгээг бүхэлд нь үгүйсгэх нь бодит байдалд нийцэхгүй байна.
5.2. 2023 онд зээлдэгч ******* нас барьсан. Түүний эхнэр *******ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тухай баримт хэрэгт авагдсан. Энэ тохиолдолд өвлөж авсан хөрөнгийн хэмжээг тогтоож, үүргийн хэмжээг хуваарилах нь хуульд нийцэх байсан.
5.3. Хэргийн оролцогчдын хувьд шүүгчийг хэт нэг талыг барьсан байр суурьтай хэргийг үнэн зөв шударга шийдвэрлэнэ гэдэгт итгэлгүй болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс татгалзсан ч шүүгч үүнийг өөрөө хэрэгсэхгүй болгож шууд хурлыг цааш үргэлжлүүлсэн нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан, хууль ёсны бус шүүх хуралдаан боллоо. Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.
6. Хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Манай компанийн ерөнхий захирал ******* нь зээлийн гэрээний талаар тодорхой ойлголт өгөөгүй. Би хамтран зээлдэгч болсныг тэр үед мэдээгүй, ноцтой төөрөгдлийн улмаас зээлийн гэрээнд гарын үсэг зурсныг одоо ойлгож байна.
Тухайн үед ******* нь гэрээний төлбөрийг хамтран хариуцна гэж хэлээгүй, гарын үсэг зурчих, зээлийн төлбөрийг би төлнө гэж тайлбарласан. Энэ зээлийн гэрээний 300,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч хувьдаа авч хэрэглээгүй. ******* нь *******д 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн, *******д ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй.
6.2. Шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдсан байгааг нотлох баримтын үндсэн дээр дүгнэж тайлбарлаагүй. ******* зээлийн мөнгийг хүлээн аваагүй, хэрэглээгүй байхад 195,000,000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан нь миний эрхийг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлээгүй, эдийн засаг, санхүүгийн хувьд хэлмэгдүүлж хохироосон шийдвэр гаргасан байна. Иймд илт хууль бус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн хүсэлтээр Л.Мөнхтулгыг гэрчээр дуудаж, *******, *******, ******* болон нэхэмжлэгч *******, түүний эхнэр ******* нарын дансны хуулгыг Хаан банкнаас гаргуулсан. Мөн ******* болон ******* нарын дансны хуулга, зээлийн гэрээг нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж маргадаг ч үүнийгээ нотолж чадаагүй.
7.2. Хариуцагч ******* нь *******гийн цор ганц өв залгамжлагч болохыг нотолсон нотариатын баримтыг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт нотлох баримтаар авсан. ******* нь *******гийн өв залгамжлагчаар тогтоогдохоос өмнө 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 300,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тус зээлийг өөрөө төлөхөө илэрхийлсэн нотариатаар баталгаажуулсан баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш ******* нь өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээ нотлоогүй ба нэхэмжилсэн үнийн дүнгээс бага хэмжээгээр хөрөнгө өвлөж авсан бол түүнийгээ шүүхэд нотлох боломжтой байсан.
7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч болон нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч тал татгалзахгүй гэсэн. Мөн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул хүлээн авах боломжгүй тухай шүүгч хэлэхэд хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авах ёстой гэж марган шүүгчээс татгалзсаныг үндэслэлгүй гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 390,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Хэргийн 29-56, 120, 125-158 дугаар талд авагдсан дансны хуулгаар 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч ******* болон түүний нөхөр ******* нараас 256,287,490 төгрөгийг нэхэмжлэгч ******* хүлээн авсан гэж нотлох баримтаар гаргаж өгчээ.
Анхан шатны шүүх хуралдаанд дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн талаар нэхэмжлэгч тал тайлбарлахдаа 2020 оны 5 дугаар сарын 05, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон гэж, харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан дансны хуулгуудаас үзэхэд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 256 сая төгрөг төлөгдсөн байна гэх агуулгаар тайлбар гаргасан байна. /хх-ийн 197-202 дугаар тал/
Харин хариуцагч *******ын хувьд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр /хх-ийн 21/ “...би зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг аваагүй” гэх агуулга бүхий тайлбараас өөр тайлбар өгөөгүй байна. Мөн хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа /хх-ийн 20/ “...зээлийн хүү болон үндсэн зээлээс төлөөд байгаа гэж ******* ах хэлдэг байсан. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ах нас барсан, хичнээн төгрөг төлсөн талаар мэдэхгүй байна” гэжээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч тал *******, ******* нараас хүлээн авсан гэх 256,287,490 төгрөг нь ямар учраас маргаан бүхий 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний үүрэгт хамааралгүй гэж үзэж байгаа талаар бичгээр тайлбар гаргаагүйгээс энэ үйл баримтад талуудын хооронд мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хэд хэдэн гэрээний харилцаа үүсч, төлбөр тооцооны асуудал байгаа бол хэдий хугацааны төлбөрийг аль гэрээний үүрэгт тооцсон болох ингэснээр маргаж буй гэрээний үүрэг тодорхойлогдож байгаа талаар буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн тодорхойлоогүйгээс дээрх асуудлаар хариуцагч тал тайлбар өгөөгүй, маргааны үйл баримт тодорхойгүй нөхцөл байдал бий болжээ.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байснаар хариуцагч нь түүнийг үгүйсгэх, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх эрхээр хангагдаж, талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мэтгэлцэх учиртай.
Энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, хариуцагч талд танилцуулж, хэн хэний хооронд үүссэн аль гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлөгдсөн талаар зохигчийг мэтгэлцүүлж, хэргийг хянан шийдвэрлэх байжээ.
3.2. Түүнээс гадна, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний үүрэг гүйцэтгэгч тал болох ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан талаар зохигч тайлбарладаг ба хэрэгт авагдсан ******* 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 994 дугаартай албан бичигт “Өвлүүлэгч *******гийн өвлөгдөх хөрөнгөд нийслэлийн тойргийн нотариатч ******* 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн 0028 дугаарт бүртгэж өвлөгч *******ад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон” гэжээ. /хх-ийн 161 дүгээр тал/
Нас барагч этгээдийн үүргийг өвийн журмаар шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт заасан үйл баримт тогтоогдсон байх учиртай. Энэ талаарх баримтгүй нөхцөлд хариуцагчаар тодорхойлогдсон этгээд үүрэг хүлээх эсэхийг шүүх тогтоох боломжгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлтэй.
4. 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах эсэхийг хэргийн оролцогч нараас асууж, татгалзахгүй гэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй нь шүүх хуралдаан явуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас төлсөн 1,137,950 төгрөг, хариуцагч *******эс төлсөн 1,132,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА