Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэчийн өмгөөлөгч Ж. Х, А.Г

Гэрч Б.Э

Шүүгдэгч С.С, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Б, Ж овогт С.С нарт холбогдох эрүүгийн 1819.0029.90152 тоот хэргийг 2019 оны 06 сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11-р хороонд оршин суух, Ж овогт С.С,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн С сумын З-д төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19-р хороонд оршин суух, Б овогт М.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 16-ны өдөр М.Б-тай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 16-ны өдөр С.С-тай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 сарын 02-ны шөнө манай нөхөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу хүн зөөж ирчихээд гэртээ хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 09 сарын 03-ны өдөр надад хэлэхдээ “Б надад нэг хятад хүнийг өгч явуулсан” гэхээр нь би “чи хэзээ байтлаа Б-с хүн авч явдаг болчихсон юм” гэж хэлээд нөхрийнхөө утсыг шүүрч аваад үзтэл манай нөхөр лүү 3 удаа Б залгаад ярьчихсан байсан юм. Тэгэхээр нь би уурлаад “чи одоо байтлаа бүүр Б-тай холбогддог болоо юу, яах гэж чам руу ийм олон удаа залгасан юм, чиний муухай зан чинь хөдлөж байгаа юм уу” гэж хэлтэл “үгүй ээ үгүй Б надад нэг хятад хүн өгч явуулсан юм. Өөр зүйл байхгүй” гээд бид хоёр хэрэлдсэн юм. Тэгээд миний уур хүрээд байсан болохоор Б руу залгаад “чи яах гэж манай нөхөр лүү залгаад байгаа юм, бид нар чамтай холбоотой баймааргүй байна, чамайг ямар гэдгийг чинь мэднэ шүү” гэсэн чинь “би танай нөхөрт хүн өгөх гэж л ярьж холбогдсон, өөр зүйл байхгүй, чи ер нь юу гээд байгаа юм, чи угаасаа муухай харагддаг шүү дээ” гэсэн юм ярьсан. Тэгээд 2018 оны 10 сарын 10,11-ний аль нэг өдөр нь би Улаанбаатараас хүн аваад Замын-Үүд сум руу явж байгаад түлшээ нэмэх гээд Сайншанд сумын 100-ын ШТС-аас бензин авах гээд зогстол урд Б явж байсан. Тэгээд бид хальт хальт тааралдсан юм. Тэгтэл Б намайг харчихаад бушуухан яваад өгсөн. Тэр үед бид хоёр уулзаж маргалдаж муудалцаагүй. Тэгээд 2-3 хоногийн дараа миний утсанд “тэнэг авгай минь чамаас айгаад дуугүй болчихлоо гэж битгий бодоод байгаарай, цагдаа дээр очих зав үнэндээ олдохгүй байна, бичсэн месежүүдийг чинь хуулбарлаад авчихсан байгаа, хэрэг хуучирдаггүй юм шүү” гэсэн утгатай мессэж ирэхээр нь би “чиний тухай юу ч бодоогүй би хүн айлгадаг хүн нь биш, адилхан замд явж үйлээ үздэг байж би чам шиг биш өгөх хүнээ чавчихгүй өгөөд явуулчихдаг юм за, чи зүгээр өөрийнхөө замаар л яв за би чамтай харьцмааргүй байна” гэхчлэн мессежээр хэрэлдсэн юм. Тэгээд би 2018 оны 10 сарын 16-ны шөнө Замын-Үүдээс хүмүүсээ авчихаад Улаанбаатар хот руу хөдлөсөн юм. Тэгээд замдаа Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэс ШТС дээр шөнө 04 цагийн үед зогсож түлшээ дүүргэж байтал Б-н машин байгаа харагдсан. Тэгээд би бензинээ авчихаад Т ШТС-ын цайны газар луу орж цай уух гэж байтал Б миний өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би “Б хоёулаа ийшээ бие засангаа уулзаадахъя” гэтэл “чи ер нь юу солиороод байгаа юм” гэж хэлсэнээ өөр юм хэлэлгүй шууд миний цамцнаас заамдаад авсан. Уг цамцны зах нь сунаад урагдчихсан. Тэгэхээр нь би “чи болиочээ” гээд гарнаас нь татах гэтэл шууд намайг үсдчихээр нь би нөхөр лүүгээ “Т чи энийгээ аваачээ” гээд орилсон. Тэгтэл Т гүйж ирээд араас нь ШТС-ны түгээгч нар хүрч ирээд бид хоёрыг салгасан юм. Б намайг үсдчихсэн байсан болохоор нь би болиоч гэж хэлээд гараараа нүүр лүү нь сарвайсан болохоор нүүр хэсгийг нь маажсан байх гэж бодож байна. Өөрөөр бол Б-г цохиж зодсон зүйл байхгүй. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгасны дараа би нөхөртөө уурлаад “чамаас болж дандаа ийм заваан асуудалд хутгалдах юм” гэж хэлчихээд машин руугаа явж байтал араас гэнэт Б миний үснээс зулгаагаад газар луу савцан. Тэгэхэд л миний толгой хагарсан. Тэгээд миний толгой эргээд босч чадахгүй газар 3-4 минут хэвтэж байтал миний цаахан талд гар утас маань уначихсан байгаа харагдахаар нь мөлхөж очиж авчихаад 102 луу залгаж тусламж дуудсан гэжээ. /1-р хх-ийн 51-52/

Шүүгдэгч С.С шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Б-тай ШТС-ын цайны газрын үүдэн дээр таарсан. Тэгээд уулзая гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод миний фудболкноос заамдаад авсан. Тэгээд миний үснээс зулгаагаад доош нь дарсан би тавиулах гэж өөдөөс нь гараараа савчсан. Энэ үед Б-н нүүрэнд хумсаараа урсан. Мөн хөлөөрөө Б-н хөл, гуя руу нь өшиглөсөн байх. Б их хүчтэй, намайг савчаад байсан. Тэгээд би нөхрийгөө дуудаад Б-с салах гэж нэлээд зууралдаж байгаад тавьсан. Тэгээд би нөхөртөө уурлаад “чамаас болж ийм юм болж байна” гэж хэлээд уурлаад уйлаад машин руугаа явж байтал Б араас ирж үсдээд дугтарсан. Энэ үед нь би ар дагзаараа савж унасан. Унаад босч чадахгүй толгой манараад нэг хэсэг ухаан балартсан. Тэгээд арай гэж босоход толгойн араас хүйтэн сэнгэнээд байхаар нь гараараа дарж харахад цус гарч байсан. Унасан газраа харахад нил цус болсон байсан. Тэгээд цагдаа түргэн дуудсан. Манай нөхөр Т Б-г зодоогүй, харин намайг газар хэвтэж байхад Б-г “тэр хүнээ очиж босго, тэр хүн чинь үхчихлээ ш дээ” гээд хашгирч байхыг нь би сонссон. Б-н биед учирсан гэмтэлийг би бие хамгаалах үедээ учруулсан. Буруугаа хүлээж байна гэв. 

  Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын сүүлээр байхаа орой 06 цагийн үед Т гэдэг хүн лүү нэг удаа яриад “миний машинд хятад хүн байнаа, та аваад хот явах уу” гэж асуутал “би хүнгүй байна, гэхдээ ямар ч байсан хот руу явна” гэхээр нь би Т-д тэр хятадыг аваачиж өгчихөөд байрлаж байгаа буудал руугаа яваад тэндээ хоносон юм. Тэгж л нэг удаа анх би Т-тай ажлын шугамаар ярьсан. Ахиж огт холбогдоогүй байж байтал 2018 оны 09 сарын 5, 6-ны аль нэг өдөр нь 9919...тэй дугаараас над руу 18 цагийн үед залгаад “би Т-н эхнэр С байна, чи манай нөхөр лүү яагаад 3 удаа залгасан юм, ямар учраас яах гээд залгаад байгаа юм, битгий манай нөхөр лүү залгаад бай” гэхээр нь би “би танай нөхөрт нэг хятад зорчигч өгөх гэж л нэг залгасан, өөр ахиж залгаагүй, чи юу яриад байгаа юм” гэсэн чинь “манай нөхөр чамаас хүн авахгүй, чи битгий залга” гээд шалгаагаад байхаар нь миний уур хүрээд “танай нөхөр лүү залгасан хүн ер нь яадаг юм, би нэг удаа залгаж зорчигч өгсөн” гээд баахан хэрэлдсэн юм. Мөн энэ хэрүүл болсны дараа үргэлжлүүлэн тэр өдрийнхөө орой утасны мессежээр бас баахан хэрэлдэж байгаад хаячихсан. Тэгтэл 2018 оны 10 сарын 03-ны өдөр Сайншанд сумаас Замын-Үүд рүү явах зам дагуу байдаг хувийн ШТС дээр би зогсож бензин авч байтал ... дугаартай хар өнгийн автомашинтай С уг ШТС дээр ирж таарахад нь би муухай харчихаад явж байхдаа С-н утас руу “чиний бичсэн мессэжүүдийг надад байгаа чи арай намайг өөрөөс чинь айж байна гэж бодоогүй биздээ, би тэр мессэжүүдийг чинь завтай болохоороо цагдаад аваачиж өгнө” гэсэн утагтай мессэж бичсэн юм. Тэгээд дахин С-тай таараагүй. 2018 оны 10 сарын 16-ны үүрээр 04 цагийн үед Сайншанд сумын Т ШТС дээр зогсож хоол идчихээд байж байтал 04 цаг 30 минутын үед С араас бензин авах гээд ШТС дээр мөн ирсэн. Тэгэхээр нь би хамт явж байсан нэг жолоочдоо “С авгай ирчихлээ одоо бас бөөн хэрүүл болно би явлаа” гэж хэлчихээд машин руугаа явж байтал С над руу хүрч ирээд намайг мөрөлчихөөд “чи дээр дахиж таарахгүй юм шиг юу гээд олон юм яриад байсан бэ. Ийшээ яваад уулзая” гэхээр нь “би чамтай ярих юм байхгүй, чи бид хоёрын хоорондох асуудлыг шийдүүлдэг газар нь очиж шийдүүлнэ” гэтэл “чи ямар овоо юм бэ. Одоо хэл гэж байна” гээд надаас татаж чангаагаад элдвийн зүйлээр хараагаад явуулахгүй байсан. Тэгээд С-тай зууралдаж байтал нөхөр нь хүрч ирээд намайг тэвэрч аваад “та 2 болиоч” гээд миний нүүр лүү цохихоор нь би уначихсан. Тэгсэн С хүрч ирээд нөхөртэйгээ нийлж зодсон. Яг хаашаа хэн яаж цохисныг нь бас яг санахгүй байна.  Ямар ч байсан миний нүүр, салтаа, хөл зэрэг рүү цохиж зодсон. Харин би зодуулчихсан учраас уур хүрээд биеэ хамгаалах гэж нөхрийх нь нүүрийг самардсан юм. Мөн С-н үснээс нь зулгаатал С хальт гишгээд хойшоогоо саваад уначихсан. Тэгэхэд толгой нь хагарчихсан байх гэжээ. /1-р хх-ийн 55-56/

  Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би С болон түүний нөхөр хоёрыг танихгүй. Нөхөр нь Улаанбаатар, Замын-Үүд хооронд хүн тээвэрлдэг гэдгийг мэднэ. Ви чатаараа хүн авна гэсэн зар тавьдаг учир мэднэ. 2018 оны 08 сарын сүүлээр нэг удаа Тулгуур луу яриад нэг хятад хүн байна та аваад явчих уу гэж л утсаар нь залгаж ярьсан. Өөр ямар нэгэн асуудал байхгүй. Гэтэл С эгч үл ойлголцлоос болж надтай ШТС-ын цайны газрын үүдэнд таараад хэл амаар доромжлоод байсан. Өмнө нь энэ асуудлаас болж мессежээр бид хоёр муудсан байсан юм. Би 4 жил хүн тээврийн ажил хийж байна. Хэн нэгэнтэй муудаж байсан асуудал огт байхгүй. Тэгтэл С, нөхөртэйгөө хамт намайг зодсон. Т нь миний нүүр лүү цохисон. С-н биед учирсан гэмтэл миний үйлдлээс болсон нь үнэн. Гэхдээ би эрэгтэй хүнд цохиулсандаа гомдолтой байна. Миний буруу байхгүй байсан гэв.

Хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Намайг С өвөр монгол нөхөртэйгээ нийлж зодож миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан ба мөн намайг элдвийн муухай үгээр хэлж доромжилсон учраас гомдолтой байна. Би нөхөртэй нь огт уулзаж харилцаа холбоотой байгаагүй. Намайг нөхөртэйгээ хоосон хардсаны улмаас маргалдаж зодолдсон. Энэ маргаан зодооны улмаас миний биед гэмтэл үүссэнээс болж би эмнэлэгт үзүүлэх санаатай Улаанбаатар хот руу өөрийн машиндаа 100,000 төгрөгөөр бензин хийж очсон. Тэгээд люкс мед эмнэлэгт тархины зураг авахуулж үзүүлэхэд 110,000 төгрөг болсон, Улаанбаатараас Сайншанд сум руу очих гэж дахин машиндаа 100,000 төгрөгөөр бензин хийсэн. Мөн нүүрэндээ 90,000 төгрөгөөр соривны тос авч түрхсэн, Самсунг Эс-6 Эджи маркийн гар утасаа зодооны үеэр алга болгосон 2017 оны 01 сарын 20-нд 500,000 төгрөгөөр авч байсан. Эдгээр хохирлуудаа гэм буруутай хүмүүсээс гаргуулж авмаар байна гэжээ. /1-р хх-ийн 9-10/

Хохирогч С.Б шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: С-с нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй. Гэхдээ Т намайг цохисонд гомдолтой байна гэв.

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Зүүн гарын бугалга хөхөрсөн, миний толгой хагарсан, өгзөгний зүүн талын хонго мах хөхөрсөн, зүүн гарын алганы ар хэсэгт хөхөрсөн, духны зүүн чамархай хавдсан, толгойн дагзны ар хэсгээс үсдсэн учир хуйх маань хөндийрчихсөн гэмтлүүд тухайн үед үүссэн байсан. Үүнийгээ шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Надтай зүй бусаар харьцаж намайг гэмтээсэнд Б-д гомдолтой байна. Энэ асуудлаас болж би эмнэлэгт үзүүлж баахан явж 400,000 төгрөг зарцуулсан ба бүх баримтыг өгч хэрэгтээ хийсэн. Энэ зардлуудыг маань төлчихвөл надад илүү дутуу гомдол санал байхгүй гэжээ. /1-р хх-ийн 11-12/            

Хохирогч С.С шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдол байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, оёдол тавиулсан, томограф зураг авахуулсан гээд нийт 3,700,000 төгрөгийн зардал гарсан. Үүнийгээ нэхэмжилж байна гэв.

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би Сайншанд сумаас Замын-Үүд сум руу явах замд байдаг Т ШТС-д ажилладаг юм. 2018 оны 10 сарын 16-ны шөнө өөрийн ажлын байран дээрээ хамт ажилладаг М.Г-тай хамт байж байгаад шөнө 03 цагаас эхлэн түр амрах гээд байр луугаа ороод түр унтаж байсан юм. Тэгтэл 04 цагийн үед байхаа яг сайн санахгүй байна багцаагаар л хэлж байна унтаж байхад нойрон дунд хүмүүс орилолдоод байх шиг санагдсан. Тэгэхээр нь би М.Г-г кино үзээд байгаа юм байна гэж бодоод нойрноосо сэрээд гадагш гартал манай ШТС-ын зүүн талд шатахуун хадгалдаг хашааны хажууд эрэгтэй 1 эмэгтэй 2 хүмүүс хоорондоо зодолдсон байдалтай нэг эмэгтэй нь газар хэвтчихсэн нөгөө эмэгтэй эрэгтэй 2 нь хоорондоо зууралдчихсан яг ямар байдалдтай зууралдчихсан байсныг нь би сайн санахгүй байна. Ямарч байсан зууралдчихсан байсан тэгтэл намайг гарч ирснийг М.Б хараад зодуулсан байдалтай үс энэ тэр нь сэгсийчихсэн баруун хацар нь самардуулчихсан байдалтай нөгөө залуутай хамт зууралдчихсан над руу хүрч ирсэн ба манай түгээгч тэр үед мөн машинуудад шатахуунаа хийж өгчихөөд хүрээд ирсэн. Тэгсэн М.Б надаас энэ залууг салгаад өгөөч тэгэх үү цагдаа дуудаад өгөөч гээд олон дахин хэлээд гуйгаад байсан. Тэр үед нөгөө залуу нь М.Б-г чи яахаараа миний дугаарыг мэддэг юм би чамд дугаараа өгөөгүй ш дээ яагаад үүрээр над руу залгасан юм гээд загнаад байсан. Тэгэхээр нь би М.Г-тай нийлж байгаад М.Б-тай зууралдчихсан байгаа ахыг салгах гэтэл нөгөө ах М.Б-н нүүр хэсэг рүү баруун гараараа маш хүчтэй алгадчихаад цааш явж газар хэвтэж байсан эмэгтэйгээ босгож байсан. Би тэр хооронд буцаад байр руугаа орж цагдаа руу залгаж дуудлага өгчихөөд гараад иртэл тэр хэд гадаа байхгүй дэлгүүр дотор орчихсон бөөн хэрүүл шуугиан болгож байсан тэгтэл удалгүй цагдаа нар хүрч ирээд тэр хэдийг дэлгүүрээс гаргаад аваад явах хооронд М.Б-г нөгөө настай эмэгтэй чи муу янхан хужаа нартай явалддаг банзалтдаг гэсэн утгатай юм хэлээд загнаад байсан. Энэ үед М.Б нээх олон юм ярихгүй ганц нэг үг хэлээд байсан тэгээд аваад явсан даа. Би М.Б-г бол зүс танина. Яагаад гэвэл манайхаас байнга шатахуун авдаг байсан юм тэгэж л нэг зүс таньдаг болсноос биш айхтар мэддэг асуудал байхгүй би нэрийг нь ч мэддэггүй байж байгаад энэ асуудал болсны дараа хүнээс олж мэдсэн харин М.Б-тай маргалдаад байсан настай эмэгтэйг бол огт танихгүй ээ. Тэр өдөр л анх харсан. Манай ШТС нийт гаднаа 3 ширхэг камертай ба нэг камер нь шатахуун түгээдэг төхөөрөмж рүү харсан 2 дахь камер нь тосны өрөө рүү харсан 3 дахь камер нь шатахуун хадгалдаг сав руу харсан байдаг. Яг зодоон маргаан үүссэн гэх газар руу 3 дахь камер чиглэсэн боловч тэр хүмүүсийн үйлдэл уг камерын хяналтын бүсэд огт үзэгдэхгүй байсан. Тэгээд ч манай камерын хаард диск 10 хоног хадгалдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 26 ны өдөр бүх бичлэгүүд устсан байгаа юм тэгэхээр дахин шүүж харах боломжгүй гэсэн үг. М.Б-тай хэрэлдэж маргалдаад байсан гээд байгаа настай эгч бол маш түрэмгий хэл амаар М.Б-г доромжилж байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 13-14/

Гэрч Б.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр би Г-тай хамт гарч байсан юм. Бид нар хоёр хоёроороо гардаг учир ээлжилж 2 цагийн зайтай амардаг юм. Тухайн үед шөнө 4 цагийн үед би амарч байсан юм. Тэгтэл гадаа хүмүүс шуугилдаад байсан. Намайг босоод хартал нэг эмэгтэй газар хэвтчихсэн, нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн зууралдсан байдалтай байсан. Эрэгтэй хүнтэй зууралдаж байсан нь Б байсан. Б салгаад өгөөч гээд гуйгаад байсан. Би явж очоод зууралдаж байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг салгах гээд чадахгүй байсан. Би бодохдоо эхнэр нөхөр хоёр муудаж байна гэж ойлгосон. Г шатахуун түгээж байсан. Салгаж чадахгүй байсан учир цагдаа дуудсан. С, нөгөө эрэгтэй хоёр Б-г хэл амаар их доромжилж байсан. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө тэр эрэгтэй хүнийг Б-г цохисон гэж би буруу харсан байна лээ. Цохисон үйлдэл болоогүй. Харин зууралдаад байсан гэв.    

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Тэр шөнө М.Б манай эхнэртэй үс үснээсээ зулгаалдчихсан байж байхад нь би машинаасаа бууж ирээд больцгоо гэж хэлээд хоёуланг нь цааш нь түлхсэн. Мөн М.Б нь манай эхнэрийн дагз хэсгийн үснээс нь татаад хойш нь газар унагааж толгойг нь хагалчихаад ШТС-ын түгээгч нар дээр оччихсон байсан. Тэгээд би эхнэрээ босгох гэсэн боловч ухаангүй толгойны ар хэсэг нь нил цус болчихсон байсан тэгэхээр нь би маш их айгаад үхчихлээ гэж аймар айсан ухаан санаа балмагдчихсан М.Б луу явж очоод зүүн гарных нь ар хэсгийн куртикнээс нь зуураад “чи явж унагасан хүнээ босго тэр хүн чинь үхчихлээ ш дээ, чи эмч дуудаж эмнэлэгт үзүүл анхны тусламж хий” гэж хэлээд татаад явах гэтэл явахгүй байсан. Гэтэл хажуунаас түгээгч нар та яах гээд байгаа юм бэ гээд хамгаалаад байхаар нь би наад эмэгтэйг чинь яав л гэж дээ тэр газар уначихсан байгаа хүнийг босгуулах гээд байна худлаа гэвэл та нар ч гэсэн очиж хар гэхэд мөн л М.Б-г явуулахгүй байсан. Тэгэхэд би М.Б-г алгадчихсан байж магадгүй бас алгадаагүйч байж магадгүй яагаад гэвэл тухайн үед би эхнэрээ үхчихсэн байна гэж бодоод аймар айчихсан ухаан балмагдчихсан юу хийж явснаа бүдэг бадаг л санаж байгаа. Тэгээд цааш явж газар уначихсан байсан эхнэр дээрээ очиж эхнэрээ өндийлгөж суулгасан юм. Өөр бусдаар бол огт гар хүрээгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /1-р хх-ийн 17-19/

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: M.Б нь миний төрсөн ээж бөгөөд би эцэг эхээс ганцаараа би ээж Б-н хамт амьдардаг. Аав маань намайг бага байхад салсан одоо хаана явааг нь мэдэхгүй байна. Хувиараа ээж маань тоёота альфард маркын авто машинаар Улаанбаатараас Замын-Үүд хооронд хүн тээвэрлэдэг ажил эрхэлдэг. Одоо би 20 настай бөгөөд би МУИС-ын хоёр дугаар курсын оюутан ба ээж маань миний сургалтын төлбөр болон миний бүхийл зүйлийг авч өгч өдийг хүртэл намайг ганцаараа өсгөсөн. Миний ээж архи тамхи хэрэглэдэггүй муу зуршилгүй хүнд тусархаг хүн. Миний ээж төлөв томоотой хүн бусадтай эв зүйтэй нийтэч байдаг хүн. Миний ээж өдий болтол намайг өсгөж хүмүүжүүлэхийн төлөө ганцаараа энэ амьдралыг босгож намайг одоо сургуульд сургаж сургалтын төлбөрийг маань төлдөг ганц хүн ээж маань. Бусадтай өмнө нь огт хэрэлдэж маргалдаж байгаагүй ба цагдаагийн байгууллагад ээж болон би анх удаа ирж байна гэжээ. /1-р хх-ийн 20-21/

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би С-тай 1980 оноос хойш одоог хүртэл найзлаж байгаа юм. С.С нь 1980 онд сургуулиа төгсөөд миний ажиллаж байсан 46 дугаар сургуульд багшаар ирж бид хоёр анх танилцаж байсан юм. Тэр цагаас хойш бүхий л цаг хугацааг хамтдаа туулж явсан юм. 1980 оноос өмнө байхаа яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна ямарч байсан надтай танилцахдаа нөхөртэйгөө нэг хүүхэдтэй байсан тэгээд 1990 онд зах зээл эхлэх үед бүхий л хүмүүс наймаа хийнэ гэж байхад манай найз С.С ажлаасаа гараад наймаа хийж эхлэсэн. Тэгээд наймаа хийж байх үедээ хуучин нөхрөөсөө салаад 1994 онд ӨМӨЗО-ны Т гэх хүнтэй суучихсан нэг хүүтэй болчихсон байсан. Тэгээд өдийг хүртэл амьдрахын тулд нөхөрийгөө дагаад хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Тэгээд 2017 оноос байхаа хувиараа нөхөртэйгөө Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хооронд хүн тээвэрлэдэг ажилтай болсон байсан. Тэгж яваад л ийм асуудалд орчихсон юм шиг байна. Уг нь манай С.С их ухаантай хөгжилтэй шүлэг энэ тэр бичдэг амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй жинхэнэ эмэгтэй хүн байгаа юм даа. Ингэж хүнтэй зодолдох хүн биш дээ. Т манай найзтай 1994 онд танилцаж 1 хүүтэй болж гэр бүл болцгоож одоог хүртэл хамтдаа амьдарцгааж байгаа юм. Ер нь би энэ нөхөрт нь дургүй энэ талаараач С-д удаа дараа хэлж байсан, яагаад дургүй гэвэл манай найзд ямарч халамжгүй, хайргүй, зодож нүдээд гар хүрээд байдаг. Өөр хүүхэн шуухантай явж манай найзыг зовоогоод байдаг болохоор нь би их дургүй байсан юм. 2011 онд байхаа Т нь 1 зэрэг хоёр хүүхэнтэй явалдаж байгаад С.С-д баригдаж байсан удаа бий. Тэрнээс хойш С.С нөхөрөө хардаад байдаг болчихсон юм.  Өөр бусад нарийн ширийн юмийг нь би хэлж мэдэхгүй байна. Би уг нь найздаа энэ хятад хүнээсээ салчихаач чи ийм хүнтэй суух хүн биш шүү дээ гэж хэлэхээр нэгэнт үр хүүхэдтэй болчихсон босгосон амьдралаа нураагаад яахав дээ гэж хэлээд салдаггүй юм байна лээ хөөрхий минь гэжээ.  /1-р хх-ийн 22/

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: Би яг юу болсон талаар мэдэхгүй 2018 оны 02 сарын 16-нд өглөө манай төрсөн ах надад хэлэхдээ ээж өчигдөр Сайншанд явж байгаад хүнтэй муудалцаад хүнд зодуулад толгой тархинаас нь цус гараад ухаангүй хэвтсэн байна. Тэгээд Сайншандын эмнэлэгт байгаа юм байна гэж надад хэлсэн. Тэгэж л анх мэдсэн дээ. Манай ээж ... оны ... сарын ...-нд Б аймгийн төвд аав С ээж  Б нарын охин болж мэндэлсэн юм. Манай ээж эхээс хоёулаа өргөмөл хоёр нийлээд дөрөвүүлээ ба бүгд эмэгтэй. Тэгээд А аймгийн төв Ц хотод 1967-1977 онуудын хооронд ЕБ-ын сургуульд элсэн орж 10-р анги хүртлээ сурж төгсөж байсан. 1977-1982 онуудад Улаанбаатар хотын МУИС-д Монгол хэл уран зохиолын багшийн ангид элсэн орж амжилттай төгсөөд 1980-1990 онуудын хооронд Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ... дугаар дунд сургуульд хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад гараад 1990-2011 онуудын хооронд наймаа хийж амьдардаг байсан. Тэгээд 2011 оноос хойш 2016 он хүртэл тогтсон ажил төрөл хийхгүй хувиараа янз бүрийн  ажил төрөл хийж байгаад Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хооронд хувийн машинтай хүн тээвэрлэдэг болсон юм. Манай ээж миний аав Т гэж хүнтэй 1997 онд танилцаж гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд 1992 онд салаад 1994 оноос Т гэх нэртэй Өвөрмонгол хүнтэй БНХАУ-д наймаа хийж явахдаа танилцаж гэр бүл болон өдгөө нэг гэрт хамт амьдарч ажиллаж байгаа юм. Манай ээж ааш зангийн хувьд шударга талдаа хүнийг ардаас нь муулахгүй бодсон санасан зүйлээ шуудхан нүүрэн дээр нь хэлчихдэг эмэгтэй хүнийхээ хувиас мэдээж жоохон ааштай архи тамхи алийг нь ч огт хэрэглэдэггүй. Харин ийм зодоон нүдээн хийж цагдаа сэргийлэх болж явж байгаагүй тийм л хүн байгаа юм даа. Манай ээжтэй хэрэлдэж маргалдсан гэснээс өөр юм мэдэхгүй. Т нь манай ээжтэй 1994 онд анх танилцаж гэр бүл болж байсан 1995 онд нэг хүүтэй болсон. Тэгээд л одоог хүртэл нэг гэрт хамтдаа амьдарцгааж  байгаа хүмүүс. Манай хойд эцэг Т нь ӨМӨЗО-ны иргэн байгаа юм. 2013 оны хавьцаа байхаа яг сайн санахгүй байна. Дарханы нэг хүүхэнтэй орооцолдож байгаад ээжид баригдаад баахан асуудал болж байсныг нь л мэдэх юм байна. Өөр зүйлийг нь тийм сайн мэдэхгүй юм байна. Ер нь бол өмнө нь ээжид баригдаж байсан болохоор ээжийн сэтгэлд нь жоохон хардалт байдаг байх гэж бодож байна. Тэрэндээ болоод аавыг хардаад байдаг болов уу даа гэжээ. /1-р хх-ийн 23-24/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд замаараа манай ШТС-аас шатахуун авдаг болоод л би зүс танидаг болсон юм. Би М.Б-н нэрийг мэддэг байсан. Харин нөгөө хоёрын нэрийг нь бол огт мэддэггүй байсан. Би тус өдөр Б.Э гээд хамт гардаг түгээгчтэйгээ ээлжинд гарч байсан юм. Тэгтэл шөнө цагийг нь санахгүй байна. Ямарч байсан үүрээр Б машинтайгаа нэг зорчигчтой шатахуун авах гэж хүрч ирсэн. Тэгээд шатахуун авчихаад машинаа холдуулж тавьчихаад цайны газар луу ороод байж байсан юм. Тэгтэл  Б-н араас 20-30 минутын дараа нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр хүн машинтайгаа орж ирж мөн шатахуун авсан. Тэгээд шатахуунаа авчихаад машинаа холдуулж урагш нь байрлуулж тавьчихаад байж байтал Б цайны газраас гарч ирж байгаа харагдсан юм. Тэгээд нээх удалгүй цаана зогсож байсан машинуудын дунд баахан чимээ гараад хоёр эмэгтэй хүн хоорондоо хэрэлдэж байснаа нэг шил хагарах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаад өндийгөөд хартал Б газар дээшээ хараад уначихсан нөгөө эмэгтэй нь Б-н дээрээс нь заамдчихсан нэг нэгнийгээ элдвийн муухай үгээр харааж ерөөчихсөн байдалтай байж байсан ба нөгөө эрэгтэй нь тэр хоёрыг салгах гээд байгаа ч юм шиг бас л Б-н дээр л байж байгаа харагдсан. Би тэр үед машинуудад түгээлт хийж байсан болохоор тоолуурлуугаа нэг хараад тэр хэд рүү нэг өнгийж хараад байсан учир яг юу болж байгааг тэр болгон нарийн сайн харж чадаагүй юм. Тэгтэл удалгүй М.Б цайны газар руу чиглэсэн байдалтай алхаж явсан ба араас нь нөгөө хүүхэн залуу хоёр Б-тай хэрэлдчихсэн “чи муу янхан яахаараа манай нөхөртэй шөнө дөлөөр утсаар ярьдаг юм” гэсэн юм яриад явж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хүүхэн залуу хоёр өөрсдийнхөө машин руу явж байтал Б хойноос нь гүйж очоод нөгөө хүүхний толгой хэсгээс нь шууд татаад хойш нь унагаачихсан чинь нөгөө хүүхэн босч чадахгүй хэвтээд байсан.       Тэр үед нь манай түгээгч Э түгээгчийн байрны гадаа зогсож байхаар нь Б ганцаараа гүйгээд оччихсон байхаар нь би машинуудад түгээлтээ дуусгачихаад мөн Э руу очсон юм. Тэгсэн нөгөө хятад эрэгтэй бас хүрч ирсэнээ Б-н хувцаснаас татчихаад “чи тэр хүнийг очиж хар, тэр хүн чинь босч ирэхгүй байна” гэсэн юм яриад өвдгөөр нь газраар чангаагад чирээд байхаар нь манай түгээгч Э тэр хоёрыг салгасан юм. Нөгөө хятад эрийн гар нь цус болчихсон байхаар нь би сэжиглээд ойртож чадаагүй юм. Тэр үед нөгөө хятад эр Б-г чирээд л байсан болохоос биш яг цохисон барьсан үйлдлийг нь би хараагүй эсхүл хараагүй өнгөрсөн байж ч магадгүй. Тэгээд нөгөө хятад залуу Б-г орхин цааш явж газар хэвтэж байсан эхнэрээ дээш нь татаж босгочихоод цагдаа дуудсан байх. Тэгээд л ахиад тэр хоёр хүүхэн хэрэлдээд нэг нэгнийгээ элдвээр хэлээд байсан. Тэгтэл төд удалгүй цагдаа нар ирээд аваад явцгаасандаа гэжээ.  /1-р хх-ийн 25-26/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12566 дугаартай дүгнэлт: 1.М.Б-н биед баруун хацарт зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /1-р хх-ийн 27-33/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 02/0328 дугаартай дүгнэлт: 1.С.С-н биед дагзны шарх, зүүн буглага, зүүн алганы ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.С.С-н биед учирсан дагзны шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн алганы ар хэсгийн цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх-ийн 36-39/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 59-60, 74-75, 81, 114, 122/

Хохирогч С.С-н хохирлын баримтууд /1-р хх-ийн 106/

Хохирогч М.Б-н гэрэл зураг /1-р хх-ийн 124-127/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 237-238/

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын 5/77 дугаартай тогтоол /1-р хх-ийн 241/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 16-ны өдөр С.С-тай маргалдан зодолдож, түүний биед дагзны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 сарын 16-ны өдөр М.Б-тай маргалдан зодолдож, түүний биед баруун хацарт зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч М.Г “...Тэгээд нээх удалгүй цаана зогсож байсан машинуудын дунд баахан чимээ гараад хоёр эмэгтэй хүн хоорондоо хэрэлдэж байснаа нэг шил хагарах шиг чимээ гарсан. Тэгэхээр нь гайхаад өнгийгөд хартал Б газар дээшээ хараад уначихсан нөгөө эмэгтэй нь Б-н дээрээс нь заамдчихсан нэг нэгнийгээ элдвийн муухай үгээр харааж ерөөчихсөн байдалтай байж байсан ба нөгөө эрэгтэй нь тэр хоёрыг салгах гээд байгаа ч юм шиг бас л Б-н дээр л байж байгаа харагдсан. Тэгтэл удалгүй М.Б цайны газар луу чиглэсэн байдалтай алхаж явсан ба араас нь нөгөө хүүхэн залуу хоёр Б-тай хэрэлдчихсэн “чи муу янхан яахаараа манай нөхөртэй шөнө дөлөөр утсаар ярьдаг юм” гэсэн юм яриад явж байгаа харагдсан. Тэгээд нөгөө хүүхэн залуу хоёр өөрсдийхөө машин луу явж байтал Б хойноос нь гүйж очоод нөгөө хүүхний толгой хэсгээс нь шууд татаад хойш нь унагаачихсан чинь нөгөө хүүхэн босч чадахгүй хэвтээд байсан.” гэх мэдүүлэг, гэрч Т.Т “...Тэр шөнө М.Б манай эхнэртэй үс үснээсээ зулгаалдчихсан байж байхад нь би машинаасаа бууж ирээд больцгоо гэж хэлээд хоёуланг нь цааш нь түлхсэн. Мөн М.Б нь манай эхнэрийн дагз хэсгийн үснээс нь татаад хойш нь газар унагааж толгойг нь хагалчихаад ШТС-ын түгээгч нар дээр оччихсон байсан. Тэгээд би эхнэрээ босгох гэсэн боловч ухаангүй толгойны ар хэсэг нь нил цус болчихсон байсан тэгэхээр нь би маш их айгаад үхчихлээ гэж аймар айсан ухаан санаа балмагдчихсан М.Б луу явж очоод зүүн гарных нь ар хэсгийн куртик нээс нь зуураад чи явж унагасан хүнээ босго тэр хүн чинь үхчихлээ ш дээ чи эмч дуудаж эмнэлэгт үзүүл анхны тусламж хий гэж хэлээд татаад явах гэтэл явахгүй байсан.” гэх мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12566 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 27-33/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 02/0328 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 36-39/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгэгч М.Б, түүний өмгөөлөгч нар нь Т.Т-г шүүгдэгч С.С-тай бүлэглэн хохирогч М.Б-н биед хөнгөн хохирол учруулсан байх магадлалтай, түүнийг шалгуулах шаардлагатай гэж мэтгэлзэж байгаа боловч тэдний шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 2018 оны 10 сарын 16-ны үүрээр ШТС-н гадаа болсон зодооныг шатахуун түгээгч гэрч М.Г анхнаас нь харсан байдаг. Уг гэрчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгт Т нь Б-г зодож байсан байдлыг хараагүй байдаг. Харин тэднийг “зууралдаж байсан” гэх мэдүүлгийг хэлсэн байдаг. Мөн М.Б нь Т-т нүүрэн тус газар цохиулсаны улмаас нүүр хөхөрсөн гэх боловч М.Б-н нүүрэн хэсэгт учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг /1-р хх-ийн 124/ дээр хөхөрсөн зүйл байхгүй, мөн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12566 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Б-н биед баруун хацарт зулгаралт, зүүн гуя, зүүн шилбэний хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл нүүрэн тус газар цохиулсаны улмаас ямар нэгэн гэмтэл тогтоогоогүй байна. Түүнчлэн гэрч Б.Э нь 2018 оны 11 сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...нөгөө Б-г алгадчихаад цааш явж газар хэвтэж байсан эмэгтэйгээ босгосон...” гэж мэдүүлдэг, дахин 2019 оны 04 сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би тухайн үед цохисон л гэж хараад байсан, гэтэл одоо бодоод байхад цохиогүй зүгээр зууралдчихсан байсан гараа татаж авч байсан юм байна лээ” гэж мэдүүлдэг, мөн шүүх хуралдаан дээр гэрч мэдүүлэхдээ “...тэр эрэгтэй хүн Б-г цохиогүй. Би зодоон болох үед унтаж байсан. Хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд гадагш гарсан, нойрмог байсан. Би цохьчихлоо л гэж бодсон...”  гэж мэдүүлдэг. Б.Э-н эдгээр гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд Э нь анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн бодолоо харсан мэтээр мэдүүлж мэдүүлэг өгсөн нь түүний шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар тогтоогдож байна. Гэрч Б.Э-н 2018 оны 11 сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.    

Хохиролын хувьд:

Хохирогч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно. Хохирогч С.С нь өөрт учирсан 3,700,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт 267,900 төгрөгийг баримт авагдсан байна. Нотлох баримтын хүрээнд нотлогдож байгаа хэмжээ болох 267,900 төгрөгийг шүүгдэгч М.Б-с гаргуулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 3,149,300 төгрөгийг баримт хэрэгт байхгүй, 37,800 төгрөг /1-р хх-ийн 113/, 245,000 төгрөг /1-р хх-ийн 137/-ийн баримтууд нь юунд зарцуулагдсан төлбөр болох нь тодорхойгүй, тамга тэмдэг, гарын үсэггүй  баримт байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй байх тул 3,432,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.    

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирогч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгч нарын хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.С, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч М.Б нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Ж овогт С.С, Б овогт М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С, М.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С, М.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нарын битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.Б-с 267,900 төгрөгийг гаргуулж хохирогч С.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,432,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Э.Б