| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0078/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Хохирогч У.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М.Т-д холбогдох эрүүгийн 1920001590104 тоот хэргийг 2019 оны 08 сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр Б аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт М.Т,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.Т нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Төмөр замын гүүрний цаана иргэн У.И-тай маргалдаж улмаар хамар тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед өөрийн найз У, Л нарын хамт Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Э” бааранд сууж байгаад гараад баарны үүдэнд Л-н танил гэх И, Д нартай тааралдаж тэднийг гэрт нь хүргэж өгөе гэж хөдлөж яваад улмаар хамт 2.5 литрийн савтай 4 ширхэг пиво машин дотор нэмж уугаад улмаар И-н гар утас нь алга болгосон гэх асуудлаас болоод И-тай маргалдаад би түүний нүүрэн тус газарт нь мангасдаж, 1 удаа алгадан түүний бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг үйлдсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие тухайн үед бол автомашин жолоодоод явж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл бол огт хэрэглээгүй байсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Тухайн үед И, Д, Л, У нар нь намайг уугаагүй гэдгийг мэдэж байх ёстой. У бол бүр сайн мэдэх ёстой яагаад гэвэл урд талын суудал дээр суугаад пиво аягалж өгсөн хүн байгаа юм. И нь эхлээд над руу дайраад хулгайч царайтай пизда минь утас гаргаад өгчих тэгэх үү гээд дайраад хүзүүний гинж тасдаад, фудволк ураад хүзүү ам урж самардаад байсан. Тэгээд мөн У-луу дайраад байсан. Тэгээд И нь над руу дайраад байхаар нь би түүнийг мангасдаад нэг удаа нүүрэн тус газарлуу нь алгадсан чинь Д нь над руу дайраад миний ар талаас үсдээд хойш нь татах үед нь би хамт арагшаа саваад Д дээр нь унасан түүнээс Д-г зодож цохисон асуудал байхгүй. Гинж, тасдаж фудволк урж, миний нүүр ам руу самардаж үсдсэн асуудал дээр бол гаргах санал хүсэлт байхгүй гэжээ. /хх-ийн 34-35/
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би Э бааранд хоёр найзтайгаа орсон. Тухайн үед би машин барьж явж байгаа учраас архи, пиво уугаагүй. Тэгээд бид нар баарнаас гарах болоод баарнаас хөдлөх үедээ цагдаатай таарч цагдаад шалгуулчихаад явах гэтэл Л И-тай таарч түүнийг таньдаг гэсэн. Тэгээд И-г хүргэж өгөх гээд явж байгаад болиод шөнийн дэлгүүр орж 2,5 литртэй 4 ширхэг пиво авсан. Бид нар пиво аваад хэсэг зогссон. Тухайн үед И, Д нар бие засна гээд машины ард бие засч л байсан. Явах болоод хөдлөх гэтэл И миний гар утас алга болчихлоо намайг хулгайч царайтай юм чинь гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь яагаад алга болчихдог юм бэ гээд бие биенээ нэгжээд үзье гэж хэлсэн. Гэтэл И намайг хулгайч царайтай юм чинь утас өгчих гэсэн. Тэгээд бие засч байсан газарлуу явж үзтэл гар утас нь байхгүй байсан. Тэгээд И орилж хашгираад миний машины цонхыг сандаалаараа цохиод байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч У.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр орой “Э” бааранд найз С-н төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд найз Д хамт 01 цаг болж байхад гэртээ харъя гээд баарнаас гарсан. Гадаа Л-той таараад Л, Д бид хоёрыг гэрт чинь машинаар хүргээд өгье гэсэн. Бид хоёр зөвшөөрч Л-г даган суудлын жижиг машины арын суудалд суусан. Арын суудлын голд нь би, баруун талд Л, зүүн талд Д суусан. Машиныг Т гэх залуу барьж, хажууд нь У сууж явсан. Д бид хоёр Т, У хоёрыг танихгүй. Ганцхан Л-г л танина. Тэгээд бид баарны гаднаас хөдлөөд Д гэрийн зүг явж байхад Л, Д бид хоёрт ганц хоёр пиво уух уу гэсэн санал тавьсан. Бид хоёр зөвшөөрөөд дэлгүүр орж Л, У хоёр С нэртэй 4 том 2.5 литрын пиво авсан. Д гэрийн ойролцоо очиж зогсоод машин дотроо 1 пивыг нь Т-с бусад нь хувааж уусан. Л гэр бүлтэй хүмүүс одоо ууж идээд хэрэггүй байх, гэртээ орох юм чинь гэхээр нь Д бид хоёр уухаа больсон. Тэгтэл Т би ууж байгаа юм чинь та нар ууна биз дээ гэсэн. Эхний пивоо ууж дуусаад Д гэрийн хажуугаас холдъё гээд гэр хороололоос хойшоо очиж зогссон. Тэнд хоёр дахь пивыг нь ууж дуусгасан. Ингээд 3, 4 дэх пивыг ууж байхдаа бага багаар хойшоо яваад байсан. Яагаад хойшоо явсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь төмөр замын гүүрний цаана оччихсон байсан. Ирэх замдаа зогсоод бууж бие засаад л явсан ба тэр үед бид нар хоорондоо маргалдаагүй байсан. Пивоо ууж дуусгасны дараа гэртээ харихаар болоод буцаад явж байхдаа би гар утас алга болсныг мэдсэн. Хамгийн сүүлд би гар утасаа өөрийнхөө нурууны ард суудал дээр тавьсан. Машинд байх хугацаандаа дандаа тэнд утасаа тавьж байсан. Миний гар утсыг авч оролдож байгаа хүн харагдаагүй. Утас унтарсан эсвэл асаалттай байсан эсэхийг мэдэхгүй. Хамгийн сүүлд үзэхэд цэнэг нь 9-10 хувьтай байсан. Тэгээд миний гар утсыг хайхаар сүүлд зогсож байсан газараа очсон. Тэр газар миний утасны гэр хэвтэж байсан. Бас Х банкны карт гэрэнд байсан нь алга байсан. Энэнээс болоод бөөн хэрүүл болсон. Д машин дотор якаа орхичихсон байсан ба якных нь халаасанд Д утасыг нь үзсэн чинь алга болсон байсан. Ингээд ахиад бөөн хэрүүл болсон. Эхлээд Т, У, Л 3 гар утас хайлцаж байсан. Сүүлдээ хайлцахаа болчихсон. Утас хэн авсан нь мэдэгдэхгүй болохоор нь би уур хүрээд бид хоёрын утас алга болчихлоо гэсэн. Т уурлаад хоёр гичий минь би та хоёрын утсыг яаж мэддэг юм гээд Д-г машинаас татаад буулгасан. Би очоод чи эмэгтэй хүн зодоод байна гээд хувцаснаас нь зуурсан чинь Т чи бас зодуулмаар байна уу гээд намайг түлхээд элэгдсэн. Би хэсэг юм ярьж чадахгүй газар хэвтэж байтал У, Т хоёр нийлээд Д-г зодож байсан. Д газар хэвтчихсэн Т толгой руу нь баруун гараараа 2-3 удаа цохисон. У нь Д зүүн хөл рүү баруун хөлөөрөө 1-2 удаа өшиглөж байсан. Хажуугаас нь Л Т-г хорьж байсан. Би босч очоод У-тай болиоч гэж муудалцаад цамцнаас нь зуурсан. Намайг түлхээд баруун гараараа баруун хацарлуу алгадахад нь би унахдаа У-н цамцаас татаад ураад уначихсан. Намайг газар уначихсан байхад Л босгосон. Т, У хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Нэг их удаагүй буцаж ирээд Т Л-г пизда минь чи наад хоёр гичийтэйгээ үлдэх гээгүй бол наашаа суу гэсэн. Тэгээд Л машинд суух гээд явж байхад Т бууж ирээд сахиус тасалсан гээд миний хамар луу 3 удаа бөгжтэй гараараа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан ба Л, Т, У гурав орхиод явсан. Явахдаа Т та хоёр намайг чаддаг юм бол олоод аваарай гэж хэлсэн. Тэгээд Д бид хоёр үлдээд би ойролцоо харагдах нэг гэр байхаар нь Д-г орхиод тийшээ гүйсэн. Тэнд хүн байхгүй байсан ба буцах замд үл таних мотоциклтой хүн таарахаар нь цагдаа руу хүргүүлсэн.” гэжээ. /хх-ийн 10-11/
Хохирогч У.И шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй. Одоо хамраа янзалчихвал гомдол саналгүй гэв.
Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр найз Т-н хамт мал янзалчихаад манай гэрт байж байгаад 00 цагийн үед “Э” баар орж найз Л-той уулзсан. Л, Т бид хоёр бааранд хүний нэг нэг пиво уусан. Т машин барьж явсан тул согтууруулах ундаа хэрэглээгүй, ундаа уусан. Ингээд 01 цаг өнгөрөөгөөд баарнаас гарч машиндаа суугаад харих гэтэл баарны гадаа Л-н таньдаг найз гээд И нь бас нэг найз охинтойгоо явж байсан. Л тэр хоёртой уулзаж машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явж байгаад бүгдээрээ жаахан пиво ууж суухаар тохирсон. Ингээд том пиво авч гэр хороололын дунд байдаг модны зурвасын хажууд зогсож 1 пиво хувааж уусан. Т машин барьж яваа гээд бас уугаагүй. Ингээд зогсож байтал И, Д хоёрын утас нь дуугараад байсан ба тэр хоёр нөхөр нь залгаад байна. Жаахан хойшоо гараад зогсчих гэхээр нь бид нар хөдлөж МЧ-3-ын наана очиж зогссон. Тэнд бас 1 пиво уусан. Т хийж өгсөн пивоноос амсаад угаагүй. Тэр пивыг ууж дуусгасны дараа хоёр охин ахиад хойшоо гаръя, гүүр оръё гэхээр нь гүүрний цаана гарч зогссон. Тэнд зогсоод бид нар юм ярингаа үлдсэн хоёр пивоо хувааж уусан. Тэр 2 пивыг Т-с бусад нь хувааж уусан. Тэгээд пиво дуусч харьцгаах болоход И миний утас алга болчихлоо гэсэн. Тэгээд утсыг нь машин дотор болон явсан газраараа хайсан боловч олдоогүй. Тэгтэл И, Л, Т бид гуравыг хулгайчаар нь дуудаж утасаа нэхээд, хулгайч царайтай энэ тэр гэж элдвээр хэлээд татаж чангаагаад байсан. Зарим үед И нь намайг цохиод ч авч байсан. Л салгаж байсан. И машины нөгөө талаар очиж Т-с утасаа нэхэнгээ машины цонхыг нь сандаалаараа цохисон. Т уурлаад машинаас бууж И-тэй маргаж эхэлсэн. И Т рүү дайраад байхаар нь Т И-г түлхэж унагаад бөөн хэрүүл болсон. И мөчөөгөө өгөхгүй дайраад байсан ба хажуунаас нь Д нь бас дайрч Т-с зууралдаад бужигнасан. Л салгах гээд дийлэхгүй байсан. Т И-г алгадсан. Дараа нь машиндаа суугаад Т бид хоёр Л, И, Д гурвыг үлдээгээд явсан. Тэгээд Т бид хоёр урд нь зогсож байсан газараа очиж утсыг нь хайхад байхгүй байсан. Эргэж ирээд утас нь байхгүй байгаа талаар хэлэхэд И нь ахиад машины цонхыг сандаалаараа цохиод уурлаад байсан. Учирлаж тайлбарлаад байхад И нь Т-г элдэвээр хэлээд дайрч байхдаа сахиусыг нь тасдчихсан. Т уурлаад И-н нүүрэнд 1 мангасдаад 1 удаа алгадсан. И-н хамраас цус гарахаар нь наадуул чинь ойлгохгүй дайраад байх юм байна гэж би хэлээд Т, Л хоёрыг машинд суулгаад И, Д хоёрыг орхиод явсан. Тэнд ийм л зүйл болсон.” гэжээ. /хх-ийн 15-16/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 17-ны орой 21 цагт Замын-Үүдийн вагон вокзал дээр найз И-тай уулзаж гадуур жаахан уулзаж байгаад 22 цагийн үед “Б” гэх пабад орж суусан. И бид хоёр удаан уулзаагүй гээд л пабад орж суухаар болсон. Пабад ороод нэг нэг лаазтай пиво авч уусан. Өөр зүйл аваагүй. Тэгээд И бид хоёр 23 цагийн үед пабаас гараад “Э” гээд бааранд очсон. Тэнд манай найз С-н төрсөн өдөр гээд очсон. Бааранд И бид 2 хүний 1, 1 пиво уусан. Архи огт уугаагүй. Тэгээд бүжиглэж байгаад И бид хоёр 01 цаг өнгөрөөгөөд баарнаас гараад гэрлүү явах гээд байж байтал баарны гадаа И-н найз гэх Л-той таарсан. Л нь Т, У гээд хоёр найзтайгаа явж байсан. Т нь суудлын жижиг машинтай явж байсан ба Л нь бид хоёрыг гэрт чинь хүргээд өгье гэхээр баярлаад бид хоёр машинд нь суусан. Машиныг Т барьж байсан ба хажууд нь У сууж байсан. Хойд сандалд голд нь И, И-н зүүн талд нь би, баруун талд Л суусан. Ингээд баарны гадаа хөдлөөгүй машин дотор нь юм яриад сууж байхад Л нь ганц ганц пиво уугаад явах юм уу гэж И-с асуусан. И надаас яах вэ гэхээр нь би тэгье гэсэн. Ингээд дэлгүүрээс Л, Т хоёр 2.5 литрын пиво 2 ширхэгийг авсан. Машинд нь урд нь авчихсан 2 том пиво байсан юм шиг байна лээ. Сүүлд хөдөө зогсож байхад 4 том пиво болчихсон байсан. Миний хувьд Л, Т, У гуравыг танихгүй. И л таньдаг гэсэн. Тэгээд манай гэрт ойрхон гэр хороололын моднуудын хажууд очиж зогсоод 1 том пивыг Л, У, И бид 4 хувааж уусан. Т машин барьж байгаа гээд уугаагүй. Тэгээд байж байтал манай нөхөр над руу залгаад байхаар нь би харагдчихаж магадгүй гэж бодоод машин барьж байсан Т-с манай нөхөр залгаад байна. Намайг энд байгааг олчихож магадгүй. Жаахан хойшоо гараад зогсчих гэж гуйсан. “...Пивонууд дуусчихаад бид нар харихаар машинтай хөдөлтөл И-н гар утас нь алга болчихсон. Тэгээд бид нар буцаад зогсож байсан газараа очоод И-н утсыг хайсан боловч олдоогүй. Би машин дотор утсыг нь хайж байтал У намайг машинаас түлхээд унагачихсан. Энийг цаанаас И хараад намайг зодож байна гэж гүйж ирээд Т-г заамдаад авсан. Заамдахдаа Т-н сахиусыг тасдчихсан. Т үүнд нь уурлаад И-н толгой, нүүр хэсэг рүү гараа зангидаж байгаад хэд хэд цохиод авсан. Би Т-г болиулах гээд араас нь татсан чинь намайг Т ахиад түлхээд унагчихсан. “...Тэгтэл Т буцаж ирээд бид хоёртой хэрүүл ам хийж дайрсан ба И-н хамар луу 3 удаа гараараа цохисон. И-н хамраас цус гарсан ба би И-н хажууд очоод суутал Т нь миний толгой дээр дарж хэл амаар доромжлоод машиндаа суусан. Т Л-г чи явахгүй юмуу, эсвэл наад хоёр гичийгээ дагаад явах юм уу энэ тэр гэж орилж байгаад Л-г дагуулаад явсан.” гэжээ. /хх-ийн 19-20/
Гэрч А.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 17-ны орой “Э” бааранд ганцаараа сууж байсан ба 1 лаазтай пиво уусан. Тэгээд байж байхад 00 цагийн үед манай найз Т, У хоёр ирсэн. Тэгээд У бид хоёр нэг нэг лааз пиво авч уусан ба Т машин барьж яваа гээд ундаа авч уусан. Баар хаах дөхүүлээд дотор заалны гэрэл асчихаар нь Т, У бид гарахаар баарнаас гарсан. Баарны гадаа И-тай таараад гэрт нь хүргэж өгөхөөр болсон. И 1 найз охинтойгоо явж байсан. Тэгээд Т-н машинд бүгдээрээ суугаад явсан. Машиныг Т бариад, хажууд нь У суусан. Ард голд нь И, би баруун талд нь, нөгөө талд нь Д сууж явсан. Тэгээд явж байгаад би И, Д хоёрыг ганц нэг пиво уух уу гэсэн. Тэр хоёр ч тэгье гэхээр нь дэлгүүр орж 4 том 2.5 литрын пиво авсан. Ингээд И, Д хоёр хойшоо гэр хороололын модны зурвасны тийшээ очиж ууя гэхээр нь тэнд нь очиж Т-с бусад нь 1 пивыг хувааж уусан. Тэнд зогсож байхад И, Д нарын утас нь дуугараад байсан. Д нь эндээс холдъё. Манайх энд ойрхон байдаг, нөхөр залгаад байна. Олоод ирвэл хэрүүл маргаан болно гэхээр нь бид нар тэндээс хөдлөөд МЧ-3-ын замын наана очиж зогссон. Тэнд мөн 1 пивыг Т-с бусад нь хувааж уусан. Пиво дуусахад ахиад И, Д хоёр хойшоо гүүр гараад зогсчих, нөхрүүд хайгаад ирж магадгүй гэсэн. Бид нар ахиад хөдлөөд төмөр замын гүүр даваад цаашаа нилээн яваад зогссон. Үлдсэн 2 пивыг юм ярингаа ууж дуусгасан. Т-д хийж өгөхөд уухгүй, төв рүү орж хүн буулгах юм чинь гээд амсаад өгөөд байсан. У сөн түшиж байсан. Зогссон газар бүрт И, Д хоёр бууж машины ард бие засч байсан. Д нь ганцаараа гарч бие засч байсан. И нь машинаас надтай хамт гарч бие засч байсан. Ингээд пивоо ууж дуусгаад явах гэхэд И миний гар утас алга болчихлоо гэсэн. Тэгээд бид нар тэр газраа гар утсыг нь хайсан. Машиндаа ч тэр сайн үзсэн олдоогүй. Хаашаа алга болвол гэж, итгэхгүй бол бие биенээ нэгжиж үзье гэтэл И уурлаад У-г хулгайч царайтай энэ тэр гээд машины цонхоор У-г гутлаараа цохиод байсан. У яагаад байгаа юм бэ гээд машинд суугаад байсан чинь И татаж чангаасаар байгаад машинаас буулгасан. Тэгэхээр нь Т У-г өмөөрөөд И-с салгах гэтэл И орилж чарлаад бөөн юм болсон. Хажуунаас Д бас оролцоод Т-с зууралдаад байсан. Т Д-г түлхэж холдуулчихаад И-г 1-2 удаа алгадсан. Би тэднийг салгах гэсэн чинь И, Д хоёр дийлдэхгүй, нэг нэгээрээ дайрч давшлаад байсан. Т ямар тэнэг юм бэ болъё, явъя гээд У-г машиндаа суулгаад хөдлөөд явчихсан. Би И, Д хоёртой тэнд үлдээд төв рүү чиглээд алхсан. Удаагүй Т, У хоёр буцаж ирээд урд нь зогсож байсан газраа очиж үзлээ. Байхгүй байна гэсэн. Тэгтэл И бас тэр хоёрыг элдвээр хэлээд машиных нь цонхыг гутлаараа цохиод дайрсан. Т цонхоо халгалуулахгүйн тулд машинаасаа бууж ирээд И-г түлхтэл зууралдаж байгаад Т-н хүзүүнийх нь сахиусыг тасдчихсан. Т уурлаад сахиус тасдлаа гээд И-н нүүрэнд 1 удаа цохисон. Би дундуур нь орж салгах гэхээр И дийлдэхгүй, галзуу хүн шиг л байсан. И Т-д цохиулаад хамраас нь цус гарсан байсан. Энэ үед Т наад балай юмнуудаа орхь явъя гэж хэлээд У бид хоёрыг машиндаа суулгаад явсан. Буцахдаа бид 3 бүх зогссон газрууддаа зогсож гар утсыг нь хайсан ч олдоогүй. Тэгээд Т У бид хоёрыг гэрийн гадаа буулгаад явсан.” гэжээ. /хх-ийн 21-22/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 02/0327 дугаартай дүгнэлт: /хх-ийн 23/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 32-33/
Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн дэлгэрэнгүй лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 38, 46-50/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 71-72/
Хуульд заасан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн яллагдагчид ял оногдуулах прокурорын санал /хх-ийн 74/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Төмөр замын гүүрний цаана иргэн У.И-тай маргалдаж улмаар хамар тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.И “...Т, У хоёр машиндаа суугаад яваад өгсөн. Нэг их удаагүй буцаж ирээд Т Л-г пизда минь чи наад хоёр гичийтэйгээ үлдэх гээгүй бол наашаа суу гэсэн. Тэгээд Л машинд суух гээд явж байхад Т бууж ирээд сахиус тасалсан гээд миний хамар луу 3 удаа бөгжтэй гараараа цохисон. Миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан ба Л, Т, У гурав орхиод явсан. Явахдаа Т та хоёр намайг чаддаг юм бол олоод аваарай гэж хэлсэн. Тэгээд Д бид хоёр үлдээд би ойролцоо харагдах нэг гэр байхаар нь Д-г орхиод тийшээ гүйсэн. Тэнд хүн байхгүй байсан ба буцах замд үл таних мотоциклтой хүн таарахаар нь цагдаа руу хүргүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ц.У “...Эргэж ирээд утас нь байхгүй байгаа талаар хэлэхэд И нь ахиад машины цонхыг сандаалаараа цохиод уурлаад байсан. Учирлаж тайлбарлаад байхад И нь Т-г элдэвээр хэлээд дайрч байхдаа сахиусыг нь тасдчихсан. Т уурлаад И-н нүүрэнд 1 мангасдаад 1 удаа алгадсан. И-н хамраас цус гарахаар нь наадуул чинь ойлгохгүй дайраад байх юм байна гэж би хэлээд Т, Л хоёрыг машинд суулгаад И, Д хоёрыг орхиод явсан.” гэх мэдүүлэг, гэрч М.Д “...Тэгтэл Т буцаж ирээд бид хоёртой хэрүүл ам хийж дайрсан ба И-н хамар луу 3 удаа гараараа цохисон. И-н хамраас цус гарсан ба би И-н хажууд очоод суутал Т нь миний толгой дээр дарж хэл амаар доромжлоод машиндаа суусан. Т Л-г чи явахгүй юмуу, эсвэл наад хоёр гичийгээ дагаад явах юм уу энэ тэр гэж орилж байгаад Л-г дагуулаад явсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Л “...Удаагүй Т, У хоёр буцаж ирээд урд нь зогсож байсан газраа очиж үзлээ. Байхгүй байна гэсэн. Тэгтэл И бас тэр хоёрыг элдвээр хэлээд машиных нь цонхыг гутлаараа цохиод дайрсан. Т цонхоо халгалуулахгүйн тулд машинаасаа бууж ирээд И-г түлхтэл зууралдаж байгаад Т-н хүзүүнийх нь сахиусыг тасдчихсан. Т уурлаад сахиус тасдлаа гээд И-н нүүрэнд 1 удаа цохисон.” гэх мэдүүлгүүд болон хохирогч У.И-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/0327 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэнд шүүгдэгч М.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч М.Т-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хохирлоо өөрөө сайн дураараа 1,800,000 төгрөгийг төлсөн /хх-ийн 93-95/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Т нь хохирогчид 1,800,000 төгрөгийг өгсөн болох нь шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох 2019 оны 06 сарын 19, 20-ны өдрүүдэд бэлнээр 100,000 төгрөг, У.И-н Х банкны дансаар 2019 оны 06 сарын 26-ны өдөр 950,000 төгрөг, 2019 оны 08 сарын 01-ний өдөр 750,000 төгрөг хохириогчид тус тус өгсөн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хохирогч У.И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгч М.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ асран гэртээ байдаг гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан байдлыг харгалзан үзээд оногдуулах торгуулын ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугцаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч У.Ижилбаярт 1,800,000 төгрөгийг төлсөн, хохирогч У.И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б