Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 94

 

   Х.Б-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч Р.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Х.Б-д холбогдох 201506000198 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, Р.Цэрэнханд нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Х овогт Х-ийн Б нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт заасан “Өс хонзон, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.     

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Х.Б-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Х.Б-ыг 15 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Булган аймгийн прокурорын газраас Х.Б-ыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг... Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан...” гэж өөрчилж,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Р.Цэрэнханд, Р.Нямцэрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Р.Цэрэнханд, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх талаар зарим дүгнэлтийг буруу гэж үзэж байна.

1.  Анх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн зөв зүйлчлэл байсан. Өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлээр яллах хүсэлтийг гаргахад прокурор хүндрүүлж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар өөрчлөн ял сонсгох чиглэл өгснөөр яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжсэн нь цагаатгах, яллах талын хуульчид хэт туйлширч хэт хөнгөрүүлэх, хүндрүүлэх гэсэн өрсөлдөөнөөс улбаалж хэргийн зүйлчлэл бодит байдлаас төөрөхөд хүрсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон мөн зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар үг зүйл ангийн доод хэмжээнд ял оногдуулсан боловч энэ нь хэргийн зүйлчлэлд тохироогүй. Хэргийн үйлдлийн арга хэлбэр, гэмт санаа зорилго, сэдэл нь эргэлзээгүй, тодорхой, бүрэн дүүрэн тогтоогдсон байдал, тухайн хуулийн зүйл, ангийн зохицуулалт, үзэл санааг сайтар нягтлаагүйгээс хүндрүүлэх талыг барьсан.

2. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсгийн үзэл санаа, хүндрүүлэх нөхцөл нь гэмт хэргийг үйлдэхдээ ойр дотных нь хүмүүс харж байгааг мэдэж, зориуд тэдний дэргэд үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцохоор хуульчилсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Б-ын үйлдэлд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэг болох үед хохирогчийн эхнэр М хүүхдийн хамт майханд унтаж байсан, үеэл дүү Э нь хэргийн үйлдлийг болсны дараа мэдсэн, Л С-тэй хамт майхнаас 29 орчим метр зайд явж байгаад нэг хартал хутга бариад очиж хутгалахыг харсан байдаг. 7 настай хүү Б “Б ах аавыг хүтгалсан, аав маань үхчихсэн бол яанаа" гээд байсан хэргийн үйлдэл төгссөний дараа мэдсэн зүйлээ ээждээ ярьсан. Л С-ийн хамт амь хохирогчийг Эрдэнэт хот руу авч явж байхад талийгаач нэг удаа ухаан ороод “Аав нь үхэх гэж байна” гэж байсан зэрэг нь гэмт хэргийн үйлдэл төгссөний дараа болсон явдал тул эдгээр нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид хамаарахгүй. Энэ хэргийн шалтгаан нөхцөл нь хохирогч нь гэр бүлийн хүмүүсийн хувийн дотны харилцаа /хувь хүний нууцын тухай хуулийн 1 дэх хэсгийн 4, 2 дахь хэсгийн 4 дэх заалт, Гэр бүлийн хуулийн 4.4 дэх заалт/-нд ноцтой үр дагаварт хүргэж мэдэх, батлагдаагүй зүйлийг дотнын найзууд болон бусад хүмүүсийн дэргэд ярьж, үүнээс шалтгаалан М-тай марган, тэрээр амралтыг орхин явсантай холбоотой гарснаас биш зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дунд хэрэг үйлдэхээр хүсэж үйлдсэн явдал биш юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэг нь гэр бүлийн харилцааны талаарх Б, Н нарын таарамжгүй харилцаа, маргаанаас үүдсэн хувийн сэдэлттэй хэрэг юм. Эдгээр шинжүүд, баримт, хэргийн нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Х.Б-т ял халдаасан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдолд үндэслэл бүхий няцаалт хийлгүйгээр хялбарчилсан байдлаар хууль хэрэглээнд хандсан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан Х.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчлэн, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхэнд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Б-ыг хүнийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байгаа бөгөөд харин хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хэрэг гарах үед амь хохирогчийн насанд хүрсэн хүү Л байсан нь эргэлзээтэй, голын хажууд тоглож байсан гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг ба мөн насанд хүрээгүй хүүхэд нь байсан гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй. Х.Б нь амь хохирогчийг хутгалахдаа зориудаар гэр бүлийнх нь гишүүдийн дэргэд алж, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгах гэсэн санаа зориг байгаагүй бөгөөд тийм санаа зориг байсан гэх нотлох баримт байхгүй. Хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нь амь хохирогчийг хүүхдүүдийнх нь дэргэд хутгалж байна гэдгээ мэдсэн эсэх нь тодорхойгүй байна. Дээд Шүүхийн 23 тоот тогтоолоор “...ойр дотны хүмүүсийн нь дэргэд алж...” гэж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийг тайлбарлахдаа “...алж...” гэж шууд заасан байгаа нь амь хохирогч нь хэргийн газарт тэр даруйдаа нас барсан байхыг ойлгохоор заасан гэж үзэхээр байна. Гэтэл амь хохирогч хэргийн газар тэр даруйдаа нас бараагүй бөгөөд харин хүнд гэмтэл авсан ба гэмтлийн улмаас нас барсан байна. Хэдийгээр хүү Л нь нас барахад дэргэд нь байсан ч, Х.Б-ын үйлдсэн хэрэг нь онц харгис хэрцгий аргад хамаарахгүй гэж үзэхээр байна. Иймд Х.Б нь хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Х.Б-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэв

Анхан шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Б нь 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч М.Н-ийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Т, С.М, гэрч Э.М, Ч.О, О.С Т.Т, С.М, Б.С нарын мэдүүлэг болон шинжээчийн 45 тоот дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Анхан шатны шүүх Х.Б-ыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг тогтоож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

            Харин давж заалдах шатны шүүх Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт заасан өс хонзонгоор хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгосон атал яллах дүгнэлтэд буюу ялд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хэд хэдэн шинжээс зарим нь шүүгдэгчийн хувьд үгүйсгэгдэж буй тохиолдолд сонсгосон ялын агуулга өөрчлөгдөхгүй тул ял өөрчлөх тухай яригдахгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасан зарчмаар сонсгосон ялын нотлогдохгүй хэсгийг хэрэгсэхгүй болгох учиртай.

            Ингэхдээ мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдлуудаас аль тохирох хэсгийг үндэслэнэ.

            Сонсгосон ялыг өөрчлөх гэдэг нь ялын агуулга өөрчлөгдөж прокурор Эрүүгийн хуулийн өөр, зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах, эсвэл шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсгийг хэрэглэхэд хамааралтай ойлголт юм.

            Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

            Өмгөөлөгч Р.Нямцэрэн, Р.Цэрэнханд нар нь гомдолдоо Х.Б хохирогчийн ойр дотны болон садан төрлийн хүмүүсийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгах зорилго агуулж энэ гэмт хэргийг үйлдээгүй, мөн хохирогч хутгалсан даруйд бус хожим нас барсан тул хохирогчийг ойр дотны хүмүүсийн дэргэд алсан гэж үзэх боломжгүй талаар дурьдаж Х.Б-д холбогдох хүнийг санаатай алах хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн байна.  

Хохирогчийг ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж буйгаа гэмт этгээд мэдэж байх нь дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний субъектив талын хангалттай нөхцөл мөн бөгөөд хохирогчийг Х.Б-д хутгалуулснаас хойш нас барах хүртэл түүний хүүхдүүд, ойр дотны хүмүүс хамт байж хохирогчтой харилцаж нөхцөл байдлыг мэдэрч аль алин нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналж байсан үйл баримт тогтоогдсон байна. Хохирогч хутгалуулснаас хойш хэдэн цагийн дараа нас барсан нь дээрх нөхцөл байдлыг өөрчлөхгүй бөгөөд Х.Б-ыг хохирогчийг ойр дотны хүмүүсийн дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд шаналган зовоож буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хийсэн дүгнэлт хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Р.Нямцэрэн нарын “...Х.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Р.Нямцэрэн, Р.Цэрэнханд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ  

 

                                            

ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР