| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 314/2025/00063/И |
| Дугаар | 204/МА2025/00016 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 204/МА2025/00016
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00274 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлтэй Б.Ц-д холбогдох гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,650,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: С.А нь 2024 оны 5 дугаар сард Хятад улсаас Монгол мөнгөөр 45,000,000 сая төгрөгөөр Dong Fun маркын улаан өнгийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж аван унаж байгаад зарахаар болсон. Тухайн үед өөрөө ажлаар Орос улс руу явах болоод дүү О-гоо зарчихаарай гээд үлдээсэн байсан бөгөөд дүү О нь Б.Ц-тэй тохиролцож тус машиныг лизингээр зарахаар болсон. Б.Ц нь тус машиныг унаж Дорноговь аймагт явж байгаад халаагчны утас нь масслан шатаж дахин ашиглах боломжгүй болсон.
Машин шатсан асуудлыг *** аймгийн Цагдаагийн газар шалгаж, тээврийн хэрэгсэлд галын дүгнэлт, авто машины үнэлгээ зэргийг гаргаж хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу С.А нь Б.Ц-ээс гэм хорын хохирол болох авто машинд хийсэн үнэлгээгээр гарсан 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие С.А-ийн нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: Миний бие С.А-ийн эзэмшлийн *** улсын дугаартай том оврын автомашиныг Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн *** сум руу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр О гэх найзын гуйлтаар хүргэж өгөх гэж яваад надаас гарсан зардлууд болно. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *** ***-р баг *** ШТС-аас карт уншуулан пос машин ***-д 450,000 төгрөгөөр түлш, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн *** сумын *** ШТС-аас карт уншуулан пос машин ***-д 1,000,000 төгрөгөөр түлш, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *** сумаас *** улсын дугаартай дан толгойгоор буцаж шатсан машин руугаа явахдаа ШТС-с Э.Б-ийн данс болох *** данс руу шилжүүлэн 200,000 төгрөгөөр шатахуун, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *** сумаас кран дуудаж шатсан толгойгоо ачуулахдаа С.З-ын хаан банкны *** дансанд 800,000 төгрөг шилжүүлсэн, *** рүү шатсан толгойгоо ачуулахдаа П.П-ын хаан банкны *** тоот дансанд 400,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *** шатсан толгойгоо буулгахад кран хөлслөн Т.М-ийн хаан банкны *** дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шатсан машиныхаа чиргүүлийг чирч явахдаа *** улсын дугаартай Норд бенз машинд ***-аас гарахдаа хувь бензин түгээх машинаас бэлэн мөнгө 500,000 төгрөгөөр түлш хийж явсан. Иймд нийт С.А-ээс 3,650,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй.
Хариуцагч нь О гэдэг найзын гуйлтаар гэж байгаа боловч Дорноговь аймгийн Цагдаагийн газраас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулах хохирлыг шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй гэсэн. Тиймээс Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хуулбар үнэн даруулж, нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Б.Ц нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар, санаандгүй, болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан. Энэ гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан унаж явахдаа бусдад гэм хорын хохирол учруулсан. Нэхэмжлэгч тухайн машиныг зах зээлийн үнэлгээгээр биш Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгч шаардаж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, 9 дүгээр зүйлийн 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах шаардах эрхтэй гэсэн эрхээ хэрэгжүүлсэн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар тухайн тээврийн хэрэгслийг дахин унах боломжгүй болсон учраас гэм хорын хохирол 30,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ц-ээс гаргуулж нэхэмжлэгч Ад олгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслийг худалдаж өөрийн санамсар болгоомжгүйгээр шатааснаа нэхэмжилж байх шиг байна. Худалдах, худалдан авах гэрээ гэж Иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгийг бусдад шилжүүлэх буюу тээврийн хэрэгслийг гэрээг заавал бичгээр байгуулна. Учир нь тээврийн хэрэгсэл улсын дугаартай байдаг учраас заавал нэр шилжүүлдэг. Эд хөрөнгийн ямар нэгэн доголдолгүй, барьцааны биш тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлснээр, нөгөө тал хариу төлбөр төлснөөр худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болдог.
С.А Б.Ц-ийг танихгүй, Б.Ц С.А-ийг ч танихгүй. Гэрчийн мэдүүлэгт ч байгаа. С.А-ийн хуурай дүү О гэх залуу *** ажил хийж байгаад БНХАУ-д баригдаад асуудалтай болчихоод Монгол улс руу орж ирж чадахгүй болчихсон. Тухайн үед хамт нэг, хоёр удаа уулзаж, танилцаад тээвэрт хамт явж байсан Б.Ц гэдэг найзаасаа ... миний машин Улаанбаатарт бүтэн 3 сар боллоо дөхүүлээд өгөөч ээ, ер нь эвдрэл гэмтэлтэй байгаа болохоор энд авчирч янзлуулах гээд байгаа юм та туслаач ... гэж Б.Ц-ээс гуйсан байдаг. Энэ гуйлтын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Ц нь Улаанбаатар хотоос уг машиныг авч *** рүү явж байх хугацаандаа өөрөөсөө түлш, тос, масло зэргийг хийгээд явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэмтэлтэй байсан учраас Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд явж байхад хойд талын дугуй нь зуураад шатахаа алдсан гэдэг. Жолооч нь туршлагатай хүн байсан учраас мэдэж арга хэмжээ тэр дор нь авсан. Мөн дээрээс нь машинуудын хянахын гэрлүүд байнга унтарч, асаж явж байсан. Тэгээд О гэдэг залууд ингээд байна, тэгээд байна гэдэг асуудал тавихаар ... мэдэж байгаа, та ямар нэгэн аргаар авчраад өг ... гэдэг. Тухайн тээврийн хэрэгслийг хүргэхдээ Б.Ц нь ганцаараа яваагүй. Шүүх хуралдаанд гэрчээр оролцох Б.Н гэдэг хүнтэй хамт явсан. Мөн тухайн үед замын зардал, тээврийн зардал, хоол ундны зардал, түлшний зардал гэх мэт зардлуудыг О гэх хүнээс нэхэмжлэх боломжгүй. Учир нь тус тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь С.А. Тийм учраас Б.Ц өөрт учирсан хохирлоо С.А-ээс 3,650,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.3-д хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч тал хариуцагчийг санаатай машиныг шатаачихсан юм шиг ярих гээд байна. Тухайн машин С.А-ийн эзэмшлийн машин бөгөөд Б.Ц найзын хамт очиж Улаанбаатар хотоос *** рүү тээвэрлэхээр асаагаад явсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгсэл шатсан шалтгаан нь галын утаснаас болж шатсан байна гэсэн. Галын утас гэдэг нь кабин халаагч гэдэг зүйлээс болоод гал гарсан байна гэж тодорхой байгаа. Энэ кабин халаагч гэдэг зүйлийг Б.Ц машинд тавьсан юм биш. Шөнө нойр нь хүрээд байсан учраас замаас гарч унтсан. Унтаж байхдаа үүрийн 4 цагт даараад байсан учраас машинаа асаагаад кабин халаагчаа дараад хөдөлье гээд босоод байж байсан чинь гал гарсан. Том оврын машинуудад кабин халаагч гэдэг зүйлийг машиндаа суулгахдаа 50-ын халаагчийн норм, дүрмийг өөрчилбөл заавал стандартын дагуу батлуулж байж тавиулах ёстой. Гэтэл энэ кабин халаагчийг Б.Ц тавиагүй, С.А тавьсан.
Б.Ц нь банкны зээлтэй, ажилдаа явж зээлээ дардаг байсан. Гэтэл энэ асуудлаас болж 7 хоног ажлаа алдсан, зээлийн график алдагдсан, өрөнд орчихсон, цагдаа сэргийлэх гэж явсаар 2 сар ажилдаа явж чадаагүй. Дээрээс нь машиныг хүргэж өгөх гэж өөрийн зардлаар явсан. Тэгээд С.А-ийн хаягийг, утасны дугаартай нь өгчих, гарсан зардлаа авъя гэхээр огт өгдөггүй. ***-ийн цагдаагийн газраас шинжээчийн дүгнэлт гараагүй байна, та хүлээж бай гэсээр байгаад нэг мэдсэн энэ хэрэг хаагдчихсан.
Би Дорноговь аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг зориуд хаасан гэж хардаж байгаа. Учир нь тухайн газарт очиж үзлэг хийж Б.Ц, Б.Н нараас тайлбар авсан нэг хуудас баримтад Б.Ц-ийн гарын үсэг байдаг. Үүнээс өөрөөр Б.Ц-ийг дуудаж гэрчээр мэдүүлэг авч байгаагүй. Тусгай зориулалтын мэдүүлэг авдаг өрөөнд эрх, үүргийг нь сануулж байгаад авсан мэдүүлэг байхгүй байхад баахан Ц гэсэн гарын үсэгтэй мэдүүлгүүд хэрэгт нь авагдсан. Үүнийг Б.Ц-ийн гарын үсэг биш гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр очиж мөрдөгчтэй нь уулзсан. Дээрээс нь тухайн хэргийг хянаж байсан прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул гэмт хэргийг хаалаа, хаахдаа иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан ийм сонин зүйл бичсэн. Иргэний шүүхэд ханд гэж прокурор хэзээ ч бичих ёсгүй. Иймд Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-д холбогдох гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй С.А-д холбогдох 3,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,350 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хэрэг бүртгэлтийн 4019 дугаартай хэргээс хуулбарлан авсан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч М.Тэмүүжингийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.А-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Б.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/237 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг үнэлээгүй байна.
Тухайн *** улсын дугаартай тээврийг хэрэгслийг С.А нь унаж байгаад зарахаар болж тухай үедээ өөрөө ажлаар Орос улс руу явах болоод дүү Ог зарчихаарай гээд үлдээсэн байсан бөгөөд дүү О нь Б.Ц-тэй тохиролцож тус машиныг лизингээр тодорхой хугацаанд мөнгө өгч, авахаар болж Б.Ц тус машиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч Дорноговь аймаг руу явж байхдаа машины халаагч ажиллуулснаас үүдэн машин шатаж дахин ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар галын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Энэ талаар Б.Ц ч хэрэг бүртгэлийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болон тус Цагдаагийн газарт гаргасан миний буруутай үйл ажиллагааны улмаас тухайн тээврийн хэрэгсэл шатсан тул машиныг хохирлыг төлж барагдуулна, хэргийг хааж өгнө үү гэсэн хүсэлтээс харахад О болон Б.Ц нарын хооронд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогддог. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас Б.Ц-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, хүсэлтээсээ татгалзаж О намайг гуйж дөхүүлээд өг гэсний дагуу унаж яваад шатсан мэтээр тайлбарлаж сөрөг нэхэмжлэл гаргаж Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн *** явах хүртэлх хугацааны бензин маслоны зардлаа нэхэмжилдэг. Б.Ц нь үнэхээр О-ын гуйлтаар машиныг нь хүргэж өгч явсан бол өөрөөсөө бензиний мөнгөө гаргаад замаараа Төв аймгийн ***-аас тухайн машинд ачаа ачаад явах шаардлага үүсэхгүй. О-с бензин маслоны мөнгийг аваад шууд явах боломжтой нөхцөл байдал харагдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт кабины халаагч гэдэг үгийг 50-ын халаагч гэж буруу бичигдсэн байна. Үүнийг залруулж, өөрчлүүлэх саналтай байна. Кабины халаагч гэдэг нь машины паар гэсэн үг. Мөн цахилгааны утас гэдгийг галын утас гэж бичсэн байсан. Кабины халаагч өндөр температур хэрэглэдэг учраас цахилгаан дамжуулагч шугам даацаа даахгүй гал гарсан учраас Б.Ц кабины халаагчийг тавьсан асуудал биш.
Б.Ц гэрчээр мэдүүлэг өгөхдөө машиныг лизенгээр авахаар тохиролцож *** явж байгаад замдаа машины кабин шатсан талаар анхан шатны шүүх хуралдаанд ярьсан. Б.Ц өөрөө би мэдүүлэг өгөөгүй гэсэн. Тэр машин шатахад цагдаа, онцгой, гал команд бүгд ирсэн. Газар дээр нь тайлбар авч гарын үсэг авсан. Түүнээс хойш Дорноговийн Цагдаагийн газар нэг ч удаа дуудаагүй хэрэг хаагдсан байдаг. Гэтэл мэдүүлэг авах ажиллагаа процессын дагуу явагдаагүй.
Би ***-ийн цагдаа орж гомдол гаргасан. Хэргээс баримт авъя гэхэд хэрэг прокурор руу шилжсэн гэж хүсэлтийг маань хангаагүй. Анхан шатны шүүх мөн хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн гарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хангаагүй. Энэ талаар Н, Ц хоёр гэрчилдэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Төв аймгийн *** сумаас ачаа ачсан гэж худлаа бичсэн байсан. Төв аймгаас урагш байдаг сумаас авч явсан. Төв аймгийн *** сум бол *** хотын наана байдаг сум.
О тухайн үед Хятад улсад байсан бөгөөд Монгол руу орж ирж чадахгүй болсон. Б.Ц өөрийнхөө машиныг Н-д бариулсан. Тэгээд өөрийнхөө мөнгөөр машинд түлш хийсэн буюу *** улсын дугаартай машинд хийсэн масло, түлш, кран хөлсөлж ирсэн зардлаа нэхэмжилсэн. Энд худалдах худалдан авах гэрээ яригддаг. Уг гэрээг заавал бичгээр хийнэ. Эсхүл амаар гэрээ хийсэн тохиолдолд төлбөрийг барьцаагүй, эрхийн болон эдийн доголдолгүй, битүүмжлэлгүй байх ёстой. Б.Ц, А 2 хоорондоо ярьж үзээгүй, танихгүй хүмүүс.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 314/ШШ2025/00274 дүгээр шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан гэм хорын хохирол нийт 30,000,000 төгрөг гаргуулан С.А олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц эс зөвшөөрч 3,650,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч С.А-ийн өмчлөлийн *** улсын дугаартай Dong Feng маркын автомашиныг хариуцагч Б.Ц 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн *** сумын *** дугаар баг, *** дугаар зөрлөгийн орчим жолоодон явахад цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холболт үүсэж гал гарсны улмаас автомашин шатсан, тухайн автомашины зах зээлийн үнэ 30,000,000 төгрөг болох нь Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, “***” ХХК-ийн тодорхойлолт зэргээр нотлогдсон, зохигч энэ үйл баримтын талаар мараагүй байна.
4. Харин *** улсын дугаартай Dong Feng маркын автомашин шатахад хариуцагч Б.Ц-ийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ байсан эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд автомашиныг хариуцагч Б.Ц жолоодон явсан гэдэг үндэслэлээр хохирлын үнэлгээгээр тооцон 30,000,000 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэл гаргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч кабин халаагчийн норм, дүрмийг өөрчилбөл заавал стандартын дагуу батлуулж байж тавиулах ёстой. Гэтэл энэ кабин халаагчийг Б.Ц тавиагүй, С.А гэдэг хүн тавьсан учир кабин халаагчаас болж гарсан галд хариуцагч Б.Ц-ийн буруутай үйлдэл байхгүй гэж маргасан байна.
7. Хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагааны хуулбар, Онцгой байдлын ерөнхий газар Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 12/237 дугаар дүгнэлтийн хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №390 дугаар тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр С.А-ийн өмчлөлийн *** улсын дугаартай Dong Feng маркын автомашин хариуцагч Б.Ц-ийг жолоодон явахад шатсан гэдэг нь тогтоогдох боловч хариуцагч Б.Ц-ийг хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээс шатсан гэдэг нь нотлогдохгүй. Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.
Тиймээс анхан шатны шүүх “...Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Өөрөөр хэлбэл дээрх С.А-ийн өмчлөлийн *** улсын дугаартай “Dong Feng” маркын автомашинд хариуцагч Б.Ц-ийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна ...” гэсэн дүгнэлт хийж гэм хорын хохирол 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн 3,650,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б маргаагүй талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
8. Иргэдийн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийг төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
10. Давж заалдах гомдлыг хангаагүй тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ