| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2016/4221/и |
| Дугаар | 4805 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 4805
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тоотод оршин суух, 00настай, эрэгтэй, З.Н /РД: ..................../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б..................... байр, Ханд холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговор 16.027.184 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дэлгэрсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Намайг Дархан уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын /хуучин нэрээр/ даргаар ажиллаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/31 тоот тушаалаар ажлаас маань үндэслэлгүйгээр халсан.
Уг асуудал нь Төрийн албаны хууль болоод бусад дүрэм, журмыг зөрчсөн байна гэж үзээд Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан.
Шүүх миний өргөдлийг хүлээн авч нотлох баримт цуглуулан шалгаж 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хурлаар хэлэлцэн 193 тоот шийдвэрээр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны Б/31 тоот тушаалыг хүчингүй болгож З.Н миний биеийг ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг тооцон олгох шийдвэр гарсан.
Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд хандсан ба 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж 357 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч тал шийдвэр, магадлалыг хянуулахаар хяналтын шатны шүүхэд хандсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 251 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
Хариуцагч тал дахин Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргахад Улсын дээд шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/114 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуульд нийсэн гэсэн хариуг өгсөн.
Би шийдвэрийн дагуу ажилдаа орох хүсэлтээ тавьсан боловч надад хариу ирүүлээгүй. Иймд би шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Ханд 4 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй.
Захиргааны хэргийн шүүх миний цалинг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тогтоосон. Үүнээс хойшхи буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гэж нэмэгдүүлээгүй. Миний 1 сарын цалин зэрэг дэвийн нэмэгдэл ороод 1.382.737.60 төгрөг болох ба нийт 16.027.184 төгрөг нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэрийн дагуу З.Нд олгох мөнгө тус яамны 2016 оны төсөвт тусгагдаагүй болно. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ“ гэж заасан тул 2016 онд батлагдсан төсвийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөн нэхэмжлэгч З.Нн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ жилийн батлагдсан төсвийн хөрөнгөнөөс олгох боломжгүй байна.
Уг мөнгийг Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгуулан шийдвэрлүүлэхээр судалж байна.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 дүгээр захирамжаар тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргаар Цоодолын Энхжаргалыг жинхлэн томилсон байх тул уг албан тушаалд тус яамнаас нэхэмжлэгч З.Нг томилох боломжгүй байгаа.
З.Нн нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр гарсны дараа төсвийн тодотголд тусгуулахаар дахин хөөцөлдөнө гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Монгол улсын Ханд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 16.027.184 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 тоот тушаалаар З.Нг Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар томилон цалингийн сүлжээг баталсан байна.
/ХХ-ийн 30-31 дүгээр тал/
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч З.Нн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай“ Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож,
З.Нг Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 4 сар, 7 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 10-16 дугаар тал/
Хариуцагч Х нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 357 тоот магадлал болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 251 тоот тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээн, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.
/ХХ-ийн 17-28 дугаар тал/
Хариуцагч Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх алба тус яаманд шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж байсан байна.
/ХХ-ийн 52-53 дугаар тал/
Хариуцагч Х нь Дархан-Уул аймгийн засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/51 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар Ц.Энхжаргалыг томилсон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байгаа гэж тайлбарласан болно.
/ХХ-ийн 40 дүгээр тал/
З.Нг урьд эрхэлж байсан буюу Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 251 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэр гарсны дараагаар өөр этгээдийг Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ“ гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Хариуцагч Х шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч З.Нд ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалинг олгох үүрэгтэй.
Нэхэмжлэгч З.Н нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалинд 16.027.184 төгрөг авах байсан байна.
Нэхэмжлэгч З.Н нь сард 1.382.737,60 төгрөгийн цалин авдаг болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 тоот тушаалаар тус тус тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 30-32 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан бүх хугацаанд нь тооцож олгох үүрэгтэй бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гарах хүртэл болон гарснаас хойшхи ажилгүй байсан хугацаа хамаарна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь З.Нд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16.027.184 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ханд даалгах үндэслэлтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Хнаас 16.027.184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Нн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238.086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хнаас 238.086 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Нд олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Нн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ханд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН