| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/02188/И |
| Дугаар | 210/МА2025/00855 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00855
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би ******* ХХК-д 2021 оны 11 сард ажилд орж 2024 оны 03 сарын 22-ны өдөр халагдах хүртлээ Экскаваторын операторын ажил үүргийг гүйцэтгэж ажилласан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Тус компани нь ажилтнуудын сар, улирал, жилийн урамшуулал, шагналт цалинг өгөхгүй хууль зөрчсөн учраас өөрийн болон бусад ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2024 оны 1 дүгээр сарын сүүлчээр ажлын бус цагаар алхах хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл ажил олгогчоос 2024 оны 03 сарын 22-ны өдөр үүнтэй холбоотойгоор ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Б/24/0285 дугаартай тушаалыг хүчингүй болгож ******* ХХК-ийн Экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2021 оны 01 сарын 21-ний өдөр жагсаал цуглаан хийхдээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Энэ нь хууль бус үйлдлийг таслан зогсоох талаарх цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шаардлага зөвлөмжөөр тогтоогдоно. Ажилтан нь жагсаал цуглаан хийх явцдаа ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар үйлдэл (өөрийн фейсбүүк, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нотлогдоогүй, худал, хуурмаг мэдээлэл)-ийг тарааж улмаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. ******* нь компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон Ёс зүйн дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн ******* нь урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн Экскаваторын операторын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 60,341,520 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 529,858 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судалж, бүрэн бусаар үнэлж, хуулийг буруу хэрэглэн хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан илт үндэслэлгүй шийдвэр гаргасан болно.
Хууль бус жагсаал цуглааны тухай: ******* ХХК-ийн хэсэг ажилтнууд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ үл биелүүлж уурхайн бүсээс ажилтнуудын амрах байр хүртэлх замд жагсаал хийсэн. Талууд тухайн болсон үйл явдалтай маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч ******* жагсаалын үеэр олон нийтийн сүлжээнд лайв буюу шууд дамжуулалт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс ажилтнууд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээн тайлбарладаг боловч ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.19 болон ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1, 8.1.5-т заасан хэм хэмжээг биелүүлээгүй, хориглосон заалтууд, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлүүдийг гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйл 122.2 дахь хэсэгт "... Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана" гэсэн эрхийн хүрээнд ноцтой зөрчил хэмээн зохицуулсан. Учир нь уурхайн бүс гэдэг бол онцгой нөхцөл бүхий зохих дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллах зохицуулалт бүхий эрсдэлтэй нөхцөл тул энэхүү зохицуулалтыг онцгойлон оруулсан. Өмнө нь 2023 оны 12 сарын 30-ны өдөр ажилтнууд ийнхүү ажил хаялт, жагсаалын шинжтэй үйлдлийг гаргасны улмаас байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хохирол учирсан ч ажилтнуудад амаар сануулга өгч байсан. Түүнчлэн *******аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсээс бүртгэлгүй жагсаал цуглаан хийсэн талаар ирүүлсэн албан ёсны шаардлага, зөвлөмжийг үндэслэсэн болно. Үүнээс дүгнэвэл ******* ХХК-ийн ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүйгээр хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан зөрчлийн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байгаа юм. Харин хөдөлмөрийн онцгой нөхцлөөс бусад үе шатанд ажилтан үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зөв билээ.
Мөн *******ийн "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" ажил олгогчийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн ******* дугаартай тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийн үндэслэл нь *******ийг хууль бус үйлдэл гаргасан буюу өөрөөр хэлбэл, ажил олгогчоос тухайн ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчсөн, компанийн дотоод хэм хэмжээг зөрчсөнтэй холбоотой байсан. Харин шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүний гаргасан үйлдлийг "ноцтой зөрчил"-д тооцогдох зөрчил биш гэж үзсэн буюу "хууль бус үйлдэл гаргаагүй" гэж үзэж ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгч *******ийг "хууль бус үйлдэл гаргаагүй" гэж үзсэн атлаа, түүний оролцсон 2024 оны 01 сарын 21-ний өдрийн үйл явдлыг "Жагсаал" болохыг, түүнд нэхэмжлэгч оролцсон, энэ нь шийдвэрийн мөн зүйлд дурдсан баримт бичгүүд нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь жагсаалд оролцсон талаар маргаагүй болохыг тогтоосон байдаг. Шүүхээс үнэлэгдсэн нотлох баримтуудаас тодруулбал, *******аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 сарын 21-ний өдрийн ******* "Шаардлага" албан бичгээр нотлогдож байгааг тогтоосон. Энэ нь өөрөө, шүүхээс тухайн нийгмийн хэв журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд ажилладаг тусгай хүчний байгууллагаас хариуцагчийн ажилтнуудын гаргасан, зохион байгуулсан үйл ажиллагаа, үйл явдал буюу "Жагсаал, цуглаан, энэ нь өөрөө холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй, бүртгэлгүй, хууль бус үйл ажиллагаа" гэдгийг хүлээн зөвшөөрч тогтоосон явдал юм. Нэгэнт шүүхээс ажилтны гаргасан үйлдэл, зөрчлийг хууль бус болохыг тогтоосон бол шийдвэрээ хууль бус үйл ажиллагаа гаргаагүй буюу ажилтан ноцтой зөрчил гаргаагүй байна гэж эсрэг, тэсрэг байдлаар үнэлж дүгнэж шийдвэр гаргах нь учир дутагдалтай бөгөөд энэ нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчигдөж, ажилтны хууль бус үйлдэл, хөдөлмөрийн гэрээний зөрчлийг гаргаж байхыг гааруулсан, өөгшүүлсэн явдал шийдвэр болж байна.
Байгууллагын нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан тухай: ******* нь жагсаал цуглаанд оролцох үедээ утсаараа олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж ******* ХХК-ийг цалин хөлс, урамшуулал өгдөггүй хөдөлмөрийн мөлжлөг үйлддэг компани гэх утгатай худал мэдээллийг тарааж байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдсан. Ажил олгогчийн зүгээс *******ийн ажиллаж буй хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан хуваарийн дагуу авч буй цалингийн хуулгыг болон хөдөлмөрийн дотоод журамд заасан нөхцөлийн хүрээнд олгосон урамшуулал цалинтай холбоотой бүхий л баримтуудыг гаргаж өгсөн ба үүнтэй *******ийн зүгээс маргасан баримт байдаггүй болно. Гэтэл ******* нь ******* ХХК-ийг цалин хөлс, урамшууллаа өгдөггүй гэх илт үндэслэлгүй, худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан нь байгууллагын нэр хүндэд халдсан үйлдлийг нотолж байна.
Шүүхийн шийдвэрт "*******ийн дээрх үйлдлээс компанийн үйл ажиллагаа болон нэр хүндэд хэрхэн, ямар хэмжээний хохирол учирсан талаар хэрэгт авагдсан баримтгүй" хэмээн тайлбарласан бол ******* ХХК нь анхнаасаа *******ид хохирол учруулсан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй харин түүний худал мэдээлэл тараасан үйлдэлд холбогдуулж сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10.3.2.13-т зааснаар "Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулах ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, буруугааap ашигласан" хэмээн заасан нь хохирол учруулахаар ямар нэг үйлдэл гаргасан нь ноцтой зөрчил болох тухай тодорхой тайлбарласан байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тухай: *******аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсийн зүгээс 2024 оны 01 сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн ажилтнуудын жагсаалтай холбоотойгоор шаардлага, зөвлөмжийг уурхайн холбогдох ажилтанд хүргүүлсэн байдаг. Улмаар зохих ажилтнаар дамжин ******* ХХК-ийн хуулийн хэлтэст хянагдаж, зөрчлийн үйлдэл гаргасан гэх ажилтнуудаас 2024 оны 02 сарын 08-ны өдөр тайлбар мэдээллийг авч холбогдох нотлох баримтын үндсэн дээр 2024 оны 02 сарын 20-ны өдрийн хуулийн хэлтсийн хууль зүйн дүгнэлтээр хууль бус жагсаал цуглаан хийсэн, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж байгууллагын нэр хүндэд халдсан зөрчлийг илрүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дотор буюу 2024 оны 03 сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлын ******* дугаартай тушаалаар *******ийг ажлаас чөлөөлсөн.
Шүүхийн шийдвэрт "ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаанаас ....зөрчил гаргасан гэж тодорхойлсон бөгөөд 2024 оны 03 сарын 20-ны өдөр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт гэж заасантай нийцээгүй байна гэж үзсэн атлаа энэ талаар буюу үндэслэлээ шийдвэртээ хэрхэн, ямар шалтгаанаар нийцээгүй болох тухайгаа тодорхой, ойлгомжтой, хуулийн үндэслэл иш татсан дурдсан байдлаар заагаагүй болно. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл энэхүү заалтын хувьд ажил олгогчоос ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах "хөөн хэлэлцэх хугацаа"-ны талаар байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчид ажилтанд сахилгын зөрчил (і) гаргасан өдрөөс хойш 6 сар, эсхүл (ії) түүнийг илэрүүлснээс хойш 1 сарын дотор, сахилгын шийтгэл ногдуулж болох талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос *******ийн 2024 оны 01 сарын 21-ний өдөр гаргасан зөрчилд буюу тус өдрөөс хойш 6 сарын дотор хуулийн хугацаанд буюу 2024 оны 03 сарын 20-ны өдөр шийдвэр гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасанд бүрэн нийцнэ. Тиймээс шүүхийн энэ талаарх 5.10-т заасан нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны болж чадаагүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хавтаст хэргийн 90 дүгээр талд урамшууллын журам авагдсан. Уг журамд 13 дахь сарын цалинг жил бүр ажилтанд бодож олгохоор заасан. Журмыг биелүүлэх боломжгүй болсон талаарх албан бичгийг 2024 оны 01 сарын 02-ны өдөр ажилчдад хүргүүлсэн. Ажилчид 13 дахь сарын цалингаа авахын тулд жагсаал, цуглаан хийхээр болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээг зохион байгуулахад жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хамаарахгүй гэж заасан. Ажилтнууд хариуцагч компанийн үндсэн үйл ажиллагаа буюу цалин хөлстэй холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн. *******аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсээс 2024 оны 01 сарын 21-ний өдөр ирүүлсэн шаардлага нь ажилтнуудыг жагсаал, цуглаан хийхдээ гэмт хэрэг гаргаж болзошгүй талаарх урьдчилан сэргийлсэн шинжтэй мэдэгдэл байсан. Ажилтнуудыг хууль зөрчсөн болохыг тогтоосон зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт зааснаар шүүхээр тогтоосон үйл баримт хэрэгт байхгүй. Ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэж тайлбарласан. Уурхайн ажилчид өөрсдийн амьдралыг жилээр, хагас жилээр төлөвлөдөг. Амьдралын нөхцлөөс шалтгаалан банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Хариуцагч байгууллагаас 13 дахь сарын цалин олгохыг хүлээж байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй, биелүүлэхгүй болохоо албан бичгээр илэрхийлсэн. Ажилчид худал мэдээлэл тараагаагүй, бодит байдлын талаар үзэл бодлоо нэгтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажиллагааг ажил олгогч явуулсан. Энэ нь хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан. Хариуцагч байгууллагын хуульч ******* нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн учраас ажилтныг ажлаас халж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарласан. Хариуцагч компанид хэдий хэмжээний хохирол учирсан талаарх баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Хариуцагч байгууллагын ажилтан ******* нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр *******аймгийн ******* сумын цагдаагийн хэлтсээс албан шаардлагыг очиж авч, гарын үсэг зурсан. Зөрчлийг илэрснээс хойш нэг сарын дотор нотлох буюу мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийх ёстой. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлаас гаргасан тушаалын үндэслэх хэсэгт 2024 оны 01 сарын 21-ний өдрийн зөвлөмжөөр тогтоогдсон гэх агуулгаар цагдаагийн газраас ирүүлсэн албан шаардлагыг үндэслэсэн. Хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан маягтад дээрх зөвлөмжид зааснаар хөдөлмөрийн гэрээний 13.2.13, 13.2.19-т заасныг зөрчсөн гэж тодорхойлсон. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрч 2 сарын хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч хууль бусаар жагсаал хийсэн нь тогтоогдсон, ийнхүү жагсаал хийхдээ компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдлийг тараасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан маргажээ.
3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ийг Цахилгаан экскаваторын операторын ажлын байранд ажиллуулахаар түүнтэй 2022 оны 03 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 43.1.6, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3-83.6, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, ажилтайнтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.10, 8.4.3, 9.1, 9.3.5, 10.3.2, 10.3.2.1, 10.3.2.13, 10.3.2.19, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1, 8.1.5, 9.2.1, 9.2.9, 13.1, 13.2.23, Ёс зүйн дүрмийн 9.6, 11.5, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтууд болон *******аймгийн цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн *******тай шаардлага, зөвлөмжийг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******ийг экскаваторын операторчийн ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ******* нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр жагсаал цуглаан хийх журамд нийцээгүй, хууль зөрчиж бүртгэлгүй жагсаал хийсэн, энэ нь хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар цагдаагийн байгууллагаас ирүүлсэн *******тай шаардлага, зөвлөмж, ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулахаар ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл /тухайлбал өөрийн фэйсбүүк, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нотлогдоогүй, худал, хуурмаг мэдээлэл тараасан/ хийсэн нь тогтоогдож компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон Хөдөлмөрийн дотоод журам болон Ёс зүйн дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон гэж тодорхойлсон байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ХХК-ийн Экскаваторын операторын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 60,341,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч жагсаал цуглаан хийх журам зөрчиж, бүртгэлгүйгээр жагсаал хийсэн, жагсаал хийх явцдаа ажил олгогчийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн буюу өөрийн фэйсбүүкээр дамжуулан компанийн талаар худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээний 10.3.2.1, 10.3.2.19-д заасан ноцтой зөрчлийг гаргасан учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч талаас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 21-ний өдөр уурхайн бүсээс ажилтнуудын амрах байр хүртэл жагсаал хийж, олговол зохих цалин хөлсийг ажил олгогч хугацаанд нь олгохгүй байгааг эс зөвшөөрч эсэргүүцлээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч энэ үедээ өөрийн ******* гэсэн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж ажилтнуудын 2023 оны 11, 12 сарын урамшуулал цалин, 4-р улирлын ирцийн урамшуулал цалин, мөн 13-р сарын цалинг хассанд эсэргүүцлээ илэрхийлж байна гэжээ.
Хэргийн баримтаас үзвэл тухайн цаг хугацаанд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид сар бүр тогтмол олгох цалин хөлснөөс гадна 2023 оны 11 сарын 16-ны өдөр 456,743 төгрөгийг урамшуулал нэмэгдэл цалин гэж, мөн 2024 оны 02 сарын 01-ний өдөр 600,000 төгрөгийг цагаан сарын урамшуулал гэсэн утгаар олгожээ. Энэ нь нэхэмжлэгчийн цахим хуудаст дурдсан 3 төрлийн нэмэгдэл цалин хөлсөнд хамаарах эсэх, дурдсан нэмэгдэл хөлсийг хариуцагч нь нэхэмжлэгчид олгосноо баримтаар нотлоогүй, талууд өөр өөр агуулгаар тайлбарласан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын талаар үндэслэлгүй мэдээллийг олон нийтэд тарааж, ажил олгогчид хохирол учруулсан буюу хөдөлмөрийн гэрээний 10.3.2.1-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэхгүй.
Мөн нэхэмжлэгч нь бусад ажилтнуудын хамт ийнхүү жагсаал хийхдээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон гэж хариуцагч тайлбарлажээ. Нэхэмжлэгч жагсаал, цуглаан хийхдээ энэхүү хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох, улмаар хариуцлага хүлээлгэх эсэх нь хариуцагчид үл хамаарах буюу мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрх хэмжээнд хамаарна. Харин нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулж буй салбар дахь онцлогт уялдуулан Монгол Улсын хууль тогтоомж, мөн компанийн дотоод дүрмээр тухайлан хориглосон ямар хэм хэмжээ ноцтой зөрчигдсөн, хохирол учирсан эсэхээ хариуцагч шүүхэд нотлоогүй байна. Ийм нөхцөл байдал тухайн цаг хугацаанд тогтоогдоогүй байхад хариуцагч хөдөлмөрийн гэрээний 10.3.2.19-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, энэ үндэслэлээ хожим шүүхэд баримтаар нотлоогүй байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах бүрэн эрхтэй. Гэвч зохигчийн хооронд үүсгэсэн хөдөлмөрийн гэрээний 10.3.2.1, 10.3.2.19-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймээс нэхэмжлэгч хууль бусаар жагсаал хийсэн, улмаар компанийн нэр хүндэд халдаж, хохирол учруулсан нөхцөл байдлыг шүүх анхаараагүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоож, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж зохих баталгаажилт хийхийг даалгахаар шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлалгүй мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг баримталсан нь оновчгүй болсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчлөх нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 ... гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,858 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ