Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Н-д холбогдох эрүүгийн 192.0001.1700.83 тоот хэргийг 2019 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Д аймгийн Э сумын 2 дугаар багт оршин суух, Ц овогт Г.Н,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 05 сарын 07-ны өдөр Д аймгийн Э сумын Е багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.П-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай хөдөө гэр болох эгч Ө-н гэрт би мал харж байгаад тэндээ мал засаад хүргэн ах Б-тай 1 шил 0,5-ийн Е 1 шил, 0,5-ийн Х архи уусан. Хонио буцаачихаад явж байгаад өмнө надтай гэрлэн амьдарч байгаад салсан М-н гэрийн гадаа очиход түүний нөхөр П нь байж байсан. Түүнд хандан манай малын бэлчээр дээр ирж буулаа гээд хэдэн үг хэлээд тэгээд П-н толгой хэсэг рүү чулуугаар цохиод, бид хоёр дээр доороо орон ноцолдож байгаад салсан. Тухайн үед би жоохон согтуу байсан тул зарим зүйлийг санахгүй байна. Тэгээд тэнд байж байтал удалгүй цагдаа ирсэн гэв.

Хохирогч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний толгойн баруун дээд хэсэгт хуйхны язралт болж нэг оёдол тавиулсан. Биеийн зарим хэсгүүдээр хумсны маажуулсан сорив их байгаа. Тухайн үед эмнэлгийн байгууллагаар оёдол тавиулсан мөн шарх соривны тос түрхэж эдгээсэн. Надад нийт эмчилгээний зардал ийш тийшээ явсан унааны зардал нийлээд 300,000 төгрөг болсон. Н нь уг хохирлоо төлж барагдуулсан гэжээ. /хх-ийн 4-6/

Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр П нь 2019 оны 05 сарын 03-ны өдөр над дээр ирсэн бөгөөд гэрээ нүүлгээд ногоотой газар ирж буусан. 2019 оны 05 сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд надтай урьд нь гэрлэн амьдарч байсан Н нь согтуу манай хашааны гадаа ирээд манай нөхөр П-г элдэв үгээр доромжлон чулуугаар толгой руу нь цохиж ноцолдож байгаад салсан. Тэгээд босч ирээд Н намайг элдэв үгээр хэлэн доромжлон тэнд байсан манай ээж Ө-г хүртэл түлхэж унагааж танхайрсан. Н нь тухайн үед архи уусан байсан бөгөөд биеэ авч явах чадвартай байсан. Н нь манай нөхөр П-г ер нь байнга л элдэв янзаар дарамтлан, хэл үгээр доромжилж байсан. Ер нь Н нь таарах болгондоо л намайг болон П-г хэл амаар доромжлон дээрэлхэж байсан. Бүр цагаан сараар гэрт ирээд тавгийн идээ нурааж танхайрч байсан гэжээ. /хх-ийн 11-12/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 1/

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0247 дугаартай дүгнэлт: 1.Л.П-н биед толгойн орой баруун хэсгийн хуйхны шарх, хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Л.П-н биед учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, баруун бугалга, зүүн бугалга, хэвлий, нурууны зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 13-15/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 18-20/

Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 27-28/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-31/

Хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 36/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 05 сарын 07-ны өдөр Д аймгийн Э сумын Е багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.П-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж толгойн орой баруун хэсгийн хуйхны шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Л.П “Миний толгойн баруун дээд хэсэгт хуйхны язралт болж нэг оёдол тавиулсан. Биеийн зарим хэсгүүдээр хумсны маажуулсан сорив их байгаа. Тухайн үед эмнэлгийн байгууллагаар оёдол тавиулсан мөн шарх соривны тос түрхэж эдгээсэн. Надад нийт эмчилгээний зардал ийш тийшээ явсан унааны зардал нийлээд 300,000 төгрөг болсон. Н нь уг хохирлоо төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг, гэрч Ш.М “2019 оны 05 сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд надтай урьд нь гэрлэн амьдарч байсан Н нь согтуу манай хашааны гадаа ирээд манай нөхөр П-г элдэв үгээр доромжлон чулуугаар толгой руу нь цохиж ноцолдож байгаад салсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0247 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Н-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохиролын хувьд:

Шүүгдэгч Г.Н-н үйлдлийн улмаас хохирогч Л.П-д 300,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 300,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч Ц овогт Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Э.Б