| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2025/00201/И |
| Дугаар | 210/МА2025/00982 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/00982
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02637 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4, 83.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2, 7 дугаар зүйлийн 7.4.1, ажлын байрны тодорхойлолт, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4.5, Эд хөрөнгийн тооллогын журмын 4.1, 5.2, Шууд худалдааны бодлогын 3.21, тус бодлогын 2 дугаар хавсралт, Сахилгын шийтгэл ногдуулах маягт болон гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 439 тоот итгэмжлэлийг үндэслэсэн.
1.2 Миний бие сахилгын зөрчил гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ журмын дагуу гүйцэтгэж ирсэн бөгөөд аливаа хэлбэрээр сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь *******тай 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр HR-22/71 дугаартай туршилтын хугацааны, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн HR-23/12 дугаартай үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээг Дэлгүүрийн менежер ажлын байранд байгуулсан.
2.2 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Голден будда төвд байрлах Бетастар компанийн Соур ликюр шоп /Sour Liquor Shop/ дэлгүүрт буюу ажлын байран дээр дэлгүүрийн менежер ******* болон ******* нарын хооронд ажлаас үүдэлтэй маргаан болж, улмаар ******* нь ******* руу гар ариутгагч санитолыг авч шидсэн. Дээрх үйлдэл нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.4, 7.4.17, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1, Компанийн үндсэн хэм хэмжээний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.1-т заасныг тус тус зөрчсөн. Тиймээс *******гийн гаргасан үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4.1-т заасан Өөрт нь ганцаарчлан сануулах сахилгын шийтгэлийг 5-23/119 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ногдуулсан.
2.3 Мөн ******* нь харилцагч нарт бараа татан авч нийлүүлэх чиг үүргийн хүрээнд Amgalan beverages, Sunny trade, Shakelton group, Ulemj, Boom beverages зэрэг байгууллагуудтай тохирсон хугацаанд гэрээ хийн бараа татан аваагүйгээс борлуулалт зогссон. Компанийн шинэ жилийн багц борлуулалтын шоколадны татан авалтыг хийгээгүйн улмаас маркетингийн хэлтсээс хийх бүтээгдэхүүний зураг авалт, идэвхжүүлэлт ажлууд хойшлогдож, улмаар багцын борлуулалт гацсан зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан.
Дээрх үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.7 42.2.9, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.2, 5.3.4, 6.3-т заасныг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Эдгээр зөрчил нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гаргасан сахилгын зөрчил бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б-24/10 дугаартай Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Гурван сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан
2.4 ******* нь Дэлгүүрийн менежерийн үндсэн үүрэг болох дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг хангах, дэлгүүрийн ажилтнуудыг удирдан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн худалдаалах үйл ажиллагаануудыг хянах, шаардлагатай борлуулалтын идэвхжүүлэлтийг хийх чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хангалтгүй биелүүлэн дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд: Бэлэн мөнгийг хугацаанд нь тушаагаагүй. Шууд худалдааны журмын 3.21-т заасан дараа өдрийн 12 цагт тушаана гэж заасныг зөрчин 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш бэлэн мөнгийг тушаалгүй байсаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тушаасан, 2024 оны 06 сар болон 07 сарын тооллогын зөрүүг хугацаанд нь тушаагаагүй Соур ликюр шоп /Sour Liquor Shop/ дэлгүүрийг нээх цагт нь нээгээгүй буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өдрийн 14:00 цаг хүртэл дэлгүүр нээгээгүй, Компанийн харилцагчийн туслах буюу худалдагч нарын дунд урамшуулалт аян зарласан ба тэдгээрийн тайланг хугацаанд нь өгөөгүй, Соур ликюр шоп /Sour Liquor Shop/ дэлгүүрийн Вип /VIP/ өрөөнд төлбөл зохих төлбөрийг үйлчлүүлэгчдээс авахгүйгээр үйлчилсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан нь Компанийн Шууд худалдааны журмын 3.21, Тооллогын журмын 4.1, Вип өрөөг түрээсээр ашиглах заавар зэргийг тус тус зөрчсөн үйлдлүүд бөгөөд эдгээр зөрчлийг цалин бууруулах сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83,2, 83,3, 83,4, 83.5 болон Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.2, 7.4.1, Ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг бичээд, шүүх рүү цахим шуудангаар илгээж /Шүүгчийн даалгавраар гэсэн/ тус үзлэгийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахгүйгээр шууд үзлэг хийгдсэн. Үзлэгт хөндлөнгийн 2 гэрч байсан боловч үзлэгийн ажиллагаанд оролцоогүй, цахим шууданг хараагүй, цахим шуудан руу орж үзээгүй, үнэхээр цахим шуудан мөн эсэх нь эргэлзээтэй хариуцагчийн компьютер дээр байсан баримтыг үзсэн. Дээрх процесс ажиллагаанд хөндлөнгийн гэрч нар байлцаагүй.
Үзлэгийн англи хэл дээр байгаа баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үзлэг нь эхлээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө явагдаж, дараа нь шүүх хуралдаан эхлэх үед орчуулгыг хариуцагчаас гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, үзлэгт байгаа англи хэл дээрх цахим шуудан нь англи хэл дээр явагдсан болно. Уг үзлэгийн ажиллагааг шүүгч удирдаагүй, нарийн бичиг удирдсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
4.2 *******-ийн Хөдөлмөрийн дотоод журам гэх баримт бичгийг Үйл ажиллагааны захирал ******* 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр баталсан байх бөгөөд *******д Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан Хөдөлмөрийн дотоод журам батлах эрх хэмжээ олгогдоогүй байна. Хэрэгт Санхүүгийн захирал *******т уг эрх хэмжээ олгогдсон байх бөгөөд Үйл ажиллагааны захирал *******д олгогдсон баримт хэрэгт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байхад шүүхээс Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан ноцтой зөрчил гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.
Хөдөлмөр эрхлэлтийн хариуцлага шууд цуцлах ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд үйлдэл тухай бүр тухайлан нэрлэн заагаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болно.
4.3 Ажлаас халсан тушаал гаргах эрх хэмжээг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг Үйл ажиллагаа хариуцсан захирал ******* гаргасан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал ******* гэх хүн байх бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээгүй этгээд тушаал, шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн гэрээг *******-ийн Үйл ажиллагааны захирал ******* ажил олгогчийг төлөөлж гарын үсэг зурсан байна. Ийм эрх хэмжээ мөн адил байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм.
4.4 Хариуцагчийн гаргаж өгсөн санхүүгийн баримт, зөрчлийн хуудас зэрэг баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй. Хэрэгт ирүүлсэн Зөрчлийн хуудас гэх баримтууд нь эрх хэмжээгүй этгээдүүд буюу *******-ийн ажилтнууд гаргасан баримтууд байна. Тухайлбал, *******-ийн Маркетингийн захирал , Маркетингийн менежер ******* нарын тушаал байх бөгөөд дээрх хүмүүс нь нэхэмжлэгч *******гийн шууд удирдлага биш, үүрэг даалгавар өгөх эрх хэмжээтэй этгээд биш байхад дээрх зөрчлөөр ажлаас халсан үйл баримтыг шүүх тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зөрчлийг тогтоох ажиллагаа нь эрх хэмжээгүй этгээдүүд хийсэн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн төлөөлөгч гэх баримт байхгүй юм. Тиймээс зөрчлийг тогтоосон зөрчлийн хуудас бусад баримтуудын талаар шүүх тал бүрээс нь бодитой үнэлгээ хийгээгүй.
4.5 Ажлаас халсан тушаалын тушаах хэсэгт ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан гэж заасан байх бөгөөд шүүхэд ирүүлж буй нотлох баримтууд нь тушаалын тушаах хэсэгт хамааралтай байдлаар тал бүрээс нь үнэлээгүй. Тушаалын тушаах хэсэг дээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан эрх зүйн харилцаанд хамааралтай байдлаар нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тушаалын тушаах хэсэгт заагдаагүй нотлох баримтуудыг хариуцагч татгалзлын үндэслэл болгосон байх бөгөөд дээрх байдлаар тушаах хэсэгт зөрчлийг ерөнхийлөн зааж, шүүхэд бусад нотлох баримтуудыг ирүүлж буй нь гэм буруутайг урьдчилан тогтоосон байхыг шаардах, тушаал шийдвэр нь өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаалын тушаах хэсэг, үндэслэх хэсэгтэй нийцэж байх, хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан эсэхэд уялдуулан үнэлээгүй.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хариуцагчийн гол татгалзал болох худал мэдээллээр хангасан ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ирүүлсэн баримт, вайбер харилцаа буюу эмнэлгийн актыг тухайн байгууллагад өгч байсан эсэх харилцаа, эмнэлгийн магадлагаа эргэлзээтэй байх тул лавлагаа авах, зохигчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан. Үзлэгийн тэмдэглэлтэй нэхэмжлэгчийн өмгөөлөгч танилцсан, зарчмын санал, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед огт хэлээгүй атлаа давж заалдах гомдолд энэ талаар дурдаж байгаа нь үндэслэлгүй. Хөндлөнгийн 2 гэрч и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан. Мөн англи хэл дээрх баримтыг тэмдэглэлд өгсөн. 2 и-мэйл тухайн үед англи хэл дээр авагдсан буюу захирал болон өөрийнх нь удирдлагаас хүргүүлсэн сануулсан и-мэйлийг англи хэл дээр үйлдэгдсэн байсныг монгол хэлээр орчуулж өгсөн.
5.2 *******-ийн захирал нь гадаад хүн, Монгол улсад байнга оршин суудаггүй учраас өөрийн эрх хэмжээний дагуу хүний нөөцтэй холбогдох эрх хэмжээг үйл ажиллагаа хариуцсан захиралд, санхүүтэй холбоотой эрх хэмжээг санхүүгийн захиралд итгэмжлэл олгосон. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2000200 дугаар итгэмжлэлээр *******д гүйцэтгэх захирал ******* нь тушаал, шийдвэр, журам гаргах буюу өөрийн эрх хэмжээний хүрээнд бүрэн итгэмжлэл олгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-т хөдөлмөрийн дотоод журам нь ******* болон түүний охин компани ******* болон хараат компани болох *******-ууд мөн адил дагаж мөрдөнө гэх үндэслэлээр дүгнэж бичсэн.
5.3 Нэхэмжлэгчийг ажлаас халж буй хамгийн гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 байна. Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэх үндэслэлийг заасан. Уг үндэслэлийн дагуу ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар дурдсан. Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргавал энэ нь ноцтой зөрчилд тооцогдох талаар ажилтанд танилцуулсан, нэхэмжлэгч баталгаажуулж гарын үсгээ зурсан.
5.4 Хариуцагч компанийн эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал нь өөрийн эрх хэмжээний дагуу өөрийн эрх хэмжээг бусдад шилжүүлэх боломжтой. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд ямар эрх хэмжээг олгож байгаа талаар тусгайлан заагаагүй. Хариуцагч компани жил бүр итгэмжлэлийн хугацааг сунгадаг. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн 2-т компанийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой албан бичгүүдийн талаар заасан. Гүйцэтгэх захирлын бүх эрх хэмжээг итгэмжлэлээр олгосон. *******-ийн 100 хувийн охин компани бол ******* болно. *******-ийн дунд шатны удирдлагууд нь хоорондоо урамшуулалт аян явуулах болон хамтран ажиллах тохиолдол их гардаг. Үүний дагуу маркетингийн захирал, менежерүүдтэй харилцан холбоотой ажилладаг. Дээрх чиг үүргийнхээ дагуу хамтран ажилласан.
Гомдолд дурдагдсан болон ******* нарын и-мэйл нь шууд нэхэмжлэгч *******д очоогүй. Нэхэмжлэгчийн шууд удирдлага болох , нарт хангалтгүй ажиллаж хугацаа хэтрүүлсэн тухай и-мэйлийг явуулсан. Уг и-мэйлийн дагуу шууд удирдлага нь хүний нөөцийн хэлтэст хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хүсэлтэй байгаа талаарх саналыг хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн шууд удирдлага болох нь үүрэг даалгавар өгөх эрх бүхий субьект мөн.
5.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан хэсэг нь тушаалд байхгүй. Анхан шатны шүүх сахилгын зөрчилтэй байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын тушаал болон мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалын үндэслэл, үйл баримтад нотлох баримтыг тал бүрээс нь зөв дүгнэн, харилцан хамаарлыг зөв тодорхойлж шүүх шийдвэрээ гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Ажил олгогч *******-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4-22/85 дугаар тушаалаар *******г *******-д дэлгүүрийн менежер албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл туршилтын хугацаагаар томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /хх 30-33/ Улмаар, мөн захирлын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б-23/24 дугаар тушаалаар *******г дэлгүүрийн менежер албан тушаалд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс жинхлэн томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх 34-37/
3.1 *******-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б-23/119 дугаар тушаалаар *******д ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 38/ Улмаар, мөн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б-24/10 дугаар тушаалаар *******д гурван сарын үндсэн цалин 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 46/ Нэхэмжлэгч нь уг тушаалуудын талаар гомдол гаргаагүй тул зөвшөөрсөнд тооцно.
4. Нэхэмжлэгч *******-ийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4, 83.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.2, 7.4.1, ажлын байрны тодорхойлолт, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.4.5, Эд хөрөнгийн тооллогын журмын 4.1, 5.2, Шууд худалдааны бодлогын 3.21, тус бодлогын 2-р хавсралт, сахилгын шийтгэлийн ногдуулсан маягт болон гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 439 тоот итгэмжлэлийг тус тус үндэслэл болгон *******-д дэлгүүрийн менежер ажилтай ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дэлгүүрийн менежерийн үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн давтан зөрчил гаргасан нь ноцтой зөрчил тул түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх 4/
5. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
6. Ажил олгогч нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаалын үндэслэлээ ажилтан *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу ...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дэлгүүрийн менежерийн үндсэн чиг үүргийн хүрээнд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн давтан зөрчил гаргасан гэсэн зөрчил гаргасан талаар заажээ.
6.1 Дээрх тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлд хамаарч байна. Энэ тохиолдолд зөрчил тогтоогдсон байхыг шаардахаас гадна талууд хөдөлмөрийн гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар харилцан тохиролцсон байх учиртай. Мөн ажил олгогч нь тушаалын хууль зүйн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй.
7. Талуудын байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 7.4-т ямар зөрчлийг ноцтой зөрчил болох талаар заасан байх бөгөөд хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 7.4.1-т ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэлийг тушаалын үндэслэл болгожээ.
7.1 Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн давтан зөрчил гэдэгт ажил үүргээ хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн зөрчил гаргасан байхыг ойлгох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
7.2 Тодруулбал, хэргийн 40-45, 48 дугаар талд авагдсан *******тай уулзсан тэмдэглэл, тай уулзсан тэмдэглэл, *******тай уулзсан тэмдэглэл, шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр ажилтан ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан буюу ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байна.
8. Түүнчлэн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй ажил олгогчийн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд үр дагавар үүсгэх тул ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалдаа хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож буй хууль зүйн факт буюу үндэслэлийг тодорхой заах учиртай.
8.1 Хариуцагч нь дээрх тушаалдаа ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг тодорхой заагаагүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
9. Нөгөөтэйгүүр, *******-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаал гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрх олгогдсон баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа хариуцсан захирал д нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
10. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаалын талаарх гомдлоо Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан. Тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар ажиллагааг дуусгавар болгосон. /хх 5-7/ Улмаар нэхэмжлэгч нь мөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд ажил олгогчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б-24/88 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцээгүй байх тул *******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.
11.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2024 оны 07, 08, 09 дүгээр сарын (7,101,103+4,405,196+4,173,637) цалин хөлсний нийлбэр 15,679,936 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 5,226,645 төгрөг, үүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 248,887 төгрөгөөр тооцов.
11.2 Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажлын 132 хоногийн хугацааны олговорт (248,887*132) 32,853,084 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцнэ.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, *******г урьд эрхэлж байсан ажлын байр болох *******-д дэлгүүрийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32,853,084 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан *******-ийн дэлгүүрийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32,853,084 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж,
2 дахь заалтын дурдсугай. гэснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 322,215 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
М.БАЯСГАЛАН