Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/00979

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.*******ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02186 дугаар шийдвэртэй,

 

С.*******ын хүсэлттэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн агуулга:

Миний өвөг эцэг ******* ******* 1889 онд ******* аймгийн, ******* суманд малчин ард ******* хүү болон мэндэлж эцэг, эхийн гар дээр 16 нас хүртлээ мал, маллаж хүмүүжсэн түүнээс хойш цэрэгт явж хилийн харуул хийж байгаад 1938 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Онц Бүрэн Эрхт Комиссын 33 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цаазаар авхуулсан. Түүнийг 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 184 дүгээр тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж цагаатгасан.

2018 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт цаазаар авхуулсан хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ болон төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульд тусгагдсаны дагуу миний эцэг *******гийн ******* нь өөрийн төрсөн эцэг ******* *******ы нөхөх олговрыг хөөцөлдөж Цагаатгалын Улсын комиссоос нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдээр Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №134 /6101/ дугаарт хэлмэгдэгчдийн хүүхэд хэсгийн нийтэд зарлагдсан.

Нийтэд зарлагдсанаас хойш миний эцэг Я.******* нь шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Мөн эцэг Я.*******ыг нас барсны дараа цагаатгалын нөхөх олговрыг миний төрсөн дүү Ё. хөөцөлдөж байсан боловч мөн хүнд өвчний улмаас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Миний бие С.******* нь 2016 онд авто тээврийн ослын улмаас Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ял эдэлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө ялаас чөлөөлөгдөн тэнсэн суллагдсан.

Миний төрсөн дүү С. нь нөхөх олговор хөөцөлдөх чадвар, чадамж муу учраас өвөг эцэг ******* *******ы нөхөх олговрыг хөөцөлдөж авч чадалгүй өдийг хүрлээ.

Миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ...гэсний дагуу өв залгамжлалын гэрчилгээгээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн бүртгэлийн дугаар 0036 юм.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу нөхөх олговрын 80,000,000 төгрөгийг надад олгож өгнө үү гэжээ.

 

2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т Я.******* нь хамаарч байна.

Өв залгамжлалын гэрчилгээ С.******* дээр гарсан. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх 6 сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлд заалт, Ковид-19 цар тахал зэрэг нөхцөл байдал, мөн С.******* нь авто ослын улмаас шоронд хоригдож байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаасаа өмнө суллагдсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул түүнд 80,000,000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

2.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд рын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд С.******* нь 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан үндэслэлгүй тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.*******ы цагаатгалын нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай С.*******ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар С.*******ын хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлын агуулга:

...Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад Хууль ёсны өвлөгч гэж...Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;...мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 заасан хуулийн зүйл заалтыг баримтлан хуулийг буруу хэрэглэн С.******* миний нөхөх олговрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай хэмээн миний бие үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02186 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож иргэн С.******* миний нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн ...2018 онд батлагдсан нэмэлт өөрчлөлтийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт хэлмэгдэгчийн нэхэмжлэх эрхийн хүрээг тодорхойлж хуулийн үзэл баримтлалыг баримтлан хэлмэгдэлтэд бие мах бод, сэтгэл санааны хохирлыг биеэрээ амсаж туулсан төрсөн болон хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр төрсөн болон үрчилж авсан хүүхэд, 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдийг оруулсан. 2009 оноос хойш хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй их удсан. Шалтгаан нь улсын төсөвт үүсэх их хэмжээний дарамтаас шалтгаалан үйлчлэх хүрээг багасгаж зөвхөн хэлмэгдэгчийн үр хүүхдийг нь оруулахаар хуульд заасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зүйл заалтууд нь хоорондоо уялдаа холбоогүй зүйл биш болно. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг нь 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т заасан хэлмэгдэгчийн буюу нэхэмжлэгчид үйлчлэхгүй. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэлийн эрхийн хүрээнд хамаарах нэхэмжлэгчийн бүртгэлийг хийсэн. 2017 оны намар 2018 оны төсвийг баталсан. 2018 оны 02 дугаар сард хууль батлагдсан учраас тус онд нөхөх олговрын төсөв суугдаагүй. 257 иргэн бүртгэгдсэн. 2019 онд 75 иргэнд нөхөх олговор олгогдохоор төсвөөс 5,120,000,000 төгрөгийг баталсан. 2018 оны нэмэлт өөрчлөлтийн хуулийн хүрээнд 190 иргэнд өв залгамжлалын дагуу нөхөх олговор олгосон гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч С.******* нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ар нар хүсэлт гаргагчийг дэмжиж оролцсон.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хүсэлт гаргагчийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй этгээдэд хамаарахгүй гэж дүгнэсэн нь буруу байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. ******* аймгийн ******* сумын харьяат З.*******ыг улс төрийн хэрэгт холбогдуулан баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, улмаар Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дүгээр магадлалаар цагаатгасан. /х.х-ийн 21-23/

 

3.2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр Я.*******ыг хэлмэгдэгч З.*******ы төрсөн хүү болохыг тогтоосон. /х.х-ийн 12/

 

3.3. Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 964 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс 1,000,000 төгрөг гаргуулж Я.*******од олгохоор шийдвэрлэсэн. /х.х-ийн 10-11/

 

3.4. Улмаар Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр нийтлэлд Я.*******ыг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын нийтэлжээ. /х.х-ийн 13/

 

3.5. Хэлмэгдэгч З.*******ы төрсөн хүү Я.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, түүний эхнэр гийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, төрсөн хүү *******ын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, төрсөн хүү *******ын 2008 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус нас барсан бөгөөд төрсөн охин *******ын нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан байна. /х.х-ийн 5, 7, 8, 16, 24/

 

3.6. Хүсэлт гаргагч С.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар 15 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө суллагдаж,

 

3.7. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0036 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Я.*******оос улс төрийн хэлмэгдэлтийн Цагаатгалын нөхөх олговор мөнгө хөрөнгийг өвлөх эрхийг хүлээн авчээ. /х.х-ийн 59, 15/

 

4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй гээд 10.1.4-т энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж, мөн 10.3-т Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хэлмэгдэгч З.*******, эсхүл түүний эхнэр, эсхүл төрсөн хүү Я.******* нар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд бөгөөд хэрэв эдгээр хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нөхөх олговрыг нэхэмжилж болно.

 

Талуудын тайлбараар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.*******ы төрсөн хүүхэд Я.******* амьд сэрүүн байх хугацаандаа хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэхээр бичиг баримт бүрдүүлж байсан гэсэн тул хүсэлт гаргагч С.*******ыг дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэхгүй, харин тэрээр өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэл гаргаж буй этгээдэд хамаарч байхад анхан шатны шүүх түүнийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Үүнээс гадна улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.*******ы төрсөн хүүхэд Я.******* нь түүний хүсэлттэй нөхөх олговор нэхэмжилсэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд нас бараагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар эрх залгамжилсан харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

5. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгоно гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хуульд заасан 80,000,000 төгрөгийн нөхөх олговрыг гагцхүү цаазаар авхуулсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр /байхгүй бол төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд/-т олгох хүсэлт гаргагч С.******* нь төрсөн эцэг Я.*******ын нөхөх олговрыг ийнхүү өв залгамжлалын журмаар үүнийг нэхэмжилж байгаа ажээ.

 

Гэвч дээр дурдсан хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна гэж заасан.

 

Хэлмэгдэгч З.******* нь Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 184 дүгээр магадлалаар цагаатгагдсан буюу дээрх хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан тул 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох З.*******ы төрсөн хүү Я.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан ба Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлийн 531.2-т тус тус зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн буюу түүнийг нас барсан өдрөөс хойш 1 /нэг/ жил өнгөрсний дараа олгодог журамтай.

 

Гэтэл хүсэлт гаргагч С.******* нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссаны дараа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь нэгэнт дууссан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.

 

Мөн тэрээр 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хорих ял эдэлж байсныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т Хоригдол дараахь эрх эдэлнэ гээд 210.1.2-т хорих ангийн захиргаагаар дамжуулан өөрт холбогдох асуудлаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах гэж заасан байна.

 

Хүсэлт гаргагч С.******* нь нь хорих ял эдэлж байхдаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өвлөх эрхээсээ татгалзаж, өвлөх эрхийн гэрчилгээг өөрийн дүү С.д олгохыг зөвшөөрсөн хүсэлтийг хорих ангийн захиргаагаар дамжуулан гаргаж байжээ. /х.х-ийн 14/

 

Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч нь эцэг Я.*******ыг нас барсан, өвөг эцэг З.*******ы олгох нөхөх олговрын талаар мэдэж байсан байх тул хорих ял эдэлж байсан хорих ангийн захиргаагаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

Б.МАНДАЛБАЯР