| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01323/И |
| Дугаар | 01131 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 01131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/НЭ2016/01323/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух Ханхөхий овогт Төөрүүлийн Цэендорж, /РД: ЦГ60121904/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Цэендорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Цэендорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын улсын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас халагдсан тушаал бичигдсэн боловч ажлаас халагдсан болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь олдохгүй байна. Тус тушаалыг Увс аймгийн Өндөрхангай аймгийн архиваас шүүлгэж үзэхэд Өндөрхангай сумын хүн эмнэлгийн 1982-1986 оны тушаал, баримтууд манай архивт шилжиж ирээгүй гэсэн хариу өгсөн. Иймд намайг 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан 4 жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Цэендоржийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Т.Цэендорж нь 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын сум дундын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 204 тоот лавлагаа, 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, Фото зураг, гэрч Г.Олонбаярын “...1982 оны 07 дугаар сард би сургуулиа төгсөж ирээд гэр бүлээ Увс аймгийн Баруунтуруун сумаас шилжүүлж авсан юм, тэндээ 1986 он хүртэл ажиллаж байгаад 1986 оны 09 дүгээр сард Т.Цэендорж дээд сургуульд элсэж орсон юм. Тэр үеэс эмнэлэгтээ ажиллахаа болисон, тэр үед сувилагч хийж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч О.Мэндбаярын “...би 1982 онд Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчин хийж байсан, тэр үед Т.Цэендорж ажиллаж байсан юм. Намайг 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрөх үед Т.Цэендорж сувилагч байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ханхөхий овогт Төөрүүлийн Цэендорж нь 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Өндөрхангай сумын сум дундын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Т.Цэендоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА