| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0745/Э |
| Дугаар | 745 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч Ц.Амгаланбаатар, шүүгдэгч Н.Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Наранбаатарын Гэрэлчулуунд холдбогдох эрүүгийн “1909019360741” дугаартай, 185/2019/0745/Э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Брэнд Нью” зочид буудалд менежер ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг, Задгай тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Сайхан булаг хотхоны 2-54 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н. Г /РД:СР9711078/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Н.Гнь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поок” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Жавзмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үснээс нь татаж унагаан чирч биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.Гнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Жазмаагийн: Би 2019 оны 03 дугаар сараас 05 дугаар сар хүртэл хүүхдийн 100-д байдаг ПОКО нэртэй шөнийн цэнгээний газар бүжигчинээр ажилсан. 2019 оны 06 дугаар сарын 10-аас 2019 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө 00-30 цагийн үед хуучин хамт ажиллаж байсан Гэрэлчулуун /өөрийгөө ажил дээр Соко/, Улаанаа 2 манай ажил дээр хамт ирсэн. Би тухайн үед баарны охидуудын өрөөнд байхад гаднаас Улаанаа орж ирээд миний найз Гэрэлчулууныг зодсон байна, энэ тэр гээд Гэрэлчулууныг өмөөрч ирсэн янзтай байсан. Улаанаа надаас чи ягаад Гэрэлчулууныг зодож байгаа юм гээд байсан. Улаанаа намайг хэл амаар доромжилж байгаад чамайг эндээс гарах юм бол ална гэж дайрсан. Би Улаанааг согтуу хэрүүл маргаан хийгээд байхаар нь Улаанааг охидуудын өрөөнөөс гар гэж хэлээд түлхсэн.Тэгсэн Улаанаа намайг зөрүүлээд миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед охидуудын өрөөнд Доржоо гээд залуу, Сарантуяа /хамт ажилдаг эмэгтэй/, Нямцэрэн/баарны эзэн/ нар орж ирсэн. Би тэр хэдийг орж ирэхээс өмнө Мөнхтуултай хамт байхад Улаанаа орж ирсэн. Би босч ирээд Улаанаатай барилцаад авсан. Улаанаа тэр үед надаас заамчихсан байсан. Хүмүүс салгах гээд салахгүй байсан. Бид нар эмэгтэйчүүдийн өрөөнөөс гарах гэж байхад Гэрэлчулуун гарч ирээд миний үснээс зулгаагаад намайг татаад эхэлсэн.Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Би буцаад шууд өрөөндөө орсон. Улаанаа баарны заалан дотор Мөнхтуул болон тэнд байсан хүмүүсийг зодох гэж дайраад байсан гэж Мөнхтуул надад хэлсэн.Тухайн үед Улаанаа намайг өшиглөж өвдгөөр маань газарт унагаасан .Мөн надтай зууралдаж миний гар,бугалга хэсэгт учирсан гэмтлүүдийг учруулсан. Харин Гэрэлчүлүүн миний үснээс зулгааж толгой хавтагсан, мөн миний үснээс татаад угзарсан болохоор миний тархи хөдөлсөн гэх мэдүүлэг. /хх-н-10/,
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сарантуяагийн:..Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон манай ажлын Гэрэлчулуун Жавзмаад зодуулсан гээд байгаа асуудлыг мэдэхгүй. Би тэр үед байгаагүй. Харин 2019 оны 05 дугаар сарын 10-наас 2019 оны 05 дугаар сарын 11-нд шилжих шөнө 00-20:00-40 цагийн үед миний ажиллаж байсан Поко нэртэй бааранд гаднаас ажиллаж байгаад гарчихсан Гэрэлчулуун, танихгүй залуутай орж ирсэн.Танихгүй залуу нь эмэгтэйчүүдийн өрөөнд орж ирээд хэрүүл маргаан хийсэн. Миний бодлоор Гэрэлчулуун 05 дугаар сарын 04-ний өдөр Жавзмаад зодуулчихаад хариугаа авах гэж ирсэн юм шиг байсан. Эхлээд Гэрэлчулууны хамт ирсэн залуу Жавзмаатай маргалдаж байгаад Жавзмааг өшиглөөд газарт өвдөгөөр нь унагаасан. Жавзмаа тэр залуутай нь зууралдаж байхад Гэрэлчулуун Жавзмаагийн үснээс зулгаагаад авсан. Гэрэлчулуун Жавзмаагийн үсийг бүүр гараараа ороож байгаад татсан. Жавзмааг Гэрэлчулуун үсдчихсэн байхыг нь тэнд байсан хүмүүс арай гэж тавиулсан гэх мэдүүлэг. /хх-н 14,
2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхтуулын:..Би мэдэж байгаа хоёуланд нь би байсан. 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө манай бааранд ажиллахаар Гэрэлчулуун гээд эмэгтэй ирсэн.Тэр үед Гэрэлчулуун бага зэрэг согтуу байсан. Тухайн үед манай захирал Даваадолгор ажлын шаардлага тавьсан боловч Гэрэлчулуун маргалдсан. Тэр үед Гэрэлчулуун, захирал бид 3 байсан. Захирал Даваадолгор гараад явсан. Гэрэлчулуун надтай маргалдаад байхаар нь би гараад явсан. Миний араас Гэрэлчулуун стикан авч шидэж хагалсан. Жавзмаа, захирал Даваадолгор бид нар юм хагарах чимээнэээр эмэгтэйчүүдийн өрөөрүү ороход Гэрэлчулуун манай захирал руу арчаагүй пизда гэх мэт харааж, хэл амаар доромжилсон.Тэгсэн Жавзмаа захирал Даваадолгорыг өмөөрөөд
Гэрэлчулууныг эхлээд нүүр хэсэгт нь гараараа алгадсан. Жавзмаа Гэрэлчулуун хоёр нэгнийхээ үснээс зулгаагаад байсан. Тэр үед Даваадолгор би нар салгасан. Тэгэхэд ажилд орно гээд ирчихсэн хоёр залуу байсан .Тэр 2 залуу бас салгалцсан. Ийм л зүйл болсон. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 00:30 цагийн үед баарны эмэгтэйчүүдийн өрөөнд гаднаас зүс таних урд нь хамт бужиглэж байсан / Улаанаа гээд залуу ороод ирсэн.Тэр үед эмэгтэйчүүдийн өрөөнд Жавзмаа бид 2 байсан. Улаанаа орж ирээд шууд Жавзмаа руу дайраад чи яагаад манай найз Гэрэлчулууныг зодоод байгаа юм гэж хэлсэн. Жавзмаа Улаанааг чи эмэгтэйчүүдийн өрөөнөөс гар гэсэн. Би хажуунаас нь Улаанаад чи эмэгтэй хүнийг ингэж хэл амаар доромжилж, зодож болохгүй гэсэн. Жавзмаа Улаанааг түлхэхэд Улаанаа зөрүүлээд хөлөөрөө Жавзмаагийн элэг рүү өшиглөсөн. Жавзмаа Улаанаад элэгдүүлээд 2 өвдгөөрөө унасан.Би өрөөнөөс гарч хүн дуудах гэтэл Гэрэлчулуун өрөөнд орж ирээд Жавзмааг үсдээд хаалга руу чирсэн. Улаанаа бас хүүмүүс рүү дайрж байсан. Улаанаа салгах гэж байсан хүмүүс рүү бас дайрсан.Тэгээд ерөнхийд нь авч гараад салгах гэж ороод Улаанаад цохиулж, үсдүүлсэн гэх мэдүүлэг. /хх-н 15-16/,
2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Мягмардоржийн:.. Би 2019 оны 05 дугаар сарын 10-аас 2019 оны 05 дугаар сарын 11-нд шилжих шөнийн 23:30 цагийн үед Соко /Гэрэлчулуун гэдэг нэртэй/ хуучин хамт ажиллаж байсан охинтой уулзаад нэг найзынхаа гэрт 3-уулаа 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад гарсан. Тэгээд Гэрэлчулуун бид хоёр 00:30 цагийн үед Хүүхдийн 100-д байдаг Гэрэлчулуун ажиллаж байгаад гарсан Поко нэртэй тайчих үзүүлбэр үзүүлдэг газарт суухаар орсон. Би Поко бааранд ороод шууд бүжигчин охидуудын өрөөрүү орсон. Гэрлчулуун Текэн дээр нь юм яриад үлдсэн. Намайг ороход өрөөнд Марал Жавзмаа, Ану, Мөнхтуул нар байсан. Би Мөнхтуултай сайн уу? гээд юм ярьж байгаад Жавзмаагаас сайн уу? чи дээр яасан, Гэрэлчулуунтай маргалдсан байсан гээд ярьж байтал Жавзмаа уурлаад миний цээж рүү түлхсэн. Би зөрүүлээд Жавзмаагийн цээж рүү түлхсэн. Жавзмаа намайг үсдээд миний нүүрэнд маажихаар нь би Жавзмааг чи яахаараа миний толгойд хүрдэг юм гэж хэлээд Жавзмаагийн цамцнаас зуурч байгаад хөлөөрөө хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Жавзмаа надад өшиглүүлээд газарт өвдөглөөд унасан. Жавзмаа бид хоёр салчихсан байхад миний араас хамгаалагч гээд залуу намайг цохиод надтай зууралдаж байх үед өрөөнд Гэрэлчулуун орж ирээд Жавзмаагийн үснээс нь зулгаагаад үүдрүү чирсэн. Мөнхтуул нь Гэрэлчулуунтай зууралдаад үснээс нь зулгааж байсан.Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан гэх мэдүүлэг. /хх-н 17/,
2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Даваадолгорын:..Би 2019 оны 05 дугаар сарын 10-наас 2019 оны 05 дугаар сарын 11-д шилжих шөнө ажиллаагүй амарч байсан. Миний сонсоноор бол Гэрэлчулуун, Улаанаа гэдэг эрэгтэй найзтайгаа манай бааранд ирж Жавзмаатай хэрүүл зодоон болсон гэсэн.Тэр үед манай хамгаалагч тэр хэдийг салгасан байх гэх мэдүүлэг. /хх-н 18/,
2.5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн №5810 тоот актын:
1.Б.Жавзмаагийн биед тархи доргилт,баруун чамархайн хуйхы зөөөлөн эдийн няцрал,баруун өвдөгт зулгаралт,зүүн шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт. /хх-н 05/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.хохирогч Б.Жавзмаагийн мэдүүлэг, гэрч С.Сарантуяагын мэдүүлэг, гэрч Д.Мөнхтуулын мэдүүлэг, гэрч Ц.Мягмардоржийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 5810 дугаартай дүгнэлт зэрэг болно.:
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Гнь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Поок” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Жавзмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үснээс нь татаж унагаан чирч биед нь тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Жавзмаа, гэрч С.Сарантуяа, Д.Мөнхтуул, Ц.Мягмардорж, Г.Даваадолгор нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5810 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Энхмаад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Гэрэлчулууныг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1.Шүүгдэгч Боржигон овогт Н.Г г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Г оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Гнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ