| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/05009/И |
| Дугаар | 210/МА2025/00907 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00907
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01595 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******эд холбогдох
Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******тэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн. Тус орон сууцанд хариуцагч амьдардаг бөгөөд чөлөөлж өгөхийг шаардахад шүүхэд ханд гэдэг. Иймд орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие 1999-2013 онд *******-д ажиллаж байгаад ирсэн, зээл авахад нийгмийн даатгалын шимтгэл хүрэхгүй, зээл бага гарах байсан тул эхнэрийн дүү *******гийн нэр дээр зээл авч, орон сууцыг худалдан авсан. 2021 оны 4 дүгээр сард 80,000,000 төгрөг бэлнээр банканд төлж, зээлээс 24,000,000 гаруй төгрөг үлдсэн.
2.2. Манай дүү ******* үлдсэн зээлийг чөлөөлж, 1 сарын хугацаанд байрыг маань барьцаанд тавьчихаад буцаагаад өгье гэж эхнэрээс гуйж авсан байсан. Нэхэмжлэгч нь *******гээс 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм бол ямар дансанд мөнгө хийсэн юм. *******гийн дансны хуулгыг шалгаж үзэхэд ямар ч мөнгө орсон зүйл байхгүй байна. Барьцаанд тавьсан хүн ямар үндэслэлээр яаж тохирсоныг мэдэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Би өөрийнхөө өмчид амьдарч байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******эд холбогдох ******* хаягт байрлах 74.6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шийдвэрийг бүхэлд нь дүгнэн харвал өмчлөгчөөс давуу эрхтэй эзэмшигч байж болох мэтээр шийдвэр гаргасан байна.
Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Эзэмшигч ... эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно” гэж заасны дагуу хариуцагч *******ийн эзэмшил дуусгавар болсон болох нь хууль зүйн талаасаа тодорхой байна.
Учир нь, ******* орон сууцны өмчлөгчөөр ******* огт байгаагүй бөгөөд өмчлөгч *******тэй 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу уг орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн шилжүүлж авсан.
Нэгэнт уг орон сууцны өмчлөгч *******гээс өмчлөх эрх надад шилжсэн тул хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөгчийн бүрэн эрхээ эдлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна.
4.2. ******* би Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу *******ийн хууль бус эзэмшлээс өөрийн үл хөдлөх хөрөнгийг шаардаж нэхэмжлэл гаргасныг нотлох баримтад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
Уг үл хөдлөх хөрөнгийг 100 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд банкны ипотекийн зээлийг хаахад 27 сая төгрөгийг, үлдсэн төлбөрийг ******* гэх хүний дансанд шилжүүлснээр орон сууцны үнийг бүрэн төлсөн.
Гэрч *******, *******, ******* нар мэдүүлэг өгөхдөө уг үл хөдлөх хөрөнгийн төлбөрт 100 сая төгрөг хүлээн авсан болохыг нотолсон байхад анхан шатны шүүх хууль сануулан мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлгийг анхаарч үзэлгүй намайг үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлсөн байдлаа нотолж чадаагүй мэтээр дүгнэсэнд туйлын гомдолтой байна.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзэмшил дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байгаа бөгөөд *******ийн эзэмшил дуусгавар болсныг шүүх өөрөө дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, хуульд үндэслээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь 144,000,000 төгрөгийн орон сууцыг худалдан авахаар 35,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 108,000,000 төгрөгийг эхнэрийнхээ дүү *******гийн нэр дээр зээл авч, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан.
2019 оноос 5-6 жил тасралтгүй амьдарч, эзэмшиж байгаа *******гийн нэр дээрх *******ийн орон сууцыг түүний дүү ******* гэх хүн *******тэй ярилцаж, зээлийн барьцаанд тавьсан байдаг.
Худалдах, худалдан авах гэрээг зөвхөн ******* мэдэж хийсэн, ******* болон ******* нарын хувьд уг орон сууцыг барьцаа гэж ойлгож байсан. Харин *******гийн хувьд ******* барьцаалахыг зөвшөөрсөн учир ******* гэх хүнтэй уулзаж, тухайн хүний шаардсанаар худалдах, худалдан авах гэрээг хийж, орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан байдаг. Өмчлөх эрхийг олж авсан гэрээ хэлцэл нь хууль бус буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” юм.
5.2. Анхан шатны шүүхэд өгсөн хариуцагчийн тайлбар, хариуцагчийн эхнэр *******ийн өгсөн гэрчийн мэдүүлэг, зээл авсан *******ын эхнэр *******ийн мэдүүлэг, орон сууцны өмчлөгч байсан *******гийн гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нөхцөл байдлыг баталдаг болохоос биш, нэхэмжлэгч талын хэлсэнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн, зөвшөөрсөн зүйл байдаггүй.
Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан ******* орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлж буй тохиолдолд нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, уг хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай.
Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөх эрхийг олж авсан үндэслэлийн талаар маргасан байна.
Энэ тохиолдолд *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь үнэ төлөх үүргээ биелүүлсэн эсэх, өмчлөх эрх үүссэн эсэх, уг эрхийг хууль ёсны дагуу олж авсан эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Гэтэл хэрэгт авагдсан гэрээнд тусгагдсан үнэ, нэхэмжлэгчийн төлсөн гэх үнэ зөрүүтэй, гэрээний үнийг төлсөн баримтгүйгээс гэрээний үнэ тодорхойгүй, мөн гэрээний худалдагч тал болох ******* гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...банкны зээлд 24,500,000 төгрөг өгсөн, *******ын дансаар 100,000,000 төгрөг шилжүүлсэн” гэснээс өөрөөр гэрээний талаар тодорхой зүйл мэдүүлээгүй /хх-55-56/, гэрч ******* нь хадам ах *******ийн байрыг түр барьцаанд тавьж нөхөр болох ******* нь *******гөөс 100,000,000 төгрөг зээлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн /хх-85-86/, мөн гэрч ******* “...******* байрны чинь зээлийг чөлөөлөөд ашиглая гэсэн санал тавьсан” гэж мэдүүлсэн /хх-52-53/ зэргээс үзэхэд дээрх худалдах, худалдан авах гэрээтэй холбогдох үйл баримт тодорхой бус байхад энэ талаар шүүх тодруулах шаардлагатай байжээ.
Түүнчлэн, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх *******гийн нэр дээр бүртгэлтэй байсан гэж талууд тайлбарласан боловч энэ эрх хэрхэн үүссэн талаарх холбогдох баримтгүйгээс хариуцагчийн маргаж буй үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА