| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0087/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Х сумын харъяат, ... оны ... дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн У сумын 1 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа мал, аж ахуй эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Т.Э-д холбогдох эрүүгийн 1920001840117 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр баг, гэрийнхээ гадаа иргэн Д.Г-тэй маргалдаж, улмаар зүүн мөр, хэвлийн тус хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 07 дугаар сарын 18-нд сумын баяр наадам болж байсан, би хонио хотлуулчихаад сумын төвд байдаг гэртээ ирсэн. Тэгээд сумын соёлын төвийн хойд талын талбай дээр болж байсан бүжиг дээр хэсэг хугацаанд байж байгаад Б-нд ирж архи уусан. Ингээд гэртээ харьж амрахаар гарч гэртээ ирэхэд эхнэр ирээгүй байсан. Тэгээд 00 цаг 30 минутын үед Б-тэй хамт орж ирэхээр нь хүүхдүүдээ хайхарсангүй, тэнэлээ гээд эхнэрээ нимгэн цагаан түмбэнгээр цохьсон. Тэгтэл Б Г-г дуудаад гаднаас Г орж ирсэн, намайг ингэж болохгүй, бидэнтэй хамт яв, эсвэл унтаж амар гэж хэлээд гарсан. Би гэрлээ унтраагаад хэсэг байж байгаад гарч Г-г хутгаар чичсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, Г-д эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг төлсөн, дахиж мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Би торгуулийн ялыг төлөх боломжтой, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 3-6/
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 07 дугаар сарын 18-ны орой ...О-н гэрийн гадаа зогсоод О, Б 2 гэррүү нь орсон. Тэгээд байж байхад Б гэрээс гарч ирээд О-г нөхөр нь зодоод байна, салгах хэрэгтэй байна гэж хэлээд би машинаас буугаад гэр рүү нь ороход нөхөр Э нь эхнэрээ том түмпэнгээр цохиж байхаар нь салгах гэж очтол намайг нэг удаа цохьсон. ...Би тухайн үед Э-г тайвшруулаад хамт явах талаар хэлээд гэрт нь үлдээгээд би гарч машины хажуу талд зогсож байхад Э гэрийнхээ гэрлийг унтраахаар нь Э-г унтах гэж байна гээд ангийн хүүхдүүд ярилцаад зогсож байтал Э гэрээс гарч ирээд миний зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа цохичихлоо гэж бодоод дахин зүүн талын бөөрөн хэсэг рүү хутгалах үед гарт нь хутга байгааг мэдэж баруун талын хөлөөрөө Э-г өшиглөсөн, дахин баруун талын гартаа барьсан хутгаар миний хүйсний баруун талд нэг удаа хутгалсан. Бид 2 муудалцах асуудал гараагүй...намайг 3 удаа хутгалсан. Эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг төлсөн, санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/
Гэрч Х.Э мөрдөн ажиллагаанд өсгөн “ ..манай нөхөр машины хажуу талд зогсож байтал Э гэрээсээ гарч ирээд цохиод авах шиг болсон. Тэгээд Г Э-г барьж авах шиг болоод хутгатай байна, зугатаарай гэж хэлээд би машинаас гараад урагшаа гүйсэн. Эмнэлэг ороход манай нөхрийн зүүн талын мөрний дотор тал, баруун бөөрөнд, хүйсний зүүн талаас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч В.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б Г-г дуудсан. Г-г гэрт орж ирэхээс өмнө Э нимгэн цагаан түмпэнгээр миний баруун мөрөнд нэг удаа цохиод зүүн гарын шуу руу гараараа хэд хэд цохисон....Гантөр чи ингэж болохгүй гээд учирлаад, Э та нар намайг өдөөд байхгүй шүү гэж байгаа нь сонсогдсон...Э гэрээс гарч ирсэнээ Г рүү сарвалзаад дайраад эхэлсэн...Г ухраад чи ингэж болохгүй шүү дээ, чи намайг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би айгаад Э-н эгчийг дуудахаар гүйсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-н 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “1.Д.Гантөрийн биед зүүн мөр, хэвлийн гол хэсэг, хэвлийн зүүн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан гэмтэл нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/0397 тоот дүгнэлт /хх-ийн 21/
Шүүгдэгч Т.Э нь урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна.
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 07 дугаар сарын 19-ны шөнө 00 цаг 40 минутын орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртэй эхнэр В.О-тэй маргалдсан байх ба тэдний таарамжгүй харьцааг таслан зогсоох гэсэн хохирогч Д.Г-г 3 удаа хутгалж, түүний бие махбодид зүүн мөр, хэвлийн гол хэсэг, хэвлийн зүүн хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч В.О, Х.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-н 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 02/0397 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Э-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх ба тэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан үр дагаварт хүргэсэн, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь хэрэгт тогтоогдсон байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эмчилгээний зардалд 1,100,000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь санал, хүсэлтгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Э-г бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал буюу учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Э-г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Э нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц