Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01007

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/04910 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 5,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 5,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...өөрийн хүүг Америкийн Нэгдсэн улс руу сургуульд тэтгэлэгтэй явуулахад зуучлуулахаар *******-тай тохиролцсон. Хариуцагч нь дансанд 10,000 ам.доллар байршуулах шаардлагатай гэсэн тул бусдаас хүүтэй мөнгө зээлж, тус компанийн дансанд 34,000,000 төгрөг байршуулсан. Гэтэл тус сургуулиас тэтгэлэгт хамрагдаагүй гэсэн хариу ирсэн. ******* нь 31,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй. Иймд бусдаас зээлсэн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2,100,000 төгрөг, үлдэх 3,000,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн хүүхэд сургуулийнхаа урилгыг аваад Америкийн Нэгдсэн улс руу суралцахаар явсан. Нэхэмжлэгчийн төлсөн 34,000,000 төгрөгөөс зуучлалын ажлын хөлс 850 ам.долларыг суутган авч, зөрүү 31,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэж үгүйсгэн маргажээ.

2.3 Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээг хүчин төгөлдөр бус үндэслэлээр нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 34,000,000 төгрөгөөс үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.1 Нэхэмжлэлээс 2,100,000 төгрөг гаргуулах шаардлагын агуулга нь гэрээний, эсхүл гэрээний бус үүргийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол эсэхийг, мөн 3,000,000 төгрөг гаргуулах шаардлагын агуулга нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан, цуцалсан, эсхүл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шаардаж буйг шүүх тодруулах шаардлагатай. Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэрээний үүрэгтэй холбоотой үүргээ биелүүлсэн, гэрээнд заасан ажлын хөлсийг суутгасан гэж маргасан. Өөрөөр хэлбэл, талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар тус бүр өөр өөр үндэслэл заан маргаж, мэтгэлцсэн байна.

4. Хэдийгээр хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзлаа өөрсдөө баримтаар нотлох үүрэгтэй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх учиртай. Гэтэл шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж талууд нэг зүйлийн талаар маргаагүй, хоёр өөр асуудлын талаар харилцан адилгүй маргаснаас хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талууд нэгэн зүйл, үндэслэлийн талаар маргаж, хэргийн үйл баримт тогтоогдох бөгөөд шүүх хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

5. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй нөхцөлд талуудыг маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцсэнд тооцох, улмаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй бөгөөд энэ нөхцөлд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарт үндэслэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна.

6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтын үнэлгээ болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлага байхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/04910 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

М.БАЯСГАЛАН