| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0072/Э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 1920001610098 тоот хэргийг 2019 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ::: оны ... сарын ...-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих ангид ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Б аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор /2002/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Б.Э,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 06 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт өөрийн хамтран амьдрагч С.Э-н нүүр болон толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 онд Замын-Үүдэд хамтран амьдрагч С.Э-тэй танилцаж тэр жилээ нэг гэрт орсон. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. 2018 онд дундаасаа Э.Э гэдэг 1 хүүтэй болсон ба одоо 9 сартай. Би 2019 оны 06 сарын 16-ны өдөр гэр бүлийн маргаанаас болж биеэ барьж чадалгүй хамтран амьдрагч С.Э-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 42-43/
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Ажилтай байхад хүүхэд ажил дээр авчирч өгөөд, хэрүүл хийгээд байсан. Би олон өдөр аргадаж гуйсан байсан юм. Тэгээд бүр болохгүй байхаар нь нэг цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э нь 2019 оны 06 сарын 15-ны өдрийн өглөө нь ажлаасаа буугаад гэртээ ирээгүй. Хайгаад явсан чинь С гудамжинд согтуу байсан. Найзууд болон ажлынхаа хүмүүстэй архи уусан юм шиг байна лээ, архи ууж байхад нь би хажууд нь байгаагүй. Намайг очоод авъя гэхэд Э явахгүй гэсэн. Би хүүхэддээ идэж уух юмыг нь бэлдэж өгчихөөд явахад яадаг юм гэж хэлчихээд явсан. Маргааш нь буюу 2019 оны 06 сарын 16-ны өглөө 07 цагийн үед гэртээ очиход гэр цоожтой байсан. Ажил дээр нь яваад очтол Э ажилдаа гарчихсан байсан. Тэгэхээр нь би чи хүүхдээ тэжээж чадахгүй бол хүүхдээ хараад гэртээ байж бай, би ажил хийж хүүхдээ тэжээе гэсэн. Тэгээд Э-д хүүхдээ үлдээчихээд төв рүү алхаж байтал Э араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд айлын хөлдөөгч хүргэж өгнө, өгөхгүй гэснээс болоод бид 2 маргалдсан. Тэгтэл Э намайг газар унагаад миний толгой руу гараараа хэд хэд цохисон. Энэ үед хажуугийн дэлгүүрийн хүүхэн гарч ирээд болиоч гэж хэлж болиулсан. Тэгээд хөлдөөгчийг машинд хийж аваад С гудамж руу явж байтал машин дотор Э юм хэлэхгүй намайг үсдэж аваад миний толгой руу гараараа хэд цохисон гэжээ. /хх-ийн 15-16/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 сарын 16-нд би Цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийн ажилтай байсан. Өглөө 9 цаг болж байхад хэлтсийн дуудлага мэдээлэл авах тусгай дугаарт иргэн С.Э гэдэг хүн ... дугаарын утсаар манай нөхөр Б.Э автомашиныг согтуу жолоодоод С-н гудамжинд явж байна гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу би дээрхи утсаар холбогдож Үүдийн гудамжинд уулзан Э болон Э нарыг цагдаа дээр авчирсан. Тухайн үед Э-с машиныг хаана байгаа талаар асуухад гэрийнхээ гадаа сая үлдээсэн, эхнэртэйгээ сая маргалдаад гэж хэлж байсан. Э согтуурлыг шалгахаар драгер үлээлгэхэд 0,00 хувтай гарч эрүүл байсан. Би дуудлага өгсөн Э “Э эрүүл байна, яагаад ийм дуудлага өгч байгаа юм бэ” гэхэд “надаах чинь дандаа согтуу машинаа барьдаг, сая бид 2 маргалдсан, Э гэртээ ирж хоноогүй” гэх мэтийн зүйл ярьж байсан гэжээ. /хх-ийн 21/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: С.Э, Б.Э нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор хамтран амьдрагч. Энэ хоёр одоогоос 2 жилийн өмнө Замын-Үүдэд танилцаад нэг мэдсэн чинь гэрт орчихсон байсан. Дундаас нь төрсөн хүү нь Э нэр дээр байдаг. Э, Э хоёрыг гаднаас нь харахад эв зүйтэй зүгээр л харагддаг. Гэрт нь очиход ямар нэг хэрүүл уруул болсон шинжгүй л байдаг. Хоорондоо маргалдлаа гэж ганц нэг удаа сонсож байсан. Тэр бол яахав зүгээр л гэр бүлийн маргаан байдаг байсан. Маргалдлаа гээд Э 1 удаа манайд очиж хонож байсан. Цагдаад шалгуулж шийтгүүлж байсан үгүйг мэдэхгүй байна. Тэр хоёрын амьдралд нэг их оролцоод байхыг хүсдэггүй гэжээ. /хх-ийн 22/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Э-г Замын-Үүдэд ирснээсээ хойш л мэддэг болсон. Төмөр замд ажилладаг жижиг хүү байсан. Надтай их гайгүй харьцаатай байдаг, ээж гээд л байдаг. Э маргахаараа Э над руу залгаад бас хов маягийн зүйл зөөнө, уг нь над руу их өөриймсөг. Ээжээ охиныг чинь яах уу, ямар хэцүү юм бэ, хэрүүл хийгээд байна гэж ирээд л уйлаад хэлж байдаг. Э, Э хоёулаа их ааштай юм шиг байгаа юм. Бие биенийхээ дээр гарах гээд хэрэлдчихдэг юм билээ. Э, Э хоёрыг учир зүггүй хэрэлдээд зодолдоод байсныг үзсэнгүй, гэр бүлийн маргаанаас болоод Э манайд ирж хонож байсан удаа байгаа гэжээ. /хх-ийн 24-25/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Э-тай нэг газар хамт ажиллаад 2 жил болж байна. Бид 2 нэг бригадад ажилладаг. Э хувьд ажилдаа маш сайн, ажил тасалдаггүй. Хүний үгийг сайн авдаг. Архи дарс нэг их уугаад байдаггүй, хааяа амарч байх хугацаандаа бага зэрэг тохируулаад хэрэглэдэг. Надтай хамт бараг л архи ууж байгаагүй. Хамт олныхоо дунд их нэр хүндтэй. Ажлын бүтээмжээр их дээр жагсдаг, манай урдаа барьдаг ажилтай. Бусдадаа их тусалдаг. Гэр бүлийн хувьд дажгүй л юм шиг санагддаг. Э нь жаахан ааштай, ширүүн охин байдаг. Ажил дээр ирээд орилж чарлаад хүүхэн шуухадаа ажил дээр үлдээчихээд явчихдаг. 2-3 удаа тийм зүйл болсон шиг санаж байна. Хүүхдээ машинд үлдээчихээд намайг харж байгаач, би чөлөө авахгү йбол эхнэр хүүхэд үлдээчихээд явчихлаа гэдэг. Эхнэр нь яагаад тийм ширүүн ааш Э-д гаргаад байдгийг мэдэхгүй, бараг ажилд нь явуулахгүй хажуудаа байнга байлгах гээд байдаг юм болов уу гэж анзаарагдсан гэжээ. /хх-ийн 27/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 8-9/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-33/
Шинжээчийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 02/0325 дугаартай дүгнэлт: 1.С.Э-н биед тархи доргилт, баруун бугалга, зүүн шуу, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удлаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан тархи доргилт нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, зүүн шуу, зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндлийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 40-41/
Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45, 48, 55/
2010 оны 05 сарын 31-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-64/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 06 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт өөрийн хамтран амьдрагч С.Э-н нүүр болон толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Э “...Тэгээд Э-д хүүхдээ үлдээчихээд төв рүү алхаж байтал Э араас машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд айлын хөлдөөгч хүргэж өгнө, өгөхгүй гэснээс болоод бид 2 маргалдсан. Тэгтэл Э намайг газар унагаад миний толгой руу гараараа хэд хэд цохисон. Энэ үед хажуугийн дэлгүүрийн хүүхэн гарч ирээд болиоч гэж хэлэн болиулсан. Тэгээд хөлдөөгчийг машинд хийж аваад Соёмбын гудамж руу явж байтал машин дотор Э юм хэлэхгүй намайг үсдэж аваад миний толгой руу гараараа хэд хэд цохисон” гэх мэдүүлэг, хохирогч С.Э-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0325 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй, ажил гарсан үед ачигчийн ажил хийдэг байх тул торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 сарын хугацанд сар бүр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч С.Э нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б