Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 62

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

     Улсын яллагч                                        А.Энхтуяа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

     Нарийн бичгийн даргаар                      Б.Түвшинтуул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаагчууд овогт Даваагийн Жамбал, Шарнууд овогт Шараагийн Нарангэрэл нарт холбогдох эрүүгийн 1931000000045 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа, Монгол улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Сүхбаатар сумын 8 дугаар баг, буур хээр 3 дугаар хэсэг, 13 дугаар байр, 08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаагчууд овогт Даваагийн Жамбал, /РД:ОД70032414/

 

Үндсэн захиргаа, Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5 эхнэр гурван хүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Сухбаатар сумын 6 дугаар баг, Орхон, 1-р хэсэг, 035 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1999 оны 01 сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгүүлсэн, 2000 оны 05 сарын 29-ний өдрийн Увс аймгийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийг журамлан 1999 оны 12 сарын 14-ний 250 тоот тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 9 сар, 24 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд 5 жил, 9 сар, 24 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 сар 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлэн, өршөөлийн хуулинд багтан 2009 оны 10 дугаар  сарын 08-ны өдөр хорих 413 дугаар ангиас 5 сар, 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөг хурааж, 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэсэн, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар хорих 435 дугаар ангиас 11 сар, 4 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, эрхэлсэн ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Шараагийн Нарангэрэл /РД:ОД-82021211/

 

Шүүгдэгч Д.Жамбал, Ш.Нарангэрэл нар нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн Б.Хандсүрэнгийн хашаанаас 5 тооны хонь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Жамбалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:  ...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22:00 цагийн орчим Ш.Нарангэрэл рүү өөрийн эхнэрийн утсаар залгаж “гарах уу?” гэж асуухад Ш.Нарангэрэл “гаръя” гээд утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа Ш.Нарангэрэл манай гэрт хүрээд ирсэн. Би эхнэртэйгээ хэрэлдээд нэг шил архи аваад “аавын газар дээр очлоо” гээд гарахад Ш.Нарангэрэл миний араас гараад ирсэн. Тэгээд аавын газар дээр очиж бид хоёр “Сархад” нэртэй 0.75 литрийн архийг хувааж уучхаад гахайн байр гэх газар очих гэж алхаж байтал айлын өвөлжөөтэй хонь, ямаа байсан. Тэгэхээр нь Ш.Нарангэрэл бид хоёр тухайн айлын хашаанаас 5 хонь аваад тууж явсан. Тухайн үед гурван хонийг нь уяагаар холбоод дараагийн хонийг холбох гэтэл алдаад зугтаагаад явсан. Уягдаагүй үлдсэн нэг хонийг холбоод явж байтал нэг хонь чирэгдээд байсан. Тэгэхээр нь салгаад тусад нь авч явж байтал холбоотой гурван хонио алдчихсан. Бид хоёр согтуу байсан учир “алдсан гурван хонио өглөө олъё” гээд үлдсэн нэг хонио манай гэрт нядлаад махыг нь гаргаад тавьсан байсан чинь нохой зуугаад явчихсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн орчим алдсан дөрвөн хонио хайгаад явж байтал цагдаа нартай таарсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-50-р ху/,

2. Шүүгдэгч Д.Жамбалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 02-ни өдөр иргэн Б.Хандсүрэнгин хашаанаас хонь хулгайлсан. Энэ хэрэгтээ би маш их гэмшиж байна. Тухайн өдөр би жаахан архи уугаад эхнэртэй, хүүхэдтэйгээ муудалцаад гарч явсан. Тэгээд Ш.Нарангэрэлтэй хамт аавынхаа газар дээр очоод 1 шил архи хувааж уусан. Цаашаа яваад айлын хашаанаас 5 хонь авсан, 3 хонио алдаад, 1 хонь авч ирээд дахин 1 хонины араас явсан. Тэгээд цагдаад баригдсан. Амьдрал тийм сайн бишээ, гэхдээ би хулгай хийгээд байдаггүй, мужаан учраас ойр зуурын юм хийгээд амьдрал ахуйгаа аваад явдаг. Эхнэр оёдлын юм оёод амьдрал болоод байдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. гэх мэдүүлэг,

3. Шүүгдэгч Ш.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим Д.Жамбал ах над руу залгаад “гарах уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “ярья” гэж хэлээд утсаа салгаад 22:00 цаг өнгөрч байхад Д.Жамбал ахын гэрт ирсэн. Гэрт нь ирэхэд Д.Жамбал ах эхнэр хүүхэдтэйгээ маргалдсан. Өөрөө халамцуу байсан ба Д.Жамбал ах “үхнэ” гэж хэлээд гэрээсээ гарсан. Би Жамбал ахынд очиход ах надад хандан “хоёулаа аавын газар дээр очоод ирье” гэж хэлээд бид хоёр цуг очиход Д.Жамбал ах “Сархад” нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд хамт хувааж уусан. Тэгээд “Гахайн байр” гэх газар руу алхаж явсан. Бид хоёр уусан архиндаа их согтсон байсан. Айлуудын хажуугаар яваад байсан. Тэгээд бид хоёр зүүн талын малтай айлын хашаа руу орсон. Тэгээд тэр айлын хашаанаас 5 тооны хонь гаргаад тууж явж байгаад “хонио бэхэлье” гээд холбож уясан. Тэгээд гурван хонийг нь уяагаар холбож байгаад нэг хонийг нь алдсан. Тухайн үед харанхуй байсан ба бид хоёр халамцуу байсан. Тэгээд бид хоёр дөрвөн хонио холбож авч явж байхад нэг хонь нь чирэгдээд байхаар нь тэр хонийг нь салгаад дангаар нь Д.Жамбал ах хөтөлж авч явсан. Тэгж явж байхад би холбоотой гурван хонио алдсан. Харанхуйд хаашаа явсан нь мэдэгдэхгүй болохоор “өглөө олъё” гээд орхисон. Тэгээд нэг хонио Жамбал ахын авчирч ирээд нядалж махыг нь төмөр сейфэн дээр тавиад үүр цайгаад 06 цагийн үед Жамбал ах бид хоёр алдсан дөрвөн хонио хайхаар гарсан. Тэгээд алдсан газраа ирэхэд холбоотой гурван хонь байж байсан. Тэгээд байж байтал цагдаа нар бид хоёр дээр ирсэн. Бид хоёр тухайн айл нь Б.Хандсүрэн гэдэг хүнийх гэдгийг мэдээгүй. Тухайн үед мал хулгайлаад явахдаа тэр газраас нь нэг уяа авч уясан. Бид хоёр тэр олсоор гурван тооны хонийг л уясан. Тухайн үед би архи уусан бас ээжийн бие муу байсан өнөө маргаашаа хүлээж байгаа болохоор би хэдэн төгрөг олж ээждээ эм авч өгье, цагаан сарын баярыг нь тэмдэглэж өгье гэж бодоод л явсан. Тэрнээс би Жамбал ахтай урьдаас төлөвлөж хийсэн зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р ху/

4. Шүүгдэгч Ш.Нарангэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байхад Д.Жамбал ах “манайд хүрээд ир” гэж дуудсан. Намайг очиход жаахан архи уусан байдалтай, гэр бүлийн хүн, хүүхэдтэйгээ муудалцаад, тэгээд уурлаад “би явлаа” гээд гэрээсээ гарсан. Би араас нь очоод “буцаад явъя, гэртээ харь” гэж хэлсэн. Д.Жамбал ах тэгэхэд “манай аавын газар дээр очоод ирье” гэсэн. Тэгээд би дагаад явсан. Газар дээр очоод Д.Жамбал ах гэрээсээ авсан 1 шил архи авсан байсан, түүнийг нь хувааж уусан. Буцаад явахдаа айлын гадаа очсон. Айлын хашаанд хонь мал байсан, олс олж аваад 5 хонь авсан. Миний ээжийн бие тааруу байсан, мөнгө төгрөгийн боломж байхгүй байсан болохоор 2 хонь аваад зараад ээжийнхээ эмчилгээнд хэрэглэе гэж тухайн үедээ би бодсон. Шөнө хонь аваад явж байхад 1 хонь нь боож унаад байхаар бусад хониноос салгасан. Тэгээд нөгөө 4 хонийг алдчихсан. 1 хонио авчирч орхиод нөгөө 4 хонио олохоор явсан. Алдсан хонио хайгаад явж байгаад цагдаад баригдсан. Уг нь би 7,8 жил сайхан амьдрах гээд эхнэр хүүхэдтэй болоод явж байсан. Сая архи уугаад ийм хэрэг хийчихлээ. Хонь хулгайлахдаа бид хоёр айлын гадаа очсон байсан. Тэгээд 1 шил архи авах гээд мөнгө байхгүй байсан болохоор, мөн ээжийн минь бие их тааруу байсан болохоор 2 хонь аваад зараад мөнгө болгоод ээжийнхээ эмчилгээнд хэрэглэе гэж бодсон. Хийсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Бага ял шийтгэл оноож өгнө үү. гэх мэдүүлэг,

5. Хохирогч Б.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай дүү Сүхтулга над руу залгаад “машинаа асаагаад хүрээд ир, замын хажууд хонь холбоод уясан байна. Танай манай хоёрын аль нэгнийх юм шиг байна” гэхээр нь би машинаа асаагаад очсон.  ...тухайн уясан 3 хонь манай хонь байсан. Тэгээд хонио хашаа руу нь хийгээд нийт хонио тоолтол 2 хонь дутаж байсан. ...би очоод “им” гэсэн тэмдэг, будгаар нь өөрийн хотны хонь гэж таньсан. Айл болгоны хонь өөрийн гэсэн им будагтай.  Би Ш.Нарангэрэлийг танихгүй, харин Жамбалыг танина өмнө нь 2009 онд манай хоёр гэр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Номтын амралтын ойролцоо өвөлжиж байсан.  ...гэх мэдүүлэг,/хх-ийн 16-17-р ху/,

6. Гэрч Ж.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 01-ний орой намайг унтах гэж байхад аав гэртээ байсан, харин маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 07 цагийн үед сэрээд 00 орох үед аав гэртээ байхгүй, харин ээж ганцаараа унтаж байсан. Тэгэхээр аавыг гэртээ хоносон эсэхийг мэдэхгүй байна.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/,

7. Гэрч С.Бахатгүлийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 02-ны өглөө нийтийн тээвэрт явж байтал гахайн байр луу салдаг замын уулзварт дэрсний хажууд босоогоороо нэг хонь байсан. Тэгээд очоод үзэхэд 3 хонь холбоотой байсан. Тэгсэн төв замын эсрэг талд 2 хүн явж байхаар нь цагдаад мэдэгдсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29 ху/,

8. “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн хөрөнгө үнэлгээний тайланд:

1  Нас бие гүйцсэн эр хонь  нэгжийн үнэ 130.000 төгрөг нийт 260.000 төгрөг,

2. Шүдлэн насны хонь нэгжийн үнэ 100.000 төгрөг нийт үнэ 300.000 төгрөг нийт бүгд 560.000 төгрөг, гэх үнэлгээ,  /хх-ийн 33-35-р ху/,

9.Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 01-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-07-р ху/, гар утсанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 08-12-р ху/,  Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32-р ху/, хохирогч, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 36-38-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 39-41, 53-54-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 48-50, 55-57-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 63-64-р ху/, шүүгдэгч нартай холбоотой  хувийн материалуудын хуулбар, /хх-ийн 58-62-р ху/, шүүгдэгч Ш.Нарангэрэлийн шийтгүүлсэн байсан тухай шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх-ийн 66—74, 80-86-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 81-82-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 83-р ху/, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 85-86-р ху/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 87-89-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 90-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Д.Жамбал, Ш.Нарангэрэл нарыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн Б.Хандсүрэнгийн хашаанаас 5 тооны хонь хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

          

            Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Жамбал, Ш.Нарангэрэл нарыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн Б.Хандсүрэнгийн хашаанаас 5 тооны хонь хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал ирүүлэхдээ шүүгдэгч нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч Д.Жамбал, Ш.Нарангэрэл нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.    

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2,5, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2,4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цагаагчууд овогт Даваагийн Жамбал, Шарнууд овогт Шараагийн Нарангэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Цагаагчууд овогт Даваагийн Жамбал, Шарнууд овогт Шараагийн Нарангэрэл нарыг тус бүр 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нар нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх нийтэд тустай ажил хийлгэх  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч  Даваагийн Жамбал, шүүгдэгч Шараагийн Нарангэрэл нарт мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Д.Жамбал, шүүгдэгч Ш.Нарангэрэл нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

5 Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 4 метр олсыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Д.Жамбал,  Ш.Нарангэрэл нарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч  нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН