Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00906

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01374 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******тай 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, ******* хаягт байрлах 45 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохирч, орон сууцыг шилжүүлсэн.

1.2. Хөлслөгч ******* нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй бөгөөд түүнтэй уулзахаар байрандаа очиход ******* гэх хүнд давхар хөлслүүлсэн байсан.

1.3. Тухайн орон сууцыг суллаж өгөх шаардлагыг *******д тавьсан боловч тэрээр “*******д байрны хөлсийг төлсөн, гарах хугацаа болоогүй” гэх шалтгаанаар орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Иймд ******* болон түүний гэр бүл, эд хөрөнгийг орон сууцнаас чөлөөлүүлж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******, ******* нар нь *******-д 2020 оны 6 сард 17,000,000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн хүүнд ******* 2 өрөө орон сууцанд суухаар тохиролцож, зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

2.2. 2020 оны 6 дугаар сард 12,000,000 төгрөгийг *******-ийн гүйцэтгэх захирал болох *******гийн эзэмшлийн ******* дахь ******* дугаартай дансанд шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн хийж, тухайн өдрөө үлдэгдэл 5,000,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн.

2.3. ******* бидэнд анх тайлбарлахдаа “байрны эзэн болох ******* урт хугацаагаар гадаад явсан ба орон сууцыг нь хөлслөх гэрээ хийсэн, бусдад хөлслүүлэх эрхтэй, зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ хийхэд санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Бид хэлсэн ёсоор гэрээнд заасан үүргээ биелүүлсэн ба орон сууц хөлслөх гэрээг жил бүр сунгаж, жилд 5,000,000 төгрөгийг нэмж зээлүүлж байхаар тохиролцсон юм.

2.4. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сүүлийн төлбөр 5,000,000 төгрөгийг төлж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. *******гийн дансанд 27,000,000 төгрөгийн төлбөр хийсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс эрхийн улсын ******* дугаарт бүртгэлтэй, ******* хаягт байршилтай, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******-ийн гүйцэтгэх захирал *******д мөнгө зээлүүлж, зээлийн хүүнд тухайн орон сууцанд суухаар тохирсон ба 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг төлж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл гэрээгээ сунгасан. Нийт 27,000,000 төгрөгийг зээлүүлсэн. ******* нь нэг ч төгрөг буцаан төлөөгүй.

4.2. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч ******* үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу, өмчлөгчийн зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Орон сууцны өмчлөгч ******* нь нэхэмжлэгч *******ид итгэмжлэл олгосны дагуу Иргэний хэргийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* хаягт байршилтай, 45 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.

Дээрх маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөх эрхийг *******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгожээ. /хх-ийн 10 дугаар тал/

*******аас орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхийг олгосон итгэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******ид 3 жилийн хугацаатай олгосон, уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 116 дугаар тал/

3.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Энэхүү эзэмшил нь хууль болон гэрээний дагуу үүссэн нөхцөлд хууль ёсны гэж үзэх үндэслэл болох юм. 

Хэргийн 4-10 дугаар талд авагдсан гэрээ болон итгэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь *******ын өмчлөлийн орон сууцыг хөлслүүлэх, гэрээ байгуулах зэргээр түүнээс эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн *******тай 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г 12 сарын хугацаатай байгуулж, уг гэрээний дагуу орон сууцыг *******гийн эзэмшилд шилжүүлжээ. /хх-ийн 4-7 дугаар тал/  

******* нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *******-ийг төлөөлж *******тай байгуулсан “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр ******* нь ******* хаягт байршилтай, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай хөлслөх, сарын 600,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийг төлөхөөр тохирч, уг төлбөрийг бүрэн төлсөн гэж тусгажээ. 

Дээрх гэрээний төлбөрийг *******, ******* нар нь *******-тай 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэх “Зээлийн гэрээ”-гээр /хх-ийн 20-22/ 17,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүгийн төлбөрөөр харилцан тооцсон ба дээрх 2 гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байгаа гэж хариуцагч маргасан.

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь эзэмшилдээ авахдаа өмчлөгч болон түүний эрхийг хэрэгжүүлж буй этгээдээс зөвшөөрөл аваагүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул ******* буюу *******тай байгуулсан гэрээний дагуу хууль ёсоор эзэмшил үүссэн гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт нийцжээ.

Тодруулбал, ******* нь орон сууцны талаар аливаа эрх хэрэгжүүлэх этгээд биш тул түүнтэй гэрээ байгуулж, хөлс төлсөн нь хариуцагчийн эзэмшил хамгаалагдахгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч нь хууль бус эзэмшигч юм.    

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн болох, хариуцагчийн эзэмшил хууль бус болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.ГАНДИЙМАА