Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00976

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/02051 дугаар шийдвэртэй,

 

О.*******гийн нэхэмжлэлтэй,

Б.*******од холбогдох,

 

Нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талийгаач нагац ах Ц.*******ы өв залгамжлалын асуудлаар ******* трейд ХХК-ийн ажлын байранд дүү И.******* болон бусад өмгөөлөгч нарын хамтаар тус компанийн гүйцэтгэх захирал гэх Б.*******той уулзахаар очсон юм. Б.******* нь биднийг хүлээж аваагүй, компанийн байранд оруулаагүй бөгөөд хэл амаар доромжилсон. Б.******* нь биднийг хэл амаар доромжилж байх явцдаа ******* трейд ХХК-ийн ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд О.******* намайг Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэж хэлэн илт гүтгэн доромжилж, нэр төрд маань халдсан. Миний бие ******* трейд ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй бөгөөд энэ байгууллагаас хулгай хийсэн гэдэг үндэслэлээр халагдаагүй юм. Б.*******оос Чи яагаад намайг хулгайч гэж гүтгэж байгаа юм бэ? гэж асуухад миний нас барсан нагац ах Ц.*******ы нэрийг барьж, түүнийг хэлсэн болгож гүтгэсэн ба дахин лавлаж асуухад талийгаач ахын маань эхнэр Д.*******ыг тэгж хэлсэн гэсэн. Б.*******ын ингэж нэр төрд минь халдаж, худал гүтгэсэн үгийг баримт болгон өөрийн утсан дээрээ видео бичлэг хийж аван баталгаажуулсан юм. Иймд компанийн олон ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд Б.*******ын Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ хэмээн худал хэлж гүтгэн, О.******* миний нэр төрд халдан, гутаан доромжилсонд маш их гомдолтой байгаа тул Б.*******ын хэлсэн үг нь миний нэр төрийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрөө сэргээлгэхийг даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн өдөр болсон үйл явдлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч О.*******г хариуцагч хулгайч гэж хэлээгүй, энэ талаар нотлох баримтгүй, үзлэгийн тэмдэглэл болон нотлох баримтаар өгсөн бичлэгээр хариуцагч нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэх зүйл нотлогдоогүй, нэхэмжлэгч нь өөрөө нэр төрөө сэргээлгэнэ гэдэг зүйлийг ярьсан байдаг. Мөн бусдын ярьсан зүйлийг хэлсэн гэснийг нэр төрд халдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн компанийн байранд орох гэж завдсан, мөн хууль бусаар бичлэг хийсэн тул нэр төрд халдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй учир нэр төрд халдаагүй, мөн уучлал гуйх шаардлагагүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******гийн нэр төр гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Б.*******од даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж эргэлзээгүй хууль ёсны шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д авагдсан нотлох баримт гэж үзэж байгаа 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 10 цаг 28 минутад бичигдсэн видео дээр ямар нэг байдлаар нэр төрд халдсан гутаасан талаарх агуулгатай нэг ч үг үсэг үйл баримт байхгүй мөн түүнчлэн тухайн бичлэг нь хууль бусаар олж авсан буюу ямар нэг зөвшөөрөл өгөөгүй байхад бичлэг хийсэн байхад тухайн видеог шүүх хууль ёсоор олж авсан нотлох баримт гэж үзэж байгаа нь хууль ёсны шийдвэр гаргасан гэхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

2. Мөн тухайн шүүх хурал эхлэх үед хоёр талд эрх үүрэг тайлбарлаж өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь энэхүү нэр төрд халдсан гутаасан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж байсан байдаг ба нэхэмжлэгч О.*******гийн гомдлын дагуу шалгаж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийн хаасан байдаг. Гэвч энэ талаар шүүх бүрэлдэхүүний зүгээс асуулт тавьж тодруулахад урьд өмнө энэхүү асуудлаар гомдол гаргаагүй гэж тайлбарласан. Шүүх тухайн асуудал дээр хоёр талын тайлбар татгалзал дээр үндэслэж дүгнэлт гаргасан атлаа нэр төрд халдсан, энэ ингэж хэлсэн миний нэр төрийг гутаасан гэх тайлбар дээр үндэслэж нэр төр гутаасан гэж шийдсэн нь нэг талыг барьж ялгавартай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагад энэ асуудлаар хандсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож болзошгүй байхад тухайн асуудлыг нягтлах үүргээ биелүүлээгүй мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу холбогдох байгууллагаас нотлох баримт шаардах боломж байсан боловч энэ асуудлыг нягтлахгүй нэг талыг барьж шийдсэн шүүхийн шийдвэрийг үнэн зөв хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 02051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нотлох баримт буюу тухайн бичлэгийг хийхдээ зөвшөөрөлгүй хийсэн зүйл байхгүй. Тухайн үед Б.*******од сануулаад би албан ёсоор бичлэг хийлээ гэж хэлээд өөр лүү нь утсаа харуулаад бичлэг хийсэн. Б.******* бичлэг хийх үед хориглосон үйлдэл гаргаагүй, миний асуултад хариулсан. Намайг яагаад хулгайч гэж хэлснийг асууж, би юу хулгай хийснийг асуусан. Гэтэл Б.******* ах тэгж ярьсан гэж хэлсэн. Өөрт нь сануулж хэлээд бичлэг хийсэн учраас хууль бусаар нууцаар бичлэг хийсэн гэж үзэхгүй. Цагдаагийн байгууллагад энэ талаар шалгуулаад хэргийг хаасан гэж гомдолд дурдсан. Миний нэр төрд халдсан асуудлаар урьд өмнө нь цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаагүй байхад хариуцагч тал удаа дараа цагдаагийн байгууллагад хандсан гэх агуулгаар тайлбарласан нь ойлгомжгүй. Хэрэв цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан бол хэргийг шалгасан, хаасан материал буюу энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх ёстой. Иймэрхүү байдлаар шүүхийг төөрөгдүүлсэн байдал нь ойлгомжгүй байна. Өмнө нь болон одоо нэр төрд халдсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандаагүй, энэ талаар хариуцагч талын тайлбар үндэслэлгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******од холбогдуулан нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан шүүхийн үзлэг хийсэн баримтаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч О.*******гийн тайлбарт дурдсан ...намайг чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэж хэлсний дараагаар нэхэмжлэгч нь өөрийн утсан дээр хариуцагчийн энэхүү үйлдлийг баталгаажуулах зорилгоор бичлэг хийж ...чи намайг хулгайч гэж байгаа юм уу... гэсэн асуултад хариуцагч нь ...ах надад тэгж хэлсэн, н.******* эгч ч тэгж хэлсэн... гэж хариулсан нь тэрээр нэхэмжлэгчийг ...чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ... гэж хэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. /х.х-ийн 41-42/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Аливаа иргэн, хуулийн этгээд хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлсэн тохиолдолд үүнийг хууль ёсны эх сурвалж гэж тооцох бөгөөд бусдыг хууль бусаар нууцаар тагнаж авсан бичлэгийг нотлох баримтаар үнэлэхгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн үзлэг хийсэн дээрх 28 секунтын бичлэгийг үзвэл нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Б.*******од бичлэг хийж байгаагаа тодорхой мэдэгдсэн, хариуцагчийн зүгээс тухайн үед уг үйлдлийг хориглоогүй байх тул нэхэмжлэгчийг хууль бусаар тагнаж чагнах байдлаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Мөн гэрч Х.******* шүүх хуралдаанд ...Б.******* ах чи хэн юм гээд ерөнхийд нь ингэж яриад тэгээд О.*******г бол чи компаниас хулгай хийгээд хөөгдөө биз дээ гэж хэлсэн, тэрийг хэлэхэд нь би хажууд нь сонссон... гэж мэдүүлжээ. /х.х-ийн 101/

 

Гэрчийн энэхүү мэдүүлэг нь үзлэг хийсэн баримтад ...О.*******гийн энэ бүр өөрийгөө даам гээд бодчихож, за одоо хэлдээ, би хулгай хийсэн юм уу, одоо хэл албан ёсоор хэл, чи намайг хулгайч гэж байгаа юм уу гэх асуултад хариуцагч Б.******* нь ах надад тэгж хэлсэн, угаасаа тэгж хэлсэн, н.******* эгч ч хэлсэн. н.******* эгч тэгж хэлсэн... гэж хариулсан зэргээс үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч О.*******г Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэсэн үйлдлээр давхар нотлогдож байна.

 

Тиймээс хариуцагч Б.*******ын ...би, нэхэмжлэгч О.*******г хулгай хийсэн гэж хэлээгүй, тухайн бичлэгийг зөвшөөрөлгүй хийсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт ...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд Хэний ч ...нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж тус тус зааснаар хүний нэр төр халдашгүй байх ёстой.

 

Энэ утгаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэм буруутай этгээд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

6. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч О.*******г компаниас хулгай хийсэн гэж хэлээгүй, харин ах болон түүний эхнэр тэгж хэлсэн гэж маргажээ.

 

Тодруулбал, хариуцагч тал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж зааснаар гэм буруугүй гэдгээ нотолсон тохиолдолд хариуцлага хүлээхгүй.

 

Хариуцагч нь өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотлох тохиолдолд тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан мэдээ тараагаагүй гэдгээ нотлох ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгчийг хулгай хийсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй байхад тийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийг хулгай хийсэн гэж хэлсэн нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн мэтээр хэд, хэдэн этгээдийн дэргэд гүжирдлэгийн шинжтэй худал мэдээлэл тараасан гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч нь мэдээллийн эх сурвалжаа нягтлах үүрэг хүлээх бөгөөд тэрээр бусдын хэлсэн үгийг дамжуулсан, өөр хүн тэгж хэлж байсан хэмээн маргасан нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй гэж дүгнэсэн дүгнэлтийг өөрчлөхгүй.

 

7. Анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШТ2025/00223 тоот тогтоолоор ...2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргах, бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах бололцоогүй байсан гэх хүндэтгэн шалтгаан тогтоогдоогүй..., ...бичмэл нотлох баримт бодитой байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй тохиолдолд хүсэлтийг хянан шийдвэрлэх нь хэрэг маргаанд ач холбогдолгүй... гэх үндэслэлээр хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзжээ. /х.х-ийн 109-112/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

8. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч нь нэр төрд халдсан, гутаасан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан бөгөөд уг өргөдлийг шалгаж гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хаасан тул уг хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой гэх тайлбарыг хүлээн авахгүй.

 

Учир нь, цагдаагийн байгууллагаас хариуцагч нь нэхэмжлэгчийн талаар үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараасан үйлдлийг эрүүгийн гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс иргэний журмаар нэр төрөө сэргээлгэхэд саад болохгүй бөгөөд нэхэмжлэгчээс нэр төр гутаасантай холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/02051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР