| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2023/04410/И |
| Дугаар | 210/МА2025/00937 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00937
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01756 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ид холбогдох
Гэм хорын хохиролд 4,488,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь ******* ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар улсын бүртгэгч ******* албан тушаалаас нь чөлөөлсөн. Уг тушаал нь бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой гарсан боловч ажилд нь буцаан томилоогүй үйлдэл, эс үйлдэл нь хууль бус болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
1.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00119 дугаар шийдвэрээр *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
1.3. Дээрх шийдвэрийн дагуу ******* 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаартай тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,488,195 төгрөгийг олгосон.
Иймд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 4,488,195 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх *******д үүссэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ******* 2018 оны А/121 дүгээр тушаалаар *******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Иймд нэхэмжлэгч ******* нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй.
2.2. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”-аар, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэжээ.
Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төрийн албан хаагч шууд санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.
Хэдийгээр шүүхээс Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нийт 196 ажилтнуудыг чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа *******ийн зүгээс бусдад санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй.
2.3. Нэгэн зэрэг 196 ажилтныг чөлөөлөх, томилох ажиллагаанд зөвхөн байгууллагын даргаас гадна тамгын газар, хүний нөөц хариуцсан ажилтнууд тодорхой хэмжээнд оролцох, тушаалын төслийг боловсруулах, ажилтнуудыг шинэчлэгдсэн бүтцийн дагуу мэргэжил ур чадварын хувьд хэн нь илүү хангах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангах талаарх холбогдох судалгаа зэргийг чиг үүргийн дагуу гаргах замаар оролцсон.
Иймд тушаалыг эцэслэн баталсны хувьд зөвхөн нэг хүнд бүх үр дагаврыг хариуцуулахаар шаардаж байгаа нь учир дутагдалтай. Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, хамтын оролцооны байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх зайлшгүй харгалзах учиртай.
2.4. ******* нь ******* 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор ******* үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших цаг хугацааны олговрыг шаардах учиргүй, шууд шалтгаант холбоо байхгүй байна.
2.5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00119 дугаа шийдвэрээр *******д цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагчаас хохирол шаардах эрх мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байхад *******өөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
2.6. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 134 дүгээр зүйлийн 134.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг “зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй” байхаар заасан. Хэдийгээр *******ийн тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 4,488,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******оос 86,761 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байхад *******өөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч татгалзсан.
Гэтэл анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дүгнэхдээ шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10-д “Хэрэгт *******ийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 тоот албан бичиг авагдсан. Уг албан бичгээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор *******наас мэдээлэл хүссэн. *******наас *******д шүүхийн шийдвэрийн дагуу 4,488,195 төгрөгийг олгосон талаарх холбогдох баримтыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтаар *******д хүргүүлсэн байна. Иймд энэ үеэс эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь ******* нь ******* 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Төрийн албаны тухай хууль”-ийг баталж, энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсөнөөр төрийн албаны төв байгууллага “Төрийн захиргааны албаны зөвлөл”-ийн үйл ажиллагаа эхэлсэн. Улмаар 2002, 2017 оны одоогийн хэрэгжиж буй Төрийн албаны тухай хуулиар төрд учруулсан хохирлыг тухайн этгээдээс шаардах эрхүүдийг хуульчилж өгсөн.
Гэтэл нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх *******ны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг ирснээр мэдсэн гэх тайлбарыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4.2. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”-аар, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэжээ.
Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар төрийн албан хаагч шууд санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.
Хэдийгээр шүүхээс Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нийт 196 ажилтнуудыг чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа *******ийн зүгээс бусдад санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй.
4.3. Нэгэн зэрэг 196 ажилтныг чөлөөлөх, томилох ажиллагаанд зөвхөн байгууллагын даргаас гадна тамгын газар, хүний нөөц хариуцсан ажилтнууд тодорхой хэмжээнд оролцох, тушаалын төслийг боловсруулах, ажилтнуудыг шинэчлэгдсэн бүтцийн дагуу мэргэжил ур чадварын хувьд хэн нь илүү хангах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангах талаарх холбогдох судалгаа зэргийг чиг үүргийн дагуу гаргах замаар оролцсон.
Иймд тушаалыг эцэслэн баталсны хувьд зөвхөн нэг хүнд бүх үр дагаврыг хариуцуулахаар шаардаж байгаа нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, хамтын оролцооны байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх зайлшгүй харгалзах учиртай.
4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00119 дүгээр шийдвэрээр 2015 оны 9 дүгээр сарын 09- ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,402,800 төгрөг олгохоор заасан. ******* нь ******* 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор ******* үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших цаг хугацааны олговрыг шаардах учиргүй, шууд шалтгаант холбоо байхгүй.
4.5. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 134 дүгээр зүйлийн 134.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг “зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй” байхаар заасан. Хэдийгээр *******ийн тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд ******* нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт заасны дагуу мэдсэн цагаасаа шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Тухайлбал, шаардах эрхээ хэрэгжүүлж ******* *******ид 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, 8 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд ээлжийн амралт таарсан учраас ээлжийн амралтаас орж ирсний дараа ажиллагаагаа үргэлжлүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн.
******* төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрүүдийг үндэслэж *******ын багцаас хөрөнгө хуваарилалтын дагуу ажилгүй байсан хугацааны цалин, хөлс авсан. Иргэний хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн хэрэгжиж байгаа учраас хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тооцогдоно.
5.2. ******* нь ******* байх үед 1200 гаруй албан хаагчдын бүтцийг бүрдүүлэхдээ албан тушаалын шаардлагаас хамгийн өндөр шаардлага хангасан буюу ажилласан жил, ажлын үр дүн гүйцэтгэл, эрүүл мэнд гэх мэт бусад шалтгааныг үндэслээд албан хаагчдыг цомхотголд оруулахдаа сонгон шалгаруулаад хамгийн өндөр шаардлага хангасан албан хаагчийг авч үлдээд үлдсэн албан хаагчийг чөлөөлөх үүрэгтэй байтал илтэд болгоомжгүйгээр шууд нэр цохож нэр бүхий албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн илтэд гэм буруутай. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн хувьд илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэж үзнэ.
5.3. *******ийн гаргасан 388, 389 дугаартай тушаалыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон. Хөдөлмөрийн хөлсний 6 сарын дундажтай дүйцүүлнэ гэж гомдолд дурдсан боловч *******ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хөдөлмөрийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй, эд хөрөнгийн хариуцлагын хувьд төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарна.
Төрд учирсан хохирлыг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зохицуулалтыг Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан. Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтыг үндэслэж шийдвэрийг үндэслэлтэй гаргасан учраас хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан төрд учирсан хохиролд 4,488,195 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* 2015 оны А/16 дугаартай тушаалаар ******* бүтэц, орон тоог шинэчлэн батласантай холбогдуулан тус газрын дарга ******* нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаартай тушаалаар нийт албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар буцаан томилохдоо ******* ******* эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй байна. /хх-ийн 101, 109-115 дугаар тал/
3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 506 дугаар магадлалаар ******* эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй ******* үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэжээ. /хх-21-28, 29-35 дугаар тал/
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр тогтоолоор ******* эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй ******* үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явагдах хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 36-41 дүгээр тал/
3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00119 дүгээр шийдвэрээр хариуцагч ******* газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,402,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 85,395 төгрөг тус тус гаргуулж *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. /хх-ийн 42-45 дугаар тал/
3.4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ******* 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дугаар тушаалаар *******д 4,488,195 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, уг мөнгийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгожээ. /хх-ийн 48, 88-96 дугаар тал/
4. Анхан шатны шүүх хохирол шаардах эрх үүссэн үеийг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
4.1. ******* эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэгэнт тогтоогдсон гэм буруугийн талаар дахин нотлохгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.
Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр тогтоолоор “...******* ...389 дүгээр тушаалаар албан хаагчдыг ажил албан тушаалд нь томилохдоо ******* “ченж нартай холбоотой гэсэн гомдол иргэдээс гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн үндэслэлээр томилохгүй байхаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт нийцээгүй, хууль бус” гэж дүгнэжээ.
Иймд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд хохирол учирсан нь тогтоогдсон, уг хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нь хариуцагч мөн, хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байх ба гэм буруугийн талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.
4.2. Хариуцагчийг ******* ажиллаж байх үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт ******* нь “...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасан ******* нь төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь агуулгын хувьд 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд тусгалаа олсон байна.
Иймд 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны хохирлыг нэхэмжлэгч нь хууль буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
4.3. Дээрх гэм хорын хохирлыг шаардах эрхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг *******ийн *******ны дэргэдэх салбар зөвлөлөөс *******д хүргүүлсэн “2018 оноос хойш ******* тушаалаар ...шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалтанд нөхөн төлбөр олгосон шийдвэрийн хуулбарыг хүргүүлсэн” гэх агуулга бүхий 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичиг /хх-126/ гарсан өдрөөс тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/00119 дүгээр шийдвэрээр *******д 4,488,195 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу ******* 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дугаар тушаал гарч, улмаар 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон бөгөөд энэ үеэс хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх 2002 оны Төрийн албаны тухай хуулиар үүснэ.
Дээрх хохирлыг төлсөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 5 жилийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусах ба нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул 4,488,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хохирлыг төлөх талаар 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 04/1238 дугаартай албан бичгээр /хх-ийн 7/ мэдэгдэж байсан гэх боловч уг мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан талаарх баримтгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн, төрд учирсан хохирол шаардсан энэ маргааны хувьд Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.
5. Шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг талууд зөвшөөрснийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос төрд учирсан хохиролд 4,488,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,761 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА