Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 348

 

                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Дагва-Осорт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Н.Дагва-Осорын өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 10 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн 201626011386 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайжууд овогт Нямын Дагва-Осор, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9 дүгээр гудамжны 32б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЧР73121371/,   

          Н.Дагва-Осор нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 9-326 тоотод байрлах байшинд “мөнгөний асуудлаас болж” үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, танхайн сэдэлтээр Д.Батсайханыг газар хэвтэж байхад хөлөөрөө толгойн тус газар нь 2 удаа өшиглөж бие махбодид нь “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Дагва-Осорт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн 201626011386 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх заалтыг биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үзэх үндэслэл болно. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолын “гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг дахин шалгах” буюу гэрч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хоол болоод би тэд нарыг хоол ид гээд том өрөө рүү орсон чинь Батсайхан ядарсан бололтой газар хэвтэж байсан ба Дагва-Осор толгой дээр нь гуталтай хөлөөрөө хоёр удаа дэвссэн. Тэгтэл Дагва-Осорын ах нь орж ирээд “та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ, та яв гээд” намайг хөөхөөр нь би хоолоо ч идэлгүй гараад явсан. ...Би тэр хоёрыг яг юун мөнгөний талаар, яагаад хэрэлдээд байгааг сайн ойлгоогүй. ...би хоол хийж байсан болохоор тэр хоёрыг хэрэлдэж байгаад больчих байх гэж санасан. Тэгэхдээ та хоёр боль гэж хэлсэн боловч хэрэлдээд л байсан. ...бид гурав нэлээд халсан байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35/,

“...Батсайхан ханан пийшингийн хажуу талд гудсан дээр хэвтэж байсан. Тэгэхэд Дагва-Осор Батсайханы толгой руу нь хоёр удаа дэвсэж байсан. Тэгээд Дагва-Осор хажуу талын орон дээр гараад хэвтэхэд ах нь орж ирээд яагаад хэрэлдээд байгаа юм бэ гэхээр нь “энэ хоёр маргалдаж байгаад хэвтчихлээ” гэхэд “та яв” гэхээр нь ...гараад явсан ...ямар ч байсан толгой руу нь дэвсэж байсан. Толгой нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай хэвтэж байсан ба би ханан пийшинг тойроод урд талаас нь харахад л толгой руу нь дэвсэж байсан...” гэх мэдүүлэг /хх-36/,

2. Гэрч Ё.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Талийгаач “би архины мөнгө олсон” гэхэд нөгөөдүүл нь “согтчихоод худлаа онгироод байгаарай” гэж хэлээд маргалдаж байсан. Тэр гурвыг ирэхээр нь байшинд ороход Ганхуяг нь ногоотой хуурга хийсэн. Батсайхан гаднаас орж ирээд хувцастайгаа дэвсгэр дээр хөнжил шиг юм нөмрөөд газар хэвтээд өгсөн. Хоол хийж дуусаагүй байхад Дагва-Осор, Ганаа хоёр талийгаачид хандан “том том ярилаа, атаманаа хийлээ” гэж хэлээд байсан. ...Тэр өдөр талийгаач нилээн согтуу байсан. Нөгөө хоёр нь ч бас ижил согтуу байсан. Мөн Дагва-Осорын ах Дагвасүрэн халамцуу гэртээ байсан. Дагва-Осорын байшин нь пийшин ханаар тусгаарласан гал тогоо том өрөө гэсэн 2 өрөөтэй, талийгаач том өрөөнд пийшин ханын наад талд хойшоо хараад дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн болохоор толгой нь хаашаа харсан байсныг мэдээгүй. ...Дагва-Осор нь хөлөө өргөж байгаад гуталтай хөлөөрөө талийгаачийн толгой руу 2 удаа дэвссэн, би 2 удаа дэвсэхийг нь ямар ч байсан харсан. Би “болиоч” гэж хэлэхэд хамт байсан Ганхуяг нь хүртэл хажуунаас нь шургаад хэрүүл өдөөд байсан. Би “боль” гэж хэлсэн. Дараа нь Дагвасүрэн орж ирээд Ганхуягийг хөөж явуулсан. ...том өрөө нь гэрэлгүй, гал тогооны өрөөнөөс туссан гэрэлд энэ болсон явдлыг харсан. Би хэрэг гарах үед талийгаачийн хэвтэж байсан газрын эсрэг талд сандал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-27-28/,

3. Гэрч Н.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Гаднаас Дагва-Осор, Батсүх, таяг Ганаа нар архи уучихсан ирсэн. Дагва-Осор талийгаачийг архи уучихсан байна гэхээр нь би “за юун сүртэй юм, надад өнөөдөр туслахаар нь би 100 грамм өгчихсөн юм” гэж хэлээд таяг Ганаа хэрүүл өдөөд байхаар нь би Ганааг дагуулан хашаанаас гаргаад хаалгаа түгжээд би гэртээ орж амарсан...” гэх мэдүүлэг /хх-42-44/,

4. Шүүгдэгч Н.Дагва-Осорын мөрдөн байцаалтад өгсөн “...Жанцангийн автобусны буудлын орчимд Батсайхан, Ганаа хоёртой таараад 0.5 литрийн “Шим” архи нэг шилийг аваад бид гурав хувааж уугаад манай гэр лүү бид гурав очсон. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Манай гэрт ирчихээд би хоол хийгээд Ганаа надад тусалсан юм. Тэгээд хоог хийгээд идэж байтал Батсайхан ах хоол амтгүй байна гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би за яах вэ гээд өнгөрөөсөн. Тэгээд би гарчихаад ороод ирсэн чинь Ганаа, Батсайхан хоёр маргалдаж байсан. Яг юу гэж маргалдаж байсныг би мэдэхгүй байна. ...Тэгээд би Батсайхан ахыг та битгий гэрт хэрэлдээд бай гэж хэлээд гараараа Батсайхан ахын цээж рүү нь нэг удаа түлхээд хойш нь ор луу унагаасан. Тэгээд Батсайхан ах орон дээр гараад унтсан. Тэгээд би ч мөн унтаж, Ганаа яваад өгсөн. Тэгэхэд манай ах Дагвасүрэн уурлаад та нар битгий айлд маргалдаад бай гээд Ганааг хөөгөөд явуулсан.. /хх-99-100/ гэх мэдүүлэг тус тус хэрэгт цугларсан байх ба гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй, гэрч Ё.Батсүх, Н.Дагвасүрэн нар Ганхуяг нь амь хохирогч Батсайхантай маргаж байсан гэх үйл баримтын талаар мэдүүлсэн атал үүнийг хэрэгт хамааралтай, хамааралгүй эсэхийг нэг мөр болгоогүй, нарийвчлан шалгаагүй байна.          

Шүүгдэгч Н.Дагва-Осор мөрдөн байцаалтад “Ганхуяг нь амь хохирогч Батсайханы нүүр лүү нь гараараа цохиж байсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “амь хохирогч Батсайханы зүүн шанаанд гараараа хоёр удаа цохисон” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Ганхуягийн үйлдэл энэ хэрэгт буюу амь хохирогчийн үхлийн шалтгаант холбоотой эсэхийг нягтлан шалгах, уг асуудлаар гэрч нараас дахин мэдүүлэг авах замаар зохих ажиллагааг хийх.

Шүүгдэгч Н.Дагва-Осор нь амь хохирогчийн толгой дээрээс дэвсэж байсныг харсан гэх гэрч Ганхуяг, Батсүх нараас амь хохирогчийг Дагва-Осор аль хөлөөрөө хохирогчийн толгойн аль хэсэгт дэвссэн болон хохирогчийн хэвтэж байсан байрлалыг асууж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоох,

Гэрч Ё.Батсүх мөрдөн байцаалтад 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “…талийгаач ...толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн болохоор толгой нь хаашаа харсан байсныг мэдээгүй. ...Дагва-Осор нь хөлөө өргөж байгаад гуталтай хөлөөрөө талийгаачийн толгой руу 2 удаа дэвссэн, би 2 удаа дэвсэхийг нь ямар ч байсан харсан...” гэх буюу өөрөөр хэлбэл, талийгаачийг толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн, толгой нь хаашаа харсаныг мэдэхгүй гэх мөртлөө 2 удаа толгой хэсэгт нь дэвсэхийг харсан гэсэн байгаа нь эргэлзээтэй бөгөөд гэрч нарыг дахин байцааж мэдүүлгийн зөрүүг гаргахгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шалгаж тогтоовол зохих дээрх асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтой байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Н.Дагва-Осорт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хэрэг учрал болох цаг хугацаанд гэрч Ё.Батсүх, Н.Ганхуяг, талийгаач Д.Батсайхан шүүгдэгч Н.Дагва-Осор нар байсан бөгөөд гэрч Ё.Батсүх, Н.Ганхуяг нар нь талийгаач Д.Батсайханыг гаднаас орж ирээд хувцастайгаа газраар нэг дэвсгэр дээр хөнжил шиг юм нөмрөөд хэвтээд өгсөн. Н.Дагва-Осор нь талийгаачийг газар хэвтэж байхад толгой дээр нь гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн үйл баримтын талаар мэдүүлсэн.

Гэрч Н.Ганхуяг мэдүүлэхдээ “...толгойн аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна, Ямар ч байсан толгой руу нь дэвсэж байсан. Толгой нь ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай хэвтэж байсан ба би ханын пийшинг тойроод урд талаас нь харахад л дэвсэж байсан юм гэснээс үзэхэд толгойн яг аль хэсэгт цохисныг мэдэхгүй гэсэн болохоос биш толгой руу дэвссэн гэдгийг “ямар ч байсан толгой руу нь дэвсэж байсан” /хх-26/ гэж тодорхой мэдүүлдэг,

Мөн гэрч Ё.Батсүхийн “...Дагва-Осор “амьсгаа” минь гэж хараагаад талийгаачийн толгой руу гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Талийгаач “яая” гээд юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Талийгаач босч ирж хоол унд идээгүй тэр чигтээ унтсан. Шөнийн 4 цагийн үед талийгаач шар ногоон өнгийн зүйлээр түмпэн дотор бөөлжөөд байсан, талийгаач толгой руугаа цохиулснаас хойш босч ирээгүй. ...Ганхуяг ...намайг байшинд байх хугацаанд зодож цохиогүй. Н.Дагва-Осорын талийгаачийн толгой руу дэвссэний дараа 2 удаа байшингаас гарсан” гэсэн мэдүүлэг /хх-27-28, 37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1066 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…” гэсэн дүгнэлт,  

Шинжээч эмч Г.Энхбаатарыг байцаасан тэмдэглэлд “...тархины зүүн талд үүссэн байна. Уг гэмтлүүд толгойн зүүн талд цохих, дэвсэх үед үүсэн боломжтой. ...огих бөөлжих шинж тэмдэг илэрнэ…” гэсэн мэдүүлэг /хх-30-31/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Дагва-Осор нь талийгаачийн толгой руу өшиглөн зодож, гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл учруулсан нь хангалттай нотлогддог бөгөөд үхэлд хүргэсэн гэмтлийг авсны дараах огих, бөөлжих шинж тэмдэг ч тухайн үед илэрсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад гэрч Ганхуягийг 3 удаа байцаасан бөгөөд гэрч Н.Ганхуяг, Ё.Батсүх нарын мэдүүлгүүд ямар ч зөрүүгүй байдаг тул тэднийг дахин байцаах шаардлагагүй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна.

Шүүгдэгч Н.Дагва-Осор нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ганхуяг нь Д.Батсайханыг би чамайг ална шүү гээд гараараа чамархай хэсэгт нь цохисон. Би дундуур нь ороод Батсайханыг орон дээр дарж хэвтүүлсэн. Тухайн үед гаднаас манай ах орж ирээд юун зодоон болоод байгаа юм гээд Ганхуягийг загнаад аваад гарсан” гэж мэдүүлсэн боловч дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Гэрч Н.Ганхуягийг “...Батсайхан ядарсан бололтой газар хэвтэж байсан ба Дагва-Осор толгой дээр нь гуталтай хөлөөрөө 2 удаа дэвссэн. Дагва-Осорын ах нь орж ирээд та нар яагаад хэрэлдээд байгаа юм бэ та яв гээд намайг хөөхөөр нь би хоолоо ч идэлгүй гараад явсан. ...би уг хүмүүсийг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-34-35/.

Гэрч Н.Дагвасүрэнгийн “...Дагва-Осорын гэрт ороход ...Батсайхан байшингийн гол хэсэгт байдаг ханын пийшингийн зүүн талд том өрөө талд газар хэвтэж байсан. Батсайханы толгой хойд зүг рүү хараад хэвтэж байсан. Харин Дагва-Осор хойморын орны хажуу талд Батсайханы хажууд зогсож байсан. ...Дагва-Осор ахаа Ганхуяг Батсайхан хоёр хэрэлдээд байна гэхээр нь Ганхуягийг аваад гарсан. Намайг ороход Дагва-Осор бухимдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-100-101-II/ дээрх баримтаас дүгнэхэд гэрч Н.Дагвасүрэн нь шүүгдэгч Н.Дагва-Осорыг талийгаач Д.Батсайханы толгой руу дэвссэний дараа Н.Ганхуягийг гаргаж явуулсан, гэрч Н.Дагвасүрэнг орж ирэхэд үед талийгаачийн хажууд Н.Дагва-Осор бухимдсан байдалтай зогсож байсныг талийгаач болон гэрч Н.Ганхуяг нарыг огт таньдаггүй байсан гэрч Ё.Батсүх давхар гэрчилж мэдүүлж байна.

Гэрч Н.Дагвасүрэнгийн “...Ганаа хэрүүл өдөөд байхаар нь би Ганааг авч хашаанаас гараад хаалгаа түгжээд би гэртээ орж амарсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ганхуягийг талийгаач Д.Батсайханыг шанаа руу нь цохисон талаар шүүгдэгч Н.Дагва-Осор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч гэрч Ё.Батсүхийн “Ганхуяг ...зодож цохиогүй” гэж, гэрч Н.Ганхуягийг “би уг хүмүүсийг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж, шүүгдэгчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Дагва-Осор нь “...Ганхуяг амь хохирогчийн нүүр рүү нь гараараа цохиж байсан гэсэн мэдүүлэг өгсөн нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддоггүй бөгөөд хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь нүүр рүү цохисноос үүсэхгүй, харин уг гэмтлүүд нь толгойн зүүн талд цохих, дэвсэх үед үүсэх боломжтой гэж шинжээч эмч Г.Энхбаатар мэдүүлжээ.

Гэрч Н.Ганхуяг, Ё.Батсүх нарыг мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтын талаар шаардлагатай зүйлсийг асууж тодруулсан. Шүүгдэгч Н.Дагва-Осор нь талийгаачийн толгой руу дэвссэний дараах нь түүний ах Н.Дагвасүрэн хэрэг учрал болсон газар орж ирсэн. Н.Дагвасүрэнг орж ирэх үед талийгаач хаашаа хараад ямар байрлалтай хэвтэж байсныг гэрчээр мэдүүлэг өгөхдөө болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх үед /хх-100-104, 109-II/ мэдүүлдэг. Үүнийг давхар нотолж гэрч Ё.Батсүхийн “...талийгаач том өрөөндөө пийшин хананы наад талд хойшоо хараад дээгүүрээ хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн байсан болохоор толгой нь хаашаа харсан байсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-28/ байна. Энэ ашиггүй эргэлзээ төрүүлэхээр хасвал яасан юм бэ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2641 тоот дүгнэлтэд “...Н.Дагва-Осор нь идэвхитэй үйлдэл буюу алхах, явах, өшиглөх, гараар цохих зэрэг үйлдлийг уналт таталт илрээгүй үед эрүүл хүн шиг гүйцэтгэнэ…” /хх-107-II/ гэснээс үзэхэд шүүгдэгч Н.Дагва-Осор нь аль хөлөөрөө толгой руу нь дэвсэх боломжтойг нотолж байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг нотолсон байхад үндэслэлгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Н.Дагва-Осорт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Иймд шүүгдэгчийн гэм буруу нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэн хууль сануулан авсан гэрчүүд, шинжээчийн мэдүүлгүүдийг огт үнэлэхгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж дүгнэж болохоор байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Н.Дагва-Осорын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн. Урьд Н.Дагва-Осорт холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн шүүхийн 129 тоот тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаахад тухайн 129 дүгээр тогтоолын заалтад заасан ажиллагааг хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Энэ үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын заалтыг биелүүлээгүй бол мөрдөн байцаалтыг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн байна гэж үзнэ гэсэн хуулийн заалтыг баримталж, шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэрвээ прокурорын ярьсан зүйлүүдийг хийх шаардлагагүй гэж үзсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан эрхийн дагуу прокурор 129 дүгээр тоот шүүүхийн тогтоолд эсэргүүцэл бичих ёстой атал энэ тогтоолыг прокурор хууль зүйн үндэслэлтэй байна гэж хүлээн авсан учраас шүүхийн тогтоол заавал биелэгдэх ёстой. Гэтэл шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх шүүхийн тогтоолоор Н.Ганхуяг, Ё.Батсүх нарыг дахин байцаах шаардлагатай. Н.Ганхуягтай талийгаачтай муудалцаж байсан үйл баримт нэгэнт тогтоогдсон учраас дахин шалгах шаардлагатай. Н.Дагва-Осорын холбогдсон гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдоогүй байгаа учраас хэргийн газар байсан дээрх гэрчүүдийг дахин олж нарийвчлан шалгах гэж заасан. Гэтэл үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийлгүйгээр хэргийг буцааж өгсөн. Иймд шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн тогтоол нь “хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

Иймд шүүх яллах дүгнэлтийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар… дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 66 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Дагва-Осорт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Н.Дагва-Осорт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ