| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0080/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д
Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А аймгийн Э сумын харъяат, ... оны ... сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо 2019 оны 01 дүгээр сараас хойш Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө овогт О.Ц-т холбогдох эрүүгийн 1920001180092 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд багтсан Халиу бугын 13 хэсэг эврийг худалдан авч хадгалсан, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд багтсан Халиу бугын 3 ширхэг сүүл, чивийг худалдан авч хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2019 оны 12 сарын 29-нд Улаанбаатар хотын Нарантуул зах дээрээс бугын чив, сүүл эвэр зэргийг худалдан авч Замын-Үүд суманд ирж О-н гэрт хадгалсан юм. Тэгээд Замын-Үүдэд байж байтал 2019 оны 05 сарын 17-нд цагдаагийн байгууллага ирж мэдээлэлийн дагуу шалгах шаардлагатай байна, бугын чив сүүл, эвэр хаана байна гэхээр нь гаргаж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, экологи эдийн засгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулна, энэ талаараа шүүхэд тодорхойлолт гаргасан байгаа ” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... хууль бус ангийн эд эрхтэн гэртээ нууж ашиг олох зорилгоор хадгалж байсан байна. Энэ хууль бусаар амар хялбар аргаар ховордож байгаа ангын эд эрхтэн хадгалсан учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан нь зүйтэй байна. Буруутай этгээдээс хохирлоо гаргуулж авна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт өөрийн гэрт цагдаагийн байгууллагын ажилчид очиж мэдээллийн дагуу үзлэг хийнэ гэхээр нь үзүүлэх явцад манай гэрийн гал тогооны хэсгийн шарх шүүгээнээс 3 ширхэг хар ууттай скочидсон амьтны сүүл эд эрхтэн гарч ирсэн. Би хаанаас манай шарх шүүгээнд хэн хийснийг нь мэдэхгүй. Найз Ц-с тэр даруй асуухад би шарах шүүгээнд хийчихсэн байсан юм гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар тухайн эд зүйлсийг хураан авсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/
Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н 2019 оны 05 сарын 23-ны өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг амьтны эд эрхтэн нь бүгд нэг зүйл амьтан буюу Халиун бугын 3 бодгалийн чив болон сүүл болохыг тодорхойлов.
-Амьтадын чив болон сүүл нь Халиун бугын гурван эр бодгалийн эрхтэн болно....
-Гурван бодгальд хамаарна.
-Халиун буга нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар ОУ-д “Анхааралд өртөхөөргүй” болон манай оронд устаж болзошгүй зэрэглэлд багтдаг.
-Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 6,600,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/
1920001190093 дугаартай эрүүгийн хэрэг 1920001180092 тоот эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх-ийн 29/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31/
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23-р хороонд гэртээ 1 сар орчим болоод Замын-Үүд суманд найз болох О-д 15-ны өдөр буюу 2 хоногийн өмнө ирсэн. Манай эхнэр Ц нь манай найз О-н гэрт 1 сар орчим хамт амьдарсан юм. Тэгээд өчигдөр гурвуулаа өглөөнөөс эхлээд 2 шил 0.75-ын Х архи хувааж уугаад хоорондоо магалдсан юм. Намайг найз О хот руу явчих, би танай эхнэртэй хамт амьдрахаар болсон. Хайр сэтгэлийн холбоотой болсон гэхээр нь уурандаа эхнэр Ц-н БНХАУ-ын Эрээн хот руу хилээр нэвтрүүлэх гэж байсан бугын эврийг цагдаа дуудаж гаргаж өгсөн юм. Бугын эвэр байгаа гэдгийг өчигдөр Ц-той ярьж байгаад О-д бугын эвэр байсныг мэдсэн. Надад эхнэр Ц хэлэхдээ тухайн бугын эврийг хилээр гаргаж мөнгө олох талаар ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Манайд Б-н эхнэр Ц 1 сар орчим хамтран амьдарсан. 2 хоногийн өмнө Ц-н нөхөр Б манай гэрт ирж хоноглох болсон. 2019 оны 05 сарын 16-ны өдөр 2 шил 0,75 литрийн Х архи гурвуулаа хувааж уугаад үл ойлголцол болсон юм. Би Б-г Улаанбаатар хотруугаа буцчих гээд 20,000 төгрөг өгөөд явуулсан. Би түүний эхнэртэй цаашдаа хамтран амьдрахаар шийдсэн. Удалгүй Б цагдаа дуудсан юм шиг бололтой 2 цагдаа гэрт ороод ирсэн. Бугын эврийг манай хөлдөөгчнөөс цагдаад гаргаад өгсөн. Би тэр бугын эврийг өмнө нь манай хөлдөөгчинд хэн хийснийг мэдээгүй хөлдөөгчид бугын эвэр байсан гэдгийг тэр үед л мэдсэн. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/
Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 2019 оны 05 сарын 23-ны өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг амьтны эвэр нь бүгд нэг зүйл амьтан буюу Халиун буга 2 бодгалийн эвэр, эвэрний тайрдас болохыг тодорхойлов.
-Халиун бугын хоёр эр бодгаль болно.
-Хоёр бодгальд хамаарна.
-Халиун буга нь ховор зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар ОУ-д “Анхааралд өртөхөөргүй” болон манай оронд устаж болзошгүй зэрэглэлд багтдаг.
-Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр эр бодгаль 6,600,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/
Шүүгдэгч О.Ц нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/
Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний “экологи эдийн засгийн үнэлгээ нь 6,600,000 төгрөг гэсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-73/
2019 оны 06 сарын 27-ны өдрийн “ 13 хэсэг бугын эвэр нь технологийн дагуу хадгалаагүй цаашид зөвхөн гоёл чимэглэл, ахуйн зориулалтаар ашиглах боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 79/
Халиун бугын 13 ширхэг эвэр, 3 ширхэг чив, сүүлийг эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруу, хохирлын хувьд:
Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-нд Улаанбаатар хот, Нарантуул захаас бугын 3 ширхэг чив, сүүл, 13 ширхэг эвэр зэргийг худалдан авч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт найз О-н гэрт хадгалж байхдаа цагдаагийн байгууллагын гомдол мэдээлллийн дагуу шалгасан шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн бусдаас худалдан авч, хадгалсан 13 хэсэг эвэр, 3 ширхэг сүүл, чив нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Ховор амьтны жагсаалтанд багтсан Халиун бугын түүхий эд болох нь хх-ийн 19, 45 дугаар хуудсанд авагдсан Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н 2019 оны 05 сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах барих зөвшөрөөл олгох журмыг Засгийн газар батална, 25 дугаар зүйлийн 25.3-д заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байна. Гэтэл шүүгдэгч О.Ц нь дээрх хуульд заасан зөвшөөрөлгүйгээр ховор амьтны эд зүйлийг худалдан авч, хадгалсан байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч О.Ц-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг ховор амьтны түүхий эд зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч М.О, Э.Б, Б.Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/ эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн32-33/, Ерөнхий болон Сорилийн биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч Г.Г-н гаргасан дүгнэлт /хх-ийн 19, 45 /, Халиун бугын 13 ширхэг эвэр, 3 ширхэг чив, сүүлийг эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Ц-н хууль бусаар худалдан авч, хадгалж байсан Халиун бугын 13 ширхэг эвэр, 3 ширхэг чив, сүүл зэрэгт тус, тусад нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэн байх ба Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораториос “ Амьтадын чив болон сүүл нь Халиун бугын гурван эр бодгалийн эрхтэн болно, ...Гурван эр бодгальд хамаарна” гэж, “13 ширхэг амьтны эвэр нь бүгд нэг зүйл амьтан буюу Халиун буга 2 бодгалийн эвэр, эвэрний тайрдас болохыг тодорхойлов... Халиун бугын хоёр эр бодгаль болно” гэсэн 2 дүгнэлт гаргажээ. Дээрх дүгнэлтээс үзэхэд нийт Халиун бугын 5 эр бодгаль байхаар харагдаж байгаа боловч мөрдөгч нь эд мөрийн баримтаар тооцсон дээрх эд зүйлсэд 2019 оны 05 сарын 20-ны өдөр шинжээч томилохдоо 2 тогтоолоор бус, 1 тогтоолоор томилсон бол 3 эр бодголиар дүгнэлт гарах боломжтой байжээ. Иймд шүүхээс шүүгчдэгчийн улсад учруулсан шууд бус хохирлыг тооцохдоо түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Халиун бугын 3 эр бодгалиар тооцож, хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирлыг гаргуулахдаа шүүгдэгчийн амьдрал, ахуй, хувийн байдлыг харгалзан үзэж хөрөнгө үнэлгээний В ХХК-иас эд зүйлийг нийт 6,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Хөрөнгө үнэлгээний В ХХ-ийн дүгнэлт нь амьтны эд зүйлийг дангаар нь үнэлээгүй, харин Засгийн Газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтанд зааснаар 6,600,000 төгрөгөөр үнэлсэн гэсэн агуулга бүхий үнэлгээ байна. Нөгөөтэйгүүр Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-д “ амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасан, Засгийн Газрын 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэг дүгээр хавсралтад Халиун бугын эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээ 6,600,000 төгрөг гэж үнэлсэн байна. Иймд шүүх хуулиас гадуур шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг бууруулах боломжгүй юм.
Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д зааснаар шүүгдэгч О.Ц-с Халиун бугын 3 эр бодгалийн үнэ нийт 19,800,000 төгрөгийг хоёр дахин өсгөж тогтоосонтой тэнцэх хэмжээ буюу 39,600,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч О.Ц-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ эрүүгийн хариуцлага нь тухай хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг эрх зүйн удирдлага болгосон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.
Эд мөрийн баримт шийдвэрлэх талаар:
Энэ хэрэгт прокурорын тогтоолоор Халиун бугын 13 ширхэг эвэр, 3 ширхэг чив, сүүл зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан байх бөгөөд эдгээр эд зүйл нь зах зээлд худалдах, худалдан авах, хадгалахыг Эрүүгийн хууль болон Амьтны тухай хуулиар хориглосон тул улсын яллагчийн санал болгосноор улсын орлого болгон шийдвэрлэх боломжгүй юм. Иймд 13 ширхэг эвэр нь цаашид зөвхөн гоёл чимэглэл, ахуйн зориулалтаар ашиглах боломжтой болох нь 2019 оны 06 сарын 27-ны өдрийн шинжээч Д.Б-н гаргасан дүгнэлтээр /хх-ийн 79/ тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг, харин 3 ширхэг чив болон сүүл нь ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гараагүй байх тул устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгах нь зүйтэй байна. Эд мөрийн баримт нь Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнд байгаа болохыг яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэсэн байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтны түүхий эд зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ө овогт О.Ц-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Халиун бугын 13 ширхэг эврийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг, 3 ширхэг чив болон сүүлийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус, тус даалгасугай.
5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д зааснаар шүүгдэгч О.Ц-с Халиун бугын 3 эр бодгалийн үнэ нийт 19,800,000 төгрөгийг хоёр дахин өсгөж тогтоосонтой тэнцэх хэмжээ буюу 39,600,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц