Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2025/0032

 

“Х Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     Ц.Цогт

Танхимын тэргүүн                  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                      М.Батсуурь

                                                         Х.Батсүрэн

Илтгэгч шүүгч:                          П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0678 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2024/0781 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 119 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Х Р” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан “... тус газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаартай тушаалын СШ6602 дугаар сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал: “Х Р” ХХК нь СШ6602 дугаартай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хэц булаг гэх газарт, 1860 гектар талбайд зарласан хайгуулын сонгон шалгаруулалтад оролцсон байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээж, үнийн саналыг нийтэд мэдээлж, техникийн санал гаргах ажиллагаа явагдаж байсан. Маргаан бүхий А/39 дүгээр тушаалаар “Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл” гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон.

3.Нэхэмжлэгчээс: “ ... Санхүүгийн саналын оноогоор хамгийн өндөр санал гаргаж, тусгай зөвшөөрөл авах эрх нээгдсэн байсан, хуульд зааснаар биш эрх бүхий этгээдийн нөлөөнд автаж шийдвэр гаргасан, захиргааны байгууллагаас өөрт таалагдаагүй үр дүн гарах магадлалтай ажиллагааг энэ мэтээр хүчингүй болгож, дур зоргоороо шийдвэр гаргах боломжийг үүсгэсэн, сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хийгдэх ёстой байсан,  захиргааны хариуцлагатай байх үүрэгтэй, зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрх олгогдоогүй, хуульд заасан үндэслэл бүхий нөхцөл байдал үүсээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй”  гэж,

4.Хариуцагчаас: “ ... Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлж шийдвэрээ гаргасан, ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас иргэдийн өмчлөл, эзэмшилд байгаа газартай давхцалтай эсэх талаар лавлагаа авч байж сонгон шалгаруулалт зарлах болсон. Усны тухай хуулиар санал дүгнэлт авч усан сан бүхий газартай давхцалгүй, гол ус, ямар нэгэн хориглосон хязгаарласан талбай байвал түүнийг хасаад сонгон шалгаруулалтаа зарлая гэсэн үүднээс дахин хяная гэсэн юм” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Захиргааны байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтаас өмнө хийгдэх ажиллагааг сонгон шалгаруулалт зарлаж, үнэлгээний үйл ажиллагаа явагдаж байхад, хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

5.2.Гэвч шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна, ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хуульд заасан үе шат, цаг хугацааны шаардлага тавигдсан байх бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан цаг хугацааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байна.

5.3.Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч ... талбайн ялагчаар шалгаруулсан дүгнэлт гаргаагүй, хариуцагчаас үнэлгээний шатанд хамгийн өндөр оноо авсантай нь маргаагүй боловч одоо техникийн үнэлгээг хуульд заасан хугацаанд явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, захиргааны байгууллагаас дахин сонгон шалгаруулалт зарлахад оролцох эрх нь нээлттэй.

6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хэвээр үлдээсэн:

6.1.Маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зарлахдаа хариуцагч нь Усны тухай хуульд заасны дагуу тус сав газрын захиргаанд мэдэгдээгүй, санал авсан талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх тул тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг дахин шалгах зорилгоор зарлагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

6.2.Зарлагдсан “СШ-6602” дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт дуусаагүй буюу Сонгон шалгаруулалтын комиссоос ялагчаар шалгаруулсан тухай дүгнэлт гаргаагүй, сонгон шалгаруулалтын бусад үе шатны үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой энэ тохиолдолд ... нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй байна.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Маргаан бүхий захиргааны акт болон хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас үзэхэд “Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл” гэж зарлагдсан сонгон шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг шалгах агуулгатай байна. шалгаад хууль зөрчсөн мэтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн өөр үр дагаварт хүргэсэн захиргааны акт зорилгодоо нийцээгүй гэж үзэхээр байна.

7.2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар иргэн, хуулийн этгээдэд хууль ёсны ашиг сонирхол бий болгосон захиргааны актыг хэрэгжих ажиллагааны явцад нь шалгах нэрийдлээр хүчингүй болгох нь тохиромжтой зохицуулалт биш бөгөөд цаашилбал, захиргааны байгууллагаас өөрт талагдаагүй үр дүн гарах магадлалтай ажиллагааг энэ мэтээр хүчингүй болгож, дур зоргоороо шийдвэр гаргах боломжийг үүсгэх дүгнэлтийг шүүхүүд хийсэн байна.

7.3.Хариуцагчаас Улсын Их Хурлын гишүүн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн УИХ-02/1840 дугаартай “Тодруулга, тайлбар авах тухай” албан бичгийг үндэслэсэн гэсэн. Гэтэл энэхүү албан бичигт “... иймд тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон дээр дурдсан газруудын талаар албан ёсны тайлбар тодруулгыг ... яаралтай гаргаж ирүүлнэ үү” гэсэн. Өөрөө хэлбэл, сонгон шалгаруулалтын тухай тайлбар гаргуулах тухай байгаа тул түүний хүрээнд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны акт бодит байдалд нийцсэн, хуульд үндэслэсэн байх шаардлагыг зөрчсөн.

7.4.Үүнээс гадна, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журамд заасан үндэслэлүүдэд хамаарахааргүй байна. Улсын Их Хурал, Төрийн захиргааны төв байгууллага, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Аймаг, сумын Засаг дарга нарын хяналт тавих эрхийг заасан бөгөөд харин нэгдсэн хяналт тавих эрхийг зөвхөн хуулийн 11.1.14-т Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хамааруулан хуульчилжээ.

7.5.Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэхээр заасан байхад хариуцагч захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс болж журамд заасан хугацаа хэтэрсэн гэдгээр зөрчигдсөн эрх сэргэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийн зорилгод нийцээгүй.

7.6.Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдэд тайлбар, баримтуудыг гаргах боломжоор хангаагүй.

7.7.Хариуцагчаас мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тохиолдолд хамаарна гэж тайлбарлаж байгаа ч хуулийн уг зохицуулалт нь нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байгаа үед хугацаа алдахаас сэргийлсэн, шийдвэрийг түргэн гаргах агуулгатай бөгөөд энэ тохиолдолд сонгон шалгаруулалтын ажиллагаа нь нийтийг хохироох, зайлшгүй түргэн шийдвэр гаргахад хамааралгүй гэж үзэж байна.  

ХЯНАВАЛ:

8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий  тушаалын СШ6602 дугаар талбайд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгав.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

9.Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр СШ6602 дугаартай талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээж, үнийн саналыг нийтэд мэдээлж, техникийн санал үнэлэх үед зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгожээ.

10.Энэхүү маргааны тухайд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь хайгуулын сонгон шалгаруулалт зарлахаас өмнө Усны газраас санал авах үүрэгтэй эсэх, захиргаа нэгэнт зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрхтэй эсэх тухай байна.

Хууль хэрэглээний хувьд:

11. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 11.1.26-д “энэ хуулийн 9.1.11-д заасан талбайд сонгон шалгаруулалт явуулахыг хориглосон талбай давхцаж байгаа эсэхийг шалгаж, давхацсан бол тухайн хэсгийг хасаж, мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлэх” гэж зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт зарлахаас өмнө уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй “хориглосон талбай” байгаа эсэхийг шалгаж,  давхцал арилгах үүрэгтэй байна.

12.Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж зааснаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахаас өмнө усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага болох Усны газраас урьдчилан санал авсан байх нь “хориглосон талбайн давхцал шалгах” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн агуулгад нийцэх байна. Тодруулбал, сонгон шалгаруулалтаар олгох талбай нь гол мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газартай давхцаагүй байхаас гадна эдгээрт нөлөөлөх сөрөг нөлөөгүй талаар мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гарсны эцэст сонгон шалгаруулалтыг зарлахаар байна.

13.Энэ талаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “Т А Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох хэрэгт дүгнэсэн, уг хэргийн үйл баримттай энэхүү маргааны үйл баримт усны асуудлаар адил байх тул Улсын дээд шүүхийн тогтоолоос хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж, хууль хэрэглээний зөрүүг арилгаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

14.Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “Х Х А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “... ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан маргаан бүхий журмыг батлахдаа усны сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох тохиолдолд нарийвчилсан хуулийн дээрх зохицуулалт, шаардлагыг орхигдуулсан, энэ нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасантай нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэж дүгнэж, сонгон шалгаруулалтын журмын холбогдох зохицуулалтыг дахин шинээр журам гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар маргаан бүхий тушаалыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

16.Учир нь Усны асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагаас ирэх санал, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцал байгаа эсэхээс хамаарч, маргаан бүхий актын эрх зүйн үр дагавар өөр байж болох бөгөөд хэрэв Усны газраас татгалзсан санал ирвэл маргаан бүхий тушаал хууль ёсны болох, харин татгалзсан санал ирээгүй бол маргаан бүхий тушаал хууль бус болох үр дагавар үүсэх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах, дутуу ажиллагааг нөхөн гүйцээх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарч байх тул  шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

17.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заасан, энэ тохиолдолд аймгийн Засаг даргаас ямар санал гаргасан нь тодорхойгүй, хэрэв зөвшөөрсөн санал ирээгүй бол ямар үндэслэлээр татгалзсан, уг татгалзлыг Ашигт малтмалын газар ямар үндэслэлээр, хэрхэн шийдсэн талаарх нөхцөл байдлыг тодруулбал зохино.

18.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах ...” гэж, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж тус тус зааснаар сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хийгдэх ажиллагааг дутуу хийсэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагчаас сонгон шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байх боловч үр дагаврыг зохицуулах аргыг буруу сонгосон буюу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох биш харин нөхцөл байдлыг тодруулж дуусах хүртэл сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх байжээ.

19.Хариуцагч нэгэнт сонгон шалгаруулалтын үнийн санал нээж, нийтэд мэдээлсэн тул нэхэмжлэгчийн хувьд дахин сонгон шалгаруулалт зарлахад адил тэгш өрсөлдөх боломж нь хязгаарлагдаж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх тул сонгон шалгаруулалтыг дахин шинээр зарлах хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “... маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна, ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хуульд заасан үе шат, цаг хугацааны шаардлага тавигдсан байх бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан цаг хугацааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй” гэх дүгнэлт  буруу бөгөөд захиргааны үйл ажиллагааны алдааны үр дагаврыг нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцахгүй.

20.Гэхдээ нэхэмжлэгчийн “захиргааны байгууллагаас өөрт таалагдаагүй үр дүн гарах магадлалтай ажиллагааг энэ мэтээр хүчингүй болгож, дур зоргоороо шийдвэр гаргах боломжийг үүсгэсэн” гэх гомдлоор маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь нийтийн эрх ашгийг хамгаалах, усны асуудлаар сэргэж болохооргүй үр дагавар үүсэх эсэхийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжлүүлж, холбогдох шийдвэрийг гаргуулах нь хориглосон газар хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй байх хуулийн зорилгод нийцэх байна.

21.Энэхүү шүүхийн тогтоолыг биелүүлэх арга журам, үүсэх үр дагаврын  тухайд: Захиргааны байгууллагаас хуульд нийцүүлэн холбогдох ажиллагааг хийж, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас санал, дүгнэлт авсны дараа, Усны газраас “усны хууль тогтоомж зөрчигдөх, нөхөн сэргээгдэх боломжгүй үр дагавар үүсэх” тухай санал ирсэн бол тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй, хуулиар хориглосон нөхцөл байдал үүсэх бөгөөд хэрэв Усны газраас зөвшөөрсөн санал ирсэн бол уг сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, техникийн саналыг үнэлж, Сонгон шалгаруулалтын комисс нэгдсэн дүгнэлт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

22.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0678 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2024/0781 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалын СШ6602 дугаар талбайд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий А/39 дүгээр тушаалын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                             М.БАТСУУРЬ

  Х.БАТСҮРЭН

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ