| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0748/Э |
| Дугаар | 774 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 774
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа /томилолтоор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., өмгөөлөгч О.Баярбаясгалан
Шүүгдэгч М., өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт ын ад холбогдох 1903003620229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч М. нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний 23 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Гэгээ” төвийн зүүн замд “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т заасан “...гэрэл бүдэг асдаг болсон” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.ийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ын гэдэг хүн бол миний аав, 1965 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, Завхан аймагт бага болон дунд боловсрол эзэмшсэн, цэрэгт алба хаасан, 1994 онд Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд Нарантуул зах дээр лангуу ажиллуулж байгаад 2005 онд эхнэр Д.аас гэр бүлийн баталгаагаа салгуулж ганцаараа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд амьдарч байгаад жил гарны өмнөөс Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрны СӨХ-ийн жижүүр хийж байсан. Тухайн зам тээврийн осолд орсон газрын ертөнцийн зүгээр баруун талд нь үеэл ах гийн гэр байдаг. Үеэл ах нь тэр хашаа байшиндаа ганцаараа амьдардаг бөгөөд яг тэр өдөр гэртээ байгаагүй гэсэн. Миний аав Ш. нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд СӨХ-д ажилладаг байсан. Ажилд ороод ойролцоогоор жил гаран болж байгаа. Манай гэр бүл хоорондоо байнгын холбоо харилцаатай байдаг бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ирж манай 2 хүүхдийг үнсчихээд явсан байсан. 06-аас өмнө утсаар ярьсан тэгээд ажил төрөл биеийн байдал асуугаад л өнгөрсөн. Миний аав Ш. нь тамхи татдаггүй, урьд нь архи уудаг байсан сүүлийн 4-5 жилийн хугацаанд архийг огт уугаагүй. Гадуур тэнэж алга болох явдал байгаагүй, сүүлд утасгүй холбоо барьж чадахгүй байсан юм ... ” гэх мэдүүлэг /хх 31 х/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч М.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би би жолоочийн хариуцлагын “Соёмбо” ХХК-нд албан журмын даатгалтай, шүүхийн шийдвэр гарвал хохирлыг төлнө гээд байгаа. Тийм болохоор талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөс буяны ажилд баримтаар гаргаж өгсөн хохирлын баримтуудыг даатгалын байгууллагад өгөхөөр болсон. Хохирлын 10,200,000 төгрөгний 04 саяыг ах дүү нараасаа зээлж, 4,2 сая төгрөгийг өөрийн суудлын автомашинаа худалдаж, 2 сая төгрөгийг 5 ханатай гэрээ зарж байж төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа тул хөнгөн ял оноож өгнө үү? ...” гэх мэдүүлэг /хх 130 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хадам ээж нас бараад бид нар буяны ажлыг нь хийж байгаа юм. Өнөөдөр талийгаачийг аваад нутаг явах гээд 22 цагийн үед гараад манай нөхөр машинаа бариад би хойно эгчтэйгээ суугаад явж байхад гэнэт л машины цонх хагараад шил ороод ирсэн. Тэгээд буугаад харахад хүн мөргүүлсэн байсан. Тэр хүн доошоо хэвтсэн байрлалтай байсан. Түргэн ирээд авч яваад байж байхад тэнд цуг явж байсан гэх согтуу эрэгтэй хүн ар гэрт нь хэлнэ гэж хэлээд явсан боловч ирээгүй. Тухайн үед машиныг манай нөхөр М. жолоодож явсан. Машин манай нөхрийн эзэмшлийн машин байгаа юм. Манай нөхөр жолооны үнэмлэхтэй. ...Тэр хүнийг ерөөсөө хараагүй, түс тас хийгээл чимээ гарсаны дараа машинаа зогсоосон Манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
5.Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид хэд ажил явдалтай явж байгаад ын машинтай тэдний гэрээс өчигдөр 22 цагийн үед гараад 21 дүгээр хороолол руу явж байсан юм. Би ын машины хойд суудал дээр явж байхад гэнэт л машины шил хагараад ороод ирсэн. Тэгээд дүү машинаасаа буугаад “хүн мөргөсөн байна шүү дээ” гэж хэлэхэд миний биеийн байдал муудах гээд байхаар нь би машинаас буугаагүй ээ. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн. Тухайн үед машиныг манай дүү М. жолоодож байсан. Би жолоочын ар талын суудал дээр сууж байсан. Би арын суудал дээр явж байхад үзэгдэх орчин гэрэлтүүлэг сайтай байсан. Тухайн үед хэдэн км/ц хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Би тухайн хүнийг ерөөсөө хараагүй. Ойр хавьд хүн байхгүй байсан. Тэр үед манай дүү согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өдөр би дүүдээ “орой үдэш явах юм чинь сайн амраарай” гэж хэлээд дүүг өдөр амраасан байгаа ...” гэх мэдүүлэг /хх 42х/,
6.Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ын гэх хүнийг танина миний багийн найз байгаа юм. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед уулзахад Ш. би ажлаасаа гарчихлаа гээд сэтгэл санаагаар унасан байдалтай байсан. Ш.тэй уулзаад 1 шил 0,5 граммын Хараа нэртэй архи хувааж уучихаад бид 2 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах гээд хамаатных нь хүний гэрт очих гээд явсан юм. гийн байшинд дахиад 1 шил 0,75 граммын Хандгайт нэртэй архийг хувааж уусан. Тэгээд юу болсонг би сайн мэдэхгүй, юу ч санахгүй байна. Би гийн байшинд ороод унтчихсан байсан. Тэгээд шөнө цагдаа намайг сэрээгээд Ш.ийн ар гэр, холбогдох утсыг нь асуусан бөгөөд би мэдэхгүй тухайгаа хэлчихээд буцаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 10 дугаар хорооллын тэнд байрлах Ш.ийн ах дээр очиж Ш. автомашинд мөргүүлсэн, гэмтэл рүү авч явсан гэж цагдаа шөнө хэлсэн гэж хэл дуулгасан. Ш. миний хойд талд явж байгаад автомашинд мөргүүлсэн байх. Одоо санаж байгаагаар пид хийх чимээ гарсан санагдаж байна. Би юу болж байгааг ухамсарлах чадваргүй согтуу байсан. Тийм болохоор автомашинд мөргүүлсэнг мэдсэн мөртлөө гийн байшинд ороод унтчихсан байсан. Бид 2 ямар зорилготой зам хөндлөн гарч байсныг мэдэхгүй байна. Ш. надтай уулзахад архи уучихсан, халамцуу байсан. Тэгээд бид хоёр 0,5 граммын архи 1, 0,75 граммын архи 1 шилийг хувааж уусан. Би зам тээврийн осол болохоос өмнөх 4-5 хоногт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яг тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 45 х/,
7.Гэрч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 26 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны замаар өөрийн автомашинтай ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал гэнэт түс хийх чимээ гарсан бөгөөд би автомашиныхаа 2 талын болон голын толинд харахад миний ард автомашинд зам хөндлөн гарч явсан /замын аль талаас гарч ирсэнг мэдэхгүй байна/ явган зорчигч мөргөгдөн зам дээр унаж байсан бөгөөд автомашин тэр дороо зогссон. Би өөрийн дугаараас 102, 103 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. Түргэн тусламж ирж мөргүүлсэн хүнийг авч явсны дараа би тухайн газраас явсан. Мөргөсөн автомашины жолооч хэр хурдтай явж байсанг асуухад би км/цагийн хурдтай, явж байхад гэнэт энэ хүн ороод ирсэн, буяны ажилтай 2 машин цуваа үүсгээд явж байлаа гэж хэлж байсан. Би явган зорчигчийг хараагүй. Явган зорчигчтой хамт явж байсан гээд нэг согтуу эрэгтэй хүн байсан. Наад хүн чинь миний найз гэж байгаа юм гэж хэлж байсан. Найз гэх тэр эрэгтэй хүн болж буй үйл явдлыг ухамсарлан ойлгох чадваргүй байсан. . ...” гэх мэдүүлэг /хх 47 х/,
8.Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагаас манай ажлын зам цэвэрлэгээний машин/ том шүүртэй машин/ зурагтын эцсээс Баянхошууны тойргоор уруудаад 5-н шар хүртэл цэвэрлэх графиктайгаар ажиллаж байсан бөгөөд би тухайн өдөр хяналтаар ажиллаж байсан юм. Тэгтэл 23 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Танил дэлгүүрийн харалдаа автомашинаасаа буугаад автомашиныхаа хог цэвэрлэж буй зургийг авч баталгаажуулахаар зураг авах гээд байж байтал замын баруун талаас 1 хүн урт шургааг /мод/ мөрөлчихсөн зам хөндлөн гарч байсан. Тэгээд уг модоо замын цаад талд тавьчихаад буцаад хоёулаа болоод гараад ирсэн бөгөөд манай автомашинд дайруулчих гээд буцаад гарах үед би тухайн 2 хүнд та нар мод хулгайлахаа боль, автомашинд мөргүүллээ шүү дээ гэж сануулж хэлэхэд уг 2 хүний цайвар өнгийн цамцтай нь надтай маргалдаж, элдэв үг, хэл амаар доромжлоод зам хөндлөн гарсан. Энэ үед бараан өнгийн хувцастай хүн нь зорчих хэсгийн зүүн талаас баруун тийш гарах гэж яваад автомашинд мөргүүлсэн. Тэгээд эргээд харах үед цайвар өнгийн хувцастай хүн нь дахиад мод үүрчихсэн зам хөндлөн гараад модоо тавьчихаад буцаад зам хөндлөх гарах үед нь би тэр залууд хамт явж байсан хүн нь тэр хүнийг барьж аваарай гэж тухайн автомашины жолооочид хэлсэн. Хамт явж байсан хүнийх нь нүдэн дээр уг осол болсон боловч тэр цайвар хувцастай хүн тоохгүй дахин зам хөндлөн гараад, замын хажууд байрлах айлын хашаанаас том урт шургааг мод зөөгөөд байсан. Тухайн үед гадаа харанхуй, үзэгдэх орчин чөлөөтэй, замын гэрэлтүүлэгтэй байсан. Уг хүмүүс зорчих хэсгийн баруун талын хашаанаас замын зүүн тийш мод /шургааг/ зөөгөөд байсан.Замаар зүүн баруун тийш 2-3 удаа гарсан. Гарах бүрдээ урт урт шургааг мод зөөгөөд автомашины дундуур дайруулчих гээд автомашинуудын шил, толийг хагалчих гээд яваад байсан. Автомашинд мөргүүлсэн хүн нь замын зүүн талаас баруун тийш гарах гэж байгаад мөргүүлсэн. Би тэр хүмүүст хэлж анхааруулсан боловч миний үгийг тоохгүй элдвээр доромжлоод байсан. Тухайн 2 хүн гуйваад байсан. Нэг нь автомашинд мөргүүлчихээд байхад нөгөө хүн нь тоохгүй мод зөөгөөд байсан. Тэр үед би уг хүнийг болж буй үйл явдлыг ухамсарлах чадваргүй байсан гэж бодсон. Би яг мөргөхийн бол хараагүй, уг 2 хүнийг боль автомашинд дайруулчих гээд байна гэж хэлчхээд зорчих хэсгийн баруун талаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явж байтал ард пид хийх чимээ гарсан бөгөөд уг хүн надтай зэрэгцээд зам дээр гулгаад ороод ирсэн. Уг автомашин бол нэг их хурдтай яваагүй байх урд талд нь шүүрний машин яваад зам цэвэрлээд явж байсан. Би уг хүмүүст сануулсан, даанч үг сонсоогүй. Тэр 2 хүн мод зөөгөөд явж байхдаа удаан, модоо замын цаад талд тавьчихаад буцах үедээ автомашинуудын дундуур сүлжээд хурдтай гүйж гараад байсан ...” гэх мэдүүүлэг /хх 49 х/,
9.Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад ын гэрээс гарсан. Бид нар талийгаачийнхаа буяны ажлыг Архангай аймагт хийхээр байсан юм. Бид нар өдөр солигдонгуут хотоос хөдлөх зорилготой явж байтал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны замаар хойноосоо урагш чиглэлтэй явж байтал гэнэт л автомашин юм мөргөх шиг болсон, буугаад ирэхэд хүн мөргөчихсөн байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан тухайн үед юу ч харагдаагүй бөгөөд явган зорчигч миний сууж явсан тал буюу замын зүүн талаас гарч ирэх шиг болсон. Би жолооч биш болохоор автомашин хир хурдтай явсанг мэдэхгүй, жолооч хөгжим сонсох, хоорондоо ярилцах, утсаар оролдох гэх мэт анхаарал сарнихаар зүйл болоогүй. Бид буяны ажлаа хийхээр явсан бөгөөд хэргийн газарт үлдсэн. Би явган зорчигчийг хараагүй, юм мөргөх шиг болсон, буугаад ирэхэд хүн мөргөсөн байсан. Би 13 цагийн үед очиход гэртээ байж байгаад унтлаа гээд дүүгийндээ орсон намайг 18 цагийн үед юманд явахаар гарахад унтаж байсан орой хэзээ боссонг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 52 х/,
10.Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би овогтой гэх хүнийг танина. Би М.тай 2009 онд танилцаж түүнээс хойш өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөж байна. Миний найз нь эхнэр хоёр хүүхдийн хамт хадмынхаа хашаанд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаанд амьдардаг юм. Хэддүгээр гудамж, хаалганы тоотыг нь хэлж мэдэхгүй байна. Гэрт нь бол олон удаа очиж байсан. Миний найз М. нь их даруухан, хүнлэг, нийтэч, их сайн залуу байгаа юм. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Архи хааяа найз нөхдийн хүрээнд бага зэрэг хэрэглэдэг, тамхи татдаг. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болсны маргааш өдөр найзаасаа сонссон. ...” гэх мэдүүлэг /хх 54 х/,
11.Шинжээчийн 912 дугаартай дүгнэлт:
“...1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлөгийн зулай, дагз, бага тархины суурь хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, элэгний язарсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт /60 мл/, цээжний баруун талын 1-6-р хавирга, баруун дал ясны далд хугарал, гялтанд цус хуралт, зүрхний гадаргуу, өрц, дэлүүний арын зай, нойр булчирхай, сэмжинд цус хуралт, баруун шуу ясны хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны хоёрлосон далд хугарал, зүүн шагайн хавчаар ясны далд хугарал, мултрал, толгойн хуйх, нүүр, уруул, чих, их бие, дээд, доод мөчдөд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.
4.Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокод орж нас баржээ.
5.Талийгаач нь В (III)- р бүлгийн цустай байна.
6.Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна.
7.Талийгаач нь 2019.04.10-ны 01 цаг 28 минутанд нас барсан байх боломжтой байна. / Өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/... гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 75-80 х/,
12. Шинжээчийн 2350 дугаартай дүгнэлт:
2.Хохирогчийн өмсөж байсан гэх цэнхэр өнгийн 1 хос пүүз, саарал эрээн өрөөсөн оймс, цагаан саарал 1 хос оймс, хар өнгийн савхин бээлий, хар өнгийн тэлээ, бор өнгийн 00-ийн цаас дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /хх 93 х/,
13.Шинжээчийн 2354 дугаартай дүгнэлт:
14. Шинжээчийн 2066 дугаартай дүгнэлт:
“...1.Шинжилгээнд ирүүлсэн автомашинд эвдрэл, гэмтэл гарсан байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн автомашины салхины шилэнд гарсан 130x84см, нүүрэнд гарсан 100x58см, арын бамбайнд гарсан 21.5x26см, 30см 18x15см, 4.5x95см, 2.5x66см, 198x40см хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр байна. Автомашинд гарсан 130x84см, арын бамбайнд гарсан 21.5x26см, 30см 18x15см хэмжээтэй гэмтэл шинээр гарсан байна. Харин автомашинд гарсан 4.5x95см, 2.5x66см 198x40см хэмжээтэй гэмтлийн шинэ, хуучин эсэхийг тогтоох боломжгүй байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг хуванцар зүйлийн зураг №5-3-д харуулсан хуванцар зүйл нь шинжилгээнд ирүүлсэн автомашины зүүн талын их гэрлийн дээд хүрээ ирмэгтэй нэг бүхлийг үүсгэж байна.
4.Харин шинжилгээнд ирүүлсэн бусад хуванцар зүйлүүд нь шинжилгээнд ирүүлсэн автомашины эд ангиудтай тохирохгүй байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 104-107 х/,
15. Шинжээчийн 2348 дугаартай дүгнэлт:
“...1.Шинжилгээнд ирүүлсэн “Баянхошуу 23,40 td-гүй” гэсэн хаягтай Ш.ийн гэх цусанд 2,7 промилли спиртийн зүйл илрэв.
2.Цусанд 2,7 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 58-59 х/,
16. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 23468 дугаартай дүгнэлт:
“...Хариулт-1. Toyota Corolla Axio маркийн 1451УНН улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд: Урд салхины шил зүүн талдаа 100x80см хэмжээтэй цөмөрч хагарсан, урд капод 40x60см хэмжээтэй хонхойсон, урд буфер талдаа хугарч хагарсан, баруун хойд гэрэл дохио хагарсан, зүүн их гэрэл хагарсан, баруунд урд крыло гажсан, баруун хойд тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан байгаа зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Мөн баруун урд талын гэрлийн чадал ойр дээрээ 6800cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.
Хариулт-2 ба 3. Тогтоолын 2 ба 3-р асуултанд нэгтгэн хариулахад: баруун урд талын гэрлийн чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцас үүссэн гэмтэл байх бөгөөд энэ нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.
Хариулт-4. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS системтэй, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,6kH, баруун талдаа 1,3kH, зөрүү нь 18.75% (стандарт<20%)8 хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.8kH, баруун талдаа 1,1kH, зөрүү нь 27.27% (стандарт <30%) тоормос хэвийн ажиллаж байна. Зогсоолын тоормос зогссон.
Хариулт-5. Тоормозны систем нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой.
Хариулт-6. Уг тээврийн хэрэгслийн спидомерт хэвийн ажиллаж байна... гэх дүгнэлт /хх 113-117 х/,
17.“Тоёота Королла аксио маркийн улсын дугаартай автомашины жолооч М. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-д заасан “...гэрэл бүдэг асдаг болсон” гэснийг тус тус зөрчсөн...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 120-121 х/,
18. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-16 х/,
19. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх 18 х/,
20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.аас гаргаж өгсөн хохирлын баримтууд 165-178, 219-231 х/,
21. Шүүгдэгч М.ын хохирол төлсөн баримт /хх 180-181, 232, 237, 239 х/,
22. Амь хохирогч Ш.ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 37 х/,
23. Шүүгдэгч М.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 131 х/,
24. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 135 х/,
25. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 136 х/,
26. Жолоочийн лавлагаа /хх 137 х/,
27. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 138 х/,
28. “” ХХК-ний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх 141-143 х/,
29. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 145 х/,
30. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх 147 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч М. нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Гэгээ” төвийн зүүн замд “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т заасан “... гэрэл бүдэг асдаг ...” гэх зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр явсан явган зорчигч Ш.ийг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:
Шүүгдэгч М.ын “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ... надад хүн харагдаагүй ... ” гэх мэдүүлэг /хх 130 х/,
Гэрч Ж.ын “... Манай хадам ээж нас бараад бид шарилыг нь аваад нутаг явах гээд 22 цагийн үед гараад манай нөхөр машинаа бариад би хойно эгчтэйгээ суугаад явж байхад гэнэт л машины цонх хагараад шил ороод ирсэн. Тэгээд буугаад харахад хүн мөргүүлсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
Гэрч С.ийн “... Бид хэд ажил явдалтай явж байгаад ын машинтай тэдний гэрээс өчигдөр 22 цагийн үед гараад 21 дүгээр хороолол руу явж байтал гэнэт л машины шил хагараад ороод ирсэн. Тэгээд дүү машинаасаа буугаад “хүн мөргөсөн байна шүү дээ” гэж хэлэхэд миний биеийн байдал муудах гээд байхаар нь би машинаас буугаагүй ээ. ... Би арын суудал дээр явж байхад үзэгдэх орчин гэрэлтүүлэг сайтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 42 х/,
Гэрч С.ын “... Ш.тэй уулзаад 1 шил 0,5 граммын Хараа нэртэй архи хувааж уучихаад бид 2 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах гээд хамаатных нь хүний гэрт очих гээд явсан ... Ш. миний хойд талд явж байгаад автомашинд мөргүүлсэн байх. Одоо санаж байгаагаар пид хийх чимээ гарсан санагдаж байна. Би юу болж байгааг ухамсарлах чадваргүй согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх 45 х/,
Гэрч Ч.ын “... 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 26 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны замаар өөрийн автомашинтай ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байтал зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал гэнэт түс хийх чимээ гарсан бөгөөд би автомашиныхаа 2 талын болон голын толинд харахад миний ард автомашинд зам хөндлөн гарч явсан /замын аль талаас гарч ирсэнг мэдэхгүй байна/ явган зорчигч мөргөгдөн зам дээр унаж байсан бөгөөд автомашин тэр дороо зогссон. Би өөрийн дугаараас 102, 103 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. ... мөргөсөн жолоочоос асуухад ... гэнэт энэ хүн ороод ирсэн, буяны ажилтай 2 машин цуваа үүсгээд явж байсан гэж хэлж байсан. Би явган зорчигчийг хараагүй. Явган зорчигчтой хамт явж байсан гээд нэг согтуу эрэгтэй хүн байсан. Наад хүн чинь миний найз гэж байгаа юм гэж хэлж байсан. Найз гэх тэр эрэгтэй хүн болж буй үйл явдлыг ухамсарлан ойлгох чадваргүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 47 х/,
Гэрч Г.гийн “... 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ... 23 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Танил дэлгүүрийн харалдаа автомашинаасаа буугаад автомашиныхаа хог цэвэрлэж буй зургийг авч баталгаажуулахаар зураг авах гээд байж байтал замын баруун талаас 1 хүн урт шургааг /мод/ мөрөлчихсөн зам хөндлөн гарч байсан. Тэгээд уг модоо замын цаад талд тавьчихаад буцаад хоёулаа болоод гараад ирсэн бөгөөд манай автомашинд дайруулчих гээд буцаад гарах үед би тухайн 2 хүнд та нар мод хулгайлахаа боль, автомашинд мөргүүллээ шүү дээ гэж сануулж хэлэхэд уг 2 хүний цайвар өнгийн цамцтай нь надтай маргалдаж, элдэв үг, хэл амаар доромжлоод зам хөндлөн гарсан. Энэ үед бараан өнгийн хувцастай хүн нь зорчих хэсгийн зүүн талаас баруун тийш гарах гэж яваад автомашинд мөргүүлсэн. ...” гэх мэдүүүлэг /хх 49 х/,
Гэрч Г.гийн “... 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад ын гэрээс гарсан. Бид нар талийгаачийнхаа буяны ажлыг Архангай аймагт хийхээр байсан юм. Бид нар өдөр солигдонгуут хотоос хөдлөх зорилготой явж байтал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны замаар хойноосоо урагш чиглэлтэй явж байтал гэнэт л автомашин юм мөргөх шиг болсон, буугаад ирэхэд хүн мөргөчихсөн байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан тухайн үед юу ч харагдаагүй бөгөөд явган зорчигч миний сууж явсан тал буюу замын зүүн талаас гарч ирэх шиг болсон. Би жолооч биш болохоор автомашин хэр зэрэг хурдтай явсанг мэдэхгүй, жолооч хөгжим сонсох, хоорондоо ярилцах, утсаар оролдох гэх мэт анхаарал сарнихаар зүйл болоогүй....” гэх мэдүүлэг /хх 52 х/,
Шинжээчийн 912 дугаартай дүгнэлт:
“...1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр
гавлын суурь ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлөгийн зулай, дагз, бага тархины суурь хэсгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн тархины эдийн няцрал, элэгний язарсан шарх, хэвлийн хөндийд цус хуралт /60 мл/, цээжний баруун талын 1-6-р хавирга, баруун дал ясны далд хугарал, гялтанд цус хуралт, зүрхний гадаргуу, өрц, дэлүүний арын зай, нойр булчирхай, сэмжинд цус хуралт, баруун шуу ясны хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны хоёрлосон далд хугарал, зүүн шагайн хавчаар ясны далд хугарал, мултрал, толгойн хуйх, нүүр, уруул, чих, их бие, дээд, доод мөчдөд цус хуралт, шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Талийгаачид нойр булчирхайн архаг үрэвсэл архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.
4.Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ.
5.Талийгаач нь В (III)- р бүлгийн цустай байна.
6.Талийгаачийн цусанд 2,4 промилли спиртийн зүйл илэрсэн нь дунд зэргийн согтолтыг харуулж байна.
7.Талийгаач нь 2019.04.10-ны 01 цаг 28 минутанд нас барсан байх боломжтой байна. / Өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр/... гэх дүгнэлт, гэрэл зураг /хх 75-80 х/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 23468 дугаартай дүгнэлт:
“...Хариулт-1. Toyota Corolla Axio маркийн 1451УНН улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд: Урд салхины шил зүүн талдаа 100x80см хэмжээтэй цөмөрч хагарсан, урд капод 40x60см хэмжээтэй хонхойсон, урд буфер талдаа хугарч хагарсан, баруун хойд гэрэл дохио хагарсан, зүүн их гэрэл хагарсан, баруунд урд крыло гажсан, баруун хойд тоормосны гэрлийн бүрхүүл хагарсан байгаа зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Мөн баруун урд талын гэрлийн чадал ойр дээрээ 6800cd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. ... гэх дүгнэлт /хх 113-117 х/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-16 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байхыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь нас хохирсон хор уршгийн хоорондын шалтгаант холбоо юм. Уг шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.
М. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т заасан “... гэрэл бүдэг асдаг болсон” гэснийг тус тус зөрчиж явсны улмаас зам дээр гарч ирсэн хүнийг харалгүй мөргөж, амь насыг нь хохироосон хор уршигт хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой.
Шүүгдэгч М.ын автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч Ш.ийн амь нас хохирсны шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 912 дугаартай дүгнэлт /хх 77-80 х/, мөн жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийг тогтоосон мөрдөгчийн магадлагаа /хх 120-121 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Уг гэмт хэргийн улмаас иргэн Ш.ийн амь нас хохирсонтой холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.аас оршуулгын зардалтай холбоотой нэхэмжилсэн 10,200,000 төгрөгийг шүүгдэгч М. төлсөн, харин өмгөөллийн хөлсний 1 сая төгрөг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сайн дураар өмгөөлөгч авсан, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул шүүхээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Улсын яллагч: М.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч:Гомдолтой, улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Шүүгдэгч М. нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гарсан зардлыг нөхөн төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан.
М.ад холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Амь хохирогч Ш. нь 2,7 промиллийн буюу хүнд зэргийн согтолттой байсан гэх шинжээчийн 2348 дугаартай дүгнэлт болон түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “... явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэх мөрдөгчийн магадлагаа,
Гэрч гийн “уг хүмүүст сануулсан, даанч үг сонсоогүй. Тэр хоёр хүн мод зөөгөөд явж байхдаа удаан, модоо замын цаад талд тавьчихаад буцах үедээ автомашинуудын дундуур сүлжээд хурдтай гүйж гараад байсан ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч нь шөнийн цагаар гарцгүй газраар согтуу зам дээр явж байсан нь уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус буюу замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нөлөөлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад шүүх тооцсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн, шүүгдэгчийн зүгээс уг хор уршигтай холбоотой гарсан зардлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагуудыг хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 03 жилээр оногдуулж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан тул түүний 852163 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Алаг адуу овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.ад оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.ад мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлстэй холбоотой 01 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч М. цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.д 10,200,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч М.ын B ангиллын 852163 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ