Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 204/МА2025/00009

 

2025           4              04                                        204/МА2025/00009

 

 

“ХААК” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэртэй,

“ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900 тонн тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөг, алданги 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О /цахим сүлжээгээр/, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ын тайлбарын агуулга: “ХААК” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.

Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 09-ний өдрийн А/101 дүгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “ХААК” ТӨХХК-д нөөцөлсөн 900 тонн тэжээлийн буудайг нэгж үнэ 700,000 төгрөгөөр тооцож нийт 630,000,000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар зээлээр авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 630,000,000 төгрөг байна.

Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ТБ-А/2024-11 дүгээр гэрээгээр 630,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг хүүгүй, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 630,000,000 төгрөг байна.

Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн алданги 516,600,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 315,000,000 төгрөг, ТБ-А/2024-11 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 630,000,000 төгрөг, анз 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын татгалзал, тайлбарын агуулга: 2023-2024 оны өвөл, хаваржилтын байдал Монгол Улсын хэмжээгээр хүндэрсэн учир малчин айл өрхийн хэмжээнд нөөцөлсөн өвс тэжээлийг зудын нөхцөл байдалд зарцуулдаг. Дараа нь сумын аюулгүйн нөөцөөс зарцуулдаг. Сумын нөөц дууссан тохиолдолд аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд нөөцөлсөн бараа бүтээгдэхүүнүүдийг цас, зудад нэрвэгдсэн айл өрхөд хүргэх ажлыг аймгийн онцгой комисс зохион байгуулж хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ энэ ажлууд бүгд хийгдсэн.

2023 оны 11 дүгээр сараас эхлээд аймгийн хэмжээнд бүх нутгийг хамарсан цас орж, орсон цас хайлж, зарим газраа хөлдөж, мөсөн зудын нөхцөлийг бий болгосон. Зарим газраа зуншлага байхгүйгээс малын хоол тэжээл хомсдож нөхцөл байдал хүндэрсэн. 2023 оны 11 дүгээр сараас эхлээд 2023 оныг дуустал малчин өрхөд нөөцөлсөн өвс тэжээл, сумын аюулгүй нөөц тэжээлийг гаргаад, зарцуулаад дууссан. Үүний дараа аймгийн нөөцөд хадгалсан өвс тэжээл, ногоон тэжээл, хужир, шүү зэрэг тэжээлүүдийг 2024 оны 01 дүгээр сард гаргаж малчин айл өрхүүдэд хүргүүлэх ажлыг аймгийн онцгой комиссоос зохион байгуулж ажилласан.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 онд гамшгаас хамгаалах зардалд 600,000,000 сая төгрөг төлөвлөөд үүнийг бүрэн зарцуулж дууссан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын сүүлээс 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 600,000,000 төгрөгийн өвс тэжээлийг аймгийн нөөцөөс бүрэн гаргаж зарцуулж дууссан.

2023 оны төгсгөл, 2024 оны эхээр Улсын онцгой комисс болон Улсын онцгой комиссын дэргэд байгуулагдсан шуурхай штабаас Өвөрхангай аймгийн зудын нөхцөл байдалтай газар дээр нь хоёроос гурван удаа ирж танилцсан. Ингээд Улсын онцгой комиссын ажлын хэсэг, шуурхай штабын ажлын хэсэг гараад малчид болон сум, аймаг нөөцгүй болсон гэдгийг үзээд явсан. Айл өрхүүдээр, сумын аюулгүй нөөц, аймгийн аюул аюулгүй нөөцөөр орсон. Аймгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй болон хуваарилсан хөрөнгө мөнгөтэй танилцсан. Аймгийн онцгой комисс болон аймгийн удирдлагуудтай хуралдаад аймгийн зүгээс Улсын онцгой комисст малын тэжээл бусад бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлэхгүй бол бид нар хүндрэлтэй байгаа гэдгийгээ хуралдаан дээр танилцуулсан. Үүнийг Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон шуурхай бүлгийн ажлын хэсгийнхэн цааш нь Улсын онцгой комисстой ярилцана, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, тодорхой хэмжээний тэжээлийн дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг хурал дээр хэлээд явсан. Үүний дагуу 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын онцгой комисс хөдөө явсан ажлын хэсгүүдийн дүнг хэлэлцээд улсын нөөцөөс тодорхой хэмжээний нөөцийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад хүргэх нь зүйтэй гэсэн Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийн дагуу Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дүгээр тушаал гарсан. Энэ тушаалаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын болон цагаан зуд болон төмөр зудтай байгаа сумдад “ХААК” ТӨХХК-ийн нөөцөд хадгалагдаж байгаа буудайг тонн тутмын 700,000 төгрөгөөр олгох шийдвэр гараад тушаалын дагуу нийт 14 аймаг хамрагдсан. Энэ шийдвэрт манай Өвөрхангай аймгийн цагаан зудтай 8 сум, мөсөн зудтай 2 хоёр сум нийлээд 10 сум хамрагдаад аймгийн хэмжээнд 900 тонн улаан буудайг тонн бүрийг 700,000 мянган төгрөгөөр тооцож зээлээр олгох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу танайх 900 тонн будаагаа улсын нөөцийн салбараас одоо татаж ав гэсэн чиглэлийг аймагт Улсын онцгой комиссоос ирсэн.

Тухайн үед аймгийн онцгой комисс хуралдаад тонн буудай 700,000 төгрөг гэдэг хэтэрхий үнэтэй, дээрээс нь Улаанбаатар хотоос тээвэрлэж ирэх зардал, ирсэн хойно малчдад хүргэх зардал өндөр байсан. Нэг ёсондоо 2 кг буудай малчны гар дээр 20,000 төгрөгөөр очих тооцоо гарч байсан учир энэ үнээр худалдаж аваад малчин өрхүүдэд хүргэх боломжгүй гэдгийг Улсын онцгой комисст болон тэр үеийн цахим хурлууд, шуурхай хурлууд дээр танилцуулж байсан. Нэгдүгээрт өндөр үнээр малчдад хүргэх боломжгүй, хоёрдугаарт зудын байдалд байгаа малчин өрхүүд худалдаж авах боломжгүй гэсэн чиглэлийг өгөөд Улсын онцгой комиссоос ямар нэгэн аргаар малчдад хүргэнэ, малчдаас ямар нэгэн төлбөр авч болохгүй, малчдад үнэгүй хүргэнэ гэсэн. Үнийг дараа Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ та нар зээлийн гэрээгээ байгуулаад энэ будааг яаралтай татаж ав гэсэн чиглэлүүдийг тэр үеийн одоо цахим хурлууд дээр өгч байсан. Нөхцөл байдлыг хараад татаж авалгүй хэд хоносон, бусад аймгуудтай ярилцсан.

Энэ тэжээлийн буудай нь малын тэжээлийн зориулалтаар биш. Нөөцөд хадгалагдаж байсан улаан буудайг малд их хэмжээгээр өгвөл муудсан малаа хордлогод оруулах сөрөг үр дагавар үүсгэдэг учраас Улсын онцгой комиссоос няцалж бутлаад, савлаад малчдад хүргээрэй гэсэн чиглэлийг өгч байсан. Няцалж савлахад маш их зардал нэмэлтээр гарах байсан учраас аймаг бэлэн тэжээл зах зээлээс худалдаж авбал хамаагүй хямд байсан. Аймаг орон нутагт тэр үед хөрөнгө, мөнгө байхгүй байсан. Энэ нөхцөл байдлаа Улсын онцгой комисс, засгийн газрын ирсэн ажлын хэсгийн хүмүүст танилцуулсан. Тэр тусмаа Өвөрхангай аймаг бол улсын төсвөөс татаас авдаг аймаг, ямар нэгэн нэмэлт орлого байхгүй, төлөвлөсөн орлого нь дуусчихсан учраас зээлээр ав гэхээр нь бид нар төлөх боломжгүй гэдгийгээ хэлж байсан.

Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өвөлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 76 дугаар тогтоол гараад “ХААК” ТӨХХК-д нөөцөд байгаа 10,200 тонн улаан буудайнаас манайд одоо 900 тонн ноогдсон.

Засгийн газрын тогтоол гарсны дараа манай аймаг 7,149,000,000 төгрөгийг ХААКас шийдвэрлэж өгөх юм байна аа гэдэг үүднээс 3 дугаар сарын 04-ний өдөр ямар ч гэсэн аймаг төлөхгүй юм байна гэдэг засгийн газрын 76 дугаар тогтоол гарсны дараа 900 тонн тэжээлийн будаагаа татаж авах гэрээгээ байгуулсан.

Татах ажил Улаанбаатарт Хөтлөөс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд татаж авч тээвэрлэх зардал, улаан буудайг савлах зардал 172,000,000 төгрөгийг аймаг орон нутгаасаа бүх нөөц бололцоогоо шавхаад Хөтлөөс Арвайхээр суманд тээвэрлэж авчраад 256-р цэргийн ангийн хүн хүчийг ашиглаж савлуулаад малчин айл өрхөд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Улсын онцгой комисс болон шуурхай бүлгийн ажлын хэсгүүд хөдөө сумдад уулзалт хийсэн малчидтай уулзсан. Энэ уулзалтууд дээр Улсын онцгой комиссоос тэжээлийн болон улаан буудайн дэмжлэг үзүүлнэ гэдгийг маш тодорхой хэлж явсан. Энэ байдлаас болоод малчид одоо үнэгүй ирнэ гэсэн ойлголттой байсан. Бид нар борлуулсан мөнгийг төвлөрүүлж буцаагаад ХААКд өгөх боломж бол байсан. Гэвч Улсын онцгой комисс шуурхай бүлгээс ямар нэгэн нэмэгдэлгүйгээр малчдад хүргэнэ гэсэн чиглэл өгсөн учраас ямар нэгэн нэмэгдэл үнэ төлбөр тогтоож өгөөгүй.

ХААКас төлбөрийг төл гэж албан бичиг ирсний дагуу Сангийн яаманд 900 тонн улаан буудайны үнэ 630,000,000 төгрөг, дээрээс нь тээврийн зардал 150,000,000 төгрөгийг 2024 оны төсвөөсөө шийдвэрлэх боломжгүй учир төсвийн тодотголд оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан бичгээр уламжилсан боловч Сангийн яамнаас энэ талаар хариу ирүүлээгүй бөгөөд утсаар ярихад Засгийн газрын 76 дугаар тогтоолоор наад асуудлыг чинь шийдвэрлэчихсэн гэдэг хариу өгсөн. Ингээд асуудал шийдэгдээгүй явсаар байгаад Улсын Их Хурлын сонгууль давхцаад бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулаад төсвийн тодотгол хэлэлцээд шийдэгдээгүй гэв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 630,000,000 төгрөг гаргуулж “ХААК” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, холбогдох эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоо, хуулиар эрх олгосон эрх зүйн зохицуулалтыг дутуу судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалтын хүрээнд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд:

“Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г “ХААК” ТӨХХК”, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар батлуулсан. Дээрх гэрээнд манай байгууллагаас гарын үсэг зурсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.И нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй, аймгийн Тамгын газрын дарга Ц.Г миний бие түүнд гэрээнд оролцох зөвшөөрөл, эрх үүрэгтэй холбоотой итгэмжлэл олгоогүй.

Иймд дээрх гэрээ Иргэний хуулийн 50 дугаар зүйл заасан “Зөвшөөрлөөр хийх хэлцэл”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 50, 62, 68 дугаар зүйлүүдэд заасан хэлцэлд төлөөлөх, гэрээ байгуулах анхан шатны шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал буюу худалдан авагч гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гэрээний үндсэн хоёр тал нь “ХААК” ТӨХХК болон Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “ХААК” ТӨХХК-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлээд байгаа 900 тонн тэжээлийн буудайны үнийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг 2024 оны батлагдсан төсөвтөө зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Гэтэл “ХААК” нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас биш Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тэжээлийн буудайны үнийг нэхэмжилснээр уг маргаан үүссэн бөгөөд шүүхээс энэ маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр.

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тайлбар, тодруулга авалгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх маргааныг аймгийн Засаг даргын зүгээс Засгийн газраар шийдвэрлүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/529 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд маргааныг хүлээн авч хянаж байгаа болно.

Иймд дээрх хоёр үндэслэлийг хянан үзэж “Хөдөө аж ахуй корпораци” ТӨХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “ХААК” ТӨХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дүгээр тушаалын хүрээнд тэжээлийн буудайгаар тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймагт гэрээний дагуу буудайг олгосон. Энэхүү гэрээг байгуулах болсон зорилго тухайн аймгийн ард, иргэдэд тэжээлийн буудайг олгох байдлаар дэмжлэг үзүүлэх байсан.

Тухайн аймгийг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан нь аймгийн Засаг дарга болно. Аймгийн засаг дарга өөрийн чиг үүргээ харьяа байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх асуудал нэлээдгүй гардаг. Манай тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээг Засаг дарга нь баталгаажуулсан байх бөгөөд гэрээ дүгнэсэн акт буюу тэжээлийн буудайг хүлээж авсан эрх бүхий этгээд нь аймгийн засаг дарга буюу түүний ажлын алба  болох Засаг даргын Тамгын газар болно.

Иймд хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээний оролцогч бөгөөд тэжээлийн буудайг хүлээн авч, захиран зарцуулсан талаарх түүний хариу тайлбар зэргээс үзэхэд хуульд заасан жинхэнэ хариуцагч мөн болно.

Мөн байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд хариуцагч маргаагүй байх бөгөөд төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл түүнийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэргийг гаргаагүй. Гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх эдийн засгийн боломжгүй байгааг шүүх харгалзан хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага. Тэжээлийн буудайг зээлээр худалдах, худалдан авах гэрээнд Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Д, санхүүгийн хэлтсийн дарга Ц.И нар гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.5-т аймгийн засаг дарга нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж заасан учраас Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцагч мөн.

Хариуцагч талаас Засгийн газрын 76 дугаар тогтоолыг дурдаж тэжээлийн буудайны үнийг Засгийн газар хариуцах ёстой гэж тайлбарлаж байна. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Энэ гэрээний оролцогч биш. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг буруулах тухай авах зарим арга хэмжээний талаар А/101 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-д Засгийн газрын эрх, үүргийг шилжүүлээгүй. Зөвхөн Засгийн газрын харьяаны байгууллагуудад тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт тэжээлийн буудай олгосон. “ХААК” ТӨХХК Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт манайхаас тэжээлийн буудай авах эсэх хүсэлт тавиагүй. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон Улсын онцгой комисс манайх руу холбогдож, хоёр талын сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч үүргээ биелүүлээгүй гэв.

8. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг сайтар судалж үзээгүй буюу байгууллагын чиг үүрэг, хуулиар олгосон эрх зүйн зохицуулалтуудыг дутуу үнэлж шийдвэр гаргасан.

Мөн тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээнд үндэслэж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татсан. Энэ гэрээнд худалдан авагч тал нь  Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар биш. Энэ талаар гэрээний эхлэл хэсэгт тодорхой бичсэн байгаа. Худалдагч тал нь “ХААК” ТӨХХК, худалдан авагч тал нь Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар гэх хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ. Гэрээний ард аймгийн засаг даргын Тамгын газрын төрийн санхүүгийн хэлтсийн дарга Ц.И гарын үсэг зурсан. Худалдан авагч тал гэх аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын дарга Цэдэнбалжир гарын үсэг зурсан.

Ц.И аймгийн засаг даргын Тамгын газрын даргыг төлөөлөх эрх бүхий субъект биш. Ц.И гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг Тамгын газрын даргын зүгээс олгоогүй. Тийм учраас зөвхөн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Тэжээлийн буудайны үнийг төлж барагдуул гээд Засгийн газраас 76 дугаар тогтоол гаргаад Хүнс, хөдөө аж, ахуйн яаманд үүрэг олгосон. Гэтэл Хөдөө, аж ахуйн яамнаас анхан шатны шүүх дээр тайлбар тодруулга аваагүй. Хөдөө, аж ахуйн яам тэжээлийн буудайны үнийг төлж барагдуулах ёстой. Тийм учраас Хөдөө, аж ахуйн яамыг хамтран хариуцагчаар татах, Хөдөө, аж ахуйн яамнаас тайлбар авалгүйгээр зөвхөн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөхөөр шийдвэрлэсэн. Хөдөө, аж ахуйн яам, “ХААК” ТӨХХК хоёр Хүнс, хөдөө, аж ахуйн яамны байгууллага.

Энэ маргааныг Засгийн газраар шийдвэрлүүлье гэхээр зайлсхийгээд зугтаад байгаа байдал ажиглагдаж байна. Манайх худалдан авагч гэж гэрээн дээр гарын үсэг зураагүй. Аймгийн Засаг дарга гэрээг баталсан. Харьяа байгууллагуудын хооронд хийж байгаа гэрээг баталгаажуулах зорилгоор гэрээг баталсан. Тэрнээс худалдан авагчийг төлөөлж аймгийн Засаг дарга гэрээг байгуулаагүй. Эдгээр баримтуудыг дутуу үнэлж шийдвэр гаргасан. Тийм учраас хэрэгт авагдсан Засгийн газрын 76 дугаар тогтоолыг сайтар судлаад Засгийн газраас тайлбар тодруулга авах юм бол энэ хэргийг шийдвэрлэхэд хялбар болох байх.

Засгийн газрын 76 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж, ахуйн сайдыг төлж барагдуул гэдэг Засгийн газрын шийдвэр гарсан. Гэрээ байгуулсан хүмүүсийн хэлж байгаагаар төлбөр тооцоог Засгийн газраас төлнө, аймаг зээлээр аваад малчдад нь хүргэх учраас гэрээ байгуул гэсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэсэн тайлбар өгсөн. Энэ гэрээ Иргэний хуулийн 234-261 дүгээр зүйлд заасан үндэслэлээр байгуулагдсан юм бол хоёр тал гэрээгээ зөвшилцөх ёстой байсан. -ХААК”-д ямар нэгэн байдлаар аймгийн онцгой комисс тэжээлийн буудай зээлээр нийлүүлээч гэсэн хүсэлт гаргаагүй. Харин Улсын онцгой комисст аймаг нөөцгүй болж байгаа учраас Улсын онцгой комиссоос дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт Засгийн газарт тавьсан. Тэгээд Засгийн газар энэ хүрээнд -ХААК” ТӨХХК-тай хамтарч тэжээлийн буудайг зээлээр аваад малчдад хүргэх, төлбөр тооцоог нь Хөдөө аж ахуйн яам хариуцан гэсэн шийдвэр гаргасан. Энэ байдлыг анхан шатны шүүх дээр харгалзаж үзээгүй.

Иргэний хуулийн холбогдох заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль энэ гэрээн дээр үйлчлээгүй. Хэрвээ Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар тэжээлийн буудайг худалдаж авахаар байсан бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 2-3-н аж, ахуйн нэгжид санал хүргүүлнэ. Тэгээд аж ахуйн нэгжүүдээс ирсэн үнийн санал дээр үндэслээд аль боломжтой үнийн саналаа сонгоод гэрээ байгуулах байсан. Зарим тохиолдолд буюу гамшгийн нөхцөл байдалд шууд гэрээ байгуулах зохицуулалттай. Тэрнээс ганцхан “ХААК” ТӨХХК-аас санал болгосноор гэрээ байгуулах шаардлагагүй. Энэ нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иргэний хуульд заасан үндэслэлээр хоёр тал сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээ аймгийн Засаг даргын Тамгын газарт эх хувиараа байхгүй. Анхан шатны шүүх гэрээнд оролцсон талуудаас тайлбар тодруулга аваагүй. Гэрээг баталгаажуулсан аймгийн Засаг даргаас ч гэсэн ямар нэгэн тайлбар мэдүүлэг аваагүй. Ганцхан энэ гэрээг үндэслээд шийдвэр гаргасан. Бид энэ гэрээний үндсэн дээр 630 сая төгрөг төлнө гэдэг хохиролтой байна.

Иймд эвлэрэх саналгүй бол хэргийг анхан шатны шүүх рүү буцааж, гэрээний оролцогч нараас тайлбар авч, нотлох баримтыг дахин шинжлэн судлах шаардлагатай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. “ХААК” ТӨХХК нь Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900 тонн тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөг, алданги 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар эс зөвшөөрч Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилт хийхийг Хөдөө аж ахуйн сайдад даалгасан учир энэ төлбөр Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэх асуудал, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцагч биш гэж маргажээ.

2. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “ХААК” ТӨХХК-ийн худалдан авч нөөцөлсөн тэжээлийн буудайг цагаан зул, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын улиралд багтаан төвлөрүүлэхийг “ХААК” ТӨХХК-д даалгажээ. /хх-ийн 40/

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дараах үйл баримтуудыг зөв тогтоосон.

 

3.1 Дээрх тушаалыг үндэслэн “ХААК” ТӨХХК, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын хооронд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцон, 900 тонн тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөгийн өртөгтэй тэжээлийн буудайг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд багтаан худалдан авагч тал хэсэгчлэн болон бүхэлд нь татаж авах, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлөх, хэрэв гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 12-15/

            Улмаар 900 тонн  тэжээлийн буудайг хүлээн авч, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Өлзийт, Баруунбаян-Улаан сумдад хуваарилан, “ХААК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ц, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Д нар 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн /хх-ийн 53-54/ үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

            4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа зохигчийн хооронд үүссэн гэж зөв тодорхойлсон бөгөөд уг гэрээ хэрэгжсэн, гэрээ байгуулах журам зөрчсөн буюу илт хууль бус болох эсэх талаар маргаагүй, харин гэрээнд заасан үүргийг шаардах эрхтэй эсэх, хариуцагч үүргийг хүлээх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

            5. Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй” гэж зааснаар зохицуулагдсан захиргааны гэрээ боловч энэ гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт нийцжээ.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна.” гэжээ.

             Өвөрхангай аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх нэг газар бөгөөд Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын ажлын алба байх тул тухайн хэргийн хариуцагч нь Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар мөн байна. Тиймээс хариуцагч биш гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            6. Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэгж үнийг 700,000 төгрөгөөр тооцон, 900 тонн, нийт 630,000,000 төгрөгийн үнэтэй тэжээлийн буудайг хүлээн авсан боловч гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөгийг гаргуулан “ХААК” ТӨХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

            7. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

            Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт нийцсэн байх тул 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон алданги 315,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий болжээ.

            Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно  гэж заасан байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг баримтлан алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, алдангийн хэмжээ илт их байгаа талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэтгэлцээгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас “ХААК” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги гаргуулахаар маргасан учир Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас алданги 315,000,000 төгрөгийг гаргуулан “ХААК” ТӨХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэдэг. Харин “ХААК” ТӨХХК нь хуульд заасан дээрх субъектэд хамаарахгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг шалгаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт худалдан авагч тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байх тул Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолын дагуу тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөгийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгосон байхад Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т төрийн болон орон нутгийн өмчит, “ашгийн төлөө бус” хуулийн этгээдийг төсвийн байгууллагад орно гэжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “ХААК” ТӨХХК-ийн дүрмийн 1.3-т зааснаар тус компани нь “ашгийн төлөө” хуулийн этгээд мөн байна.

Тиймээс “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй учир Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нийт 945,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 4,882,950 төгрөгийг төлөх ёстой байжээ.

Гэхдээ “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4,882,950 төгрөг гаргуулан “ХААК” ТӨХХК-д олгохоор байгаа боловч “ХААК” ТӨХХК улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4,882,950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 900 тонн тэжээлийн буудайн үнэ 630,000,000 төгрөг, алданги 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулан “ХААК” ТӨХХК-д олгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 4,882,950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

                     ШҮҮГЧИД                                Н.ЭНХМАА

                                                                                       Л.НЯМДОРЖ