Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 204/МА2025/00010

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч Б.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Хариуцагч Г.Л,

Хариуцагч нарын өмгөөлөгч М.Дамбийням,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

           

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/00127 дугаар шийдвэртэй Б.О-ийн нэхэмжлэлтэй М.Х, Г.Л нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэг 66,980,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.О нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 66,980,000 төгрөгийг хариуцагч М.Х, Г.Л нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.

            2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 2,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай *** улсын дугаартай Портер маркын ачааны машиныг барьцаалан М.Х, Г.Л нарт зээл олгосон.

            Зээлдэгч нарт 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 82,460,000 төгрөгийг зээлийн гэрээ бичгээр болон амаар байгуулан барьцаанд *** улсын дугаартай Норд бенз маркын том оврын хүнд даацын ачааны машин, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** улсын дугаартай Приус-20 маркын суудлын авто машиныг барьцаанд авч зээл олгосон.

            М.Х, Г.Л нарын 67,460,000 төгрөгийг *** тоот дансанд шилжүүлсэн ба бэлнээр 15,000,000 төгрөг өгсөн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гараар бичсэн ба зээлдэгч нарын боломж бололцоо, орлогын эх үүсвэртэй уялдуулан хийсэн. Зээлийн хугацаанд үндсэн зээлээс 37,460,000 төгрөгийн хасалт хийгдэж, зээлийн алданги, хүүнд 45,092,500 төгрөгийн төлбөр хийгдсэн.

            Зээлийг Норд бенз хүнд даацын ачааны машин худалдан авах, RX 450 Harrier, Приус-20 суудлын авто машин худалдан авах, машин техникийн засвар үйлчилгээнд, малчны зээл хаахад гэх мэт зориулалтаар ашигласан.

            2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хугацаа дууссан ба зээлдүүлэгч миний зүгээс утсаар болон өөрийн биеэр очиж зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч бид танаас авсан зээлийг төлөвлөгөөтэй зөв зүйлд ашиглаж байгаа, бүх зүйл хяналт дор хийгдэж, түрээсийн мөнгө орж ирэхээр мөн машин зарсны дараа мөнгөтэй болсны дараа буцааж бүх зээлээ төлнө гээд олон шалтгаануудыг дурдаад утсаа унтраадаг болсон. Бид зээлийн тооцоон дээр ямар ч маргаангүйгээр төлнө, одоо мөнгөгүй байна гэж хэлсэн.

            Зээлдэгч М.Х, Г.Л нартай харилцан тохиролцож, итгэлцлийн үндсэн дээр гэрээ хийсэн. 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар нийт 47,984,750 төгрөгийн тооцоотой байна. Үүнд: үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 384,750 төгрөг болсон. Цаашид би үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байдалд хүрч байна.

            Иймд зээлдэгч М.Х, Г.Л нарыг төлбөрийн чадваргүй гэж үзэж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж нийт 47,984,750 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ

            2. Нэхэмжлэгч Б.О анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хариуцагч Г.Л, М.Х нар нь зээлсэн 82,450,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй тул үлдэгдэл 47,984,750 төгрөгийн алданги 20,335,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

            3. Нэхэмжлэгч Б.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг баримталж 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хариуцагч Г.Л, М.Х нартай зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлдүүлсэн. Хамгийн анх 3,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлж байсан. Би хариуцагч нартай 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд эрх зүйн харилцаанд орсон гэж үзэж байгаа. Эрх зүйн харилцаанд орсноор хариуцагч нарт эрх, үүрэг, хариуцлага бий болно. Энэ хугацаанд *** улсын дугаартай Портер маркийн машиныг барьцаалж гэрээ хийсэн. Хариуцагч нарын хүсэл зорилгын дагуу буюу өөрсдөө хүсэлт илэрхийлж түүнийг хүлээж авснаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж, *** улсын дугаартай Норд Бенз маркийн машин болон 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хийсэн зээлийн гэрээгээр *** улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн авто машиныг тус тус барьцаалж нийт 82,460,000 төгрөг зээлүүлсэн.

            Ингээд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 82,460,000 төгрөгийг тодорхой хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өгсөн байгаа. Хариуцагч нараас үндсэн зээл 43,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 21,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            4. Хариуцагч Г.Л, М.Х нарын анхан шатны шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт 47,984,750 төгрөг нэхэмжилсэн. Манай нөхөр М.Х бид хоёр 2019 оноос хойш 2024 он хүртэл мөнгө зээлж байсан ч өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан.

            Б.О-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 2,000,000 төгрөг илүү нэхэмжилсэн байна. Энэ талаар хэлэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. 2019 оноос 2024 он хүртэл нийт 82,000,000 төгрөг зээлж байсан бөгөөд үндсэн зээлд 37,500,000 төгрөг өгсөн. Харин хүү, алдангид хуульд зааснаас илүү төлсөн гэж үзэж байгаа учир шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.

            Б.О-ээс мөнгө зээлэхдээ өөрсдийн өмчлөлийн Приус-20, *** улсын дугаартай Норд бенз маркын тээврийн хэрэгслүүдийг барьцаалж түүний нэр дээр шилжүүлсэн. Анх зээл авахдаа *** улсын дугаартай Норд бенз маркын тээврийн хэрэгслээр уул уурхайн компанид түрээсээр ажиллуулж зээл, зээлийн хүүгээ төлнө гэдгээ хэлж байсан. Уг тээврийн хэрэгслээр ажлаа хийж байсан Б.О-ээс зээлсэн мөнгөө даруй шахаж дуусгах боломжтой. Өөр орлогын эх үүсвэр байхгүй учраас уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тохиолдолд бид зээлээ төлөх чадваргүй болно. Мөн Приус-20 маркын тээврийн хэрэгслээр бага насны 3 хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж бусад амьжиргаагаа залгуулдаг гэжээ.

            5. Хариуцагч Г.Л анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 оноос эхэлж зээл авч байсан. 2019 оноос эхлээд зээл нэмж авах болгондоо зээлийн гэрээгээ шинэчлээд явдаг байсан. Энэ хугацаанд манайх хүү болон алдангийг хоцроохгүй төлж явдаг байсан. Ганц хоёр тохиолдолд хүүний хугацааг хэтрүүлсэн тохиолдол байгаа. Энэ үед алдангийн мөнгийг 100 төгрөг ч дутаахгүйгээр төлж байсан. Тэгэхээр сүүлийн 1 жилийн хугацаанд 30 гарсан сая төгрөгийн хүү төлчихсөн байна гэдэг бол нэг айлын хувьд маш том дарамт. Одоо нэмээд хүүд 20 гаран сая төгрөгийг өгнө гэдэг үнэхээр хэцүү. Хүү нь өндөр учраас төлөлт хийх бүрд зөвхөн хүү л хасагдана, давхар алданги төлдөг байсан. Тийм болохоор хэцүү байсан. Бид гэрээний дагуу хүү болон алдангийг тасралтгүй өгч байсан гэжээ.

            6. Хариуцагч М.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт зээлсэн мөнгөнүүдээ нэгтгээд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ хийж нийт 40 гаран сая төгрөг болсон. Энэ хугацаанд зээлээ хугацаанд нь төлж байсан ч үндсэн зээлээс хасалт хийгдэж байгаагүй, дандаа зээлийн хүү төлөгдөөд байсан. 1 жилийн хугацаанд 28,000,000 төгрөгийн хүү төлсөн байгаа. Энэ дээр нэмээд 20,000,000 төгрөгийг хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх үндсэн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

            7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 45,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 385,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг шийдвэрлэжээ.

8. Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр дүгнэлт хийж нийт үнийн дүнгээс 21,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2019 оноос хойш 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл зээлийн гэрээний алданги болох 21,380,000 төгрөгийг зээлдэг, зээлдүүлэгч хоёр гэрээнийхээ нөхцөл дээр харилцан тохиролцож гэрээн дээр гарын үсэг зурсан.

Гэрээний стандарт нөхцөл ийм байхад шүүх, үүрэг хүлээсэн хариуцагч хууль болон гэрээнд заасан үүрэг, үүргийн гүйцэтгэлээ харилцан тохиролцсоны дагуу биелүүлэх үүрэгтэй байдаг байхад анхан шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг дордуулж, хариуцагчийн ашиг сонирхолд үйлчилж, хууль журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 21,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалтын ноцтой зөрчиж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/000127 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 21,380,000 төгрөгийг хариуцагч Г.Л, М.Х нараас гаргуулж өгнө үү гэжээ.

9. Нэхэмжлэгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 82,460,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, барьцаагүй зээлсэн. Дээрх хугацаанд мөнгөө төлөөгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/00127 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн алданги нь зөвхөн гэрээний нөхцөлд заасан торгууль биш, гэрээний үүргийг зөрчсөнөөс зээлдүүлэгчид учруулсан бодит хохирол юм. Уг алданги нь 21,380,000 төгрөг болсон. Алдангийг гэрээний нөхцөл төдийгүй Иргэний хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нөхөн төлүүлж, учирсан хохирлыг арилгуулахыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэсэн заасан. Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг мөн буцааж хэрэглэхгүй гэж хуульчилсан.

Намайг зөвшөөрөлгүй зээл олгосон гэсэн асуудал ярьж байна. Би 82,460,000 төгрөгийг зээлэхдээ тодорхой эрх, үүрэг, хариуцлагын хүрээнд Иргэний хуулийн дагуу зээл олгосон. Гэтэл энэ хүмүүс намайг хохироож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаагүй учир надад эдийн засгийн байдалд хүнд цохилт болсон. Би өөрийнхөө байдаг бүхнийг зарж үрж банкнаас зээл авахад хүрсэн. Надад одоо “***” ББСБ-ын зээлийн гэрээ байна. Миний бие өвдсөн. Би М.Х-оос миний мөнгийг өгнө үү гэхэд өгөөгүй. Иймд миний гомдлыг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй мөнгөн хэлбэрээр хангуулна гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзыг үүргээ гүйцэтгээгүй бол төлөхөөр хуульд заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, 232.6-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Тэгэхээр үүргийн гүйцэтгэлийн талаар федуцийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээгээр тухайн тээврийн хэрэгслүүд хариуцагч М.Х, Г.Л нарын эзэмшилд, ашиглаж байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүд нэхэмжлэгч Б.О-ийн нэр дээр байгаа боловч үр шимийг нь хүртээгүй.

2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 17-ний өдөр эрхээ авсан боловч түүнээс хойших хугацаанд зээлийн гэрээ байгуулж хүү, алданги нэхэмжилж байгаа боловч урьд хийсэн гэрээнийхээ хүү алдангийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хариуцагч нараас болж хохирч мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулаагүй, лицензийнх нь хугацаа дууссан, дахин сунгах боломжгүй болсон. Тиймээс хариуцагч нараас 47,984,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  20,335,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 66,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

11. Хариуцагч Г.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрээнийхээ хугацаанд хүү болон алдангиа төлөөд явж байсан. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү зогссон. Үүнтэй холбоотой алдагдалд орсон гэж үзэж байгаа байх. Бид нэхэмжлэгчийг алдагдалд оруулсан гэж үзэхгүй байна. Хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

12. Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс алдангид нэхэмжилсэн 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээд нь анз хэрэглэхийг хориглоно гэж заасан. 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл 25,000,000 төгрөг байсан дээр 15,000,000 төгрөгийг нэмж зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрээ цуцлагдах хүртэл буюу гэрээнээс татгалзах хүртэл зөвхөн хүүнд 28,368,000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Энэ нь үндсэн зээлээс хасагдсан зүйл байдаггүй. Мөн нэмж 3,000,000 төгрөг зээлж үндсэн зээл 43,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр авсан байдаг. Гэрээгээ 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хийсэн. Тэгэхээр хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зээлийн гэрээ байгуулагдсан буюу зөвшөөрлөө аваагүй байсан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн нь байнгын ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана, 18.7-д зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн хүүг урьдчилж авахыг хориглоно гэж заасан учраас энэ зохицуулалтаар нэхэмжлэгч нь хамгийн сүүлд олгогдсон зээлийн гэрээнээс хүү авах боломжгүй. Дээрх хуулийн заалтуудаар тухайн этгээд нь зээл өгөх эргүй байхдаа хийсэн гэрээнийхээ дагуу сар болгон хүүгээ авч явсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн зээлсэн мөнгөнийхөө хүүг урьдчилж авдаг, эрхгүй байхдаа хүү тогтоож зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан зээлийн хүүг үндсэн зээлээс нь хасаж шийдвэрлэж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

14. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Л, М.Х нарт холбогдуулан барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүрэг болох 47,984,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 20,335,500 төгрөгөөр нэмэгдүүлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг шаардлагын үндэслэл болгосон

Хариуцагч Г.Л, М.Х нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 20,335,500 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан ба татгалзлын үндэслэлээ 2019 оноос 2024 он хүртэл Б.О-ээс 82,000,000 төгрөг зээлж байсан бөгөөд үндсэн зээлд 37,500,000 төгрөг буцааж өгсөн, харин хүү, алдангид хуульд зааснаас илүү төлсөн, Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байхдаа зээл олгосон тул алданги шаардах эрхгүй гэж тайлбарлажээ.

15. Анхан шатны шүүх Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд анз хэрэглэхийг хориглосон байх тул хариуцагч Г.Л, М.Х нар 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны алданги 21,380,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 45,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 16. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Г.Л, М.Х нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О нь зээлийн гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн агуулгатай болжээ. Хэрэв гэрээнээс татгалзсан гэж үзвэл Иргэний хуулийн  205 дугаар зүйлийн 205.1-т заасан үр дагавар үүсэх байтал 45,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

М.Х, Г.Л нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, алдангийг нэхэмжилж байгаа гэсэн тайлбараас үзвэл гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан байна. 

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хоорондоо хэрхэн хамааралтай талаар хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэв.

17. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд дараах зээлийн гэрээнүүдийг байгуулжээ: Үүнд:

17.1. 2019 оны 01 дүгээр сарын 07-нд 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж /үндсэн зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй/, 2020 оны 4 дүгээр сарын 11-нд 1 сарын хугацаагаар, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 7 сарын 07-ны өдөр хүртэл сунгасан./1хх-ийн 19 дүгээр хуудас/

17.2. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 957 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч, гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж /1хх-ийн 8-11 дүгээр хуудас/, 2019 оны 8 сарын 07-нд 4 сарын хугацаагаар, 2019 оны 12 сарын 07-нд 4 сарын хугацаагаар сунгасан, /1хх-ийн 13, 14 дүгээр хуудас/

17.3. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №2567 дугаар гэрээгээр 3,000,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай саарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч, барьцаагүй зээлийн байгуулж /1хх-ийн 16 дугаар хуудас дугаар хуудас/, 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаатай сунгаж, 8 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн /1хх-ийн 16 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1 сарын хугацаагаар /1хх-ийн 166 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3 сарын хугацаагаар /1хх-ийн 16 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл /1хх-ийн 10 дугаар хуудас/, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. 2,500,000 төгрөгийн сунгалт 500,000 төгрөг төлсөн. 2,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр /1хх-ийн 11 дугаар хуудас/ тус тус сунгасан,

17.4. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 0,5 хувийн алданги /1хх-ийн 12 дугаар хуудас/ төлөх гэрээ байгуулсан,

17.5. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №636 дугаар гэрээгээр 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй, 2,500,000 төгрөг, 0,5 хувийн алданги, барьцаанд *** улсын дугаартай Портер маркын автомашин барьцаалсан ба  2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3 сарын хугацаагаар /1хх-ийн 18 дугаар хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 сарын хугацаагаар сунгасан /1хх-ийн 71 дугаар хуудас/ тус тус сунгасан,

17.6. 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 1,300,000 төгрөгийг 2 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй /хуудас дугаарлаагүй,

17.7. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 800,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар, 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги /1хх-ийн 72 дугаар хуудас/ төлөхөөр тохиролцсон,

17.8, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай хоногийн 3 хувийн хүүтэй 1,000,000 төгрөг /1хх-ийн 73 дугаар хуудас/ төлөхөөр тохиролцсон,

17.9. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №0951 дүгээр гэрээгээр 8,000,000 төгрөгийг 4 сарын хугацаагаар, 0,5 хувийн алданги, Фидуцийн гэрээний барьцаанд *** улсын дугаартай, Норд бенз маркын автомашин барьцаалан /1хх-ийн 74-75 дугаар хуудас/ гэрээ байгуулж 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл буюу 19 сараар /1хх-ийн 76 дугаар хуудас/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар /1хх-ийн 163 дугаар хуудас/ тус тус сунгасан,

17.10. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 5,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар, 0,5 хувийн алданги /1хх-ийн 170 дугаар хуудас/ төлөхөөр гэрээ байгуулсан,

17.11. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №091 дугаар гэрээгээр 17,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож /1хх-ийн 102 дугаар хуудас/ гэрээний хугацааг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 9 сарын сунгасан /1хх-ийн 103 дугаар хуудас /

17.12. 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр авсан 25,000,000 төгрөг дээр нэмж 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ /1хх-ийн 104-105 дугаар хуудас/ байгуулжээ.

17.13. 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №0091 тоот гэрээний барьцаанд үндэслэн 3,000,000 төгрөгийн зээл урьд авсан зээлийн гэрээний дагуу 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  /1хх-ийн 108 дугаар хуудас/

17.14. 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 17,000,000 төгрөг дээр нэмэлт 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги, 5 сарын хугацаатай,

17.15. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №0091 тоот, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №0951 тоот, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн гэрээнүүдийг үндэслэн 5,000,000 төгрөгийг нэмэлтээр 5 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги, 6 сарын хугацаагаар 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцож /1хх-ийн 133 дугаар хуудас/ 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээлээс 5,000,000 төгрөг төлж, үлдсэн 35,000,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл сунгасан /1хх-ийн 134 дугаар хуудас/

17.16. 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг өдрийн 0,1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаа зээлийн гэрээ /1хх-ийн 135 дугаар хуудас/ байгуулсан байна.

Дээрх гэрээнүүдэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хүү, алданги, үндсэн зээлийг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 37,460,000 төгрөг, зээлийн хүү 43,092,000 төгрөг, алданги 2,195,000 төгрөг тус тус төлсөн /1хх-ийн 135 дугаар хуудас/ гэх бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй.

Харин хариуцагч нарын өмгөөлөгчөөс ... 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ шинээр байгуулсан ба 2024 оны 8 дугаар сарын 08-ний өдөр гэрээ цуцлагдсан энэ хугацаанд 28,360,000 төгрөгийн хүү төлсөн. Нэхэмжлэгч 2024 оны 7 сард мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байдаг ... Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана” гэж заасан тул хүү авах эрхгүй учраас 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүүнд төлсөн 28,360,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулна /2хх-ийн 131-132 дугаар хуудас/. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд анз хэрэглэхийг хориглосон тул нэхэмжлэгчээс 21,380,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй ... гэсэн  агуулгатай тайлбар гаргасныг хариуцагч нар дэмжиж маргасан байна.

18. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын маргаж байгаа хугацаанд буюу 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хийсэн зээлийн нэмэлт гэрээгээр 2023 оны 01 дүгээр сарын 05, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох 25,000,000 төгрөг дээр нэмж *** улсын дугаартай ачааны машин, *** улсын дугаартай суудлын авто машинуудыг барьцаалан сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд төлөхөөр тохирч 15,000,000 төгрөг зээлийн гэрээ, мөн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр урьд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0091 тоот авсан зээлийн гэрээний нөхцөлөөр 3,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 22-нд 3,000,000 төгрөгийг өдрийн 0.1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай нэмж авахаар тохиролцон гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба Иргэний хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүд хоорондоо хэрхэн хамааралтай, тухайн үед хэрэглэж байсан эсвэл 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хуулийн зүйл, заалтын алийг нь хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

19. Зохигчийн 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хийсэн зээлийн нэмэлт гэрээ нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог дүгнэж, хугацаа сунгасан агуулгатай байх ба гэрээг хэн аль нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

Зээлийн гэрээний талууд өмнө үүссэн зээлийн гэрээний тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй.

Иймд үлдэгдэл төлбөрийг 43,000,000 төгрөг гэж тооцож, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ нь өмнөх Зээлийн болон Барьцааны гэрээтэй харилцан уялдаа холбоотой, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.”, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй” гэж тус тус заасан.

20. Зохигч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээний үндсэн үүрэг 43,000,000 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа тул үүнд үндэслэн хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үүргийг дараах байдлаар тооцов.

20.1. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан ба /1хх-ийн 134 дүгээр хуудас/ нийт 19 сар 17 хоногийн хугацааны хүү 42,068,322 төгрөг /43,000,000 төгрөгийн 1 сарын хүү 21,50,000, 19 сар 17 хоногийн хүү 42,068,322 төгрөг/, гэрээ сунгасан хугацаа дууссанаас хойш буюу 2024 оны 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх 31 хоногийн алданги 6,665,000 /215,000*31=6,665,000/ нийт 48,733,322 төгрөгийн хүү, алданги төлөхөөр байна.

20.2. 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээр авсан 25,000,000 төгрөг дээр нэмж 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ /хх-ийн 104-105 дугаар хуудас/ байгуулсан. 

Энэ гэрээ 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд зээлийн үйлчилгээ эрхэлдэг иргэн анз хэрэглэхийг хориглосон байна. Иймд хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар тогтоолоор баталсан хүүгийн дээд хязгаарт нийцүүлэн тооцвол 40,000,000 төгрөгийн сарын хүү 1,800,000 төгрөг, гэрээний хугацаа буюу 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 25 хүртэл 12 сар 17 хоногийн хугацаанд 22,620,000 төгрөгийн хүү төлөхөөр байна.

Хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн гэрээний үндсэн үүрэг 43,000,000 төгрөг, хүү 64,688,322 төгрөг /42,068,322+22,620,000=64,688,322/, алданги 6,665,000 төгрөг, бүгд 114,353,332 төлөхөөр байжээ. Үүнээс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл төлсөн хүү 40,110,000 төгрөг, алданги 2,800,000 төгрөг, нийт 42,910,000 төгрөгийг хасвал /1хх-ийн 115-132 дугаар хуудас, 2хх-ийн 51-73 дугаар хуудас/ 71,443,332 төгрөг төлөх байжээ.

Харин 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр өдрийн 0,1 хувийн хүү тооцож авахаар тохиролцсон нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоохыг хориглоно гэсэн хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж үзнэ.

Гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус байгаа нь зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэх нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буюу хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээг 66,980,000 гэж тодорхойлж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч нараас 66,980,000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нар зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар М.Х, Г.Л нар хамтран хариуцагч байна.

21. Хариуцагч нарын өмгөөлөгч М.Дамбийням нэхэмжлэгч 2024 оны 7 дугаар сард мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байдаг ... Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д зааснаар хүү авах эрхгүй учраас 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүүнд төлсөн 28,360,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцуулна гэжээ.

Хариуцагч нар болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгчид зээлийн хүү төлснийг буцаан шаардах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь 4 заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус харин зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

22. Нэхэмжлэгч Б.О зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэх замаар гүйцэтгүүлэхээр шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах  шаардлагыг мөнгөн, эсхүл фидуцийн зүйлийн аль нэгээр хангуулах  эсэхийг нэхэмжлэгч өөрөө сонгох эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2025/000127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

а/. 1 дэх заалтыг бүхэлд нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас 66,980,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай гэж,

б/. 2 дахь заалтыг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Л, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 492,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА

                                       ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ