Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 147

 

 

    Б.Б, Б.Ө, Б.А нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Т,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Цэндоо,

шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Ан өмгөөлөгч Б.Ганпүрэв,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр магадлалтай, 201301022326 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, Б.Тэнгис нарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 13-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б нь Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад заасан “шунахайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алахыг завдсан”, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад заасан “шунахайн сэдэлтээр, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 06-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ө нь Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад заасан “шунахайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алахыг завдсан”, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад заасан “шунахайн сэдэлтээр, бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 27-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.А нь Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад заасан “шунахайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алахыг завдсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Б, Б.Ө, Б.А нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, Б.Ө нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 36 дугаар зүйлийн 36.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 7 жил 06 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Ө, Б.А нарыг тус бүр 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Өыг 15 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 25 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Өт Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жил хорих ялд багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 15 жил хорих ялаар, Б.Бд Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар оногдуулсан 25 жил хорих ялд багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 25 жил хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 25 жилийн хорих ялаас 20 жилийг гянданд, 5 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Б.Өт оногдуулсан 15 жилийн хорих ялаас 10 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид, 5 жилийг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А гэм хорын хохирол нэхэмжлээгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх заалтад зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар, Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх заалтад зааснаар, Б.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11, 91.2.12 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Ө, Б.А нарыг цагаатгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 4 дэх заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тогтоолын 2 дахь заалтын Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн заалтын Б.Бд холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Быг шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 3 дахь заалтын Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн заалтын Б.Бд холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Быг 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн заалтын Б.Бд холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 25 жилийн хугацаатай хорих ялын 10 жилийг гянданд, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар 15 жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө 295 хоног, шүүгдэгч Б.А 295 хоног, шүүгдэгч Б.Б 898 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 927 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 10 дахь заалтын Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд Б.Ө, Б.А нар нь энэ хэрэгт тус бүр нийт 370 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг цагдан хорих байрнаас нэн даруй суллаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Т, Л.Цэндоо, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Д.Т нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх Б.Б, Б.Ө, Б.А нарт холбогдох урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг бэлтгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “…2013 оны 08 дугаар сарын 06-ны орой Б.Бын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг нь хойшлуулах зорилгоор А.Цтэй уулзахаар Маршалын гүүрний дор очсон болох нь хохирогч болон Б.Бын гар утасны мессежүүд, Б.Б, Б.Ө, Б.А нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа боловч ийнхүү очихдоо хохирогчийн амь насыг бүрэлгэхээр үгсэн тохиролцож, үүрэг оролцоогоо хуваарилж, хутга, заазуур бэлтгэсэн гэх нөхцөл байдал буюу тэдний гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго, сэдэлт тогтоогдохгүй байна, алахаар бэлтгэлтэй очсон, алахыг завдсан гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байна. Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан бэлтгэлийг хамтарч хангасан, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн зэрэг гэм буруутай үйлдлийг урьдчилан хийсэн гэж үзэх ямар ч үйл баримт тогтоогдсонгүй” гэжээ. Магадлалын эдгээр дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Мөрдөн байцаалтад Б.Ө “Дугуйны мөнгө өгөх хугацаагаа 7 хоног хойшлуулаач гэж гуйх байсан, манай ажлын цалин 7 хоногийн дараа буух байсан юм аа, тэрийг хэлье гэж бодсон”, мөн Б.А “Ө бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан” гэжээ. Тэдний энэхүү бодлыг нь шүүх “Маршалын гүүрний дор очиж хохирогчтой уулзах гэсэн зорилго” гэж дүгнээд үүнийгээ хохирогчийн болон Б.Бын гар утасны мессежүүдээр тогтоогдсон гэж үзэж алдаатай дүгнэлт хийсэн. Тухайн өдөр Б.Бд дугуйн үнийг төлөх мөнгө байгаагүй, Б.Өын гар утсыг 40,000 төгрөгөөр барьцаанд тавьж, үүнээсээ идэх юм, ундаа авсан талаар мэдүүлдэг бөгөөд Б.Б, Б.Ө, Б.А нар мөн өдрийн 20 цагийн орчимд Маршалын гүүрний дор голын эрэгт очиж, улмаар Б.Б нь хохирогч А.Цгийн гар утас руу 20 цаг 16 минутаас эхлэн 00 цаг 02 минутын хооронд “юу байна, оройн мэнд. Манай ах чамд миний дугуйны бүх мөнгийг яг одоо өгье гэж байна, чи гялс одоо ирээд авчих, манай ах Маршалын гүүрний голын эрэгт амарч байна, буцаад явахад чинь би чамайг хүргээд өгье, намайг их мөнгөтэй яваад хэрэггүй гэнэ, ахаас гуйсан чинь үгүй гээд байна, тэгээд хоёулаа ахиж мөнгөний асуудалгүй болно, ахдаа ч би итгэл төрүүлмээр байна” гэсэн мессежүүдийг илгээсэн бөгөөд харин хохирогч А.Ц хариуд нь “Ийм орой явахгүй ээ, харин чи наад ахаа зүгээр ийшээ хүрээд ир гэж хэлээч, аймаар ойрхон байж байгаан байж” гэхэд Б.Б “Ахад би тэгж хэлбэл бүр уурлаад мөнгө өгөхгүй, мөнгөтэй байгаа дээр нь авчих, ах удахгүй явах гээд байна, би ахыг гуйж байгаа болохоор хэцүү байна, за чи тэгвэл ирэхгүй гэсэн үг үү, мөнгө чинь байгаа юм чинь маргааш өдөр гэрэлтэйд уулзах уу, маргааш би хамаатны нэг ахаасаа мөнгө авчихаар болчихлоо, хоёулаа цуг ганц өдөр дугуй унах уу” гээд хамгийн сүүлд 00 цаг 02 минутад “за за сая ах ийм орой явуулахгүй гээд байсан юм, намайг уучлаарай” гэсэн мессежүүдийг Б.Бын 88130816 дугаарын гар утаснаас тасралтгүй илгээсэн байгаа нь хохирогч А.Цгийн 99012892 дугаарын гар утсанд хадгалагдаж үлдсэнийг үзлэг хийн фото зургаар бэхжүүлж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. Б.Бын хохирогчид илгээсэн мессежүүдийг үзвэл мөнгөө ирж ав гэж /үнэн хэрэгтээ түүнд мөнгө байгаагүй/ дахин дахин шавдуулж, шөнийн цагаар найз нөхдөө дагуулан Маршалын гүүрэн дор дуудаж хуурч мэхлэн ирүүлэх гэсэн бусармаг санаа агуулж байгааг шүүх яагаад “Дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах зорилгоор талийгаач А.Цтэй уулзахаар Маршалын гүүрний дор очсон болох нь хохирогч болон Б.Бын гар утасны мессежүүдээр тогтоогдсон байна” гэж илтэд үндэслэлгүй дүгнэв, энэ олон мессеж илгээсний алинд ч ийм санаа агуулагдаагүй. Иймд магадлалын дээрх дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь яг энэ нөхцөл байдалтай холбоотой энэ байдлын эсрэг, эрс үгүйсгэсэн, зөрүүтэй Б.Бын мэдүүлэг хэрэгт бий. Б.Б 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэгтээ “2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр А.Ц миний гар утас руу залгаж надтай ярьсан. Мөн дээрээс нь над руу мессеж бичсэн. Мессеж бичихдээ дугуй болон мөнгө надад авчирч өг гэж бичсэн байсан. Тэгэхээр нь орой ажлаа тараад Б.А, Б.Ө нартай уулзан дугуйны өрнийхөө талаар яриад яаж мөнгө олох вэ гэж ярилцсан. Тэгээд ажлаасаа 19 цаг өнгөрөөгөөд Б.А, Б.Ө нарын хамт дугуйтай гараад Маршалын гүүрний орчимд 20 цагийн үед очсон. Б.А, Б.Ө хоёртой би ярилцаж нэг зүйл тохирсон. Намайг А.Цтэй уулзаад байж байхад Б.А, Б.Ө хоёр хүрч ирээд намайг зодож, дугуйг дээрэмдэн явахаар тохирсон. А.Цг зугтаагаад явчих байх гэж бодсон. Тэгээд А.Ц рүү мессеж бичсэн чинь орой уулзахгүй гэсэн” гэжээ. Давж заалдах шатны шүүх гагцхүү энэ гол баримт болон түүний эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдох баримт фактад эрх зүйн үүднээс дүгнэлт өгөөгүй. Зөвхөн Б.Өын “Б.Б өөрөө Б.А бид хоёрт ажил дээр ярихдаа А.Цтэй уулзаж байхад миний дугуйг аваад зугтаачих гээд шог яриа маягийн байдлаар хэлсэн, тэр яриаг нь тоогоогүй”, Б.Ан “Б.Б өөрөө Б.Ө бид хоёрт хэлэхдээ А.Цтэй уулзаж байхад миний дугуйг аваад зугтаачих гэж хэлэхээр нь би Б.Быг тоглож байна гэж бодсон, мөн тэр яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн, тэр үгэнд нь хариулт өгөөгүй тоогоогүй юм” гэж тус тус мэдүүлснийг үндэслэн Маршалын гүүрэн дор очсон зорилго гэдгийг тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Эдгээр мэдүүлгүүд нь А.Цг Маршалын гүүрэн дор ирүүлэх, ирэхээр нь Б.Ө, Б.А нар Б.Быг зодож, дугуйг нь авч зугтаах гэсэн гэмт хэргийн халдлага зохион байгуулах талаарх яриа тохиролцоо бодитойгоор бий болсныг нотлох төдийгүй Б.Ө, Б.А нар Б.Бын тавьсан дээрх саналаас татгалзаагүй, эсэргүүцээгүй, харин дэмжиж улмаар хамтдаа явж Маршалын гүүрэн дор очиж А.Цг дуудаж, түүнийг ирэхгүй болохоор буцсан нь нотлогдож байна. А.Ц тэдний дуудсанаар ирээгүй учир тэдний гэмт санаа биелэгдэж хэрэгжээгүй. Харин А.Ц ирсэн бол тэдний зохион байгуулж буй гэмт халдлагад өртөж амь насаа алдах бодит нөхцөл бүрдсэн, тэд бүрдүүлсэн гэж үзэж байна. А.Цг мөнгө чинь бэлэн, ирж ав гэж хуурч мэхлэн шөнийн цагаар, хүний хөлөөс зайдуу эзгүй газрыг сонгон дуудан ирүүлж зориуд гэмт хэргийн халдлага зохион байгуулж алах гэж байсныг 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тэдний гарт А.Ц амь насаа алдсан явдал гэрчилнэ. Хэргийн дээрх байдлууд нь бусдыг санаатай алахаар завдсан гэмт хэргийн тухайлбал, Эрүүгийн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан хамтран оролцогчийг сонгож авсан, гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх бусад нөхцөл боломжийг санаатай бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Хуулийн энэ зүйл заалт дахь нөхцөл бүрийг ширхэгчлэн бүрэн хангахыг хууль шаарддаггүй. Б.Б, Б.Ө, Б.А нар А.Цг санаатай алах гэж бэлтгэсэн талаар мэдүүлэг өгөх албагүй боловч тэдний үйлдэл нь санаа сэтгэлээрээ, үйлдлээрээ нэгдсэн болохыг дээрх баримтууд харуулж байна. Үүнээс тэдний А.Цг алахыг бэлтгэсэн гэмт хэргийн субьектив санаа зорилго, сэдэлт харагдана. Б.Ө, Б.А нарын “Б.Быг дугуйг аваад зугтаачих гэж хэлснийг тоглоом гэж ойлгосон” гэх мэдүүлэг нь болсон нөхцөл байдлын үүднээс авч үзвэл тэднийг гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахад чухал ач холбогдол бүхий 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хохирогчийг дуудан ирүүлж зориуд гэмт халдлага зохион байгуулж амь насанд нь халдах гэсэн энэ бодит байдлыг орхигдуулж, харин Б.Ө, Б.А нарын “А.Цг ирэхээр Б.Бын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах талаар хэлнэ гэж бодож байсан” гэдэг мэдүүлгийг илүү ач холбогдолтойд тооцон үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.3 дахь заалтыг зөрчсөн тул хуулийн энэ шаардлагыг хангаагүй дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ийнхүү зөрчсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж гэмт этгээдүүдэд ял завшуулсан явдал гэж үзэж гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Б.Өыг 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Бтай бүлэглэж онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр А.Цг санаатай алсан гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн дүү А.Д, гэрч С.Дорлиг, Б.Дагвадорж, Ч.Чинбат, Б.Цогтоо, Ш.Ө, Ш.Баярмагнай, Ц.Чанарав, Б.Батсүрэн нарын мэдүүлэг, Сандей плаза худалдааны төв, Голомт банк, Маршал таун зэрэг байгууллагуудын гаднах камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь гагцхүү Б.Б ганцаараа “Бага тэнгэрийн ам” гэх газар А.Цг шунахайн сэдэлтээр, онц хэрцгий аргаар буюу олон удаа хутгалж санаатай алсан болохыг баталж байна” гэсэн нь хэргийг бүх талаас нь бус зөвхөн Б.Бын гэм бурууг нотолсон хэсгийн баримтыг гарган тоочсон байх ба харин үүний цаана хавтаст хэрэгт авагдсан байгаа тухайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар уг хэрэгт Б.Ө оролцсон болохыг нотолж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нотлох баримтуудыг орхигдуулсныг дор дурдан бичив. Үүнд, шинжээчийн 1352 дугаар дүгнэлтийн 2-т “Талийгаачийн дээрх цээж, хэвлий, хүзүү, зүүн суганд үүссэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн хөмсөгний шарх болон зүүн ухархайн дээд хананы гадна ирмэгийн эмтэрсэн хугарал, зүүн тохой, баруун гуя, баруун, зүүн өвдөгт үүссэн зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн” гэсэн нь хохирогчийн биеийн олон эд эрхтэн, хэсгүүдэд, урд болон ард талаас нь хэд хэдэн хүний, гадны олон хүчин зүйлийн үйлчлэлээр нэгэн зэрэг халдсан байж болзошгүйг, шинжээч Т.Чимэд-Очирын “...зүүн ухархайн дээд хананы гадна ирмэгийн эмтэрсэн хугарал нь талийгаачийг амьд сэрүүн үед нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл” гэсэн мэдүүлэг, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: Маестеро дуудлагатай үнэрч нохой уулын гүн жалганд байсан төмөр бариултай хутга болон уг хутганаас чанх хойд зүгт жалган дотор 10 орчим метр зайнд цагаан мяндсан оёдолтой, хар өнгийн нейлон хутганы хуйг олсныг, мөн хутганы хуй олдсон газраас жалганы чанх зүүн дээд хэсэгт хоёр салаа модны өвөр хэсэгт буюу хуйнаас 5 метр орчим зайд сэжигтэн Б.Б газар булсан гэх шороотой хэсгийг ухаж 12,5x4 см хэмжээтэй эвхээтэй хутга гаргасныг хураан авав гэж, Б.Б нь анхнаасаа хохирогч А.Цгийн биеийн амин тус газруудад 4 удаагийн үйлдлээр хутгалсан тухай болон хохирогчийн хувцсанд ир үзүүртэй зүйлийн улмаас 10 тооны шинэ зүсэгдэлт урагдалт үүссэнийг хэн, хэрхэн үүсгэж үйлдсэнийг мэдүүлдэггүй бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн мөрдөн байцаалтын туршлагын ажиллагааны тэмдэглэлд “…би үүргэвчний баруун доод халаасанд байсан хутгаа гаргаж ирээд хохирогч руу битгий ойртоорой гэж хэлэхэд өөдөөс алхаж ирээд баруун гараараа цохих гээд далайсан энэ үед нь гаран доогуур нь тонгойгоод нэг удаа хутгалсан гэж үзүүлэв. Ингээд би хохирогчийн футболкноос нь зуураад байж байхад баруун гараараа миний толгойг сугандаа хавчуулж дарсан тэгэхээр нь суганаас нь толгойгоо аваад хойшоо газарт унасан, тэгээд намайг шилэн хүзүүнээс дараад авахаар нь эргэж хараад хүзүүнд нь хутгалсан, тэгээд хохирогч дээшээ хараад унасан, би 2 дугуйг түрээд уулнаас буусан. Хохирогчийг 2 удаа хутгалсан үйлдлээ санаж байна, бусдыг санахгүй” гэсэн, хохирогчийн өмсөж явсан цагаан шаргал богино ханцуйтай цамцанд хийсэн криминалистикийн шинжээчийн 2497 дугаар дүгнэлтээр 50 мм, 35 мм, 16 мм, 15 мм, 16 мм, 10 мм, 12 мм, 14 мм, 11 мм тус тус хэмжээтэй гарсан уранхайнууд хурц ир мөртэй зүйлийн /хайч, хутга/ үйлчлэлээр шинээр зүсэгдсэн уранхайнууд үүссэн болох, эдгээр 10 тооны шинэ зүсэгдсэн уранхай нь цамцны урд болон ар талд ханцуй хэсэгт баруун болон зүүн налалттайгаар үүссэн болох, Б.Бын эзэмшиж байсан 88130816 дугаартай гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон шинжээчийн 5388 дугаар дүгнэлтэд 2013 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 25 минутад Б.Ө нь өөрийн 89146252 дугаарын утаснаас “Хүлээгээд л байхын”, 07 цаг 26 минутад “Баганаа ирж байна гэж байна ха ха” гэсэн мессежүүд ирүүлсэн нь хадгалагдаж үлдсэн, “Маршал таун” хотхоны камерын бичлэгт 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Маршалын гүүрээр урдаас хойш чиглэлд 12 цаг 02 минут 14 секундэд унадаг дугуйтай хүн явж байгаа, араас нь 12 цаг 06 минут 04 секундэд тэвшин дээрээ юм ачиж хучсан амьжиргаа цагаан гэж нэршсэн автомашин явж өнгөрч буй дүрс бичлэг хадгалагдсан, гэрч С.Ононгийн “Би 2013 оны 08 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагт ажилдаа очсон ба намайг очиход Б.Б ажилдаа ирээгүй байсан, харин өндөр нуруутай Б.А ганцаараа ирчихсэн элс зөөж байсан, Б.Ө ажилдаа ирээгүй байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2609 дүгээр дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн дэвтрийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ирцийн бүртгэл, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн бүртгэлийн ажилчдын нэрсийн ард, бүртгэлийн дунд хэсэгт ханз үсгээр бичсэн гар бичмэлүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Чай Юун Лигийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирно. 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ирцийн бүртгэлийн “12, 13” дахь мөрөнд “Ө, Баганаа” гэсний ард бичсэн “8.30” гэсэн тоон бичвэрүүдээс бүтсэн гар бичмэл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Чай Юун Лигийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй”, шинжээч С.Сэлэнгээгийн “2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний Ө, Баганаа гэсэн нэрийн ард бичсэн 8.30 гэсэн тоонд илрэх шинж тэмдгүүд нь уг дэвтэрт бичигдсэн ханз тоонд илрэх шинж тэмдэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна гэж дүгнэлт гаргасан, тэгэхээр хятад хүн бичсэн байх боломжтой. Орой ажил тарсан Өлзий 7.31, Баганаа 7.31 гэсэн тоон бичмэлийг Б.А бичсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон” гэх мэдүүлэг зэрэг болно. Эдгээр баримтууд нь Б.Б, Б.Ө, Б.А нарын мэдүүлгүүд худал болохыг нотолж байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэж хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу хамтран оролцсон нь нотлогдохгүй, эргэлзээтэй гэж үзэж хөнгөрүүлэх буюу хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлтэй нотлох баримт байхгүй байхад гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр тогтоож, дэндүү аймшигтай харгис ялаар шийтгэж, хүнлэг бус, хэрцгий хандаж, зөвхөн яллах талыг баримтлан шүүх шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна. Гэмт хэрэг болсон газар дээр Ц, Булгаа болон түүний найз Амгаа, мөн Б миний бие гээд дөрвөн хүн байсан. Ц Булгаа хоёр маргалдахад Амгаа бид хоёр салгах гэж очсон. Гэтэл Ц намайг түлхээд цааш гүйгээд явахад Булгаа араас нь хөөсөн. Харин би Амгаатай нь ноцолдоод үлдсэн. Улмаар Булгаа нь Цгийн амь насыг бүрэлгэсэн ба намайг айлган сүрдүүлсэн бас их хэмжээний мөнгө өгсөн. Би Булгаагийн машинаар Ар согоот гэдэг газар хүргүүлж тэнд мөнгөө цүнхэнд хийж булсан юм. Дараа нь буцаж яваад гэртээ буугаад Булгаагаас салсан. Удалгүй 16 цаг 30 минутын үед Цгийн аав, ээж хоёртой над руу залгаад байсан учир уулзаж тэдний машинтай Бага тэнгэрийн ам гэх газар руу явсан ба замд ээж нь хүүгээ хутгалуулсан байна гэж мэдээд гар утсаа таслан уйлахад би маш их хямарч болсон явдлыг ярьж өгсөн. Үүнийг тэр машин дотор байсан жолооч бас урд суудалд сууж байсан хүн, аав, ээж нь сонссон. Цагдаа нар намайг хэргээ хүлээгээч гэж дарамталснаас, мөн Булгаагийн сүрдүүлэг, өгсөн мөнгө, ар гэрээ бодоод сэтгэлээр унаж, айж байсандаа “би алсан” гэж хэлж байсан юм. Би хоригдож байхдаа “хар машинтай хүмүүс намайг ал гэсэн” гэж мэдүүлсэн. Энэ нь Булгааг барьж өгөх далд тойруугаар хэлсэн санаа байсан. Хэрвээ шалгасан бол Булгаагийн хар өнгийн Прадо жийп илрэх байх гэж бодсон юм. Булгаа болон Ц хоёрын муудалцах шалтгаан нь өр зээлийн асуудал байсан. 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Цг Булгаа, Амгаа хоёртой танилцуулсан юм. Ц Булгаагаас 20,000 долларын үнэ бүхий унадаг дугуй, бараа авсан ба Булгаад эхний ээлжинд 5000 доллар өгч байсан. Үүнээс хойш Ц Булгаад дахиж мөнгө өгөөгүй юм шиг байснаас гадна, цагдаад барьж өгнө шүү гэж сүрдүүлсэн байсан. Учир нь Булгааг “хар тамхи” зардаг байсныг мэддэг байсан, энэ байдлаар нь сүрдүүлсэн. 2013 оны 07 дугаар сард Булгаа надад “танай тэр Цэцэ найз чинь намайг цагдаад хэлнэ гээд байна, тэнэг бацаантай учраа олно” гэж уурлаж байсан. Дээрх явдлаас хойш 10-аад хоногийн дараа Булгаагийн санаачилгаар уулын орой дээр хүнгүй газар уулзацгаасан юм. Гэтэл Булгаа нь Цгийн амь насыг нь хөнөөж, би энэ гэмт хэрэгт буруутгагдсан билээ. Хэрэгт авагдсан нотлох баримтад миний цамц цус болсон байдаг. Энэ нь Ц, Булгаа хоёрыг салгах гэж очиход цус үсэрснээс гарцаагүй билээ. Миний бие энэ гэмт хэргийг нууж, одоо ийм байдалд хүргэсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний холбогдсон ийм учир шалтгаантай энэ гэмт хэргийн үнэн зөвийг нь ялгаж салгаж, жинхэнэ алуурчин Булгааг шийтгэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Цэндоо, Б.Тэнгис нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Л.Цэндоо шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд Б.Бын давж заалдах гомдлыг харгалзан үзээгүй, тухайлбал Булган гэгч уулын орой дээр байхад ирж хэрүүл маргаан үүсгэж, уг хэргийг үйлдсэн, энэ тухай Б.Б талийгаачийн эцэг Ц.Ат “Би танай эхнэр та хоёрын дунд машинд суугаад явж байхдаа энэ талаар тодорхой хэлсэн” гэдгийг анхан шатны шүүх хурал дээр Б.Б мэдүүлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй байгааг тодруулж шалган үндэслэлийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Б.Быг гэмт хэргийг дангаараа үйлдсэн болохыг тогтоож, бүлэглэн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэх Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг цагаатган, Б.Бын үйлдлээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 гэсэн хэсгийг буюу бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хассан, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэнд оногдуулсан 7 жил 06 сар хорих ялыг хүчингүй болгосон боловч түүнд оногдуулсан 25 жил хорих ялыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолын 5.2 дахь хэсэгт заасан “Бусдыг санаатай алсны дараа эд хөрөнгийг авсан гэмт үйлдлийг шунахайн сэдэлтээр алсан гэж үзэхгүй” гэсэн тайлбарыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчлүүд байгааг засах шаардлагатай гэж үзэж байна. Гянданд эдлүүлэх ялын хэмжээг шүүхийн практикт байгаагүй олон жилээр буюу 10 жилээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зарчимд харшилсан. Хохирогчийн зүгээс Б.Бд “танай ээж луйварчин болоод ял эдэлж байгаа, чи адилхан луйварчин, би чамайг цагдаад мэдэгдэж ээжийн чинь хойноос явуулна” гэх мэтээр дарамталж байсан нь Б.Бын хувьд хамгийн ойр дотны хайртай хүнийг нь тавлаж хэлсэн явдал сэтгэл зүйд нь хүчтэй цочрол өгч энэ хэргийг үйлдсэнээс үзэхэд Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах, Булган, Амраа нарын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, ялтнаас гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр тогтоосны дараа ял шийтгэлийг хэргийн болсон бодит байдалд нийцүүлж Эрүүгийн хуулийг нэг мөр зөв хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж гомдол гаргав” гэв.

 

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэрэг гардаг өдөр Б.Ө нь өглөө 8 цаг 30 минут, 11 цаг болон орой ажил тарах үед ажлын байрандаа байсан гэдэг нь барилгын даамал Чинбатын гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Мөн Б.Ө гэм буруугүй болох нь ганц гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй, хэргийн үйл явдлыг харсан хоёр гэрч, унадаг дугуйг тээвэрлэж явсан хүний мэдүүлэг, хэрэг гарсан газраас Хөдөө аж ахуйн яам хүртэлх бүх камерын бичлэгт хоёр дугуй авч яваа шүүгдэгчийн дүрс авагдсан байгаа зэргээр нотлогдсон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 96 хуудастай ажлын ирцийн тэмдэглэл байдаг. 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 8 цаг 30 минутад ажилдаа ирсэн гэх гарын үсэг нь “өөрийн гараар зурагдсан байна” гэх шинжээчийн дүгнэлт ч байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Ан өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Аг энэ хэргийг үйлдэхээр бэлтгэсэн, үгсэж тохиролцсон, зэвсэг хэрэгсэл хайж олсон гэх ямар ч баримт хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Энэ хэргийн хувьд давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Цогцост хийсэн үзлэгээр тогтоогдсон 11 тооны шарх нь өөр өөр төрлийн мэсээр үүсгэгдсэн нь тогтоогдсон. Үүнээс гадна амь хохирогч болон шүүгдэгчийн биеийн харьцааг авч үзэх нь зүйтэй. Талийгаач 180 см өндөртэй, шүүгдэгч жижигхэн биетэй байдлаас үзэхэд шүүгдэгчид хутгалуулаад амь хохирох хэмжээнд хүрэх боломжгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх нь гэрч Дагвадоржийн мэдүүлгийг гол үндэслэл болгож дүгнэлт хийсэн. Хэргийн газрын туршилтын үзлэгээр гэрчийн харсан газраас “хэрэг болсон газрын үйл баримт хангалттай сайн харагдахгүй байна” гэдэг нь тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.Ө, Б.Б нар ажилдаа ирээгүй, Б.А цагийн бүртгэлд засвар оруулсан болох нь гарын үсэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эдгээрээс үзэхэд давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч нарт ашигтай мэдүүлгүүдийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Дээрх гэмт хэргүүдийг Б.Б, Б.Ө, Б.А нар хамтран үйлдсэн нь тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бага тэнгэрийн ам” гэх газар А.Цг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар буюу олон удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч А.Д, гэрч С.Дорлиг, Б.Дагвадорж, Ч.Чинбат, Б.Цогтоо, Ш.Ө, Ш.Баярмагнай, Ц.Чанарав, Б.Батсүрэн нарын мэдүүлэг, “Сандэй плаза” худалдааны төв, “Голомт” банк, “Маршал таун” зэрэг байгууллагуудын гаднах камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Б.Бын хэргээ хүлээсэн мэдүүлэг, түүнчлэн шинжээчийн 683 дугаар дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэн Б.Быг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.12 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт хийхгүйгээр Б.Б, Б.Ө, Б.А нар Б.Бын худалдан авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг нь хойшлуулах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 06-ны орой хохирогч А.Цтэй уулзахаар Маршалын гүүрний доор очсон гэсэн таамаглалыг тэдгээрийг цагаатгасан шийдвэрийнхээ үндэслэл болгож, Б.Ө, Б.А нарт холбогдох Б.Бтай бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Маршалын гүүрэн доор хохирогч А.Цг дуудаж алахаар бэлтгэсэн гэмт хэргийг, Б.Ө нь Б.Бтай бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр А.Цг алсан гэж үзэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийж, Б.Өын Б.Бтай бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Бага тэнгэрийн ам” гэх газар А.Цг шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар буюу олон удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

 

Шүүх хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах байдлуудыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Нэг. Хохирогч А.Цд өгөх мөнгөгүй атлаа 2013 оны 08 дугаар сарын 06-ны орой Б.Б, Б.Ө, Б.А нар үгсэж Маршалын гүүрний доор уулзан Б.Б нь 20 цагаас 24 цагийн хооронд “Сайн уу, юу байна, оройн мэнд. Манай ах чамд миний дугуйны бүх мөнгийг яг одоо өгье гэж байна. Чи гялс одоо ирээд авчих тэх үү. Манай ах Маршалын гүүрний голын эрэг дээр амарч байна. Буцаад явахад чинь би чамайг хүргээд өгье. Намайг их мөнгөтэй яваад хэрэггүй гэнэ. Ахаас гуйсан чинь үгүй гээд байна шүү дээ. Би чамайг хамгаалаад гэр рүү чинь хүргээд өгчихнө шүү дээ. Тэгээд хоёулаа мөнгөний асуудалгүй болно. Ахдаа итгэл төрүүлмээр байна. Ахад би тэгж хэлбэл уурлаад мөнгө өгөхгүй, мөнгөтэй байгаа дээр нь авчих л даа. Ах удахгүй явах гээд байна. Би ахыг гуйж байгаа болохоор хэцүү байна” гэсэн мессежүүдийг бичих болсон шалтгааныг нарийвчлан шалгаж тогтоох нь тогтоол гарахад чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Хоёр. 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд “...2013 оны 08 дугаар сарын 06-ны орой байсан гэх газраа Б.А нь Маршалын гүүрний баруун талын гэрлийн шонгийн ертөнцийн зүгээр урд талаасаа 3 дахь шонгийн доод талд голын хажууд байсан, харин Б.Ө нь Маршалын гүүрний баруун урд доод талд голын хажууд очиж зогсоод энэ газар мөн шиг байна” /хх-XII-138-139/ гэж заасан боловч үл хөдлөх ямар цэгээс ямар зайд Б.Б, Б.А, Б.Ө нар байсан нь тодорхойгүй байх тул дахин тодруулах шаардлагатай.

 

Гурав. 2013 оны 08 дугаар сарын 14-нд 3 ширхэг заазуур олдсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэрэгт ач холбогдолтой эд зүйл байна гэх газар нь Хан-Уул дүүргийн Маршал таун хотхон байх бөгөөд уг хотхоны зүүн тийш харсан урд талын хашааны хаалганаас зүүн хойшоо урдаас хойшоо чиглэлтэй автозамын зүүн талд замын төмөр хашлаганаас зүүн тийш 20 метр зайд урдаас хойшоо чиглэлтэй овоолсон шороонууд байлаа. Маршал тауны урд талын хаалганаас хойшоо замын баруун талаар гэрлийн шонгууд байрлах шонгуудын 3 дахь төмөр шонгийн харалдаа буюу уг шонгоос чанх зүүн тийш 33 метр зайд замын зүүн талын төмөр хашлаганаас 19 метр /зүүн тийш/ замын зүүн талын овоолсон шорооноос зүүн талд байрлах УСУГ-н тоосгон худгийг тойрсон ногоон төмөр хашаанаас баруун тийш 54 метр зайд овоолсон шороон дээр тунгалаг өнгийн уутанд хийсэн 1 модон иштэй, 2 ширхэг хуванцар ногоон өнгийн иштэй шороо мэт зүйлээр бохирлогдсон жижиг, том 3 ширхэг заазуур байсныг хураан авлаа” /хх-I-176/ гэж дурдсан нь үл хөдлөх цэг тодорхойгүй ойлгомжгүйгээс гадна 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б.Ө, Б.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд “...уг газраас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үзлэгээр 3 ширхэг заазуур олдсон газар хүртэл зайг хэмжихэд автомашины гүйлт метрээр 600 метр байв” гэсэн нь эргэлзээтэй байна. Хэдийгээр Б.Б, Б.Ө, Б.А нар нь уг заазуурууд биднийх биш гэж мэдүүлдэг боловч эдгээр заазуурууд Б.Б, Б.Ө, Б.А нарын эзэмшлийнх эсвэл хэний заазуур болох талаар хуульд заасан шаардлагатай ажиллагаануудыг хийх нь зүйтэй.

 

Дөрөв. Б.Б нь А.Цг хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарахын өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Б.Б, Б.Ө, Б.А нар хаана уулзахаар тохирсон, Б.Ө нь Б.Бын гар утас руу “Хүлээгээд байхын, Баганаа ирж байна” гэж мессеж бичих болсон шалтгааныг тодруулах шаардлагатай гэж үзнэ.

 

Тав. Шинжээчийн 2609 тоот дүгнэлтэд “1. Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн дэвтрийн 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ирцийн бүртгэл, 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ирцийн бүртгэлийн ажилчдын нэрсийн ард, бүртгэлийн хэсгийн дунд хэсэгт ханз үсгээр бичсэн гар бичмэлүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Чай Юун Лигийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирно. 2. 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ирцийн бүртгэлийн “12, 13” дахь мөрөнд “Ө, Баганаа” гэсний ард бичсэн “8:30” гэсэн тоон бичвэрүүдээс бүтсэн гар бичмэл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Чай Юун Лигийн бичгийн хэвийн туршилтын загвартай тохирохгүй”,

Шинжээчийн 2227 тоот дүгнэлтийн 4-рт “2013 оны 8 дугаар сарын 7 ба 8-ны өдрүүдийн ирцийн бүртгэлийн баруун доод хэсэгт тус тус зурж бичсэн “Өлзий, Баганаа” гэсэн гарын үсэг, гар бичмэлүүдийг Б.А зурж бичсэн байна”, мөн дүгнэлтийн 5-рт Шинжилгээнд ирүүлсэн улаан эрээн дэвтрийн:

  • 8-р хуудасны 2 дахь талд байх “2013.09.06” гэснийг “2013.08.06” болгон засварласан,
  • 9-р хуудасны 2 дахь талд байх “2013.09.07” гэснийг “2013.08.07” болгон засварласан,
  • 10-р хуудасны 1 дэх талд байх “2013.09.07” гэснийг “2013.08.07” болгон засварласан байна” гэжээ.

Иймд цагийн бүртгэлийн он, сар, өдрийг нь хэн засварласан болон нөхөж бичсэн байж болзошгүй байдлыг дахин тодруулах хэрэгтэй.

 

Зургаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч ямар үйл баримтыг нотолж, эсхүл үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Прокурор гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 261 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар шинжлэн судлуулах, үүний тулд уг нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцалж, бусад хэсгийг хавтаст хэргийн материалын хэмжээнд бэхжүүлж, танилцуулах зэрэг ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хийж гүйцэтгэвэл зохино.

Дээр дурдсан мөрдөн байцаалтын ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олдсон 3 ширхэг заазуур энэ хэрэгт хамааралтай эсэх, Б.Б, Б.Ө, Б.А нарын 2013 оны 08 дугаар сарын 06-ны орой хохирогчийг худлаа хэлж Маршалын гүүрэн доор дуудан ирүүлэх гэж оролдсон үйлдэл нь бусдыг алахаар үгсэн тохирсон үйлдэл, эсвэл  гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, завдсан, мөн Б.Ө, Б.А нар Б.Бын 2013 оны 08 дугаар сарын 07-нд үйлдсэн бусдыг санаатай алсан гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх, өөрөөр хэлбэл 2013 оны 08 дугаар сарын 06-ны үйл баримт маргааш өдөр нь үйлдэгдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийн үргэлжлэл, эсхүл бие даасан гэмт хэрэг эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А болон түүний өмгөөлөгч Д.Т нарын гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргээс Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлан, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Б.Бын “...Энэ гэмт хэргийн үнэн зөвийг нь ялгаж салгаж, жинхэнэ алуурчин Булгааг шийтгэж өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, Б.Тэнгис нарын “...Булган, Амраа нарын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, ялтнаас гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар нэг мөр тогтоосны дараа ял шийтгэлийг хэргийн болсон бодит байдалд нийцүүлж Эрүүгийн хуулийг нэг мөр зөв хэрэгжүүлэх” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 239 дүгээр магадлалд “шүүгдэгч Б.Ө, Б.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд холбогдох хэргээс шүүгдэгч Б.Ө, Б.А нарт холбогдох хэргийг тусгаарлаж, тэдгээрт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Ө, Б.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэсэн өөрчлөлт, нэмэлт заалт оруулж, магадлалын шүүгдэгч Б.Бд холбогдох хэсгийг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Цэндоо, Б.Тэнгис нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ