| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0065/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Э-д холбогдох эрүүгийн 1920001480088 тоот хэргийг 2019 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр С аймгийн М суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р багт оршин суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт түр оршин суух, урьд нь ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123.750 төгрөгийн торгох ял, ... оны ... сарын ...-ны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ж.Э,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн гадна байсан Б.А-н унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой жаахан уусан байсан. Тэгээд 1 дүгээр сургуулийн үүдэнд байсан унадаг дугуйг унаад авто вакзол дээр ирээд үл таних хүнд миний унаж яваа дугуйг худалдаж авах уу гэж хэлсэн чинь хэдээр зарах юм гэж хэлэхээр нь та хэдээр авмаар байна гэж асуухад тэр хүн наад дугуй чинь хулгайн дугуй биш биздээ гэж хэлсэн тэгэхээр нь манай дүүгийн дугуй байгаа юм яахав та авбал 40,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь үнэхээр дүүгийн чинь дугуй бол би авъя гэж хэлэхээр нь тэр хүнд бэлэн 40,000 төгрөгөөр зарсан юм. Миний буруу би хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 24-25/
Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 04-ний орой вокзал руу явж байсан чинь сургуулийн тэнд нэг дугуй байсан. Түүнийг нь унаад вокзал орсон. Тэнд нэг ахад 40,000 төгрөгөөр зарсан. 40,000 төгрөгөөрөө архи авч уугаад дууссан. Хохирлыг ах маань төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ах маань гэрээ надад өгсөн одоо өөрийн гэсэн гэр оронтой болсон учир хүн шиг амьдарна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт хүү А-н хамт амьдардаг ба Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажилтай. Манай хүү Б.А Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ... дугаар ангид сурдаг. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 8 цагт хичээлдээ яваад 11 цаг өнгөрч байхад сургуулиасаа ирээд 13 цагийн үед Замын-Үүд сумын соёл спортын ордонд гар зургийн уралдааны шагнал гардуулах ажиллагаанд оролцоно гэж яваад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. 17 цагт ангийнх нь багш О.Г Монгол хэлний хичээлийн давтлага хийнэ гээд сургууль руугаа явсан. Манай хүү А Монгол хэлний давтлагандаа явахдаа унадаг дугуйгаа унаад явсан. 21 цаг өнгөрч байхад манай хүү Б.А миний ... дугаарын гар утас руу залгаад унадаг дугуй нь сургуулийнх нь гаднаас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. БНХАУ-д үйлдвэрлэсэн, бүдүүн дугуйтай, цагаан өнгийн рамтай, суудлын доор болон урд дугуйндаа амаржинтай, эвхдэг дугуй байсан. Би хүү Б.А-таа хүүхдийн баярын бэлэг болгож 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 950 юаниар худалдан авч өгсөн. Би А ХХК-иас гаргасан үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 18-20/
Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...17 цагаас Монгол хэлний давтлаганд явахдаа бүдүүн дугуйтай, цагаан өнгийн унадаг дугуйгаа унаад сургууль дээр очсон. Сургууль дээр очоод дугуйгаа сургуулийн 2 байрны голд буюу ангийнхаа цонхны харалдаа хашаа түшүүлээд тавьсан. 21 цаг өнгөрч байхад Монгол хэлний давтлагаа тараад гарч ирсэн чинь миний дугуй байхгүй алга болсон байхаар нь ангийнхаа хүүхэд болох Т-г унаад явдсан болов уу гэж бодоод Т-с миний унадаг дугуйг харсан уу гэж асуусан чинь манай ангийн Т хараагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дээр ирж бүртгүүлсэн. Миний унадаг дугуй бүдүүн дугуйтай, цагаан өнгөтэй, суудлын доор амаржинтай, эвхдэг дугуй байна. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай ээж Б.А БНХАУ-ын Эрээн хотоос 950 юаниар худалдан авч өгсөн гэжээ. /хх-ийн 4/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хувиараа Улаанбаатар Замын-Үүд хооронд өөрийн ... улсын дугаартай автомашинаар хүн тээвэр хийдэг. 2019 оны 06 дугаар сарын 04-ний 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Замын-Үүд явах 3 зорчигч суулгаад явсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Замын-Үүдэд ирсэн. Замын-Үүдэд ирээд машин дотроо унтаж байгаад 13 цагийн орчим Замын-Үүдийн автомашины төв зогсоол дээр очиж зогсоод Улаанбаатар хот явах хүн хайгаад байж байсан чинь 20 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн автомашины төв талбай дээр Замын-Үүдээс Улаанбаатар хооронд явдаг таксинд зорчигч олж өгдөг Б гэдэг залуутай нэг өндөр залуу ирээд унадаг дугуй авах уу гэж надаас асуухаар нь би юун унадаг дугуй юм хулгайн унадаг дугуй юм биш биз гэж асуусан чинь тэр өндөр залуу үгүй ээ манай дүү цагдаагийн академид сургуульд явсан. Намайг зарж болно гэсэн юм гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуусан чинь 40.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би унадаг дугуй зарна гэж байсан өндөр залууд 40.000 төгрөгийг 10.000 төгрөгний дэвсгэртээр 4 ширхэгийг бэлэн өгч худалдаж авсан. Миний худалдаж авсан унадаг дугуй бүдүүн дугуйтай, цагаан өнгийн рамтай, руль, суудалныхаа доор амаржинтай байсан. 175-180 см орчим өндөртэй, туранхай биетэй, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, ногоон даавуун өмд, кeттэй байсан гэжээ. /хх-ийн 5/
Гэрч Ж.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн дүү болох Э нь төлөв даруу жоохон архи хэрэглэдэг байсан одооноос архи хэрэглэхгүй байгаа. Хүнд тусархуу хүний үгээр хий гэсэн юмыг цагт нь хийчихдэг. Уул нь миний дүү хүнтэй эвтэй байдаг. Сүүлийн үед архи хэрэглээд янз бүрийн асуудалд ороод байгаа гэхдээ энэ хэрэгт холбогдсоноос хойш ямар нэг архи дарс уугаагүй гэр орондоо эрүүл саруул гэр орныхоо ажилд туслаж байгаа. Манай дүү байнга архи хэрэглээд байдаггүй. Хааяа уучихаараа янз бүрийн болж бүтэхгүй хүмүүстэй нийлчихдэг юм. Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт манай гэрт хамт амьдарч байгаа гэжээ. /хх-ийн 77/
Иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын эхээр оройны 20 цагийн үед Замын-Үүд сумын авто вакзол дээр Улаанбаатар хот орох гээд хүн хайгаад байж байтал нэг үл таних хүн эрээд та миний унаж яваа унадаг дугуйг худалдаж авах уу гэхээр нь би хэдээр зарах юм гэж асуусан. Тэгтэл тохироод ав гэхээр нь наад унадаг дугуй чинь янз бүрийн хулгайн дугуй биш биз дээ гэж асуухад үгүй манай дүү Цагдаагийн сургуульд явсан тэгээд зарах гэж байгаа гэхээр нь би 40,000 төгрөгөөр худалдан авсан. Ийм л зүйл болсон. Тэгтэл хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд таны худалдаж авсан дугуй гэж хэлээд надаас хураан авсан гэжээ. /хх-ийн 79-80/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8/
А ХХК /хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/-ний тайлан /хх-ийн 11-14/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 21-23/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-31/
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 38-73/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 82-83/
Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 88/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулийн гадна байсан Б.А-н унадаг дугуйг нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н “...Манай хүү А Монгол хэлний давтлагандаа явахдаа унадаг дугуйгаа унаад явсан. 21 цаг өнгөрч байхад манай хүү Б.А миний ... дугаарын гар утас руу залгаад унадаг дугуй нь сургуулийнх нь гаднаас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад ирж мэдэгдсэн. БНХАУ-д үйлдвэрлэсэн, бүдүүн дугуйтай, цагаан өнгийн рамтай, суудлын доор болон урд дугуйндаа амаржинтай, эвхдэг дугуй байсан. Би хүү Б.А-таа хүүхдийн баярын бэлэг болгож 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 950 юаниар худалдан авч өгсөн.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.А “...Сургууль дээр очоод дугуйгаа сургуулийн 2 байрны голд буюу ангийнхаа цонхны харалдаа хашаа түшүүлээд тавьсан. 21 цаг өнгөрч байхад Монгол хэлний давтлагаа тараад гарч ирсэн чинь миний дугуй байхгүй алга болсон. ...Тэгээд цагдаа дээр ирж бүртгүүлсэн. Миний унадаг дугуй бүдүүн дугуйтай, цагаан өнгөтэй, суудлын доор амаржинтай, эвхдэг дугуй байна.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б “...Замын-Үүдэд ирээд машин дотроо унтаж байгаад 13 цагийн орчим Замын-Үүдийн автомашины төв зогсоол дээр очиж зогсоод Улаанбаатар хот явах хүн хайгаад байж байсан чинь 20 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн автомашины төв талбай дээр Замын-Үүдээс Улаанбаатар хооронд явдаг таксинд зорчигч олж өгдөг Б гэдэг залуутай нэг өндөр залуу ирээд унадаг дугуй авах уу гэж надаас асуухаар нь би юун унадаг дугуй юм хулгайн унадаг дугуй юм биш биз гэж асуусан чинь тэр өндөр залуу үгүй ээ манай дүү цагдаагийн академид сургуульд явсан. Намайг зарж болно гэсэн юм гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэж асуусан чинь 40.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би унадаг дугуй зарна гэж байсан өндөр залууд 40.000 төгрөгийг 10.000 төгрөгний дэвсгэртээр 4 ширхэгийг бэлэн өгч худалдаж авсан. Миний худалдаж авсан унадаг дугуй бүдүүн дугуйтай, цагаан өнгийн рамтай, руль, суудалныхаа доор амаржинтай байсан.” гэх мэдүүлэг, А ХХК /хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ/-ний тайлан, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Ж.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй зэргийг хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Э нь хийсэн хэрэгтээ гэмшсэн, гэрч Ж.И “Миний төрсөн дүү болох Э нь төлөв даруу жоохон архи хэрэглэдэг байсан одооноос архи хэрэглэхгүй байгаа. Хүнд тусархуу хүний үгээр хий гэсэн юмыг цагт нь хийчихдэг. Уул нь миний дүү хүнтэй эвтэй байдаг. Сүүлийн үед архи хэрэглээд янз бүрийн асуудалд ороод байгаа гэхдээ энэ хэрэгт холбогдсоноос хойш ямар нэг архи дарс уугаагүй гэр орондоо эрүүл саруул гэр орныхоо ажилд туслаж байгаа. Манай дүү байнга архи хэрэглээд байдаггүй. Хааяа уучихаараа янз бүрийн болж бүтэхгүй хүмүүстэй нийлчихдэг юм. Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт манай гэрт хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэгээр түүнд нийтэд тустай аижл хийлгэх ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Э-д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б