Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2024/0118

 

 

“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                Х.Батсүрэн

            Шүүгчид:                                М.Батсуурь

                                                              П.Соёл-Эрдэнэ

                                                              Ц.Цогт                                                       

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                 Нарийн бичгийн дарга:    Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0440 дүгээр шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0521 дүгээр магадлалтай

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0393 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Ж.С нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дүгээр тушаалын “Х...” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Анх нэхэмжлэгч “Х...” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Х... дүүргийн Б... уулын дархан цаазат газар, Н... аманд 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, мөн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар 5 га газрын газар ашиглах эрх нь цуцлагдсан,  үлдэх 10 га газарт 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 0171072 дугаартай газар ашиглах гэрчилгээ олгогдсон байна.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр “Х...” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

3.1.1.Нэхэмжлэгч “Х...” ХХК-аас 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, Б... уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргаанд, 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Х... дүүргийн Засаг даргад гуравласан гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байх ба захиргааны байгууллага дээрх хүсэлтүүдэд цохолт хийсэн боловч хариу өгөөгүй, бүртгэл хяналтын дэвтэрт тэмдэглэж бүртгэлд аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

3.1.2.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 34 дүгээр зүйлийн 34.6.2, 34.6.6-д тус тус зааснаар сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын захиргаатай хамтран газар эзэмшигч этгээдтэй гуравласан гэрээг газар ашиглуулах шийдвэрийн дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагуудын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадаагүй байх тул түүний хууль ёсны итгэл хамгаалах зарчмын үүднээс хөндөгдөж буй эрх ашгийг нь сэргээх боломжтой.

3.1.3. ... “Х...” ХХК нь ... 2011-2018 он хүртэлх хугацааны газрын төлбөрийг 15 га газрын хэмжээгээр төлж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд харин 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг 0171072 дугаар гэрчилгээгээр захиргаа олгосон өдрөөс хойших газрын төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа болно.

3.1.4. ... Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, 10 дугаар зүйлийн 10.1-д Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн зүгээс Х... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 он хүртэлх хугацаанд газрын төлбөр төлж байсан бөгөөд газрын хэмжээнд өөрчлөлт орсон тул хасагдсан газраа дахин авах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэргээс газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

3.1.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газарт үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч 2018 онд аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулан, “М...” ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Газар шорооны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь нотлогдож байна.

3.1.6.Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02/113 дугаар Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг “М...” ХХК-д олгосон байх ба нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. ...” гэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

4.1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

4.1.1.Анхан шатны шүүх ... нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлэлгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. ... Нэхэмжлэгч “Х...” ХХК-аас ашиглах эрх бүхий дээрх газрын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.1.2. ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл нэгэнт олгосон атлаа түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан буруутай боловч энэ нь ... хуулиар хүлээлгэсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.  ... Нэхэмжлэгч “Х...” ХХК нь 2018 онд 10 га болгож багасгасан хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн байна.

4.1.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар “Х...” ХХК-д 15 га газар ашиглах эрх олгосноос хойш ... газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл бусад баримтаар тогтоогдсон.

4.1.4. ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ар гэрийн гачигдал гарсан тул хурлыг хойшлуулах, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө солих, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж үзэж, удаа дараа давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүд гаргасныг удаа дараа хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, уг эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан боловч 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болоод өмгөөлөгч нараасаа татгалзаж, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг дахин гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээргүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсныг, мөн нэхэмжлэгчээс шүүх бүрэлдэхүүнийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар хүсэлт гаргаагүйд тооцсоныг тус тус тэмдэглэв. ...” гэжээ.

5.Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.1.Нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн захирал З.Б 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

5.1.1.“... Захиргааны актын эрх зүйн Үндэслэлд хамаарч буй газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь газрын төлбөр төлөх Үүргийг газар эзэмшигчид гэрээний үндсэн дээр бий болгосон байхаас улбаатай байдаг. Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд газар эзэмшигч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар маргахгүй хэдий боловч хэмжээг нь газар эзэмшүүлэх гэрээнд тусгаж баталгаажуулдаг. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын төлбөрийн хэмжээг заагаагүй нөхцөлд газар эзэмшигч төлбөрийн хэмжээг өөрөө тодорхойлох боломжгүй.

5.1.2.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийн зүгээс захиргааны байгууллагад гэрээ байгуулахаар хүсэлт гаргаж байсан талаарх удаа дараагийн баримт авагдсан байдаг энэ нь газрын төлбөр төлөх хэмжээ тодорхойгүй байсан болохыг харуулж байх ба нэхэмжлэгчийг газрын төлбөрийг төлөөгүй гэж буруутгах үндэслэл болохгүй. Газрын төлбөрийн тухай хуулиар төлбөр төлөх үүргийг бий болгодог хэдий боловч хэмжээг гагцхүү гэрээгээр тодорхойлж төлүүлдгийг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.

5.1.3. ... Нэхэмжлэгч компани тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар загвар зураг батлуулсан мөн хөрөнгө мөнгө гаргана газар шорооны ажил гүйцэтгүүлэхээр ажиллаж байх явцад дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал гарсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байгаа. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллага аливаа этгээдийн эрх, ашгийг хөндсөн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Захиргааны байгууллага хуульд заасан үйл ажиллагааг бүрэн хийсний үндсэн дээр аливаа этгээдийг хуулийн дагуу буруутгах ёстой.

5.1.4. ... Монгол Улсад Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан зарим үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээг хязгаарлаж зогсоосон. Энэ байдлаас үүдэн маргаан бүхий газарт хийж гүйцэтгэхээр төлөвлөж байсан ажил, хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, түүнчлэн маргаан бүхий захиргааны акт гарсан даруйд шүүхэд хандсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацааr огт тоолгүйгээр “газрын төлбөрөө төлөх боломжтой байсан” гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хүндэтгээгүй, төрийн захиргааны байгууллагын удааширсан үйл ажиллагаанаас болж бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно.

5.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 14/-д “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ...”;

5.2.1.Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох”, 6 дугаар зүйлийн 6.1.1-д “өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг, 6.1.2-т “үйлчлүүлэгч” гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг, 13 дугаар зүйлийн 13.1.4-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн оролцож байгаа ажиллагааны бусад оролцогчид асуулт тавьж, хариулт авах, 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах”;

5.2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах”, 20.1.5-д “шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно”, 84 дүгээр зүйлийн 84.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ”, 86 дугаар зүйлийн 86.1-д “Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан хуулийг зөрчиж хэргийн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж үндэслэлтэй байна.

5.2.3.Тухайлбал нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 21 дүгээр албан бичгээр өмгөөлөгч Ч.У, Ж.С нарын гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан богино хугацаанд хойшилсон тул тэдний ажлын нөхцөл байдлаас шалтгаалан хэргийн материалтай танилцах нөхцөл бүрдээгүй тул “Х...” ХХК-ийн төлөөлж шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /ОН:.../-ийн аав авто осолд орж Өмнөговь аймаг руу яаралтай зорчих шаардлага үүссэн тул өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б /ОН:.../, өмгөөлөгч Ч.У /.../, Ж.С /.../ нараас татгалзсан, мөн өдрийн 22 дугаартай албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” үндэслэлээр уг хэргийг хянан хэлэлцэх даргалагч шүүгч, бүрэлдэхүүн шүүгч, илтгэгч шүүгч нараас бүхэлд нь татгалзсан татгалзлыг шүүх хуралдаан 10 цаг 00 минутад эхлэхээс өмнө буюу 09 цаг 50 минутад шүүхэд хүргүүлсэн байхад уг хүсэлтүүдийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Өмгөөллийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон.

5.2.4.Цаг хугацааны хувьд шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу 09 цаг 50 минутад шүүхэд хүргүүлсэн хүсэлтийг 10 цаг 00 минутад болох шүүх хуралдаанаас өмнө шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх ямар ч боломжгүй байсан өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хуулиудыг зөрчсөн нь нэхэмжлэгчийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. ... ” гэжээ.

6.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0393 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С-т 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

- Анх нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох” агуулгатай хүсэлт гаргасныг хүлээн авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1475 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 12 хоногоор хойшлуулж, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр товлосон байна.

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ээс 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр “ ... миний ар гэрт гачигдал гарч Увс аймагт яаралтай дуудлагаар ирсэн байгаа юм, ... нэхэмжлэгчээс өмгөөлөгчтэй оролцох чиглэл өгч, өнөөдрийн байдлаар н.У-г өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулахаар ярилцаад байгаа, өмгөөлөгч хэргийн материалтай танилцаагүй байгаа болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааны нэг удаа хойшлуулж өгнө үү” гэх, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Х...” ХХК-ийн захирал З.Б-аас “...өмгөөлөгч Ж.С-г өмгөөлөгчөөр оруулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, мөн өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.С оролцож, “... өнөөдөр өглөө гэрээгээ байгуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр /түүний өмгөөлөгчөөр ажиллахаар болсон/, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгох, ... нэхэмжлэгчийн төлөөлөгчийг биечлэн оролцуулж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтүүд тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 602 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 хоногоор хойшлуулжээ.

- “Х...” ХХК-ийн захирал З.Б-аас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “... Өмгөөлөгч Ж.С-ийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан богино хугацаанд хойшилсон тул тэрээр ажлын нөхцөл байдлаас шалтгаалан хэргийн материалтай танилцах нөхцөл бүрдээгүй, ... өмгөөлөгч Ч.У-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна”, “... нэхэмжлэгч, хариуцагч удирдлагын түвшин эвлэрэн хэлэлцэх асуудлаар зөвшилцөлд хүрч байгаа тул ЗХШХШтХ-ийн 20.1.1, 21.1.1-д заасны дагуу хариуцагчийг эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Ч.У оролцож, “... өнөөдрөөс өмгөөлөгчөөр тус хэрэгт оролцож байна, ... 5 хавтас хэрэгтэй танилцах хугацаа олгож өгнө үү” гэх хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 615 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

-     “Х...” ХХК-ийн захирал З.Б-аас 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “... өмгөөлөгч нараас гаргасан хэргийн материалтай танилцах /хүсэлтээр/ ... шүүх хуралдаан богино хугацаанд хойшилсон, хэргийн нөхцөл байдалтай танилцах хугацаа бүрдээгүйгээс “Х...” ХХК-ийг төлөөлж шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул ... /өмгөөлөгч Ч.У, Ж.С нараас татгалзаж байна/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн аав осолд орж, Өмнөговь аймаг руу яаралтай зорчих шаардлага гарч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж хүсэлт холбогдох нотлох баримтаа шүүхийн цахим хаягаар явуулсан,  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж байна, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч авах хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг;

11.Түүнчлэн мөн өдөр “... бидний сонгосон өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцах хүсэлтийг хязгаарласан, нэхэмжлэгч, хариуцагчийг эвлэрэн хэлэлцэх хугацаа хүсэхэд хугацаа олгоогүй” гэх үндэслэлээр “шүүгч нараас татгалзах” хүсэлт гаргасан, шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийн хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С оролцсон байна. 

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрхийг нэрлэн заасан, тухайлбал  20.1.2-т “... шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-т “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 30.3.1-д “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” гэж тус тус заасан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан “өмгөөлөгч авах”, “ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон” гэх агуулгатай хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн атлаа шүүх хуралдааныг тухай бүр 1-2 хоногоор хойшлуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг бодитойгоор эдлүүлээгүй, боломжит хугацаагаар хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “...шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан, магадлалд “... удаа дараа хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, уг эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг олгож байсан” гэх боловч энэ тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулахдаа “1 хоног”, “2 хоног” хугацаагаар хойшлуулсан үндэслэл тодорхойгүй, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож байгаа өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, ар гэрийн гачигдлын улмаас орон нутаг руу явсан төлөөлөгчийг оролцуулах хүсэлтүүдийг “хангасан” гэх боловч бодит байдалд шүүх хуралдаанд биечлэн оролцох, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэж үзэхээр байна.

14.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүх хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хууль зүйн туслалцаа авах, төлөөлүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ

                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                                             Ц.ЦОГТ