Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 01130

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/НЭ2016/01317/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ****** аймаг, Хонгор сумын ****** дугаар баг, ****** дугаар бригадад оршин суух Мэргэд овогт Мягмаржавын Туяа, /РД: ГЕ61082308/-ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Туяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Булгай аймгийн Могод сумын Оч нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл ажилласан 10 жил 04 сарын хугацаанд ажилласан сарын хөлс бичигдсэн байгаа боловч тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байгаа нь тэтгэвэр тогтоолгоход хүчин төгөлдөр баримт нотолгоо болж чадахгүй байна. Иймд миний Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Туяагийн гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.Туяа нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдлийн 4 дүгээр бригадад саальчнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь 1978 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Зөвлөлтийн Найрамдлын нийгэмлэгт элсэн орсон бат илэрхийлэл, Булган аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот цалингийн цэсний лавлагаа, 1981 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16/114 тоот Улсын бүртгэлийн лавлагаа, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Оч нэгдлийн зөвлөлийн баярын бичиг, гэрч М.Эрдэнээгийн “...энэ хүн бага байхдаа аав, ээжийн гар дээр мал маллаж өссөн. 1986 онд тусдаа гарах хүртлээ Могод сумын 4 дүгээр бригадад саальчин хийж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Урнаагийн “...1978 онд анх хөдөлмөрийн дэвтэртэй болоод 1986 онд хүнтэй суугаад тусдаа гарсан, тэр үед нөхрийн хамтаар цалин авдаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:               

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Мэргэд овогт Мягмаржавын Туяа нь 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч М.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА