Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00905

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/04894 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох

9,294,045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 9,294,045 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/02738 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/01470 дугаар магадлалаар хариуцагч *******өөс *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,318,023 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/01246 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 9-14, 15-17, 18-19 дүгээр тал/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт өөрчлөлт оруулна.  

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 7 дугаар хавсралтаар “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г шинэчлэн тогтоож, ТҮБД-4 албан тушаалын зэрэглэлийн цалингийн доод хэмжээ 1,471,000 төгрөг болж нэмэгджээ. Үүнд нэхэмжлэгчийн ажлын байр хамаарч байгаа талаар зохигч маргаагүй байна.

Мөн ажил олгогч нь *******г 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил болох нийгмийн ажилтны ажлын байранд буцаан томилж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдсэн цалин хөлсний хэмжээгээр тооцож шаардах эрхтэй.

Харин анхан шатны шүүх өмнө авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг анхаараагүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэрээр тогтоосон дундаж цалин хөлсний хэмжээг үндэслэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 70,047 төгрөг /1,471,000 : 21 = 70,047/ болж байх ба 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 130 өдрөөр тооцож, 9,106,110 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.

4.3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажил олгогч, ажилтан хэн аль нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, үүнийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд төлөх, тайлагнах, баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг болохыг тус тус зохицуулсан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговроос тооцож, зохих шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

Харин Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь талуудын маргаанд хамааралгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.   

5. Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт орно.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197/ШШ2025/04894 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...5,143,373” гэснийг “9,106,110”, “...4,150,672” гэснийг “187,935” гэж,

3 дахь заалтын “...97,244” гэснийг “160,647” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

Т.ГАНДИЙМАА