Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/00963

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02638 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-д хуулийн зөвлөхийн албан тушаалыг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд идэвх чармайлт гарган, удирдлагаас өгсөн үүрэгт ажлуудыг сар бүрийн төлөвлөгөөнд тусгасан болон тайлагнасны дагуу хийж гүйцэтгэж ирсэн.

1.2. 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр компаниас өгсөн үүрэгт ажлуудыг гүйцэтгэж байх үед даралт 165/128, пульс 138 болж гэнэт өсөж, яаралтай эмнэлгийн тусламж авсан. Үүнээс хойш өдөр алгасалгүй эмнэлгээр явж онош тодруулах, цаашлаад амь нас, эрүүл мэндтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмчлүүлэх шаардлага тулгарсан.

1.3. Гэтэл хүний нөөцөөс компанийн нэр хүндийг хууль шүүхийн байгууллагын өмнө унагаасан, ажлаа удаа дараа тасалсан, ажилдаа тэнцэхгүй байгаа зэргээр ярьж ажлаа өгөхийг шаардаж эхэлсэн. Ингээд 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлгээс гараад ажилдаа очиж, эмнэлгийн магадалгаа болон цаашид эмчилгээ хийгдэх болсноо хэлэхэд  хүний нөөцөөс ажлаа өг гэсэн хууль бус шаардлагыг тулгаж, ажил тасалсан, шүүхийн байгууллага дээр компанийн нэр хүндийг унагасан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, ажлын байранд тэнцэхгүй зэрэг асуудлаар ажлаас чөлөөлж байна гэсэн.

1.4. Үүнээс хойш эмнэлгийн магадалгаатай эмчлүүлж байгаа биеийн байдал муу, сэтгэл санаа хямралтай, эмч маш тайван байхыг зөвлөж эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг авч эмчлүүлж байх үед ч хүний нөөц ажлаа өгөхийг шаардсаар байсан. Иймд Хөдөлмөрийн хуулиар олгогдсон ээлжийн амралтыг ч эдлүүлэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаантай буюу өвчтэй байх үед ажлаас чөлөөлсөн нь хууль бус тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн ажил үүргийн гүйцэтгэлийн /*******/ тайланг буруу тайлагнаж, удирдах албан тушаалтан, компанийн удирдлагыг худал мэдээллээр хангасан, итгэл эвдсэн, компанийн мөнгийг хэсэг хугацаанд хувьдаа ашигласан, мөн 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зохих ёсоор зөвшөөрөл, чөлөө аваагүй ажил тасалсан. Мөн хамаарал бүхий компанийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн ажиллаж байхдаа шүүхэд зохих ёсоор хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, компанийн нэр хүндийг унагасан, ажлын гүйцэтгэл хангалтгүй, энэ талаар удирдлагаас тавьсан шаардлага болон компанийн зүгээс зөрчилтэй нь холбогдуулан уулзахад зүй бусаар авирласан зөрчлүүдийг гаргасан.

2.2. Дээрх гаргасан зөрчлүүдийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.

2.3. Дээрх тушаалыг гарсан талаар *******т мэдэгдсэн бөгөөд гардаж аваагүй тул түүнд шуудангаар тушаалыг танилцуулсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг *******-ийн хуульчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 31,685,416 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 316,377 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь цалин хөлстэй холбогдох шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасан олговол зохих цалин хөлс, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин аль нь болохыг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх шийдвэрлэсэн.

Хавтаст хэргийн 168 дугаар талд нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах тухай гэх баримтад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан бичсэн 170 дугаар талд ээлжийн амралт эдлээгүй, ******* цалин хөлсийг дутуу авсан, 171 дүгээр талд дутуу олгосон 1,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх явдал юм.

Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, мэтгэлцээгүй, зарим хэсгийг шийдвэрлэж, заримд нь эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулах нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүйтэй холбоотой юм.

4.2. Хавтаст хэргийн 24-28, 157-162 дугаар талд авагдсан эмнэлгийн магадалгаанууд нь хэзээ олгосон нь эргэлзээтэй, засвартай, 2 өөр оноштой, нэг цаг хугацааны, 2 өөр олгосон огноотой, 2 өөр эмчийн гарын үсэгтэй нэг цаг хугацааны ажлаас чөлөөлсөн эмнэлгийн хуудас байхад шүүхээс тал бүрээс нь бодитой шинжлээгүй байна.

2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас *******-ийн ахлах хуульч *******, Хүний нөөцийн газрын захирал ******* нарыг гэрчээр асуулгах, цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг дахин 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж, эмнэлгийн магадалгаанууд нь Е-Mongolia цахим программд бүртгэгдсэн эсэх цахим бүртгэлийн лавлагаа гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хариуцагчийн гол татгалзал болох худал мэдээллээр хангасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ирүүлсэн баримт, вайбер харилцаа буюу эмнэлгийн актыг тухайн байгууллагад өгч байсан эсэх харилцаа, эмнэлгийн магадалгаа эргэлзээтэй байх тул лавлагаа авах зохигчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

4.3. Хариуцагч нь хариу тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон талаар мэтгэлцсэн атал анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаанд эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Ажил хүлээлцсэн актаар тушаалыг гардан авсан гэж үзэх бөгөөд үүнээс тушаалын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх ч боломжтой. 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг илэрхийлнэ.

4.4. ******* нь *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил болон давтан зөрчлөөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байдаг. Анхан шатны шүүх нь 2024 оны 1 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд ажил тасалсан гэх зөрчлийг уг хугацааны эмнэлгийн акт огтоос байхгүй атал өвчтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүйгээс ажил тасалсан үйл баримтыг бодитой тогтоогоогүй.

4.5. Мөн шүүх *******-ийн ахлах хуульч *******тай бичсэн вайбер харилцаанд үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй. Тус баримтад ******* эмнэлэгт хэвтсэн талаар мэдэгдсэн, тус эмнэлэгт очиход байгаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн мэтээр бичсэн харилцаа байсан талаар хүсэлтдээ дурддаг.

4.6. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан талаарх зөрчил бүртгэлийн хуудас, тус хуудастай ******* танилцаж гарын үсэг зурсан талаар шүүх дүгнээгүй. Зөрчлийн хоёр акт байх бөгөөд сахилгын давтан зөрчил гаргасан үйл баримтын талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлөөс гадна, сахилгын давтан зөрчил гаргасан бөгөөд зөрчил тус бүр зөрчлийн актаар тогтоогдсон байна. Иймд маргааны зүйлийн талаар бүрэн дүгнэлт хийгээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас хууль бусаар чөлөөлсөн *******-ийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б-15 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас чөлөөлснийг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, үүнтэй холбоотой авбал зохих цалин хөлсийг авах зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар гомдол гарган, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Уг шаардлагаа нотлохоор баримтуудыг шаардлага хангуулан хэрэгт өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маш тодорхой байсан ба үүнийг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

Иймд шүүхийг нэхэмжлэгчийн хэд хэдэн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй орхигдуулсан гэх агуулга бүхий гомдол нь огт үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

5.2. Хариуцагчийн төлөөлөгч нь мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүхээс хангаагүй мэтээр гомдол гаргасан байх ба гомдол гаргаж буй хариуцагчийн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс ханган шийдвэрлэж байсан. Мөн шүүхээс *******ад торгуулийн арга хэмжээ авахыг сануулж байсан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч ******* нь удаа дараа хүсэлт гаргахад анхан шатны шүүхээс гаргасан хүсэлт бүрийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшилж байсан. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмнэлгийн магадалгаанууд хэзээ олгосон нь эргэлзээтэй, засвартай, 2 өөр оноштой, нэг цаг хугацааны 2 өөр олгосон огноотой, 2 өөр эмчийн гарын үсэгтэй, нэг цаг хугацааны ажлаас чөлөөлсөн эмнэлгийн хуудастай байна, үүнийг нягтлан шалгамаар байна гэж шүүх хуралдааны үеэр мэтгэлцсэн учир анхан шатны шүүхээс хуралдааныг хойшлуулсан. Гэтэл үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй.

Мөн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр компанийн хуульч *******, хүний нөөцийн мэргэжилтэн ******* нарыг асуулгана, эмнэлгийн магадалгааг олгоод буй эмнэлгүүдтэй өөрийн биеэр очиж уулзан магадалгаанууд хууль ёсных эсэхийг шалгана гэж хурлыг хойшлуулсан боловч гэрч асуулгах хүсэлтээ ч гаргаж өгөлгүй, зөвхөн шүүх хуралдааныг янз бүрийн үндэслэлгүй шалтаг тоочин хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан.

5.3. Хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******г шинээр оруулж, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өмнөх төлөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг давтан гаргасан ба анхан шатны шүүхээс энэхүү хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийг тал бүрээс харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөний улмаас маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд “...ахлах хуульчаар ажиллаж байсан *******гаас гэрчийн мэдүүлэг авхуулах, түүний цахим шууданд *******ээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илгээсэн цахим шуудан, мөн *******, ******* нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцсан вайбер чат, хүний нөөцийн газрын захирал *******ын цахим шууданд *******ээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр илгээсэн цахим шууданд тус тус үзлэг хийлгэх хүсэлт гаргаж /1хх-ийн 240/, эдгээр баримтаар улсын тэмдэгтийн хураамж хожуу төлсөн,  ******* тайлан буруу тайлагнасан, ажил тасалсан зөрчлүүдийг нотлох зорилготой гэж тайлбарлажээ.

Дээрх хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн үндэслэлээ ******* нь шүүхэд гаргах улсын тэмдэгтийн хураамжийг хожим төлсөн, ******* тайланг буруу тайлагнасан, 2023 оны 12 дугаар сарын 28-нд тэмдэгтийн хураамжийг авч тэмдэгтийн хураамжийг шүүхэд төлөхгүй 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн, ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг нотлох зорилготой гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд тус хүсэлтийг хангах үндэслэлгүй байна” гэжээ.

Талууд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийн асуудлаар маргаантай байхад шүүх маргаангүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. /1хх-ийн 244-245 дугаар тал/

3.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “...ахлах хуульчаар ажиллаж байсан *******, хүний нөөцийн газрын захирал ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулах, *******ээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******д, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******д тус тус илгээсэн цахим шууданд, мөн *******, ******* нарын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцсан вайбер чатад тус тус үзлэг хийлгэх хүсэлт /2хх-ийн 11-12/ гаргасан байх ба уг хүсэлтийн үндэслэлээ мөн нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг нотлох зорилготой гэжээ. 

Шүүх дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...*******гаас гэрчийн мэдүүлэг авхуулах, ******* болон ******* нарын харилцсан цахим шуудан, вайберт үзлэг хийлгэх хүсэлтийг урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул эдгээр хүсэлтийг дахин хэлэлцэх үндэсгүй, *******аас гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх үндэслэл тогтоогдоогүй гэж тус тус дүгнэсэн, мөн *******ээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр *******д илгээсэн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцэхгүй байна. /2хх-ийн 18-19 дүгээр тал/

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,377 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.ГАНДИЙМАА