Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.А

Улсын яллагч  Н.А

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 1920001600105 тоот хэргийг 2019 оны 07 сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, Я ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин  суух, урьд нь ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Б овогт Д.Д,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр О.Б-тэй маргалдаж улмаар толгойн тус газар хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд сумын 2-р багт эхнэр 2 хүүхэд эхнэрийн дүүгийн хамт амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн орчимд сэрэхэд эхнэр босчихсон байхаар нь миний гар утсыг аваад өг гэж хэлэхэд манай эхнэр ширээн дээр байсан миний гар утсыг авч өгөхөд миний гар утас асахгүй гар утсан дээр ундаа асгасан, норсон зунгааралдсан байдалтай байхаар нь би эхнэр лүүгээ миний гар утсыг хэн ийм болгосон бэ гэж хэлээд уурласан. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаж хэрүүл болж би орон дээрээсээ босч ирээд гар нүүр угаадаг угаалтуур луу явж байгаад ширээн дээр байсан хоолны халбагыг аваад эхнэр Б-н нүүрэн тус газар 2 удаа цохиж дахин эхнэр чарлаад зууралдаад байхаар нь дахин нүүрэн тус газар болон мөрөн хэсэг рүү 2-3 удаа цохих үед эхнэрийн дүү бид хоёрын дундуур орж салгаад бид хоёр салаад би хувцасаа өмсөөд ажилдаа явсан. Миний гар утас норчихсон асахгүй болохоор би эхнэр лүү уурлах үед бид хоёр чи би дээрээ тулаад хоорондоо маргалдаж зодоон нүдээндээ тулсан. Би өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Манай эхнэрийн биеийн байдал хэвийн байгаа. 2013 оноос одоог хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжиж ирээд Я ХХК-нд ажиллаж байна. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Тухайн үед уугаагүй байсан. Би гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ. /хх-ийн 40-41/

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн үед нөхөр Д-н гар утсыг үзэхэд асахгүй байсан. Утас нь норчихсон байхаар нь зайг нь салгаж, сим картыг нь аваад утсыг будаанд хийсэн. Чийгийг нь авч хатаах гэж цагаан будаанд хийсэн. Нөхрийнхөө сим картыг охиныхоо гар утсанд хийгээд асаах гэтэл асахгүй байсан. Тэгэхээр нь нөхөртөө утасныхаа төлбөрийг ч өөрөө хийхгүй юм байж утсаа маллаад явж чадахгүй энэ тэр гээд нөхөртөө уурласан. Хажуугаар нь охины утас асахгүй байсан нь бас миний уурлах шалтгаан болсон. Энэнээс болоод нөхөр бид хоёр маргасан. Энэ үед хажууд манай охин дүү Б байсан. Бас манай 2 хүүхэд унтаж байсан. Ингээд маргаад байж байтал Д миний дух руу хоолны халбагаар 2 удаа цохиод авсан. Энэ үед манай дүү Б Д-г салгахаар бид хоёрын дундуур ортол Д Б-г түлхээд орон дээр унагачихсан. Би уурлаж Д-тай маргаад хэрүүл хийсэн. Д ахиад миний зүүн гарлуу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би өөдөөс нь эсэргүүцэж Д-г түлхсэн. Ингэж хэрэлдэж байгаад Д гэрээс гараад ажил руугаа явсан. Б-д ахиж гар хүрээгүй. Д тэр үед эрүүл байсан. Шөнө бол 03 цагийн үед согтуу орж ирсэн. Унтаж байгаад сэрсэн юм чинь эрүүл болсон байсан байх. Миний хувьд бол эрүүл байсан. Тэгээд тэр өдөртөө ажилтай байж байгаад эмнэлэгт үзүүлж чадаагүй. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Бид хоёр ханьлаад 10 жил гаран болж байгаа. Энэ хугацаанд айл өрхөд байдаг л хэрүүл маргаан үүсч байснаас тэгтэлээ хурц хэлбэрт ортолоо юмуу цагдаагаар явталаа хэрүүл маргаан хийж байгаагүй. Зодохын хувьд бол хэдэн жилийн өмнө намайг ганц нэг цохиж байсан. Өөрөөр намайг цохиж зодож байгаагүй. Өөр байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан удаагүй ээ. Дух зүүн хэсэгтээ хөхөрч хавдсан байсан. Хавдар нь нүд рүү доошилсон байсан. Одоо зүгээр болчихсон. Гэмтэл аваагүй. Орон дээр унасан болохоор гэмтэл аваагүй. Гарнаас барьж байгаад ор луу түлхэж байсан. Б-г цохиж зодоогүй болохоор гэмтэл учраагүй гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө гэртээ сэрээд байж байхад манай эгч хүргэн ах хоёр хоорондоо маргалдаад байсан тэгсэнээ хүргэн ах Д орондоо хэвтээд байснаа гэнэт босч ирээд эгч рүү гартаа таарсан юм аа авч шидээд чамайг ална шүү гээд шүүгээн дээр байсан хоолны шанагыг бариад эгчийн толгой руу нуруу хэсэг рүү цохиод байхаар нь би босч очоод шанагыг нь булаагаад авахад намайг гараараа миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад цохисон. Тэгээд эргээд эгчийг гараараа зодож цохиод байсан. Тэгээд би салгах гээд очиход намайг дахиад алгадаж унагаасан. Тэгээд уурлаж орилж хашгирч байгаад гэрээс гараад явсан. Хүргэн ах урд шөнө 03:00 цагийн үед ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн байсан. Тэгээд өглөө бол тийм их согтуу харагдаж байгаагүй шөнө уусан архи нь гараагүй байсан байх. Яг юунаас болж маргалдаж эхэлсэнийг нь мэдээгүй гэнэт хүргэн ах муухай орилж босч ирээд эгчийг зодоод эхлэсэн. Хэд хэдэн удаа зодож байсан. Би 2 жил гаран ах эгчтэй хамт амьдарч байгаа. Хоёр хүүхдийг нь хараад хамт амьдардаг байсан. Хажуугаар нь сургуульдаа явдаг. Архи бол уудаг уухаараа дандаа тэр хоёр маргалдаж байдаг. Заримдаа эрүүлдээ ч хэрүүл хийгээд байдаг. Манай хүргэн ах их түргэн ууртай ширүүн зан авиртай хүн байгаа юм. Ер нь ямар нэг хэрүүл маргаан болох үед эгчийг дандаа зодох гэж дайрдаг гэжээ. /хх-ийн 24-25/

 Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0326 дугаартай дүгнэлт: 1.О.Б-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, духны зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд зовхи, духны зүүн хэсгийг хамарсан цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32/

Аюулын зэргийн үнэлгээгээр “дунд” эрсдлийн түвшинд гарсан /хх-ийн 13-14/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-39/

Шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Замын-Үүд сумын 2-р багийн Засаг даргын 415 дугаартай албан тоот, шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэх /хх-ийн 45-49/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55/

... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол, ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 59-69/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 70-71/

Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 73/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн эхнэр О.Б-тэй маргалдаж улмаар толгойн тус газар хоолны халбагаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч О.Б-н “...Ингээд маргаад байж байтал Д миний дух руу хоолны халбагаар 2 удаа цохиод авсан. Энэ үед манай дүү Б Д-г салгахаар бид хоёрын дундуур ортол Д Б-г түлхээд орон дээр унагачихсан. Би уурлаж Д-тай маргаад хэрүүл хийсэн. Д ахиад миний зүүн гарлуу гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Би өөдөөс нь эсэргүүцэж Д-г түлхсэн. Ингэж хэрэлдэж байгаад Д гэрээс гараад ажил руугаа явсан.” гэх мэдүүлэг, гэрч О.Б “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө гэртээ сэрээд байж байхад манай эгч хүргэн ах хоёр хоорондоо маргалдаад байсан тэгсэнээ хүргэн ах Д орондоо хэвтээд байснаа гэнэт босч ирээд эгч рүү гартаа таарсан юм аа авч шидээд чамайг ална шүү гээд шүүгээн дээр байсан хоолны шанагыг бариад эгчийн толгой руу нуруу хэсэг рүү цохиод байхаар нь би босч очоод шанагыг нь булаагаад авахад намайг гараараа миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад цохисон. Тэгээд эргээд эгчийг гараараа зодож цохиод байсан.” гэх мэдүүлгүүд, хохирогч О.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0326 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Хохирлын хувьд:

Хохирогч О.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь “Я” ХХК-ны борлуулагчаар ажилладаг бөгөөд ажлын хөлсөнд 600,000 төгрөгийн хөлстэй, сарын орлого тогтвортой байх тул түүнд торгуулийн ял оногдуулав. Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлжсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.Б