Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/01010

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03242 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу олгосон цалин хөлс, ээлжийн амралтын цалин нийт 9,692,933 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2005 онд *******-ын Автобус нэгдүгээр бааз байхад автобусны жолоочоор ажилд орсон. *******-т жолоочоор ажиллаж байх хугацаанд тус байгууллагаас 2021 оны ээлжийн амралтын цалинг 2,204,908 төгрөгөөр дутуу бодсон.

1.2 Мөн 2021 оны 10 дугаар сард нийт 72 цаг ажилласнаас 54 цагийн цалин олгож, үлдэх 22 цагийн цалин олгоогүй, мөн оны 11 дүгээр сард нийт 232 цаг ажилласнаас 215 цагийн цалинг олгож, үлдэх 17 цагийн цалин олгоогүй. Мөн 2022 оны 01 дүгээр сард 205 цаг ажилласан байхад 58 цагийн цалинг олгоогүй. Иймд 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр сарын хассан цагийн цалин 996,600 төгрөгийг гаргуулна. Мөн хугацааны бусад цагийг 2,200 төгрөгөөр бодож дутуу олгосон цалинд 341,550 төгрөгийг гаргуулна.

1.3 Мөн мэргэшсэн жолоочийн нэмэгдэл цалинг ажилтны үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгодог. Гэтэл 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр саруудад үндсэн цалингийн 3 хувиар тооцож нэмэгдэл олгосон тул үлдэх 17 хувийн мэргэшсэн жолоочийн цалин 569,200 төгрөг гаргуулна. Шагналт цалинг 25 хувиар бодож олгодог. Гэтэл 2021 оны 11 дүгээр сараас үндэслэлгүй хассан шагналт цалин 50,875 төгрөгийг гаргуулна. Мөн автобус цэвэрлэсний цалинг үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгодог боловч 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр саруудад олгоогүй тул тус хугацааны автобус цэвэрлэсний цалин 657,800 төгрөг гаруулна.

1.4 Зорчигч тээврийн нэгтгэлийн цалин хамтын гэрээнд зааснаар 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын цалин 4,872,000 төгрөг, нийт 9,692,933 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж түүний нийгмийн даатгалын шимтгэл 2017 оны 03 дугаар сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд тасалдсан. Дотоод журмын 8.2.2-т жилийн хугацаанд ажилтанд 1 удаа ээлжийн амралтын олговор олгох ба хоёр оны амралт хоорондоо 6 сараас доошгүй байна гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 3 дугаар сараас хойш төлсөн баримт байхгүй байсан учраас ээлжийн амралт олгох боломжгүй гэж ээлжийн амралтын мөнгийг олгоогүй.

2.2 Нэхэмжлэгчийн ажилд авах тухай тушаалд шугам цагийг нь 5,500 төгрөгөөр, бусад цагийг 2,200 төгрөгөөр бодно гэж заасан. Ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан Хамтын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд үүнд Мэргэшсэн жолоочийн зэргийн нэмэгдэл цалинг 2020-2024 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 2.12-т зааснаар 3 хувиар тооцож олгож байгаа.

Давхар цалин бодох журмын 6.3.2.1-т жолооч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар зохицуулалтыг чанд мөрдөж шугам цагийг гаргаж 100 хувь буюу түүнээс дээш хувиар биелүүлэх, хөгжүүлэлтийг харгалзан хэсгийн дарга тодорхойлж, албаны ахлах инженерт хянаж бааз дээр баталсан тодорхойлолтыг үндэслэн шугам цехийн тариф цалингийн 25 хувь хүртэл нэмэгдэл олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь тус журмын 6.3.2.2-т зааснаар зөрчил гаргасан учраас 5 хувийн зөрчил гэж үзэж хасаж тооцсон.

2.3 Мөн Хамтын гэрээний 2.1-т ажил олгогч ажилтантай тохиролцож албан тушаал хавсран ба туслан ажилласан, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингийн 20 хүртэлх хувиар тооцож олгохоор заасан. *******тай ажлыг байрыг хавсран гүйцэтгүүлэхээр тохиролцоогүй.

2.4 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гүшүүдийн хурал болж ******* Үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, энэ өдрөөс *******ын сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болсон. Ингээд *******ыг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б674 тоот тушаалаар автобусны жолоочийн үүрэгт ажилд нь томилсон.

2.5 Мөн цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 996,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,993 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 28,468 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* *******-ын Автобус нэгдүгээр баазад 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан. Ингэхдээ *******-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа зэргээр нотлогдоно.

*******-ын эв нэгдэл ажилтны хороо, *******-ын ажилтны хороо хоёрыг нэгтгэж ажиллахаар ******* сонгогдсон тул *******-ын ажилтны хорооны дарга ******* намайг чөлөөлж *******ыг даргаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол хуурамч тогтоол гэж үзэн Улсын бүртгэлийн байгууллага хүлээж аваагүй тул зөвхөн *******-ын эв нэгдэл ажилтны хорооны даргаар *******ыг бүртгэсэн. Иймд *******-ын 1, 2, 3 дугаар хороодын дарга нар бүртгэлтэй хэвээрээ байгаа бөгөөд одоо ч ажиллаж байна. *******-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ******* бүртгэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00400 дугаар шийдвэрээр 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цалин 4,107,714 төгрөг олгож, нийгмийн даатгал төлснөөр нотлогдож байна. Хамтын гэрээний 7.4-т хоолны нэмэгдэл 3000 төгрөг, унааны нэмэгдэл 1000 төгрөг , 9.4-т үйлдвэрчний хорооны даргын үндсэн цалинг 1,160,000 төгрөг шагналт цалинг 40 хувийн нэмэгдэл олгохоор заасан. Иймд 2021 оны 10-12 дугаар сарын цалин нийт 5,136,000 төгрөгийг 3 сарын цалинд хуваахад нэг сарын цалин 1,712,000 төгрөг байна. Үүнийг 2021 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарах хүртэл хугацаагаар нэхэмжилнэ.

4.2 ******* 2019 оны 06 сараас эхлэн үндсэн жолоочийн ажилдаа орж *******-ын байгууллагаас жолоочоор ажилласны цалинг өгч нийгмийн даатгал төлөгдсөн. Гэтэл *******-ын захирлын 2021 оны 10 дугаар 06-ны өдрийн 6/674 дугаар тушаалаар өөрийн давуу байдлаа ашиглаж хуурамчаар ******* намайг үйлдвэрчний хорооны сонгуульт ажлаас чөлөөлсөн тул жолоочоор ажилд авч байна гэж хуурамч тушаал гаргасан. Иймд ээлжийн амралтын мөнгө 2,204,908 төгрөг гаргуулна.

4.3 Автобусаар өдөр хүн тээвэрлэсэн тохиолдолд 5,500 төгрөг, автобусаар жолоодож өглөө, орой эцсийн зогсоолд очих, шөнө жижүүр жолоочоор ажилчдыг хүргэж тээвэрлэсэн. Байгууллагаас өгсөн үүргийн дагуу өөр байгууллагуудад хүн тээвэрлэж амралтын газар, зуслангийн газруудад хүргэж өгөх тохиолдолд 2,200 төгрөгөөр цалин бодогдоно гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх хэсэгт заасан нийцэхгүй байна.

2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Авто тээврийн салбарын хэлэлцээрийн нэгдүгээр хавсалтаар баталсан цалин 20-45 хүртэл хүний багтаамжтай автобусны жолоочийн 1 цагийн үнэлэмж доод жишиг 5,000 төгрөг байна гэж заасан байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй нэршил гаргаж цалин хасахаар цалингийн журамд оруулж миний ажилласан илүү цагийн цалинг 2,200 төгрөг, бусад цагийн илүү цаг гэж 3,300 төгрөгөөр бодсон нь үндэслэлгүй. Иймд бусад цаг гэж бодсон цалингийн зөрүүнд нийт 341,550 төгрөг гаргуулна.

4.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ. Авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1.8-д мэргэшсэн жолоочийн нэмэгдэл цалин 10-20 хувь өгнө гэж заасан. Байгууллагын 2021-2024 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 2.12-т 3 хувь олгоно гэж зөрчилдөж байгаа тул дээрх хуулийг хэрэглэж 20 хувиар жолоочийн мэргэшсэний нэмэгдлийг бодно. Иймд мэргэшсэн жолоочийн нэмэгдэл 413,930 төгрөгийн зөрүү гаргуулах нь үндэслэлтэй.

4.5 Ажлын төлөвлөгөө биелүүлээгүй гэж 20 хувийн шагналт цалин хассан. Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргаж цагдаагийн байгууллагаар 20,000 төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн байхад дахин байгууллагаас мөн оны 10 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гаргасан гэж 5 хувийн шагналт цалинг хасаж шийтгэсэн. Иймд шагналт цалин 149,875 төгрөгийг гаргуулна.

4.6 Миний албан тушаалын тодорхойлолтод зааснаар Автобусны дотор, гадна. цэвэрлэгээг хийж, хогийг зориулалтын цэгт хаяна гэж заасан. *******-ын захирлын тушаал гарч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Б/777 автобусны шалгагч ажилчидтай харилцан тохиролцож автобусны дотор цэвэрлэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Цэвэрлэгчийн цалинг 1,230,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулсан ба би автобусны дотор цэвэрлэгчийн ажлыг 2024 оны 05 дугаар сараас хийхээр болсон. Иймд автобус цэвэрлэсэн ажлын цалинд 473,000 төгрөг гаргуулна.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 2005 онд нэхэмжлэгч нь автобус нэгдүгээр баазад автобусны жолоочоор ажилд орсон. Хариуцагчийн зүгээс тухайн хугацаанд ажиллаж байх явцдаа 2013 онд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалд томилогдсон талаар маргаагүй. Мөн тухайн байгууллага нь Зорчигч тээврийн нэгтгэл болгож нэрээ өөрчилсөн. Нэхэмжлэгч нь 2015 онд *******-ын ажилтны үйлдвэрчийн эвлэлийн хорооны даргаар сонгогдож, 2 албан тушаалд ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******-т нийт 4 үйлдвэрчний эвлэл ажиллаж байсан. Тухайн үйлдвэрчний эвлэлийг нэг хорооны даргатай болгохыг бүх гишүүдийн хурлаар харилцан тохиролцож, өмнөх үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан *******, *******, ******* нар ажлаа сонгуульт ажлаа хүлээлгэн өгч, 4 хороо татан буугдсан. *******ыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдсон талаар талуудын хэн аль нь маргаагүй учраас сидинд үзлэг хийгээгүй.

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч *******ын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил дуусгавар болсон. Гэвч нэхэмжлэгч нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд би үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан боловч би жолоочийн ажлаа хийх хүсэлтэй байна. Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн 2 ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2021 оны 06 дугаар сард байгууллагын бүх гишүүдийн хурал болж, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогддог.

5.2 Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлаар ******* нь ажлаа хүлээлгэн өгч, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр жолоочоор ажилд орох хүсэлтийг гаргасны дагуу мөн оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтийг шийдвэрлэсний дараа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх шаардлагатай гэж зохицуулсан. Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш өөрийн хүсэлтээр үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болсон учраас жолоочийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийж байсан.

5.3 Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сараас хойш 2024 оны 05 дугаар сар хүртэл нийтийн тээврийн хэрэгслийн жолоочоор ажилласан үйл баримт тогтоогддог. Хавтаст хэргийн 172 дугаар талд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулсан лавлагаанаас харахад нэхэмжлэгчийг 2013, 2017, 2020 онд өмчлөгчөөр бүртгэсэн болох нь нотлогддог. Мөн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны эцсийн өмчлөгчөөр *******ыг бүртгэсэн. *******ын зүгээс хэргийн үйл баримтыг буруугаар тайлбарлаж, өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаа гэх тайлбарыг үндэслэж, цалинг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5.4 Талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 2.1-т ажил олгогч нь ажилтантай тохиролцож эзгүй байгаа ажилтны ажлыг хийж гүйцэтгэх эсхүл хавсран гүйцэтгэх тохиолдолд цалинг 20 хүртэлх хувийн нэмэгдэл олгох боломжтой боловч жолоочийн ажлаас өөр ажил хийж гүйцэтгэх талаар талууд харилцан тохиролцоогүй. Хавтаст хэргийн 108, 110 дугаар талд авагдсан жолоочийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар автобусыг цэвэр цэмцгэр байлгаж, цэвэрлэгээ хийх үүрэгтэй.

5.5 Хэргийн материалд авагдсан цалин хөлс олгох журмын 6.3, 2.1.2-т заасны дагуу жолоочид олгох 25 хувийн нэмэгдэл цалинг хэсгийн даргын тодорхой үзүүлэлтийг үндэслэж олгодог. 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нь зам тээврийн осолд холбогдсон учраас 5 хувийн нэмэгдэл цалинг хасаж тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний 2.12-т заасны дагуу 3 хувиар тооцож олгодог. 2024 онд талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 5 хувь болгон ажилчдад олгож эхэлсэн.

5.6 Хавтаст хэргийн 26 дугаар талд нэхэмжлэгчийг ажилд авсан тушаал авагдсан бөгөөд нэг цагийн цалин хөлс 5,500 төгрөг бусад цаг 2,200 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бусад цагт засвар, а жижүүр, эхлэл, төгсгөлийн цаг хамаарна. Мөн бусад цагийг цалин хөлсний журмаар зохицуулахыг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон. 2021 оны 10 дугаар сард нэхэмжлэгч нь анх ажилд орсон гэдгийг анхан шатны шүүхээс зөв үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь манай байгууллагад 6 сар ажиллаагүй байхдаа ээлжийн амралтын цалин хөлсийг шаардсан. Гэвч манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шинээр ажилд орсон ажилтан 11 сар тасралтгүй ажилласны дараа амрах эрх үүсэж, ээлжийн амралтын цалин хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан, 2021 оны ээлжийн амралтын цалин 2,204,908 төгрөг, 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр сарын хассан цагийн цалин 996,600 төгрөг, 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр сарын бусад цагийг 2,200 төгрөгөөр бодож дутуу олгосон цалинд 341,550 төгрөг, мэргэшсэн жолоочийн цалин 569,200 төгрөг, шагналт цалин хассан 50,875 төгрөг, автобус цэвэрлэсний цалин 657,800 төгрөг, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сарын цалин 4,872,000 төгрөг, нийт 9,692,933 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1 *******-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хурлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор *******-ын үйлдвэрчний эвлэлийн хороодыг нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэж, мөн 06 дугаар сарын 22-ны өдөр бүх ажилчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн тогтоолоор тус баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороог тус тус татан буулгаж, үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга *******, *******, ******* нарыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Улмаар бүх ажилчдыг төлөөлөх үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ******* сонгогдсон.

3.2 *******-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар *******ын үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ажилд орох хүсэлт гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгтгэлийн нэгдүгээр баазын тээвэрлэлт үйлчилгээний албанд нийтийн тээврийн автобусны жолоочоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар томилсон /1хх 26/ Тушаалын 2-т *******ыг шугаманд ажилласан нэг цагийн хөлсийг 5,500 төгрөг, бусад цагийн хөлсийг 2,200 төгрөгөөр тооцож цалинжуулахаар заасан.

3.3 ******* нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /1хх 8/

3.4 ******* нь ******* болж өөрчлөгдсөн.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан болох нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 157 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/18801 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5. *******-ын цалин хөлсний тухай журмын 4.6.3-т нийтийн тээврийн автобусны жолооч нарын Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажилласан цаг тарифт үндсэн цалин нь тээврийн хэрэгслийн багтаамж, овор хэмжээнээс хамаарч, угсраа 6,875 төгрөг, их багтаамж 5,500 төгрөг, цахилгаан 6,200 төгрөг байна. гэж, 4.6.4-т нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нарын нийтийн тээврийн үйлчилгээнээс бусад ажилласан цагийг бусад цагт хамааруулан нэг цагийн тарифт цалин 2,200 төгрөг байна гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр сарын бусад цагийг 2,200 төгрөгөөр бодож дутуу олгосон цалинд 341,550 төгрөгийг шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

5.1 *******-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар *******ыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгтгэлийн нэгдүгээр баазын тээвэрлэлт үйлчилгээний албанд нийтийн тээврийн автобусны жолоочоор томилсон. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ээлжийн амралт эдлэх хүсэлт гаргасан нь ээлжийн амралт эдлэх эрх үүсээгүй байсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь ээлжийн амралтын цалин 2,204,908 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн ...хуурамч тушаал гаргаж ээлжийн амралтын цалин олгоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.2 Мөн тус байгууллагын цалин хөлсний тухай журмын 5.5.2, 2021-2024 онд хэрэгжүүлсэн Хамтын гэрээний 2.12-т мэргэшсэн жолоочийн зэргийн нэмэгдлийг цалингийн 3 хувиар тооцож олгохоор заасан байх тул мэргэшсэн жолоочийн цалин 569,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Иймд нэхэмжлэгчийн ...Авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1.8-д мэргэшсэн жолоочийн нэмэгдэл цалин 10-20 хувь өгнө гэж зааснаар олгоно гэх гомдлыг хангахгүй.

5.3 Мөн *******-ын цалин хөлсний тухай журмын 6.3-т нийтийн тээврийн жолоочийн нэмэгдэл цалин нэмж олгох талаар зохицуулсан байх бөгөөд цаг рейсийн гүйцэтгэл, зам тээврийн осол, санал гомдол, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан хэсгийн дарга тодорхойлж, албаны ахлах инженер хянаж баазын дарга баталсан тодорхойлолтыг үндэслэн шугам цагийн үндсэн тарифт цалингийн 25 хүртэл хувиар нэмж нэмэгдэл цалин олгоно гэж заасан.

Нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсны улмаас ажил олгогч дээрх журмын 6.3-т зааснаар 20 хувиар нэмэгдэл олгосныг буруутгахгүй. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдэл цалин зөрүү 50,875 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ...нэхэмжлэгчид давхар шийтгэл ногдуулсан гэх гомдлыг хангахгүй.

5.4 Нэхэмжлэгч ******* нь автобус цэвэрлэгээний цалин гаргуулах шаардлагаа нотлоогүй. Талууд энэ талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 657,800 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

5.5 Нэхэмжлэгч нь *******-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч нарын хурлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаар тогтоолоор үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлаас чөлөөлөгдсөн байна. Иймд нэхэмжлэгч нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарын цалин нийт 4,872,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, *******-ыг автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй байгаа нь цалин, хөлс шаардах эрхийг үүсгэхгүй. /2хх 176/ Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх 2021 оны 10-11, 2022 оны 01 дүгээр сарын хассан цалин 996,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо мөнгөн дүнгээр илэрхийлээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,696,333 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03242 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын үлдсэнийг нь гэснийг үлдэх 8,696,333 төгрөг гаргуулах хэсгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

М.БАЯСГАЛАН