| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2024/10387/И |
| Дугаар | 210/МА2025/00890 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00890
|
|
|
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01988 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,285,278.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* ХК-тай 2018 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, мөн 2018 оны 10 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 8,880,388.43 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг нэмж нийт 12,880,388.43 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 11 сарын 01-ний өдрийн байдлаар 2018 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 5,098,813 төгрөг, үндсэн хүүд 3,240,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,585 төгрөг, нийт 8,352,617 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн хуримтлал үүсч гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд зааснаар зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон ч өнөөдрийг хүртэл хариуцагч нь зээлийг төлөөгүй байна. Иймд *******тоос 2018 оны 10 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 8,901,187.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 9,287,344.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,048,746.64 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг, нийт 19,285,278.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ******* ХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос 19,285,278.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,380 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******оос 254,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч ******* ХК нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусах хүртэл хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж нэг ч удаа хариуцагчаас зээлээ төлөхийг шаардсан үйлдэл гаргаж байгаагүй нь хэргийн баримтаар нотлогдоно. Ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас 2 сарын дараа хариуцагч болон түүний төрсөн ээж хоёрын дундын дансанд байсан 100,000 төгрөгийг хариуцагч төлсөн болгож шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн.
Хариуцагч ******* түүний ээж хоёрын дундын ******* ХК-ийн дансанд байсан 100,000 төгрөгийг хариуцагч нь дансруугаа хийгээгүй бөгөөд түүний ээж ямар цаг хугацаанд хийсэн нь хөдлөшгүй нотлох баримтаар хэрэгт байсаар байтал хариуцагчийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно тухайн мөнгийг хийж зээлээ төлсөн гэж зориуд хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байтал шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг илтэд зөрчиж нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байтал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс хуулийг нэг мөр зөв хэрэглэх талаар магадлал гаргах зайлшгүй шаардлагатай болохыг нотлон харуулж байна. Тиймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалт нь өөрөө үүрэг хүлээсэн этгээд бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж тусгасан байдаг. ******* нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 5.1.2-т заасны дагуу зээлдэгчийн зээлийн төлбөрийг банкан дахь харилцах данснаас үл маргах журмаар төлөхийг зээлдэгч ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Зээлдэгчийн өөрийн даалгавраар гүйлгээ хийсэн гэж үзэж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл нь бүрдсэн байдаг. Иргэний хуулийн дагуу хэн, хэзээ, ямар байдлаар шилжүүлснээс үл хамааран харилцагчийн харилцах дансны эзэмшигч нь ******* мөн байсан ба зээлийн дансаар зээл авч хугацаа хэтэрсэн нь баримтаар тогтоогдож байсан. Зээлдэгч банкнаас авсан зээлээ төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үл маргах журмаар харилцах данснаас нь гүйлгээ хийж зээлээ төлөх зөвшөөрлийг хариуцагч банкинд олгосон. Банк нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар тус 99,000 төгрөгийг хэн нэгэн танихгүй этгээд биш зээлийн хэтэрсэн төлбөрт зээлдэгчийн данснаас татаж, зээлийн төлөлт хийгдсэн нь хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа таслалдах үндэслэл болсон. Хариуцагч уг 99,000 төгрөгийг хэн, хэзээ хийсэн нь тодорхойгүй, банк өөрсдөө гүйлгээ хийсэн гэж маргадаг боловч нотлох баримтаа шүүхэд гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,285,278.78 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн тайлбар гарган маргажээ.
3. ******* ХХК, ******* нарын хооронд 2018 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК 10,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч ******* зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан журмын дагуу буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ. Талууд 2018 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь өмнөх зээлийн үлдэгдэл 8,880,388.43 төгрөг дээр 4,000,000 төгрөгийг зээлдэгчид нэмж олгон нийт зээлийн хэмжээ 12,000,000 төгрөг болсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, талууд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээгээр тохиролцсон нь мөн хуулийн 452 дугаар зүйлд заасантай нийцсэнийг шүүх зөв тодорхойлжээ.
4. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг болон 4,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлж зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэсэн байна. Хариуцагч нь авсан зээлээ тодорхой хугацааны дараа хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт, *******ийн ******* ХК-ийн цалингийн зээлийн ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчээс 2020 оны 02 сарын 20, 07 сарын 05-ны өдрүүдэд хариуцагчид хүргүүлсэн зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдсоныг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хэдий ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч *******оос үндсэн зээл 8,901,187.40 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,287,344.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,048,746.64 төгрөг, нийт 19,237,278.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын 48,000 төгрөгийн зардал гаргасныг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Иймээс шүүх уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан тухай хариуцагчийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Талууд 2018 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацааг 36 сар буюу хариуцагч энэ хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлж дуусгах хугацааг 2021 оны 10 сарын 02-ны өдөр болгохоор тохиролцжээ.
Гэвч хариуцагч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч шаардаж 2020 оны 02, 07 саруудад зээл төлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн ч хариуцагч үүргээ биелүүлээгүй байсаар гэрээний хугацаа дуусгавар болжээ. Зээлийн гэрээний хугацаа дууссанаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох бөгөөд энэ хугацаа 2024 оны 10 сарын 02-ны өдөр дууссан байна.
Гэрээний үүрэг зөрчигдөх тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн банкин дахь бусад данснаас зээлийг үл маргах журмаар татан авч төлүүлэх нөхцөлийг талууд зээлийн гэрээний 5.1.2-т тодорхой тусгажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тус банкин дахь ******* тоот харилцах данснаас 2024 оны 11 сарын 01-ний өдөр 99,000 төгрөгийг зээл төлүүлэх зорилгоор түүний зээлийн ******* тоот дансанд шилжүүлсэн нь зээлийн гэрээний 5.1.2-т зааснаар зээлийг үл маргах журмаар төлүүлэх эрхээ, хариуцагчийг зээл төлөх үүргээ тус тус хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Нөгөө талаар, 2024 оны 03 сарын 21-ний өдөр хариуцагчийн дансанд 100,000 төгрөг орж ирснээс хойш хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаагүй байна.
Ийнхүү дээрх гүйлгээ хийгдсэнээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт тус тус зааснаар тасалдаж, хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдсон байна. Анхан шатны шүүх энэ тухай хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнэж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны талаархи зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараах мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 82 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,380 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ