Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/0028

 

 

Б.Э***-ийн  нэхэмжлэлтэй, Төрийн тусгай

хамгаалалтын газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                       Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа                       

                                                             М.Батсуурь                       

                                                             Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                             Х.Батсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0846 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2024/0799 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0087 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Б.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О*** (№****), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А***, Э.Г***, Б.Я*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Б.Э***-өөс Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдуулан “... тус газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/**** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/**** дүгээр тушаалаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 3.4.1, Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1.4,  8.1.8-д заасныг үндэслэн Шуурхай ажиллагааны хэлтсийн бүлгийн дарга, дэд хурандаа Б.Э***-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халжээ.

3.Нэхэмжлэгчээс “... бэлэн байдал алдагдуулсан зүйл байхгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй, гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар шийдэгдэх ёстой, ажлын бус цагаар 2 хүний хоорондын харилцааны асуудлаас болж байгууллагын нэр хүнд унасан, ямар дүрэм журам зөрчигдсөн нь тогтоогдоогүй, мөрдөн байцаах ажиллагаа мэтээр хүмүүсээс тайлбар авч, илтгэх хуудсыг үндэслэж нэхэмжлэгчийг буруутгаж ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй, тушаалд үндэслэсэн хуулийн заалтууд болсон үйл явдалтай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, тушаалын талаар мэдэгдээгүй ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргажээ.

3.1.Хариуцагчаас “... Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтыг тасралтгүй хэрэгжүүлдэг тусгай чиг үүрэгтэй бие бүрэлдэхүүн,  өдөр тутамд байнгын бэлэн байдалд буюу албан ажлын онцгой нөхцөлд ажилладаг, албан үүргээ гүйцэтгэхдээ галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх онцгой эрхтэй, нөхцөл байдлаас шалтгаалан хамгаалалтад хүч нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхээр ажлын байранд бэлэн байх шаардлага гарвал албан хаагч ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэх чадвартай ирэх үүрэгтэй, байнгын бэлэн байдлаа хангах нь албан хаагчийн үүрэг тул ажлын төдийгүй амралтын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрх нь хязгаарлагддаг, энэ талаар байгууллагын сахилгын дүрэмд тусгагдсан, нэхэмжлэгч нь сахилгын дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул маргаан бүхий тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн ...” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн гаргасан “Төрийн тусгай хамгаалалттай газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0087 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

7.1.Тушаалын хууль зүйн үндэслэл нь төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг хэрхэн сахих, албаны нэр хүндийг хэрхэн яаж эрхэмлэн дээдлэхтэй холбогдож байна. Юуны өмнө энэ заалт төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байх үедээ ёс зүйн хэм хэмжээг сахих, байгууллагынхаа соёл дэг журмыг байгууллага дээрээ байхдаа сахих, албан үүргээ хэрэгжүүлж байхдаа төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, дээдлэх ойлголтод хамаарна. Гэтэл шүүгч гэртээ амарч байгаа албан хаагчид дээрх хуулийн томьёолол хэрхэн ямар байдлаар хамаарах талаар дүгнэлт хийгээгүй.

7.2.Анхан шатны шүүх Б.Э***-ийг ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн албаны байнгын бэлэн байдлыг алдагдуулснаас гадна өөрийн бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулахад сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй байна гэж дүгнэсэн.

7.3.Төрийн аливаа үйл ажиллагаа явагдаж, түүнийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд алба хаагч нь дээрх хуулийн заалтыг чандлан сахих үүрэгтэй, харин ажлын бус цаг буюу төрийн албыг хэрэгжүүлээгүй амарч байгаа чөлөөтэй хүн гэртээ ямар байдалтай байхыг хуулиар зохицуулаагүй. Энэ тохиолдолд Б.Э*** нь гэртээ амарч байсан бөгөөд байгууллага буюу албанаас бэлэн байдлын аль нэг зэрэгт шилжин ажиллах нөхцөл байдал үүсэж, уг зэрэгт шилжих үед бэлэн байгаагүй тохиолдолд түүнийг зөрчсөн гэж үзэх ёстой. Тухайн үед ямар нэгэн ийм нөхцөл байдал үүсэж аль нэг зэрэгт шилжин ажиллах талаар байгууллагаас дуудлага ирээгүй байхад зөрчил бий болсон мэтээр шүүх дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

7.4.Амарч байхдаа бэлэн байх нь мэдээж ойлгомжтой, харин энэ тохиолдолд бэлэн байдал зөрчигдсөн ямар нэгэн үйл баримт бий болж байж түүнд нь бэлэн байгаагүй талаар дүгнэх ёстой байтал болоогүй хий хоосон юмыг болсон мэтээр ойлгож түүнийг зөрчсөн байна гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

7.5.Мөн Б.Э***-ийн бүлгийн хэн гэдэг алба хаагчийн бэлэн байдал хангагдаагүй нь хэрхэн ямар байдлаар сөргөөр нөлөөлсөн талаар шүүх тодорхойлоогүй, гэрт нь очсон алба хаагчид нь Б.Э***-ийн  бүлгийн алба хаагчид биш учраас түүнийг бүлгийн алба хаагчийн бэлэн байдлыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй болно.

7.6.Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах журмын 2.2-т “байнгын бэлэн байдал гэж байгууллага, алба хаагчаас хариуцсан чиг үүргийг хэвийн нөхцөл байдалд бүрэн биелүүлэх, бэлэн байдлын дараагийн зэргүүдэд шуурхай шилжихэд байнга бэлэн байх чадвартай байхыг ойлгоно” гэж заасан байна. Эндээс үзэхэд байнгын бэлэн байдал нь бэлэн байдлын дараагийн зэргүүдэд шилжихтэйгээ холбогдож байна. Тэгвэл дараагийн бэлэн байдлын зэрэг буюу өндөржүүлсэн бэлэн байдал, бүрэн бэлэн байдлын зэрэгт хамаарах ямар нэгэн үйл явдал болж байж байнгын бэлэн байдал нь дараагийн зэрэг рүү шилжихээр журамласан байхад шүүх энэ байдлыг анхаараагүй тул шүүхийн дүгнэлт буруу болжээ.

7.7.Тухайн өдөр Б.Э*** нь жижүүрийн албанаас буугаад гэртээ амарч байсан бөгөөд хэлтсийн дарга Ш.Б*** 4 албан хаагчтай хамт гэрт нь согтуу очиж түүнийг цохиж зодон биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаад хууль сануулж байцаасан гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүхээр гэм буруу тогтоосны эцэст хэнийх нь зөв буруугийн асуудал яригдана.

7.8.Гэтэл албаны шалгалт гэх зүйлээр халхавчлан хууль сануулаагүй, үнэн зөв эсэх нь тодорхойгүй гэрч гэх хүмүүсийн тайлбарыг үндэслэн Б.Э****-ыг ёс зүйн зөрчил гаргасан учраас цаашид байгууллагад ажиллуулах боломжгүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Учир нь эрүүгийн гэмт хэрэгт тухайн гэрч гэх этгээд нь хамтран оролцогчийн байдлаар гэм буруу яригдвал яах вэ, Б.Э***-ийн  өөрийнх нь ярьж байгаагаар Ш.Б**** эхэлж цохисон, бусад хүмүүс нь намайг бариад хөдөлгөөгүй байхад дахиж цохисон, би хутга бариагүй гэсэн тайлбар нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг болсон тохиолдолд хаана ямар хутга байсан, хутга барьсан гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зөрвөл туршилт, нүүрэлдүүлэн байцаах гээд ажиллагаагаар хэнийх нь үнэн зөв болох байтал албаны шалгалтаар энэ байдлыг тогтоосон гэж үзсэн нь хуульд заасан үндэслэл журмаар нотолгоо бүрдүүлэх зарчим зөрчигдсөн.

7.9.Хүн ажлаас буугаад гэртээ амарч байх үед нь ажлын газрынх нь согтуу хүмүүс очиж цохиж гэмтэл учруулсан асуудлын бодит үнэнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст дээрх дүгнэлтийг хийх ёстой. Түүнээс биш даргатайгаа хамт байсан хүмүүсээс авсан тайлбараар Б.Э***-ийг буруутгах нөхцөл байдал тогтоогдсон мэтээр дүгнэх нь учир дутагдалтай. Учир нь Б.Э***-ийн  тайлбар (би ямар нэгэн үйлдэл гаргаагүй Б**** намайг цохисон гэх) бусад хүмүүсийн тайлбараас зөрүүтэй байхад энэ зөрүүг арилгахгүйгээр асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй, хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаад байна. Ийм учраас захиргааны шүүх зөрүүг арилгаагүй тайлбарыг үндэслэн Б.Э***-ийг сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан гэж буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

7.10.Ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэнд нь арга хэмжээ авч болно, гэхдээ үүнийг албан үүргээ гүйцэтгэж байсантай холбогдуулж түүний эрх зүйн байдлыг дордуулсан нь хуульд нийцэхгүй байна. Нотолгоог хуульд заасан үндэслэл журмын дагуу авдаг болохоос байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилгоор авсан тайлбараар асуудлыг шийдвэрлэсэн байхад шүүх түүний зөв бурууд дүгнэлт хийгээгүй.

7.11.Б.Э*** нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд түүнд ажлаас халах талаар ямар нэгэн байдлаар танилцуулаагүй, Төрийн албаны хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй, хуулиас давсан журмыг үндэслэж хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудлын талаар бодитойгоор үнэлээгүй, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар баталсан журам гэх зүйлийг ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулаагүй байхад түүнийг нь зөрчсөн гэж арга хэмжээ авсан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн шүүх ажлаас халсан тушаалын нэг заалт болох Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

7.12.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Э*** ийг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ХЯНАВАЛ:

9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий актын бодит болон хууль зүйн үндэслэлүүд зөрүүтэй байгаад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалын дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Төрийн тусгай хамгаалалтын газрын нэр бүхий албан хаагчид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр (ажлын бус цагаар Б.Э***-ийн гэрт) согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ диско (баар) клубээр үйлчлүүлж байхдаа зарим албан хаагчид хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдсан зэрэг үргэлжилсэн үйл баримт нь тус газраас явуулсан албаны хяналт шалгалтаар буюу хэрэгт авагдсан 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн **** дугаар илтгэх хуудсаар тогтоогдож байна.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан зөрчлийг гаргасан эсэхэд дүгнэлт өгөх тухай байна.

11.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн тусгай хамгаалалт дараах зэрэглэлтэй байна:”, 7.1.1-д “нэгдүгээр зэрэглэл;”, 7.1.2-т “хоёрдугаар зэрэглэл;”, 7.1.3-т “гуравдугаар зэрэглэл” гэж, мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2023 оны А/113 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах журмыг баталж, тус журмын 2.1 дэх хэсгээр 1.Байнгын бэлэн байдал буюу III зэрэг (ногоон түвшин); 2.Өндөржүүлсэн бэлэн байдал буюу II зэрэг (шар түвшин); 3.Бүрэн бэлэн байдал буюу I зэрэг (улаан түвшин) гэж байгууллагын бэлэн байдлын зэрэг, тэдгээрийн харгалзах түвшинг журамласан байхын зэрэгцээ 2.2 дахь хэсгээр Байнгын бэлэн байдал (III зэрэг буюу ногоон түвшин)-ын зэрэгт байгууллага, албан хаагчаас хариуцсан чиг үүргийг хэвийн нөхцөл байдалд бүрэн биелүүлэх, бэлэн байдлын дараагийн зэргүүдэд шуурхай шилжихэд байнга бэлэн байх чадвартай байхыг ойлгохоор байна.

12.Энэ тохиолдолд, нэхэмжлэгчийг “албаны бэлэн байдал байдлыг алдагдуулсан” гэж үзэхгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс “... албаны бэлэн байдал алдагдуулсан” гэж дүгнэсэн нь буруу.

13.Учир нь, Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах журмаар тус газрын нийт бие бүрэлдэхүүн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах, бэлэн байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд нийт албан хаагчдын хувьд хариуцсан чиг үүргийг өдөр тутамд бүрэн биелүүлж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ өндөржүүлсэн болон бүрэн бэлэн байдалд шуурхай шилжих үед нэгдсэн төлөвлөгөөний дагуу шилжин ажиллах чадвартай байх талаар зохицуулсан.

14.Нэхэмжлэгчийн хувьд, тухайн өдөр албаны чиг үүргээ хэрэгжүүлж дууссан буюу ажлын бус үед бусад албан хаагчдын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдох боловч тухайн тохиолдолд тус байгууллагаас бэлэн байдлын дараагийн (өндөржүүлсэн болон бүрэн) зэргүүдэд шилжсэн нөхцөл байдал  үүсээгүй болох нь талуудын тайлбар, баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг шуурхай албаны бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг зохион байгуулалттайгаар алдагдуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байдлыг үүсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад маргаан бүхий Б/*** дүгээр тушаалаар ажлын бус цагаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албаны бэлэн байдал алдагдуулсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй.

15.Гэтэл анхан шатны шүүх “... албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэн албаны байнгын бэлэн байдлыг алдагдуулснаас гадна өөрийн бүлгийн алба хаагчдын байнгын бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын зэргүүдэд шилжин ажиллах бэлэн байдлыг хангуулахад сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан ...” гэж албаны бэлэн байдлыг хэт өргөжүүлэн дүгнэсэн, давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулаагүй нь буруу байна.

16.Харин Төрийн албан хаагчийн нийтлэг хүлээх үүргийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгээр зохицуулж, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан бөгөөд төрийн тусгай албан хаагчид мөн энэхүү нийтлэг үүргийг хүлээж, ... төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэхээр хуульчилжээ.

17.Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 2.1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн” тохиолдолд албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулахаар зааж, мөн дүрмийн 8.1.4-т “ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгууллагын болон төрийн албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргасан” нь сахилгын ноцтой зөрчил үйлдсэнд тооцогдож, төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулахаар журамласан байна.

18.Энэхүү маргааны хувьд, нэхэмжлэгч нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... диско (баар) клуб буюу олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байхдаа зарим албан хаагчтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр бусадтай маргалдсан үйлдэл нь төрийн албаны (байгууллагын) нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасан нийтлэг үүргийг зөрчсөн, энэ нь дээрх дүрмийн 8.1.4-т заасан зөрчилд хамаарч байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэхгүй.

19.Иймд хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0846 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн 221/МА2024/0799 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О***ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

                        ШҮҮГЧИД                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                                 Ц.ЦОГТ

                                                                                                                 Х.БАТСҮРЭН