Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Я.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я.О-т холбогдох эрүүгийн 1920001690114 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Т аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дархан хотын шүүхийн ... оны ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Налайх дүүргийн шүүхийн ... оны ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жилийн хорих ялаар, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жил, 4 сар, 14 хоногийн хорих ялаар, Говь-Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4-д зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл Б овогт Я.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.О согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт иргэн Ж.Э-тэй маргалдаж улмаар түүний баруун гуян тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ … 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хамтран амьдрагч С, Э, бид гурав айлын гэр барьж өгөөд орой 20 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд манай найз О манай гэрт ирсэн 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурвыг архи уугаад сууж байхад гаднаас У нэг шил архитай орж ирээд бид 4 архи ууж дуусаад дахин архинд явахаар болж Э-г чи архинд аваад ир гэж хэлэхэд би яахаараа байнга явдаг юм бэ? чи яв гэж хэлээд тэрнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд бид хоёр баруун талын орон дээр сууж байхад Э миний хоолойг боох үед би хажуу талын ширээн дээр байсан хутгыг авч айлгах гэсэн чинь Э баруун талын хөлөө өргөж би хутгаар баруун талын хөлний өвдөгний хойд талд нэг удаа хутгалсан. Тэгээд би Э-н хөлнөөс цус гараад байхаар нь түргэн дуудаж Э-г эмнэлэг рүү авч явсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ … Бид 3-ыг О-н гэрт очиход тэнд О ганцаараа архи уугаад сууж байсан. Ингээд удаагүй байж байтал У хөдөөнөөс ирсэн. Бид 4 байсан ганц шил архиа хувааж уусан. С огт архи уугаагүй. Сүүлдээ унтах гээд орон дээрээ хэвтэж байсан. Архи дуусахаар нь би архинд явахаар болж О-с мөнгө аваад архи авчирсан. Тэр архийг бас бид 4 юм ярингаа хувааж ууж дуусгасан. Энэ үед 22 цаг л өнгөрч байсан байх. Ингээд ахиад архи дууссан ба О намайг ахиад архинд яваад ир гэсэн. Би явахгүй гэсэн. О намайг элдвээр хэлээд архинд яв энэ тэр гэж дээрэлхсэн. Тэгэхээр нь би чадахгүй, би ямар явах албатай юм, намайг архинд явуулдаг энэ тэр гэж маргасан. Тэгээд О бид 2 босч зууралдсан ба намайг мөргөх гэхээр нь би О-г ор луу дарж түлхсэн. Энэ үед У ирж салгаад намайг О-н сууж байсан ор луу авч явсан. Яг тэгж байхад О хойноос босч ирээд ширээн дээр байсан саарал эрээн ясан юм шиг иштэй хутгыг аваад ална шүү чамайг гэсэн. Би яах нуу чи гэтэл О чи манайхаас зайл гэсэн. Би ч явлаа гээд үүд рүү зүглэхэд өөдөөс хутгаа хий чичээд байсан ба яах гээд байгаа юм гээд өөрийгөө хамгаалах санаатай баруун хөлөө өргөтөл миний баруун хөлийн өвдөг орчим хутга нь дүрэгдчихсэн. Тэгээд намайг хутгалчихлаа  гэсэн чинь О үгүй гэхээр нь хөлнөөс гарч байгаа цусаа харуулсан. Тэгтэл хажуунаас С алчуур авчирч хөлөн дээр дарсан ба эмнэлэг дуудсан.  Архинд явсангүй гэж л намайг хутгалсан. Миний баруун хөлийн өвдөг орчим хутгаар дүрэгдсэн шарх үүссэн. 10 гаран оёдол тавьсан. Я.О-т ямар нэгэн гомдол гаргахгүй. Санамсаргүй л намайг гэмтээчихсэн. О-с ямар нэг төлбөр мөнгө нэхэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. ... Би Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тул 300,000 төгрөг эмнэлгээс нэхэмжилж байгаа энэ хохирлоос өөр надад учирсан хохирол байхгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа өөр зүйл нэхэхгүй” гэх мэлүүлэг /хх-ийн 11-12, 13/,

Гэрч У.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ …  тоотод байх ах О-д очсон.Тэднийд О, Э, О, С нар архи ууж байсан. Тэгээд би бас архинаас нь хуваалцсан 22 цаг өнгөрч байхад Э О 2 хоорондоо маргаад муудалцаад эхэлсэн юунаас болж маргасныг нь ойлгоогүй, зүгээр юм ярьж сууж байгаад л маргаад эхэлсэн. Тэгтэл Э О-н дээр гарч суугаад орон дээр боосон. Би очоод дундуур нь орж салгаад Э-г баруун орон дээр авчирч суулгатал араас О ширээн дээрээс саарал иштэй хутгыг аваад Э-н баруун гуянд 1 удаа хутгалсан. Хутгыг нь С булааж авсан. Тэгээд Э-н гуянаас цус гараад байхаар нь С эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд Э-г аваад явсан. Би ч эмнэлэг рүү авсан ба О бид 2-ыг эмнэлэг дээр байхад цагдаа ирээд авч явж эрүүлжүүлэхэд хийсэн. Би бараг эрүүл шахуу байсан, О, Э, О нар бага зэргийн согтуу С эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ … Унтах гээд зүүрмэглэж байхад О, Э 2 хоорондоо бие биеэ хөөгөөд байгаа бололтой маргалдаад байгаа нь сонсогдож байсан. Уг нь тэдний согтолт нь гайгүй байсан. Гэнэт пижигнээд унахаар нь нүдээ нээгээд хартал О, Э 2 зууралдаад ор луу унаж байсан. У та 2 болио гэж хэлээд ирж салган Э-г салгаад цаашаа аваад явсан. Тэгээд хоорондоо маргаж л байх шиг байсан ба гэнэт Э С намайг О хутгалчихлаа шүү дээ гэсэн. Би О-н гарлуу хартал ширээн дээр байсан шар саарал эрээн ясан юм шиг иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. Хутгыг нь булааж аваад усны савны араар шидсэн. Тэгээд Э-н цус гарсан хөлөн дээр нь алчуураар дарсан ба цус нь тогтохгүй болохоор нь эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн орой 20 цагийн үед хөдөөнеөс Замын-Үүдэд ирээд Н дэлгүүрийн гадаа бууж тэндээс 1 шил Е архи авсан. Тэгээд найз О-нд очиж хонохоор ... тоотод очсон. О-нд хүн байгаагүй. Ирэх байх гээд гэрийнх нь гадаа хүлээж байтал удаагүй О энхэртэйгээ, бас Э нар хүрээд ирсэн. Ингээд танайд хононоо гээд унтахын өмнө юм чинь гээд 1 шил архиа гаргаж О, Э бид 3 хуваад уусан. Архи талдаа орж байхад У Эрдэнэ сумаас сая ирлээ гээд ороод ирсэн. Хамт архи уусан. Архи дууссаны дараа О бид 2 нийлж 1 шил архины мөнгө гаргаад Э-г архинд явуулсан. Э удаагүй аваад ирсэн ба тэрийг нь бид 4 бас хувааж уусан. Би нилээн согтоод нойр хүрээд эхэлсэн. С бас унтах гээд орондоо орчихсон ба орондоо орохоосоо өмнө надад баруун ороо засч өгсөн. Би тэрэн дээр нь хажуулдаж байгаад унтчихсан байсан. Нэг сэрэхнээ Э, О 2 муудалцаад барилцаад авчихсан байсан ба голоор нь У орж байгаа харагдсан. Тэгтэл О гартаа ясан юм шиг иштэй нарийн цагаан хутга барьчихсан байхаар нь би босч очоод холдуулсан ба Э намайг наадах чинь хутгалчихсан гээд хөл рүү зааж байсан. Энэ үед бас С орноосоо босч ирээд О-н хутгыг авч усныхаа савны ар луу шидсэн. Намайг босохоос өмнө О Э-н баруун өвдгөнд хутгалчихсан байсан. Тэгээд С алчуураар Э-н шархыг дарж боогоод түргэн дуудсан. Түргэн ирээд Э-г авч явсан ба С, У 2 хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ж.Э-н биед баруун өвдөг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 25/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07/

- Эд мөрийн баримтаар хутгыг хураан авч хүчинтэй тооцсон Прокурорын тогтоол /хх-ийн 84/

- Хохирогч Ж.Э-н өвчний түүх /хх-ийн 29-35/

- Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн  хохирогч Ж.Э-н эмчилгээний ор хоногийн мөнгө 300.000 төгрөг нэхэмжилсэн албан тоот /хх-ийн 56/

- Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57/

- Шүүгдэгч Я.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Я.О нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг ... тоотод хохирогч Ж.Э-тэй маргалдаж улмаар түүний баруун гуян тус газар хутгалж баруун өвдөгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Я.О-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Я.О-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд О бид 2 босч зууралдсан ба намайг мөргөх гэхээр нь би О-г ор луу дарж түлхсэн. Энэ үед У ирж салгаад намайг О-н сууж байсан ор луу авч явсан. Яг тэгж байхад О хойноос босч ирээд ширээн дээр байсан саарал эрээн ясан юм шиг иштэй хутгыг аваад ална шүү чамайг гэсэн. Би яах нуу чи гэтэл О чи манайхаас зайл гэсэн. Би ч явлаа гээд үүд рүү зүглэхэд өөдөөс хутгаа хий чичээд байсан ба яах гээд байгаа юм гээд өөрийгөө хамгаалах санаатай баруун хөлөө өргөтөл миний баруун хөлийн өвдөг орчим хутга нь дүрэгдчихсэн. Тэгээд намайг хутгалчихлаа гэсэн чинь О үгүй гэхээр нь хөлнөөс гарч байгаа цусаа харуулсан. Тэгтэл хажуунаас С алчуур авчирч хөлөн дээр дарсан ба эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12/, гэрч У.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Тэгтэл Э О-н дээр гарч суугаад орон дээр боосон. Би очоод дундуур нь орж салгаад Э-г баруун орон дээр авчирч суулгатал араас О ширээн дээрээс саарал иштэй хутгыг аваад Э-н баруун гуянд 1 удаа хутгалсан. Хутгыг нь С булааж авсан. Тэгээд Э-н гуянаас цус гараад байхаар нь С эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд Э-г аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нэг сэрэхнээ Э, О 2 муудалцаад барилцаад авчихсан байсан ба голоор нь У орж байгаа харагдсан. Тэгтэл О гартаа ясан юм шиг иштэй нарийн цагаан хутга барьчихсан байхаар нь би босч очоод холдуулсан ба Э намайг наадах чинь хутгалчихсан гээд хөл рүү зааж байсан. Энэ үед бас С орноосоо босч ирээд О-н хутгыг авч усныхаа савны ар луу шидсэн. Намайг босохоос өмнө О Э-н баруун өвдгөнд хутгалчихсан байсан. Тэгээд С алчуураар Э-н шархыг дарж боогоод түргэн дуудсан. Түргэн ирээд Э-г авч явсан ба С, У 2 хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07/, эд мөрийн баримтаар хутгыг хураан авч хүчинтэй тооцсон Прокурорын тогтоол /хх-ийн 84/, хохирогч Ж.Э-н өвчний түүх /хх-ийн 29-35/, Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн  хохирогч Ж.Э-н эмчилгээний ор хоногийн мөнгө 300.000 төгрөг нэхэмжилсэн албан тоот /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Я.О нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Я.О нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Замын-Үүд сумын нэгдсэн  эмнэлгээс хохирогч Ж.Э-н эмчилгээний ор хоногийн зардалд 300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч уг төлбөр 300.000 төгрөгийг төлөхөөр нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурсан байна. Иймд хохирогчийн эмчилгээний ор хоногийн зардал 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Я.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хохирогчийн ор хоногийн төлбөр 300.000 төгрөгийг гэр бүлийн гишүүн С-н цалин орлогоос төлж барагдуулахаар тохиролцсон зэрэг байдлуудыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч нь хөлний судасны бөгрөлтэй гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй тул шүүгдэгчид Замын-Үүд дахь Сум дундын Прокурорын газраас ирүүүлсэн санал, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Я.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Я.О-г 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Я.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Я.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Я.О-с бусдын эрүүл мэндэд учруулсаны гэм хорын төлбөр болох хохирогчийн ор хоногийн төлбөрт 300.000 төгрөгийг гаргуулж, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сараал эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.Ц