| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0074/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 192.000.141.0103 тоот хэргийг 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Гаалийн рентген талбайд өөрийн эхнэр Э.Б-тай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос бүрдүүлэлт хийх том машин орж ирэхийг хүлээгээд байж байхдаа өөрийн суудлын машинд ганцаараа 0,75 гр-тай С нэртэй архины талыг нь ууж байхад манай эхнэр Б-н ажил тарахаар болоод эхнэрийн ажлын өрөө лүү ороод эхнэрээ “явъя” гэтэл өөдөөс “чи архи согтууруулах унаа хэрэглэсэн байна” гэж хэлээд уурласан. Тэгээд би өрөөнөөс нь түрүүлж гарч ирээд гадаа хүлээгээд байж байхад манай эхнэр хамт ажилдаг Б, А нартай хамт гарч ирсэн. Эхнэрийгээ “хамт явъя” гэтэл “би явахгүй ажлын хүмүүстэй хамт явна” гээд өөдөөс муухай аашлаад байхаар нь гарнаас нь татаад машин руугаа чиртэл Б орилж чарлаад ажлынхаа хүмүүсийн хажууд муухай зан авир гаргаад байсан. Тэгээд муухай зан авир гаргаад байхаар нь эхнэрийн нүүрэн хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод авсан чинь Б-н машин руу гүйгээд очоод суусан. Тэгээд би араас нь гүйж очоод гэр лүүгээ “явъя” гээд чангаатал тэрүүгээр нэг сүр болгоод муухай орилж чарлаад байхаар нь би чимээгүй болгох гэж амыг нь дарсан. Тэгтэл хамт явж байсан ажлын 2 хүн намайг “боль цагдаа дуудлаа шүү” гэж хориглохоор нь би болиод эхнэрийг орхиод явсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа эхнэрээсээ уучлалт гуйсан. Одоо бид хоёр үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа гэв.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 27-ны өдөр ажил тарах гэж байхад манай нөхөр Б.Б бага зэргийн согтууруулах ундаа үнэртүүлчихсэн өрөөнд орж ирээд хэрүүл өдсөн. Согтуурхаад хэл ам хийгээд ядаргаатай байдаг болохоор би төвөгшөөж Б-г “гараад байж бай” гээд 1 давхар луу бууж ажлынхаа хүнтэй хамт гадаа ажлаас гарсан. Энэ үед Б “хамт явъя” гэж намайг машин руугаа чирсэн. Би явахгүй, “ажлынхаа хүнтэй цуг яваад хүүхдээ аваад харъя, чи нөгөө хүүхдээ аваад гэртээ хүрээд ир” гэсэн боловч ойлгоогүй, намайг чирээд байсан. Толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан. Би Б-с мултарч ажлынхаа хүний машинд суутал араас ирээд машин дотор намайг цохиж хоолой боосон. Энэ үед манай ажлын Б “цагдаа дуудлаа” гэж хэлснээр Б намайг орхиод явсан. Тэгээд би цагдаад гомдол гаргасан. Б болон ар гэрийнх нь ахин ийм зан ааш гаргуулахгүй гэж надад ам тангараг өгөөд байгаа тул энэ удаа өргөдөлөө буцаая. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 5-6/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх Гаалийн газрын рентген талбайд ажил хийдэг. 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 18:30 цагийн үед намайг ажлынхаа байран дээр байхад Б орж ирсэн ба ажил тарж байсан ба Б, А бид гурав ажлаас гарсан. Ажлаас гарч байхад Б-н нөхөр Б өөдөөс орж ирж байсан ба гадаа гараад Б ажлын үүднээс Б-г машин руугаа чирээд эхэлсэн. Тэр үед Б нөхөртөө “чи яваад нэг хүүхдээ авчих, би Б-тай яваад нэг хүүхдээ авчихъя” гэсэн. Тэгтэл Б “чи яагаад байгаа юм бэ” гээд чирсэн ба Б-н гутал нь тайлагдчихсан. А бид хоёр хажуугаас нь Б-д “чи яагаад байгаа юм бэ, гутал нь тайлагдчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд тэр хоёрыг тэгсгээд салчих байх гэж бодоод зогсож байтал Б Б-н гарыг өчиж чирээд эхэлсэн. Б эсэргүүцсэн чинь Б эргэж хараад Б-н чих орчим руу 2 тал руу нь ээлжлээд 2-3 удаа угсаруулаад алгадсан. Тэр 2 зууралдаад ноцолдоод эхэлсэн ба А бид хоёр салгах гээд дийлээгүй. Б-с Б арай гэж салаад миний машин руу суусан. Араас нь Б ирээд машинд хагас ороод Б-г машинаас гаргахаар зуурсан ба Б эсэргүүцээд орилсон чинь амыг нь дарсан. Үргэлжлүүлээд Б-г боосон. Тэгэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь Б хаяад машинаа бариад явчихсан. Тэр үед Б бага зэрэг архи уусан бололтой байсан гэжээ. /хх-ийн 13/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 18:30 цагийн үед ажилаа тараад хамт ажилладаг Б, Б нарын хамт ажлаас гарсан. Гарахад үүдэнд Б-н нөхөр Б бага зэргийн архи уусан юм шиг байсан. Гэхдээ аймаар согтуу байгаагүй. Чирээд байхаар нь Б нөхөртөө “чи яваад нэг хүүхдээ цэцэрлэгээс авчих, би Б-тай яваад нэг хүүхдээ өндөр өнжүүлэхээс авчихъя гэсэн. Тэгтэл Б “чи яагаад байгаа юм бэ” гэж уурлаад Б-г аймаар чирээд эхэлсэн. Б бид 2 хажууд нь байсан ба Б-г “болиоч, яагаад байгаа юм бэ” гэсэн чинь тоогоогүй. Тэгээд тэр хоёр хэрэлдээд зууралдаад байсан ба салчих байх гэж бодоод зогсож байтал Б Б-н гарыг өчиж чирээд эхэлсэн. Гарыг нь бас мушгиад байсан. Б бид хоёр яаж ч чадаагүй. Бид хоёрт дийлдэхгүй байсан. Тэгээд Б эсэргүүцсэн чинь Б аймаар уурлаад эргэж хараад Б-н чих орчим руу 2 тал руу нь ээлжлээд 2-3 удаа угсаруулаад хүчтэй алгадсан. Б бид хоёр салгах гэсэн чинь “та нарт ямар хамаатай юм бэ” гээд бид хоёрыг зодчих гээд ойртуулаагүй. Б-с Б арай гэж салаад Б-н машин руу зугтаж жолоочийн хажуугийн суудалд суусан. Араас нь Б ирээд машинд Б-н зодоод эхэлсэн. Б эсэргүүцээд орилсон чинь амыг нь дараад сүүлдээ хоолойг нь гараараа боож амьсгалж чадахгүй болгосон. Би сандраад яах учраа олохгүй байж байтал Б “цагдаа дуудлаа шүү” гээд утсаа оролдсон. Энэ үед Б зугтаад явчихсан гэжээ. /хх-ийн 15/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0280 дугаартай дүгнэлт: 1.Э.Б-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-24/
Аюулын зэргийн үнэлгээгээр “Өндөр” эрсдлийн түвшинд гарсан /хх-ийн 28-29/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 35-36/
Шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Замын-Үүд сумын 1-р багийн ажлын албаны 1131 дугаартай албан тоот, шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх /хх-ийн 42-46, 48/
2019 оны 04 сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэвэр /хх-ийн 57-63/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67/
Шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69/
Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 72/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Гаалийн рентген талбайд өөрийн эхнэр Э.Б-тай маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б-н “...Би явахгүй, “ажлынхаа хүнтэй цуг яваад хүүхдээ аваад харъя, чи нөгөө хүүхдээ аваад гэртээ хүрээд ир” гэсэн боловч ойлгоогүй, намайг чирээд байсан. Толгой руу 2-3 удаа гараараа цохиод авсан. Би Б-с мултарч ажлынхаа хүний машинд суутал араас ирээд машин дотор намайг цохиж хоолой боосон.” гэх мэдүүлэг, гэрч А.Б-н “...Тэр үед Б нөхөртөө “чи яваад нэг хүүхдээ авчих, би Б-тай яваад нэг хүүхдээ авчихъя” гэсэн. Тэгтэл Б “чи яагаад байгаа юм бэ” гээд чирсэн ба Б-н гутал нь тайлагдчихсан. А бид хоёр хажуугаас нь Б-д “чи яагад байгаа юм бэ, гутал нь тайлагдчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд тэр хоёрыг тэгсгээд салчих байх гэж бодоод зогсож байтал Б Б-н гарыг өчиж чирээд эхэлсэн. Б эсэргүүцсэн чинь Б эргэж хараад Б-н чих орчим руу 2 тал руу нь ээлжлээд 2-3 удаа угсаруулаад алгадсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.А “...Тэгээд тэр хоёр хэрэлдээд зууралдаад байсан ба салчих байх гэж бодоод зогсож байтал Б Б-н гарыг өчиж чирээд эхэлсэн. Гарыг нь бас мушгиад байсан. Б бид хоёр яаж ч чадаагүй. Бид хоёрт дийлдэхгүй байсан. Тэгээд Б эсэргүүцсэн чинь Б аймаар уурлаад эргэж хараад Б-н чих орчим руу 2 тал руу нь ээлжлээд 2-3 удаа угсаруулаад хүчтэй алгадсан.” гэх мэдүүлгүүд, хохирогч Э.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0280 дугаартай дүгнэлт, яаарлтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.
Хохирлын хувьд:
Хохирогч Э.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “Ц” ХХК-ны итгэмлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд ажлын хөлсөнд 600,000-800,000 төгрөгийн хөлстэй, сарын орлого тогтвортой байх тул түүнд торгуулийн ял оногдуулав. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б