Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0341/З |
Дугаар | 221/МА2020/0042 |
Огноо | 2020-01-14 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0042
2020 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2020/0042 | Улаанбаатар хот |
“Н л” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр: . “...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/302, 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Н л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсж” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... “Н л” ХХК-аас шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх уг маргааны бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/302 дугаар захирамжаар МУЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хотсуурингазрыгдахинхөгжүүлэхтухай 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4-д тус тус заасныг үндэслэн өмчлөгч эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэж үзэж нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2017.06.14-ний өдрийн А/302 дугаар захирамжаар МУЗЗНДНТУТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана", Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.4-д “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;” 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл, төлөвлөгөөг хянаж, энэ хуулийн 14.7.1.г-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах”; Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардпага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 4.8-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг басамжилсан захирамж гарган, хоёр талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно.” 5.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь хуулийн этгээдээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана.” гэж тус тус заасныг үндэслэн БГД-ийн 1-6 байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шалгарсныг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.
Ингэснээр нэхэмжлэгч нь дахин төлөвлөгдөх барилгын төслийг боловсруулахаас эхлээд боловсруулсан төслийн дагуу оршин суугчидтай 2 талт болон 3 талт гэрээг байгуулж, төлөвлөсөн барилгыг хүлээлгэн өгөх хүртэл төслийг бүрэн хэрэгжүүлэх эрхийг авсан болно.
Өөрөөр хэлбэл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19-р зүйлийн 19.5-д “Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна: 19.5.3-д “төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх;" гэж тус тус заасан шаардлагыг хангасан гэж үзэж захирамж гаргасан атлаа тухайн шаардлагыг хангаагүй гэж хүчингүй болгосон нь хууль бус юм.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр өмчлөгч, эзэмшигчийн 80 хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн гэж хэт өнгөц дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
Төсөл сонгон шалгаруулалтын материалд болон нэхэмжлэгчийн оролцсон төсөлд төсөл хэрэгжүүлэгч нь 2 талт болон 3 талт гэрээг 2017 оны 06 сараас 2018 оны 09 сарыг хүртэлх хугацаанд оршин суугчидтай байгуулахаар төлөвлөсөн байхад энэ хугацаанд гэрээ байгуулах боломж олгоогүй:
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн тухай Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг:, 22.1.4-д “төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх; 22.1.5.төслийг дэмжээгүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийг төсөлд хамруулах талаар санаачлага гаргах, шаардлага тавих үүрэгтэй”, мөн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 5.6-д “Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн аль ч үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэж зааснаар 2 талт болон гурван талт гэрээг байгуулах нь төсөл хэрэгжүүлэгч болон оршин суугчдын аль алиных нь үүрэг байхад үүнийг зөвхөн нэхэмжлэгчийн үүрэг мэтээр хандаж, оршин суугчидтай төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулах боломжийг олголгүй цуцалсан нь үндэслэлгүй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017.05.17-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 08/1659 дүгээр албан бичгээр “төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, Гурван талт гэрээ байгуулах эрх олгох захирамж гаргуулахаар мэдэгдсэний дагуу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах” гэж зааснаар 2017 оны 05 дугаар сард дахин төлөвлөлтөд орж байгаа 1-6 дугаар байрны айл тус бүрээс авсан судалгааны үндсэн дээр барилгын скиз зураг боловсруулж, 2017.06.15-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар болон скиз зураг батлуулах хүсэлтээ НХТЕТГ-т гаргаж, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тухайн байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Ганзам” төслийн танилцуулга хийлгэж хэвлүүлэн, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд айл өрхүүд, оршин суугчдад зар тарааж 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Н” зочид буудлын хурлын танхимд оршин суугчидтай анхны уулзалт зохион байгуулж тухайн байршилд хэрэгжихээр төлөвлөсөн “Ганзам” төслийн талаар танилцуулж оршин суугчдын санал сэтгэгдлийг сонсох зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийсэн юм.
Эхнээсээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүй, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёр талт болон цаашлаад гурван талт гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн.
Гэвч нэхэмжлэгч нь төслийн ажлаа үргэлжлүүлж, 2017 оны 06 дугаар сарын 25- ны өдрөөс 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд талбайн инженер-геологийн судалгаа, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд тухайн байрнуудын бодит талбайн хэмжилтийг хийлгэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хурлын танхимд хоёрдох гуравласан уулзалт хийх зэргээр холбогдох ажлуудыг зохион байгуулсаар байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус дүүргийн 4-р хорооны Засаг даргын дэмжлэгтэйгээр “Нутгийн буян групп гэх компани тухайн байрнуудын оршин суугчидтай уулзан дахин төлөвлөлтийн ажлыг үймүүлж эхэлсэн ба 2017 оны 10 дугаар сард 4-р хорооны Засаг дарга, тухайн компанитай хамтран айлуудаар зар тарааж гуравласан уулзалт зохион байгуулсан.
Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны графикчилсан төлөвлөгөөг цахим шуудангаар илгээж, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын тавьсан шаардлагын дагуу өөрчлөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичгээр хүргүүлсний зэрэгцээ, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр манай ажлыг дэмжиж байгаа оршин суугчдын гарын үсгийг цуглуулж аван 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны иргэдийн танхимд гурав дахь гуравласан уулзалт зохион байгуулсан, Уг уулзалтад оршин суугчид нэлээн идэвхтэй оролцож, нийт 60 айлаас 23 айлын төлөөлөл оролцсон үед, 4-р хорооны засаг дарга эсрэг сурталчилгаа явуулж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагын дагуу графикчилсан төлөвлөгөөг өөрчлөн хүргүүлж, Төсөл хэрэгжүүлэх ажиллагаанд хорооны удирдлагын зүгээс дээрх байдлаар саад учруулсаар байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж ажиллах талаар хүсэлт, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж буй ажлын тайлангаа тус тус хүргүүлсэн төдийгүй, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хийсэн ажлын тайлангаа мөн адил хүргүүлсэн боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гуравласан уулзалт хийх тухай маш богино хугацаа тогтоож өгсөн тул манай зүгээс Баянгол дүүргийн засаг, захиргаатай ойлголцох, хорооны зүгээс зохион байгуулж байгаа сөрөг сурталчилгааг дарах, хийж буй ажлаа таниулахад хугацаа шаардлагатай, хөрөнгө оруулагчидтай уулзах уулзалтуудтай байсан тул
уулзалтыг хойшлуулах санал гаргасан боловч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүлээн аваагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлэх эрхийнхээ дагуу төсөл хэрэгжүүлэх ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан, захиргааны байгууллага төлөвлөгөөний дагуу 2017 оны 06 сарын 15-ны өдөр гаргасан эскиз зураг батлуулах төлөвлөгөөг батлаагүйгээс шалтгаалж нэхэмжлэгч нь оршин суугчидтай 2 талт гэрээ байгуулах асуудалд бэрхшээл үүссэн, нөгөөтээгүүр дахин төлөвлөлтөд орж байгаа барилгын тухайд анх НЗД-ын 2014 оны захирамжаар дахин төлөвлөлтөд орох шийдвэр гарч, нэхэмжлэгчээс өмнө хэд хэдэн компани шалгарсан боловч төсөл хэрэгжээгүйтэй холбогдуулан оршин суугчдын итгэл буурсан, нөгөөтээгүүр нэхэмжлэгч компани шалгарсан байхад гадаад дотоодын хувь хүн, компани тухайлбал “Н б г” ХХК гэх мэт оршин суугчдын сэтгэл санааг хоёрдуулж байсан зэргээр гэрээ байгуулах ажиллагаанд нөлөөлсөн шалтгаан байсан, энэ талаар энэ талаар 2017 оны 11 дүгээр сарын 22,23, 12 дугаар сарын 06-ны өдөр НХТЕТГ болон БГД-ийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад энэ талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Мөн дээр дурдсанаар захиргааны байгууллага нь эскиз зургийг батлаагүй бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан скиз зургийн тухайд төсөл сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт нийцүүлэн 12 давхар барилга барихаар боловсруулсан нь тогтоогдож байгаа бөгөөд үүнийг захиргааны байгууллагаас баталж өгөөгүйгээс шалтгаалж, өмчлөгчидтэй гэрээ байгуулах асуудал удааширсан бөгөөд энэ нөхцөл байдалд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
Төсөлд оролцогч өмчлөгч иргэд болон хорооны Засаг дарга хяналт тавих эрхээ хууль бусаар хэрэгжүүлсэн:
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид “хороо” гэх) тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” 22.1.11-д “хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах” эрхийг төсөлд оролцогч иргэдэд олгосон бөгөөд иргэд нь хяналтын хороогоор дамжуулан санал гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхээр байхад энэ хуульд заасан ажиллагааны дагуу хяналтын хороо байгуулагдаагүй, уг хороонд гомдол гаргаагүй байхад тэдний ямар нэгэн тодорхой үндэслэлгүйгээр гэрээг цуцална уу гэсэн гомдлын дагуу маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр, төсөл хэрэгжүүлэх эрхийг нэгэнт сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулж, Засаг даргын шийдвэрээр эрх олгохоор заасан байхад уг шийдвэрийг оршин суугчдын санаанд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр цуцлах талаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар зохицуулаагүй, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болгосон заалт нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрхийг олгосон заалт биш бөгөөд төслийн сонгон шалгаруулалтын материалд төсөл хэрэгжүүлэх эрхийг мөн цуцлах талаар зохицуулалт байхгүй, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан захиргааны актыг цуцлах үндэслэлийг заасан заалтыг бариагүй байхад нэхэмжлэгчийн эрхийг цуцалсан хууль бус бөгөөд Захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн.
Захиргааны байгууллага үйл ажиллагаа явуулахдаа холбогдох салбарын хууль, салбарын хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй буюу захиргааны үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой учир маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй болно.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2018оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин нурааж шинээр барих төслийг хэрэгжүүлэх ажиллагаа хийж байх хугацаанд дээр дурдсанаар захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээр уг төслийг хэрэгжүүлэх ажиллагааг цуцалсан үндэслэлгүй бөгөөд энэ нь үндэслэлтэй эсэх талаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин сонгон шалгаруулалт зарлаж, гуравдагч этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан нь хууль бус юм.
Үүнээс гадна уг захиргааны актыг гаргаж, “Н б г” ХХК-аар төсөл хэрэгжүүлж байгаа байдлаас харахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд тэгш бус ; хандсан нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, Захиргааны байгууллага анхнаасаа нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүй, улмаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсны дараа сонгон шалгаруулалтад шалгарсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд өмчлөгч иргэдийн 50-60 хувьтай л гэрээ байгуулсан буюу төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш 1 жил гаруйн хугацаанд төсөл сонгон шалгаруулалтад оролцох төлөвлөгөөнд зааснаар 2019 оны 09 дүгээр сард эхний ээлжийн барилгыг барьсан байна гэсэн атлаа нэг ч барилгыг нурааж эхлээгүй байхад захиргааны байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш 7 хүрэхгүй сарын дотор удаа дараа төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна хэмээн албан бичиг явуулж улмаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзээгүй, нэхэмжлэгчид өмчлөгч нартай гэрээ байгуулахад боломжит хугацаа олгосон эсэхэд дүгнэлт хийлгүйгээр өмчлөгчдийн 80 хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэж дүгнэсэн атлаа гуравдагч этгээд “Н б г” ХХК нь хэрэгт нотлох баримтаар өгсөн 32 өмчлөгчтэй байгуулсан гэрээ нь өмчлөгчдийн 80-д хүрэхгүй байхад Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2019 ны 09 сарын 18-ны өдрийн 586дугаар шийдвэртэй хэргийг хянав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т давж заалдах гомдлын үндсэн дээр хянах гэж заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч анх “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/302 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах гэж тодорхойлон маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “иргэд дараа дараагийн гомдол санал өргөдөл ирүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжаар "Н л" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэрийг гаргасан. Дээрх захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.7-т заасан Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 заалтуудтай нийцэж байгаа тул холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно” гэсэн үндэслэл гаргаж маргажээ.
Гуравдагч этгээд “Н б г” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус компани Монгол улсын хууль, дүрэм журмын дагуу шалгарсан гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
Давж заалдах гомдолд “нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн үйл баримтад өнгөц дүгнэлт хийсэн, зарим үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй” гэсэн үндэслэлүүдийг дурдаж байна. Түүнээс биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох үүргээ дутуу бүрэн хэрэгжүүлээгүй зэргээр гомдол гаргаагүй байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэв.
Тодруулбал хамгийн гол үндэслэл нь тухайн хэсгийн орон сууц өмчлөгчдийн 80-аас доошгүй хувь нь заавал зөвшөөрч дэмжсэн байх шаардлагатай ажээ. Гэтэл "Н л" ХХК-тай гэрээ байгуулахгүй, өөр компанийг дахин шалгаруулж өгөхийг хүссэн 34 өргөдөл, болон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч "Н л" ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тухайн орон сууцны, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах боломжгүй болсон нь тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд гагцхүү хорооны Засаг даргын зохисгүй ажиллагаа, "Н б г" ХХК-ийн сууц өмчлөгчдийн дунд явуулсан үйл ажиллагаа, хариуцагчаас төслийг хэрэгжүүлэх хугацаанд гэрээ байгуулах боломжийг олгоогүй гэж маргажээ. Үндэслэлээ “Төсөл хэрэгжүүлэгч нь 2 талт болон 3 талт гэрээг 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 09 сарыг хүртэлх хугацаанд оршин суугчидтай байгуулахаар төлөвлөсөн байхад энэ хугацаанд гэрээ байгуулах боломж олгоогүй” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хорооны Засаг даргын төсөл хэрэгжүүлэхэд саад учруулсан мэт ойлгогдох, мөн хариуцагчийн төсөл хэрэгжүүлэгчийн товлосон байсан хугацаанаас өмнө маргаан бүхий актыг гаргасан үйлдэл харагдаж байна. Гэхдээ Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.3-д “төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” шаардлага тавигдаж байгаа бөгөөд нэгэнт дээрх шаардлагыг хангахгүй болсон төсөл хэрэгжүүлэгчийн тухайд “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захирамжийг гаргах боломжтой гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/302 дугаар захирамжийг гаргах үндэслэл болсон ... газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож байх тул дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хорооны Засаг даргын мөн "Н б г" ХХК-ийн үйлдэл /нэхэмжлэлийг шүүх хуралдаанд тайлбарласан/-д тодорхой дүгнэлт, үнэлэлт өгөөгүй байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэр гарахад ноцтой нөлөөлөөгүй байна.
Мөн давж заалдах гомдолд “Эхнээсээ Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөөгүй, эскиз батлахгүй байснаас сууц өмчлөгчидтэй хоёр талт болон цаашлаад гурван талт гэрээ хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн”, ... “2017 оны 9 дүгээр сараас эхлэн тус дүүргийн 4-р хорооны Засаг даргын дэмжлэгтэйгээр “Н б г" гэх компани тухайн байрнуудын оршин суугчидтай уулзан дахин төлөвлөлтийн ажлыг үймүүлж эхэлсэн ба 2017 оны 10 дугаар сард 04 дүгээр хорооны Засаг дарга, тухайн компанитай хамтран айлуудаар зар тарааж гуравласан уулзалт зохион байгуулсан.
... Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр манай ажлыг дэмжиж байгаа оршин суугчдын гарын үсгийг цуглуулж аван 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны иргэдийн танхимд гурав дахь гуравласан уулзалт зохион байгуулсан, Уг уулзалтад оршин суугчид нэлээн идэвхтэй оролцож, нийт 60 айлаас 23 айлын төлөөлөл оролцсон үед, 4-р хорооны Засаг дарга эсрэг сурталчилгаа явуулж байсан” зэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч “Н л” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсны дараа Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-6 дугаар орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг нийтэд мэдээлсэн байна. Уг урилгын дагуу “Н б г” ХХК, “Э э к” ХХК, “М т” ХХК-иуд сонгон шалгаруулалтад оролцохоор холбогдох бичиг баримтаа бүрдүүлж ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч компани оролцоогүй байна.
Улмаар сонгон шалгаруулалтын ажил цаашид үргэлжлэн явагдаж компаниудаас ирүүлсэн материалыг Тендерийн хороо хянан үзээд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах БГД-04, БГД-05 багцуудын төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүгнэлтүүдийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтүүдээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-6 дугаар орон сууц буюу БГД-04, БГД-05 багцад “Н б г” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэжээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудаар үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрны барилгажилтын төсөл хэрэгжүүлэх эрхийг “Н б г” ХХК-д олгосон үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Н с л” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай А/302 тоот захирамжийг хууль ёсны захирамж гэж үзсэн тул нэхэмжлэгчийн дурдаж дүгнэж байгаачлан “уг төслийг хэрэгжүүлэх ажиллагааг цуцалсан нь үндэслэлтэй эсэх талаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин сонгон шалгаруулалт зарлаж, гуравдагч этгээдийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан нь хууль бус” гэж дүгнэх боломжгүй.
Нөгөө талаар одоогийн байдлаар “Н б г” ХХК төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш 1 жил гаруйн хугацаанд төсөл сонгон шалгаруулалтад оролцох төлөвлөгөөнд зааснаар 2019 оны 09 дүгээр сард эхний ээлжийн барилгыг барьсан байна гэсэн атлаа нэг ч барилгыг нурааж эхлээгүй, захиргааны байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа зэргийг үндэслэн өмнө гарсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг шүүх хүчингүй болгох боломжгүй. Харин “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгч холбогдох байгууллага, албан тушаалтанд хандах эрх нь нээлттэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон