| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2021/00154/И |
| Дугаар | 210/МА2025/00891 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00891
|
|
|
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Гэм хорын хохиролд 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нотариатч ******* нь ******* дүүргийн ******* хороо ******* байрны ******* байрны өмчлөгч байсан *******гийн байрны өвийг тогтоож 2009 оны 06 сарын 09-ний өдөр ******* өвлөх эрхийн гэрчилгээг *******д олгосны дагуу ******* тус байрны өмчлөгчөөр бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байдаг. ******* нь уг байрны гэрчилгээг барьцаалан нэхэмжлэгч нараас 2010 оны 09 сарын 20-ны өдөр 15 сая төгрөгийн, дараа нь 2011 оны 05 сарын 19-ний өдөр 10 сая төгрөгийн зээлийг тус бүр сарын 3,5 хувийн хүүтэй зээлийг нэг жилийн хугацаатай авч, зээлийн гэрээг 3 удаа сунгасан. Тэрээр зээлээ төлж чадахгүй байсаар 2013 оны 10 сарын 25-ны өдөр нас барсан. Гэтэл нотариатч *******гийн *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хүчингүй олгосон ба энэхүү нэхэмжлэлийг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Улмаар *******гийн өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн шийдвэрээр хүчингүй болгосон. ******* нь *******гийн байрны өвийг буруу тогтоосны улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг, сэтгэл зүйд хохирол учирсан бөгөөд бусдад сарын 3.5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан хүүгийн хэмжээгээр тооцоход 17,851,759 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохиролд 17,148,241 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******гээс болж нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учирсан тухай нотлох баримт хэрэгт огт байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ нь 2009 онд буюу 16 жилийн өмнө хийгдсэн тул Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий болон тусгай хугацаа дууссан тул 16 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хариуцагч нотариатчийн эрхээ хасуулах нь энэ хэрэгт огт хамааралгүй бөгөөд нотариатчийн хариуцлага алдсан гэсэн өчүүхэн ч зөрчил дутагдал гаргаагүй. Хариуцагч нь 1997 онд батлагдсан Нотариатын тухай хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Хэрэв нотариатчийн буруутай үйлдлээр гэм хор учирсан бол тухайн үед үйлчилж байсан хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нотариатчийн хариуцлагын даатгалаар төлөх учиртай. Тухайн үед үйлчлүүлэгч нь Засаг даргын тодорхойлолтыг хууран мэхлэх замаар худлаа нотлох баримт бүрдүүлээд, нотариатч түүнд нь хууртсан үйлдэл байсан. Тухайн үед Нотариатын тухай хуульд заасан тодорхой бүрдүүлбэрийг хангаад өвлөх эрхийн албан ёсны гэрчилгээг олгодог байсан. 2011 оны Хууль зүйн сайдын Нотариатын үйлдэл хийх шинэ зааврын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоход бүх нотлох баримтуудыг хангасан байх ёстой гэдгийг заасан тэр хүрээнд тухайн үеийн Нотариатын үйлдэл хийх журмын дагуу зөв шударгаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ******* нотариатч хууль бус буруутай албан бичиг үйлдэж, буруу ажилласан тул нэхэмжлэгч *******, ******* нарт хохирлыг гаргуулж өгөх нь зөв гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гээс 10,549,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс 24,450,075 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 183,749 төгрөгийг түүний 136,799 төгрөгийг улсын орлогод, 46,950 төгрөгийг нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нотариатч ******* нь талийгаач *******г 2008 оны 12 сарын 02-ны өдөр нас барснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 06 сарын 09-ний өдөр "Өв залгамжлах эрхийн гэрчилгээ"-г олгосон. Уг гэрчилгээг олгохдоо *******гаас гаргаж өгсөн баримтууд болох "******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, *******гийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ" зэрэг баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. ******* нь нотариатчийн хувиар тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу ажиллаж өв залгамжлах эрхийн гэрчилгээг *******д олгосон.
5.2. Мөн ******* нь Нотариатын үйлдэл хийхдээ "илт хайхрамжгүй буюу санаатай хууль зөрчиж хийсэн" үйлдэл байхгүй бөгөөд Нотариатын үйлдлийг хийхдээ ******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэл болгосон нь Хууль зүй дотоод хэргийн сайдын 2003 оны 11 сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан "Нотариатын үйлдэл эрхлэх заавар"-ын 4.10-т өвлөх эрхийн гэрчилгээ олгоход нотариатчийн хийх үйлдэл, бүрдүүлэх баримтын талаар зохицуулснаас 4.10.2-т хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоход бүрдүүлэх баримт болох "хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт буюу гэрлэлтийн баталгаа, иргэний бүртгэлийн архивын лавлагаа, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, өвлөгч болох *******гийн бичгээр гаргасан хүсэлт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт" зэргийг үндэслэж өв залгамжлах эрхийн гэрчилгээг гаргасан нь хууль болон дүрэм, журамд заасан зааврын дагуу ажилласан болохыг нотолж байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Бид нар нотариатч *******г тухайн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хариуцлагагүй, илт хайхрамжгүй хандсан гэм буруутай гэж үзэж байгаа. Учир нь Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын үйлдэл хийхдээ мэргэшлийн өндөр түвшинд бие даан хуульд тогтоомжид нийцүүлэн хийж, бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянах үүрэгтэй. Тухайн үед хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үндэслэл болгосон зүйл нь тухайн үеийн хорооны Засаг даргын гар бичмэл тодорхойлолт байсан. Энэ тодорхойлолтыг 2016 оны Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Нотариатч үйлдэл хийхдээ хууль дээдлэх ёстой мөн өөрийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг өөрөө бие даан хариуцах үүрэгтэй. Тухайн үед хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо талийгаач тэр үед хэн, хэнтэй хамт амьдарч байсан бэ, тухайн хаягт хэн амьдардаг бэ, хэдэн хүүхэдтэй вэ гэдэг асуултуудад үнэн зөв хариулт олохын тулд өөрөө Нотариатын үйлдэл хийх загварын 4.1.1-т зааснаар иргэний бүртгэлийн архивын лавлагааг авах үүргээ биелүүлсэн бол энэ бүхнийг тогтоох боломжтой байсан. Тухайн үед өвлүүлэгч маань төрсөн гурван хүүхэд, үрчилж авсан нэг, нийт дөрвөн өвлүүлэгч байсныг огт тогтоохгүйгээр Засаг даргаас олгосон тодорхойлолт гэх гар бичмэлийг үндэслээд гэрчилгээ олгосон нь нотариатчийн үйлдэлд илт хайхрамжгүй хандсан гэж үзэж байна. ******* нь 2008 оны 12 сарын 02-ны өдөр нас барсан ба өмчлөх эрхийн гэрчилгээг 2009 оны 06 сарын 19-ний өдөр буюу өмчлөх эрхийн хугацаанаас өмнө олгосон. Хэрвээ өөр өвлөгч байхгүй нь нотлох баримтаар тогтоогдсон бол хугацаанаас өмнө олгож болно. Гэхдээ нотариатч өмчлөгч байхгүй гэдгийг нотлохын тулд ямар ч үйлдэл хийгээгүй тул ******* нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан нотариатын үйлдлийг буруу явуулсны улмаас зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны гэрээ хууль бус болж, барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах эрхээ алдсаны улмаас 2015 оноос 2020 оны 08 сарын хооронд зээлийн хүүгээс олох байсан орлого 17,851,759 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол 17,148,241 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсныг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд нотариатын үйлдлийг хийсэн, хариуцагчийн гэм бурууг тогтоосон үйл баримт тогтоогдоогүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
3.1. *******, ******* нар нь *******тай 2010 оны 09 сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч ******* өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* дугаар байрны *******д орших ******* талбайтай ******* орон сууцыг барьцаалжээ. Мөн ******* нь 2011 оны 05, 11 саруудад 5,000,000 болон 10,000,000 төгрөгийг дээрх зээл, барьцааны гэрээний хүрээнд тус тус нэмж зээлжээ.
3.2. Барьцааны зүйл болсон дээрх орон сууц *******гийн нөхөр ******* 2008 оны 12 сарын 12-ны өдөр нас барснаар түүнд 2009 оны 06 сарын 09-ний өдрийн ******* дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдсоныг үндэслэн 2009 оны 06 сарын 10-ны өдөр *******д өмчлөх эрх шилжжээ. Энэхүү *******дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хариуцагч ******* үйлдсэн байна.
3.3. Зээлдэгч ******* 2013 оны 10 сарын 25-ны өдөр нас баржээ.
3.4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар талийгаач *******гийн хүүхдүүд болох *******, *******, *******, ******* нар нь *******д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг ******* хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн *******дугаар шийдвэрээр *******гийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн буюу улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн *******хороо, ******* байрны *******д орших ******* талбайтай ******* орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэгдсэн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
3.5. Дээрх орон сууц өнөөгийн байдлаар *******, *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй нь 2020 оны 08 сарын 12-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* нь *******д өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо хууль, зааварт заасан үүргээ биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийн өмчлөгчийг зөв тодорхойлж чадалгүйн улмаас *******тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, олох байсан орлогоо алдсан, сэтгэцэд гэм хор учирсан гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч ******* нь талийгаач *******д дээрх орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай /1997 оны/ хууль, Нотариатын үйлдэл эрхлэн хийх /2003 оны/ зааварт заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчийн хувийн байдал, өөр өвлөгч байгаа эсэхийг бүрэн тогтоох ажиллагаа явуулалгүй өвлөх эрхийн 16 дугаартай гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна. Энэ тохиолдолд хариуцагчийн гэм бурууг тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
Анхан шатны шүүх энэ үндэслэлээр хариуцагч ******* нь нотариатын үйлдлийг буруу явуулсны улмаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд болгоомжгүй эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж дүгнэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн ******* дугаар магадлалаар тогтоосон 7,456,875 төгрөгийн дүнгээс арилжааны банкны зээлийн жилийн дундаж хүүгээр тооцож 10,500,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймээс хариуцагчийн гэм бурууг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх тул энэ үндэслэлээр буюу ******* нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын дагуу нотариатын үйлдлийг хийсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангах үндэслэлгүй байна.
5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/02543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ