Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00930

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/04963 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тус газрын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай *******, ******* дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, ******* нь тухайн тогтоолуудад дурдсан газрын эзэмшигч биш гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 сарын 30-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай *******, ******* дугаартай тогтоолуудаар *******ын эзэмшлийн ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах нэгж талбарын *******, ******* дугаар бүхий нийт ******* м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар олгогдсон газруудыг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэгж талбарын *******, ******* дугаартай газрыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч *******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэж *******, ******* дугааруудыг олгосныг үндэслэн хариуцагч нь төлбөр төлөгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгө гэж үзэж шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулсан нь хуульд нийцжээ.

******* нь Иргэний хуулийн 125, 126, 129 дүгээр зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг тогтоох, нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохтой холбоотой ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш юм. Иймээс хариуцагчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа нь Иргэний хуулийн 182, 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд үндэслэгдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар маргах эрх бүхий этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж зааснаар тухайн ажиллагааны улмаас өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч ******* ийнхүү шаардах эрхтэй, түүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******ын хувьд битүүмжлэгдсэн газрын эзэмшигч биш, уг газрын эзэмшигч нь иргэн ******* байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн битүүмжлэгдсэн газрын талаар шаардлага гаргах эрхтэй буюу тухайн газрыг *******ын хамт эзэмших эрхтэй болохыг баримтаар нотолсон байх шаардлагатай. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу маргаж буй газрын эзэмшигч болохоо нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн ...уг газрыг хамтран эзэмших, өмчлөх миний эрхийг зөрчиж, эд хөрөнгийг битүүмжилсэн нь хууль зөрчсөн, миний хөрөнгөд халдаж байна... гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, ******* нь уг газрын талаар шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байх тул энэ тухай түүний гомдлыг хэргийн байдалд нийцсэн гэж дүгнэхгүй.

 

6. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хувьд дээрх эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/04963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ