Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 68

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Улсын яллагч                                       А.Энхтуяа

Нарийн бичгийн даргаар                     Б.Түвшинтуул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Нэргүйн Баяржаргалд холбогдох 1931000750065 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1983 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бороогийн 12 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Бичээч овогт Нэргүйн Баяржаргал /РД:МЗ-83071179/

Шүүгдэгч Н.Баяржаргал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт байрлах “Тогосын Нарс” ХХК-ний хашаанд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Батнямын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан.гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Н.Баяржаргалын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  ...Би 2019 оны 01 дүгээр сарын 11,12-ны орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумаас иргэн Батням, Отгонбаяр, Тогтохбаяр, Бамбуу /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нарын хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу палк зүсэх ажил хийхээр явсан. Хушаат суманд очиж ажиллачхаад 2019 оны 01 дүгээр сарын 17,18-ны орой /өдрийг нь яг сайн санахгүй байна/ тэр өдрийнхөө ажлаа дуусгаад 750 граммын хоёр шил “Хараа” архи авч байрлаж байгаа гэртээ ороод хувааж уусан. Тэр архинаас Бамбуугаас бусад нь бүгд ууцгаасан. Тэгээд хоёр шил архиа дуусгачхаад байж байтал Отгонбаяр ах “дахиад нэг шил архи аваад ир” гэж Бамбуу бид хоёрыг явуулсан. Бид хоёр дэлгүүрүүдээр явтал орой болоод бүгд хаачихсан байсан. Тэгээд хоосон очтол нөгөө хэд маань “архи олоод ирэхгүй яасан юм бэ” гэсэн. Тэгтэл Батням “би олоод ирье” гээд Бамбууг аваад явсан. Удалгүй нөгеө хоёр “баарнаас авлаа” гээд 500 граммын “Хараа” архи аваад ирсэн. Тэр архиа ууж байтал Отгонбаяр ах согтоод унтчихсан. Архи дуусахын алдад Батням манай эхнэр хүүхдийг есөн бусаар доромжлоод байсан. “Танай эхнэр хүнтэй явалддаг. Танай хүүхэд мөн ч юм уу, чи ч тэнэг юм даа” гэх зэргээр доромжлоод байхаар нь би “яагаад байгаа юм бэ” гээд заамдаад автал Бамбуу, Тогтохбаяр ах хоёр салгаад “унт” гээд бид хоёрыг хэвтүүлсэн. Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд болохоор цуг унтдаг байсан юм. Тэгтэл Батням оронд орчхоод мөн л хэрүүл өдөөд байхаар нь би босоод Батнямыг хоёр алгадсан. Батням намайг зөрүүлээд нэг цохиход Бамбуу, Тогтохбаяр ах хоёр мөн л салгасан. Батням “би явлаа” гээд хувцсаа өмсөөд суухаар нь би болиулах гээд очоод нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохичихсон. Батням тэгтэл “чи миний шүдийг хугалчихлаа” гээд хэлсэн. Бид хэд “алив харъя” гээд хартал амнаас нь жаахан цус гарчихсан байсан. Ингээд Бамбуу бид хоёр Батнямыг Хушаатын эмнэлэг рүү авч яваад шүдэн доторх цусыг нь цэвэрлүүлсэн. Хушаатын эмч байхгүй сувилагч нь “би сайн мэдэхгүй байна, та нар Дархан явж үзүүл” гэсэн. Ингээд бид хэд гараад би байрлаж байгаа гэртээ үлдээд Бамбуу Батнямыг аваад Дархан-Уул аймгийн эмнэлэг рүү явсан. Тэр хоёр үүрээр буцаж ирсэн. Бамбуу “Батнямын эрүү цуурчихсан байна” гэж хэлсэн. Ингээд бид хэд үлдсэн ажлаа хийж дуусаад маргааш өдөр нь буцсан. Тэгээд орой ирээд Мандал сумын нэгдсэн эмнэлэгт орж үзүүлсэн. Би замд нь гэртээ үлдчихсэн юм. Маргааш өдер нь би Батнямыг аваад Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Гэмтлийн эмч үзээд “хагалгаа хийнэ, ор байхгүй, хэд хоногоос ор гарна, эсвэл 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн. Бид хоёр 1 дүгээр эмнэлэгт үзүүлтэл “хагалгаанд орно, 300.000 төгрөг хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй би автомашинаа ломбардад өгөх гэтэл “хөдөө дугаартай” гээд авахгүй болохоор би Мандал сум руу автомашинтайгаа буцсан. Батням эхнэр хүүхэдтэйгээ хотод үлдсэн, Би автомашинаа Мандал сумын ломбардад 1.500.000 төгрөгөнд тавьчхаад өөрийнхөө банкны өрийг дарчхаад үлдэгдэл 500,000 төгрөгийг нь аваад Улаанбаатар хот руу явсан. Би хотод очоод Батнямыг хагалгаанд оруулах гэтэл “манай авгай хүүхэд байх газар байхгүй, эрүү хавчиж боодог хавчаар боолт байдаг гэнэ, түүнийг аваад хөдөлгөөнгүй боочихвол хагалгаа хийлгэх шаардлагагүй эдгэчихнэ гэж байна, чи надад 300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд би хэлсэн 300.000 мянган төгрөгийг нь бэлэн өгсөн. Ингээд бид хэд вагоноор Мандал суманд буцаж ирсэн. Ийм л юм болсон,. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,

2.Шүүгдэгч Н.Баяржаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Оогий, Баагий, Тогтох бид 4 мод зүсэхээр Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явсан.  Тэнд 6 хоног ажиллаад 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа дуусгаад 2 шил 0,75 грам архи уусан. Тэгээд дахин архи уухаар болоод би дэлгүүр явсан. Дэлгүүрүүд нь хаалттай байсан тул би архи аваагүй буцаж ирсэн. Тэгээд Батням “би олоод ирье” гээд гараад явсан. Баарнаас 1 шил 0,5 граммын “Хараа” архи авчирсан. Тэрийгээ хувааж уусан. Тухайн үед Батням нь намайг хэл амаар доромжлоод байсан. Би унтахаар хэвтсэн. Батням бид 2 хамаатан болохоор хамт унтдаг байсан. Миний хажууд хэвтээд “архи олж чадахгүй арчаагүй” гээд байхаар нь би босоод, “чи архи ууж чадахгүй яагаад байгаа юм бэ?” гээд 2 алгадсан. Батням босож ирээд манай эхнэрийг “янхан” гээд доромжлоод байсан. Тэгээд бид 2 маргалдаад би цохисон  ...гэх мэдүүлэг,

3. Хохирогч Ш.Батнямын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас Сэлэнгэ аймгийн Хушаат суманд палк /хэрэглээний мод/, зүсэхээр Оогий, Тогтох, Баяраа гурвын хамт Бамбуу гэдэг залууг дагаад явсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой ажлаа дуусгаад ганц нэг шил архи ууцгаасан. Ингээд унтах болоод орондоо орцгоосон. Баяржаргал бид хоёр ах дүүсийн хүүхдүүд болохоор цуг унтдаг байсан. Бид хоёр орондоо ороод маргалдсан. Ингээд Баяржаргал босож ирээд миний дээр суугаад намайг 1-2 удаа алгадсан. Би босоод Баяржаргал бид хоёр барилцаж авсан. Би Баяржаргалд “энд зодолдоод яахав гаръя” гээд гутлаа өмсөж байтал Баяржаргал миний эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон. Би “миний шүд эвгүй болчихлоо” гэж хэлэхэд нөгөө хэд бид хоёрыг салгасан. Ингээд намайг Бамбуу, Баяраа хоёр аваад сумын эмнэлэг рүү аваад явсан. Эмч нь үзээд “та нар Дархан-Уул аймаг руу явж зургаа авахуул” гээд бид хэдийг явуулсан. Баяржаргалыг буулгаад Бамбуу бид хоёр Дархан уул аймагт нэг эмнэлэг дээр очиход зураг авдаг аппарат байхгүй. “Маргааш өглөө хойд талын хувийн эмнэлэгт зургаа авахуул” гэхээр нь Бамбуу бид хоёр Хушаат сум руу буцаад явсан. Учир нь бид хоёр мөнгө байхгүй, шатахуун дуусаж байгаа болохоор буцсан. Буцаж очоод жаахан унтаад өглөө нь үлдсэн ажлаа дуусгаад оройдоо шууд Мандал сум руу буцаж ирсэн. Ингээд Мандал суманд ирээд шууд эмнэлэгт үзүүлсэн. Эмч үзээд “13 А аваад Улаанбаатар хот руу яв” гэсэн. Тэгээд 21-ний өглөө буюу 1 дэх өдөр Баяржаргал намайг аваад Улаанбаатар хот явсан. Хотод гэмтлийн эмнэлэг дээр очиход “4 дэх 5 дахь өдрөөс ир, ор байхгүй, эсвэл 1 дүгээр эмнэлэг яв” гэсэн. 1 дүгээр эмнэлэг дээр очтол “дахин зураг авахуул наад зураг чинь болохгүй байна” гэсэн. Тэгээд зураг авахуулах гэсэн мөнгө байхгүй авахуулж чадаагүй. Баяржаргал “мөнгө олж ирнэ” гээд Мандал сум яваад 2 хоноод ирэхдээ надад 250000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь хагалгаанд хүрэхгүй болохоор бид хэд буцаад Мандал сум руу явсан. Ингээд би Баяржаргалыг эм тариа авчирч өгнө биз гээд орхичихсон. Баяржаргал таг болчхоор нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ийм л юм болсон ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14-р ху/,

4. Гэрч О.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би яг он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мод зүсэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Тогтох, Батням, Баяржаргал бид дөрөв Бамбуу гэдэг залуугийн автомашинд суугаад явсан. Хушаат суманд очоод хэд хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой бид хэд ажил дуусаж байгаа юм чинь гээд 5 лаа 2 шил 750 граммын “Хараа” архи хувааж уусан. Шөнө би дахиад нэг юм уучихмаар санагдахаар нь Баяржаргалд нэг шил архины мөнгө егөөд явуулсан. Баяржаргал “онгорхой дэлгүүр байхгүй байна” гээд буцаад ирсэн. Тэгтэл Батням “би олоод ирье” гээд мөнгө авч яваад нэг шил 500 граммын “Хараа” архи олоод ирсэн. Нэг харсан Баяржаргал, Батням хоёр маргалдсан. Баяржаргал Батнямыг нүүр лүү нь гараараа цохичихсон. Бид хэд тэр хоёрыг “больцгоо” гээд болиулсан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө босоод иртэл Батням “миний эрүү мултарчихсан уу, яасан өвдөөд байна” гэж байсан. Би “эрүүгээ яачихсан юм бэ” гэхэд “Баяржаргал цохичихсон юм” гэж хэлсэн. Ийм л юм болсон ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

5.Гэрч Б.Тогтохбаярын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Би он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй Сэлэнгэ аймгийн Хушаат суманд мод зүсэхээр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Отгонбаяр, Батням, Баяржаргал бид дөрөв Бамбуу гэдэг залуугийн автомашинд суугаад явсан. Хушаат суманд очоод хэд хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой бид хэд ажил дуусаж байгаа юм чинь гээд 5 лаа 2 шил 750 граммын “Хараа” архи хувааж уусан. Шөнө Отгонбаяр “дахиад нэг юм уучихмаар байна” гээд Баяржаргалд мөнгө өгөөд явуулсан. Баяржаргал “онгорхой дэлгүүр байхгүй байна” гээд буцаад ирсэн. Тэгтэл Батням “би олоод ирье” гээд мөнгө авч яваад нэг шил 500 граммын “Хараа” архи олоод ирсэн, Архиа уугаад сууж байтал нэг харсан Баяржаргал, Батням хоёр маргалдсан. Баяржаргал Батнямыг нүүр лүү нь гараараа цохичихсон. Бид хэд тэр хоёрыг “больцгоо” гээд болиулсан. Тэгээд бид хэд унтахаар хэвтэцгээсэн. Тэгтэл нөгөө хоёр дахиад маргалдаад унасан. Тэгээд Баяржаргал Батнямыг цохичих шиг болсон. Батням “миний шүд өвдөөд байна” гээд орилсон. Баяржаргал, Бамбуу хоёр Батнямыг аваад Хушаатын эмнэлэг явсан. Ирээд Бамбуу Батнямыг аваад Дархан Уул аймгийн эмнэлэг рүү явсан. Ийм л юм болсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р ху/,

6. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шинжилгээний хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ш.Батнямын биед эрүүний ясны хугарал, үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо..

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..  ...гэх дүгнэлт, /хх-ийн 25-р ху/,

7. Хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх прокурорын тогтоол, /хх-ийн 03-04-р ху/, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 07-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/,       

 Шүүгдэгч Н.Баяржаргалын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43-р ху/, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 08-р ху/,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 10-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 24, 30-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 25, 31-р ху/, жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл, /хх-ийн 26-27-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 28,33-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 29, 32-р ху, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 37-38-р ху/, шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт, /хх-ийн 39-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 40, 46-р ху/, шүүгдэгчид хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52-р ху/, хохирогчид хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 51-р ху/, шүүгдэгч, хохирогч нарын   эвлэрч  хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, /хх-ийн 56-57-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Баяржаргал нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт байрлах “Тогосын Нарс” ХХК-ний хашаанд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Батнямын эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Н.Баяржаргалыг “Хүний бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 300.000 төгрөг цувуулж өгсөн гэж мэдүүлдэг ба хохирогч нь Н.Баяржаргалаас эмчилгээний зардал авч эмчлүүлсэн, Н.Баяржаргалд ямарч гомдол саналгүй гэх тодорхойлолт ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бичээч овогт Нэргүйн Баяржаргалыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Нэргүйн Баяржаргалыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Баяржаргалын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Баяржаргал мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Баяржаргал нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн  хөрөнгөгүй  болохыг тус тус  дурдсугай. 

6.Шүүгдэгч Н.Баяржаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН